Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 02723

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2020            09             23                                                   102/ШШ2020/02723    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Бнэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Ф” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Дуламсүрэн, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019.08.18-ны өдөр “Ф” ХХК-д инженер механикчаар ажилд орсон. Гэтэл үйлдвэрийн захирал Иохим чи захирлын эрх мэдэл булаацалдлаа, ажлаасаа гар, өргөдлөө өг гээд хөөсөн. Миний бие энэ домпанид хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн ажиллаж, нэг ч удаа ажил тасалж, хоцорч үзээгүй, компанийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэж ямар нэг хохирол учруулаагүй. Би өөрийгөө үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд механик инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Би тэтгэмж гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2019.08.18-нд манайд үйлдвэрийн цахилгаанчаар ажилд орсон. Өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтэй байгаа тухайгаа Хөдөлмөр хамгааллын ажилтан О.Отгонзаяа, үйлдвэрийн инженер Х.Цогмягмар нарт удаа дараа гаргаж, мөн Үйлдвэр хариуцсан захирал Иаким Ионас, Гүйцэтгэх захирал Б.Цасчимэг нартай уулзсан уулзалт дээрээс 2020.05.01-ний өдрөөр тасалбар болгож ажлаас гарна гэж хэлж байсан юм. Дээр хэлснээрээ 2020.05.01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй ба бичгээр гарах өргөдлөө өгөөрэй гэсэн Хүний нөөцийн менежерийн шаардлагын хариуд өгөхгүй, холбогдох байгууллагуудаар нь шалгуулна гэж хэлээд гарсан. Мөн Б.Ө нь үйлдвэрт ажиллаж байхдаа гагнуурын аппарат хулгайлан авч байгаа нь камерын бичлэгээр харагдах ба энэ тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, буцаан авчирч өг гэсэн шаардлагыг хүлээн аваагүй тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Хэргийн явц нь гагнуурын аппаратыг холбогдох байгууллагаар үнэлгээ хийлгэн шалгагдаж байгаа. Иймд Б.Өийг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, байгууллагаас эд зүйлс хулгайлсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Б.Ө нь “Ф” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн баталгаажилт хийлгэх, тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд тэтгэмж гаргуулах шаардлагаасаа татгалзлаа.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ажлаас үндэслэлгүй халагдсан гэж, хариуцагч нь даалгасан ажлыг гүйцэтгээгүй, хуурамч баримт бүрдүүлсэн, үйлдвэрээс гагнуурын аппарат хулгайлсан нь хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчсөн гэж тайлбарлан маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажилуулж байгаа этгээдийг ажил олгогч гэж, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг ажилтан гэж, 3.1.3-т нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хөдөлмөрийн гэрээ гэж тодорхойлжээ.

 

Хариуцагч нь Б.Өийг үйлдвэрийн инженерээр ажиллуулахаар 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн зүйлийн 23.2.2-т заасанд нийцүүлсэн байна.

 

Хөдөлмөрийн гэрээгээр түүний цалинг 500,000 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 тоот тушаалаар 1,500,000 төгрөг болгожээ.

 

Хариуцагч байгууллагын Захирлын 2020.05.01-ний өдрийн 231 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.10 дахь заалтыг үндэслэн Б.Өийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн шийдвэрээ гардуулан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулжээ.

 

Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгоно.

 

Талуудын тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний гэрээний 3.2.3 болон Хөдөлмөрийн дотоод журмын 8.10.в-д заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц ёс зүйн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тодорхойлжээ.

 

Гэвч хэргийн үйл баримтаар Б.Ө нь гэрээ болон журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц ёс зүйн зөрчил гаргасан нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Зүй нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсоноор ажилтныг халах үндэслэл үүсэх юм.

 

Иймд дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэхээр байх тул Б.Өийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар урьд эрхэлж байсан үйлдвэрийн инженерээр ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасанд нийцүүлэн нэхэмжлэгчид сүүлийн 3 сард олгогдсон /1,508,594+1,463,045+1,386,632/ цалингийн дунджаар тооцоход сарын 1,452,757 төгрөг байх тул 1 өдрийн /1,452,757:22/ цалин олговорт 66,034 төгрөгийг ажилгүй байсан 99 хоногийн нийт 6,537,366 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй тул баталгаажилт хийхийг даалгалаа. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 119,548 төгрөг гаргуулан орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Ө-гФ” ХХК-ийн үйлдвэрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6,537,366 /зургаан сая таван зуун гучин долоон мянга гурван зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас хураамжид 119,548 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.  

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ