Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00067

 

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00067

 

 

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02691 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Н.Э-гийн  нэхэмжлэлтэй, хариуцагч МАГ НҮТББ болон Б.О-д холбогдох

Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 11 767 280 төгрөгийг, зуучлалын төлбөрт төлсөн 1 519 000 төгрөг буюу нийт 13 286 280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.О-, түүний өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Э-г төлөөлөн түүний ах Б.Аюурзана 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монгол Австрийн гүүр ТББ-тай 2019/49 тоот зуучлах гэрээг байгуулсан. Энэ өдрөө зуучлалын төлбөр гэж 1 519 000 төгрөгийг О.Итгэл эгчийнхээ Хаан банкны 5084368833 тоот данснаас Б.О-ийн Голомт банкны 2709242987 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл Б.О- нь зуучлалын үүргээ гүйцэтгээгүй. 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/49 тоот гэрээний дагуу Н.Э- нь гурван хүүхдийн хамт Бээжин хотод 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр очиж 8 дугаар сарын 08-ны өдөр визэд орж, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бээжин дэх Австрийн элчин сайдын яамнаас байрны шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр татгалзсан хариуг авсан. Энэ хариу Герман хэл дээр ирсэн нь Б.О-д байгаа. Австрийн хуулиар нэг хүн 16 м.кв талбайд амьдрах ёстой гэсэн тайлбарыг өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дахин визэд орсон. Хятад улсад байх хугацаа богинохон болсон тул 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Бээжинд 26 хоног амьдарсан байр, хоол, унаа зардал, визийн хураамж гээд нийт 4 000 000 гаруй төгрөгийг Н.Э- нь хувиасаа төлсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Австри улсын элчин сайдын яамнаас мөн татгалзсан хариу сонссон. Иймд Монгол Австрийн гүүр ТББ, Б.О- нараас зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлбөр болох сургуулийн дотуур байр болон сургалтын төлбөрт шилжүүлсэн 11 767 280 төгрөг, Б.О-д зуучлалын төлбөр гэж өгсөн 1 519 000 төгрөг буюу нийт 13 286 280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс Н.Э-д үзүүлсэн зуучлалын үйлчилгээ 100 хувь хангагдсан боловч буцаж ирэх баталгаагүй гэсэн шалтгаанаар виз нь удаан хугацаанд шалгагдсаны эцэст татгалзсан. Гэрээнд заасны дагуу бол бид элчин сайдын яам визийн хариунд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэж тусгасан. Сургуулийн урилга, оршин суух байр, бичиг баримтын бүрдүүлэлтийн орчуулга зөвлөгөө үйлчилгээг бид бүрэн гүйцэтгэсэн. Хоёр талын гэрээний дагуу үүргээ бид тохиролцсоны дагуу хангасан боловч тухайн үйлчлүүлэгчийн батлан даагчийн хөрөнгийн эх үүсвэр, үл хөдлөх хөрөнгө нь амины орон сууц тул бүртгэл нь үл хөдлөх хөрөнгө гэж хангалттай элчин сайдын яам үзээгүй нь хариунд нөлөөлсөн. Бид зуучлалын хөлс 500 еврог үйлчилгээний хөлсөнд авсан. Үүнд: сургуулийн урилга, хэлний шалгалтын бэлтгэл, бичиг баримтын бүрдүүлэлтийн бүрэн орчуулга, хувийн болон оюутны байрны баталгаажсан захиалга, хөтөч, орчуулагчийн үйлчилгээгээр хангах зэрэг үйлчилгээ багтсан бөгөөд эдгээр үүргээ бүрэн биелүүлсэн. Үүнээс гадна Элчин сайдын яамны журам, шинэ мэдээллийг цаг тухай бүрд нь зөвлөж мэдээлсэн. 2019 оны 1 дүгээр сараас Австри улсын их, дээд сургууль нь А2 түвшний сертификат шаарддаг болсноос бид 3-5 сарын хэлний бэлтгэл Монгол улсад хийж эхэлсэн бөгөөд эсхүл шууд Австрийн Венна хотын Deutsch Akademie хэлний хувийн сургуульд зуучилж эхэлсэн. Тухайн сургууль нь сарын байр, сургалт багтсан 930 еврогийн багц санал болгодог бөгөөд гурваас дээш сараар төлөх чадвартай үйлчлүүлэгчдийг авсан. Үүний нэг нь Н.Э- бөгөөд 4 сараар явахаар захиалга өгсөн.

Сургалт 1 сар 270 еврог суутгах бөгөөд бусад төлбөрийг байрны зуучлагчид шилжүүлэх зарчмаар явагддаг. Гэвч тодорхойгүй шалтгаанаар урт хугацаанд шалгаснаас тохирсон цагтаа тухайн сургуульдаа очиж чадахааргүй болсон. Баталгаажуулан хүлээж байсан байр нь хугацаа хэтэрсэн саруудын байрны төлбөрийг буцаах боломжгүй хэмээн буцаалт хийхгүй байгаа. Сургалтын төлбөрийн хувьд олон улсын хил нээгдэхээс нааш зохицуулах, дахин визэд оруулах гэх мэт арга хэмжээ авах боломж бидэнд байхгүй. Одоогоор коронавирусын улмаас Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам шинэ виз хүлээн авахаа зогсоосон тул бид буцаалтад сайн дураар туслах болон дахин визэд ороход нь туслах боломжгүй байгаа. Манай байгууллага 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Deutsch Akademie 6 сарын сургалт нь маш амжилттай явагдаж байсан боловч Н.Э-гийн виз нь буцан ирэх баталгаагүй нь тогтоогдсон гэх шалтгаанаар буцчихсан. Хэдийгээр очиж сураагүй ч очихыг хүлээж 11 сар хүртэл сургууль, байр нь визийн хариуг нь хүлээчихсэн учраас бид Элчин сайдын яаманд гомдол хүргүүлсэн. Ажлын 3 өдөрт шалгаж, хариу өгдөг визийг 3 сар шалгасны улмаас сургууль болон үйлчлүүлэгч мөн зуучлагч манай байгууллага давхар хохирсон шалтгаанаар шүүхэд хандсан. Үүний эцэст Улаанбаатар хотод байрлах Монголын консулд бидний шүүхэд өгсөн гомдлыг хүлээн зөвшөөрч, авч хэлэлцэхээр шийдвэр бичиг ирсэн боловч тухайн үед Н.Э- нь Австри явахаа больсон Шанхай явах гэж байгаа хэмээн татгалзсан. Мөн бидний энэ асуудал эцэслэн шийд авахгүйгээр цар тахлын улмаас Элчин сайдын яамдын үйл ажиллагаа нь зогссон. Тооцоолоогүй хүндрэл үүссэн учир бид аль болох зохицуулах талаас нь ажилласан. Иймээс зуучлагч биднийг гэнэтийн хүндрэл болон эрсдэл бүхэнд буруутгаж, нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан Монгол Австрийн гүүр НҮТББ, Б.О- нараас зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хохирол 11 767 280 төгрөг, зуучлалын төлбөрт төлсөн 1 519 000 төгрөг буюу нийт 13 286 280 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Австри улсын элчин сайдын яамнаас ирүүлсэн хариу тайлбарт ...Та Австри улсад байх хугацаандаа амьдрах байр байхгүй байна гэж үзэж байна гэсэн үндэслэлээр виза олгохоос татгалзсан нь хариуцагч зуулчлалын гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүйг илтгэнэ. Зуучлагч Б.О-ийн өгсөн данс руу бид байр, сургалтын төлбөр болох 4000 еврог шилжүүлсэн байтал Б.О- хариу тайлбартаа Сургалт 1 сар 270 евро суутгах бөгөөд бусад төлбөрийг байрны зуучлагчид шилжүүлэх замаар явагддаг... Гэвч баталгаажуулан хүлээж байсан байр нь хугацаа хэтэрсэн саруудын байрны төлбөрийг буцаах боломжгүй хэмээн буцаалт хийхгүй байгаа. хэмээн илт худал тайлбарыг ирүүлсэн. Гадаадын ямар ч хэлний сургууль суралцаагүй сургалтын төлбөр, байрлаагүй байрны мөнгийг шимтгэлгүй буцаан олгодог. Н.Э- зуулчлалын гэрээг Монгол Австрийн гүүр ТББ-тай байгуулсан ч зуучлалын төлбөр болох 500 еврог Б.О- өөрийн голомт банкны 2709242987 тоот дансаар авсан юм. Б.О- нь Н.Э-гийн өмнөөс майл хаяг нээж, өөрөө тухайн хэлний сургуультай харьцаж байсан ба ийм хаяг нээснийг бид шүүх хуралдаан дээр мэдсэн болно. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Монгол Австрийн гүүр НҮТББ, Б.О- нарт холбогдуулан зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хохирол 11 767 280 төгрөг, зуучлалын төлбөрт төлсөн 1 519 000 төгрөг, нийт 13 286 280 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талууд 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 2019/49 тоот зуучлалын гэрээ байгуулан, зуучлагч Монгол МАГ НҮТББ нь Австри улсын Deutsch Akademie Gmbh хэлний түргэвчилсэн сургуульд суралцуулахад зуучлах, суралцагчийн өмнөөс сургуульд хүсэлт гаргах, дагалдах үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Элчин сайдын яамны веб сайтад байршуулсан мэдээлэл, журмын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болон Н.Э-гийн хүсэлтээр хөтөч, орчуулагчийн үйлчилгээгээр түүний зардлаар хангах, Н.Э- нь 500 еврогийн хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 6, 7/

Талууд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаангүй, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа зохигчдын хооронд үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч Н.Э- ...Австри улсын виз авч чадаагүйгээс зуучлуулсан сургуульдаа суралцаж чадаагүй гэх үндэслэлээр хариуцагчаас сургалтын болон байрны төлбөр, зуучлалын хөлсийг хариуцагчаас буцаан шаардсан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Монгол МАГ НҮТББ нь нэхэмжлэгч Н.Э-г Австри улсын Deutsch Akademie Gmbh хэлний түргэвчилсэн сургуульд зуучилж, сургуулийн сургалтын төлбөр болон байрны төлбөрт нэхэмжлэгч 4 000 евро буюу 11 767 280 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкаар дамжуулан сургуульд төлсөн, зуучлалын хөлсийг Б.О-д 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1 519 000 төгрөг шилжүүлэн төлж, зуучлагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч тал хариуцагчаас зуучлалын хөлсийг буцаан шаардах эрхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн талуудын байгуулсан зуучлалын гэрээний 3.1-т ...Б талд гаргасан элчин сайдын яамны эцсийн шийдвэрт А тал нөлөөлөх боломжгүй гэж заасан тул хариуцагч нь хохирол төлөх үндэслэлгүй байна. / хх-ийн 7 /

Түүнчлэн, зуучлуулсан сургуулийн сургалтын болон байрны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт бус, харин тухайн сургуульд төлсөн тул суралцаж чадаагүй үндэслэлээр төлсөн төлбөрөө нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Хариуцагч нартай нэхэмжлэгч нь сургалтын гэрээ байгуулаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч Монгол Австрийн гүүр НҮТББ-ын гэрчилгээ хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэрэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шүүх хэрэгжүүлээгүй алдаа гаргасан байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд нөлөөлөхгүй гэж үзлээ.

           Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02691 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ