Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/02691

 

 

 

 

 

 

 

 

2020         10            30 

    181/ШШ2020/02691

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М НҮТББ,

Хариуцагч: О нарт холбогдох  

 

Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 11,767,280 төгрөгийг, зуучлалын төлбөрт төлсөн 1,519,000 төгрөг буюу нийт 13,286,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч болоод хариуцагчийн төлөөлөгч О, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгч Эг төлөөлөн түүний ах Б.Аюурзана 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “Монгол Австрийн гүүр” ТББ-тай 2019/49 тоот “Зуучлах гэрээ”-г байгуулсан. Энэ өдрөө зуучлалын төлбөр гэж 1,519,000 төгрөгийг О.Итгэл эгчийнхээ Хаан банкны 5084368833 тоот данснаас Оийн Голомт банкны 2709242987 тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл О нь зуучлалын үүргээ гүйцэтгээгүй.

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2019/49 тоот гэрээний дагуу Э нь гурван хүүхдийн хамт Бээжин хотод 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр очиж 8 дугаар сарын 08-ны өдөр визэд орж, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Бээжин дэх Австрийн элчин сайдын яамнаас “байрны шаардлага хангахгүй байна” гэсэн үндэслэлээр татгалзсан хариуг авсан. Энэ хариу Герман хэл дээр ирсэн нь Од байгаа. Австрийн хуулиар нэг хүн 16 м.кв талбайд амьдрах ёстой гэсэн тайлбарыг өгсөн.

Нэхэмжлэгч нь энэ тухайгаа “Монгол Австрийн гүүр” ТББ болон Од хэлэхэд Австрид амьдрах шинэ хаяг өгсөн тул 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дахин визэд орсон. Хятад улсад байх хугацаа богинохон болсон тул 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Бээжинд 26 хоног амьдарсан байр, хоол, унаа зардал, визийн хураамж гээд нийт 4,000,000 гаруй төгрөгийг Э нь хувиасаа төлсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Австри улсын элчин сайдын яамнаас мөн татгалзсан хариу сонссон.

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш мөнгөө буцааж авах гэж 9487-1688, Оийн 9497-1688 дугаар руу залгахад загнаад өгөхгүй өнөөдрийг хүртсэн.

Иймд “Монгол Австрийн гүүр” ТББ, иргэн О нараас “Зуучлалын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн төлбөр болох сургуулийн дотуур байр болон сургалтын төлбөрт шилжүүлсэн 11,767,280 төгрөг, Од зуучлалын төлбөр гэж өгсөн 1,519,000 төгрөг буюу нийт 13,286,280 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд тайлбартаа:

Бидний зүгээс Эд үзүүлсэн зуучлалын үйлчилгээ 100 хувь хангагдсан боловч буцаж ирэх баталгаагүй гэсэн шалтгаанаар виз нь удаан хугацаанд шалгагдсаны эцэст татгалзсан. Гэрээнд заасны дагуу бол бид элчин сайдын яам визийн хариунд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй гэж тусгасан. Сургуулийн урилга, оршин суух байр, бичиг баримтын бүрдүүлэлтийн орчуулга зөвлөгөө үйлчилгээг бид бүрэн гүйцэтгэсэн. Хоёр талын гэрээний дагуу үүргээ бид тохиролцсоны дагуу хангасан боловч тухайн үйлчлүүлэгчийн батлан даагчийн хөрөнгийн эх үүсвэр, үл хөдлөх хөрөнгө нь амины орон сууц тул бүртгэл нь үл хөдлөх хөрөнгө гэж хангалттай элчин сайдын яам үзээгүй нь хариунд нөлөөлсөн.

Бид зуучлалын хөлс 500 еврог үйлчилгээний хөлсөнд авсан. Үүнд: сургуулийн урилга, хэлний шалгалтын бэлтгэл, бичиг баримтын бүрдүүлэлтийн бүрэн орчуулга, хувийн болон оюутны байрны баталгаажсан захиалга, хөтөч, орчуулагчийн үйлчилгээгээр хангах зэрэг үйлчилгээ багтсан бөгөөд эдгээр үүргээ бүрэн биелүүлсэн.

Үүнээс гадна Элчин сайдын яамны журам, шинэ мэдээллийг цаг тухай бүрд нь зөвлөж мэдээлсэн. 2019 оны 1 дүгээр сараас Австри улсын их, дээд сургууль нь А2 түвшний сертификат шаарддаг болсноос бид 3-5 сарын хэлний бэлтгэл Монгол улсад хийж эхэлсэн бөгөөд эсхүл шууд Австрийн Венна хотын Deutsch Akademie хэлний хувийн сургуульд зуучилж эхэлсэн.

Тухайн сургууль нь сарын байр, сургалт багтсан 930 еврогийн багц санал болгодог бөгөөд 3-аас дээш сараар төлөх чадвартай үйлчлүүлэгчдийг авсан. Үүний нэг нь Э бөгөөд 4 сараар явахаар захиалга өгсөн.

Сургалт 1 сар 270 еврог суутгах бөгөөд бусад төлбөрийг байрны зуучлагчид шилжүүлэх зарчмаар явагддаг. Гэвч тодорхойгүй шалтгаанаар урт хугацаанд шалгаснаас тохирсон цагтаа тухайн сургуульдаа очиж чадахааргүй болсон. Баталгаажуулан хүлээж байсан байр нь хугацаа хэтэрсэн саруудын байрны төлбөрийг буцаах боломжгүй хэмээн буцаалт хийхгүй байгаа. Сургалтын төлбөрийн хувьд олон улсын хил нээгдэхээс нааш зохицуулах, дахин визэд оруулах гэх мэт арга хэмжээ авах боломж бидэнд байхгүй. Одоогоор коронавирусын улмаас Бээжин дэх Австрийн Элчин сайдын яам шинэ виз хүлээн авахаа зогсоосон тул бид буцаалтад сайн дураар туслах болон дахин визэд ороход нь туслах боломжгүй байгаа.

Манай байгууллага 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Deutsch Akademie 6 сарын сургалт нь маш амжилттай явагдаж байсан боловч Эгийн виз нь буцан ирэх баталгаагүй нь тогтоогдсон гэх шалтгаанаар буцчихсан.

Хэдийгээр очиж сураагүй ч очихыг хүлээж 11 сар хүртэл сургууль, байр нь визийн хариуг нь хүлээчихсэн учраас бид Элчин сайдын яаманд гомдол хүргүүлсэн. Ажлын 3 өдөрт шалгаж, хариу өгдөг визийг 3 сар шалгасны улмаас сургууль болон үйлчлүүлэгч мөн зуучлагч манай байгууллага давхар хохирсон шалтгаанаар шүүхэд хандсан. Үүний эцэст Улаанбаатар хотод байрлах Монголын консулд бидний шүүхэд өгсөн гомдлыг хүлээн зөвшөөрч, авч хэлэлцэхээр шийдвэр бичиг ирсэн боловч тухайн үед Э нь Австри явахаа больсон Шанхай явах гэж байгаа хэмээн татгалзсан.

Мөн бидний энэ асуудал эцэслэн шийд авахгүйгээр цар тахлын улмаас Элчин сайдын яамдын үйл ажиллагаа нь зогссон. Тооцоолоогүй хүндрэл үүссэн учир бид аль болох зохицуулах талаас нь ажилласан. Иймээс зуучлагч биднийг гэнэтийн хүндрэл болон эрсдэл бүхэнд буруутгаж, нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан, талууд үнэн зөвд маргаагүй нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч М НҮТББ, О нарт холбогдуулан зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хохирол 11,767,280 төгрөг, зуучлалын төлбөрт төлсөн 1,519,000 төгрөг буюу нийт 13,286,280 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Э нь М НҮТББ-тай 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр зуучлалын 2019/49 тоот гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр М НҮТББ нь Австри улсын “Deutsch Akademie Gmbh” хэлний түргэвчилсэн сургуульд суралцуулахад зуучлах, суралцагчийн өмнөөс сургуульд хүсэлт гаргах, дагалдах үйл ажиллагааны талаарх мэдээлэл, Элчин сайдын яамны веб сайтад байршуулсан мэдээлэл, журмын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх болон Эгийн хүсэлтээр хөтөч, орчуулагчийн үйлчилгээгээр түүний зардлаар хангах, Э нь 500 еврогийн хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч тодорхой ажил үйлчилгээг гүйцэтгүүлсний төлөө хөлс төлөх үүргийг, хариуцагч нь нэхэмжлэгчийг Австри улсын сургуультай холбож өгөх үүргийг тус тус хүлээсэн шинжээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Талууд гэрээ байгуулсан эсэх, түүний хүчин төгөлдөр байдалд маргаагүй, гэрээ хуульд нийцсэн байх тул шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Уг гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийг Австри улсын “Deutsch Akademie Gmbh” хэлний түргэвчилсэн сургуульд зуучлах үүргээ хариуцагч биелүүлсэн бөгөөд тус сургуулийн сургалтын төлбөр болон байрны төлбөрт нэхэмжлэгч 4,000 евро буюу 11,767,280 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Голомт банкаар дамжуулан сургуульд төлсөн, зуучлалын хөлсийг Од 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1,519,000 төгрөг шилжүүлэн төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд үүнд маргаагүй.

 

Гэвч Австри Улсын Элчин сайдын яам Эд зорчих зөвшөөрөл олгоогүйгээс тэрээр сургалтад хамрагдаагүй, сургалтын болон байрны төлбөрт төлсөн төлбөрөө сургуулиас буцаан авч чадаагүй үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь ийнхүү Австри Улсын виз авч чадаагүйгээс зуучлуулсан сургуульдаа суралцаж чадаагүйг хариуцагчийн буруутай ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэж, сургалтын болон байрны төлбөр, зуучлалын хөлсийг хариуцагч нараас шаардаж байна.

 

Манай тохиолдолд Австри Улсад түр хугацаагаар оршин суух зөвшөөрөл нэхэмжлэгчид олгогдоогүйгээс тэрээр зуучлуулсан сургуульдаа суралцаж чадаагүй буюу зуучлуулсны үр дүн гараагүй үйл баримт тогтоогдсон боловч тус улсад түр оршин суух зөвшөөрлийг хариуцагч нар бус харин Австри Улсын Элчин сайдын яам дахь эрх бүхий байгууллага олгодог тул виз олгох эсэх асуудлыг зуучлалын гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэгт хамаатуулах үндэслэлгүй юм.

 

Иймд хариуцагч М НҮТББ-ыг зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, тэрээр зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул зуучлалын хөлсийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

 

Зуучлуулсан сургуулийн сургалтын болон байрны төлбөрийг нэхэмжлэгч нь хариуцагч нарт бус харин сургуульд шууд төлсөн байх тул суралцаж чадаагүй үндэслэлээр төлсөн төлбөрөө нэхэмжлэгч нь хариуцагч нараас хохирол үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзнэ.

 

Учир нь зуучлуулсан сургуульдаа нэхэмжлэгч суралцаж чадаагүйд хариуцагч нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй, төлбөрийг хариуцагч нар аваагүй тул нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зуучлалын гэрээ М НҮТББ болон Э нарын хооронд байгуулагдсан тул нэхэмжлэгчийн энэ нэхэмжлэлд О хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан М НҮТББ, О нараас зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хохирол 11,767,280 төгрөг, зуучлалын төлбөрт төлсөн 1,519,000 төгрөг буюу нийт 13,286,280 төгрөг гаргуулахыг хүссэн Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Ө.УЯНГА