Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2016/01230

 

Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэр,        

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Болдгэрэлд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 46 966 634 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн зээлийн гэрээний 2.5% хүү гэсэн нөхцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үүргээ гүйцэтгэсэн болохыг тогтоож, Ж.Янжимаас илүү төлсөн 22 692 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Энхчулууны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Янжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, хариуцагч Д.Болдгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Уранцэцэг, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Янжим миний бие 2010 оны 10 дугаар сарын 25-нд нөхөр Ж.Нямсангийн хамт Д.Болдгэрэл, Н.Энхболд, Ц.Ганзориг нарт Хятад улсын Шинфен компаниас нүүрс тээвэрлэх хүнд даацын шланз машин авахад нь 1 машины урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгөөр тооцож, 5 машины урьдчилгаа төлбөрт 100 000 000 төгрөгийг зээлүүлж, Өмнөговь аймгийн Гашуун сухайт дахь Хадгаламж банкнаас Хятад руу Шинфен компанийн ажилтан Анарсудагийн нэр дээр 1 000 000 юань шилжүүлсэн.Шилжүүлсэн хүнтэй нь гэрээ хийнэ гэж Шинфен компани Янжим миний нэрээр машинуудын гэрээ хийгдсэн. Ингэж урьдчилгаа төлбөр шилжүүлснээр хариуцагч Д.Болдгэрэл нар нь тус компаниас машинуудаа хүлээн авч гарцгаасан.Нэхэмжлэгч Янжим миний бие нөхөр Ж.Нямсангийн хамт дээр дурдсанаар хариуцагч Д.Болдгэрэл /Н.Энхболд, Ц.Ганзориг/ нарт зээл өгөхөөр тохиролцсоны дагуу зээлдэгч нар зээлсэн 100 000 000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 3 сарын хугацаатай, 1 сарын 2.5% хүү төлөхөөр тохирсон. Үндсэн зээл, зээлийн хүүг хугацаандаа төлөөгүй нөхцөлд алдангийг хоногт 0.5%-иар тооцож төлнө, машин эзэмшигчид нь тус бүрийн эзэмшлийн машины бүрэн бүтэн байдал, үндсэн үнэ төлбөрийг Шинфен компанийн өмнө хариуцна гэж харилцан тохиролцсоны дагуу баримтанд гарын үсэг зурсан. Хариуцагч Д.Болдгэрэл нь 3 шланз машиныг чиргүүлийн хамт хариуцан 2010 оны 10 дугаар сарын 25-наас 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр буюу цаашид ч нүүрс ачаа тээвэрлэлт хийж, хөлс үнэ өртгийг авч хэрэглэсээр байгаа. Одоо Д.Болдгэрэл нь 3 машины өр төлбөр барагдуулаагүй. 3 жил шахам болж байна.Нэхэмжлэгч Ж.Янжим миний нөхөр Ж.Нямсан “300 000 000-ыг зээлж чадахгүй, 100 000 000 төгрөгийг эд хөрөнгөө барьцаалаад хямд хүүтэй авч өгч болно. Харин та нар найдвартай л өгөөрэй” гэж хэлж зээл авч өгсөн. Бид хөдөлмөрлөж бүтээсэн эд хөрөнгөө барьцаалж зээл авч өгч байгаа тул 2.5%-ийн хүү тооцож зээлээ төлүүлэх гэрээ хийсэн боловч үндсэн зээлээс 2 жил шахамд алдаг оног төлсөөр 49 209 000 төгрөг төлсөн. Уг 3 машины “60 000 000 төгрөг үндсэн зээлийн төлбөр, хүүгийн хамт төлөх төлөлт нь дуусаагүй, сураг тасраад 2012 оны 04 дүгээр сарын 25-аас алга болсон.Бид Болдгэрэлийн зээл хийлгэсэн зээлийг тасралтгүй төлсөөр байгаа. Фургон машинаа 10 000 000-д зарж, хүргэн Баярмагнайг 10 000 000 цалингийн зээл авахуулж, орон сууцаа жилээр түрээслэж их төлөлт хийсэн. Одоо цаашид чадахгүй гэхээр эд хөрөнгөө хураалгах хүнд нөхцөлд ороод байгаа. Хариуцагч Д.Болдгэрэлээс үндсэн зээл 60 000 000 төгрөг, хүү алданги 30 600 000 төгрөг, нийт 90 600 000 төгрөгөөс 49 209 000 төлсөн төгрөгийг хасч үлдэх 41 391 000 төгрөгөөс мөн 600 000 төгрөг хасаад 40 791 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие тус шүүхэд Д.Болдгэрэлээс 40 791 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас гаргуулах зээлийн үлдэгдэл, хүүг дутуу бодсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар нэмэгдүүлж байна. ...Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хариуцагч Д.Болдгэрэлээс нийт 46 966 634 төгрөгийг гаргуулж, төлбөрийг түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн хувьд Таван толгой нүүрсний уурхайгаас Хятадад нүүрс гаргадаг, энэ нүүрсийг хувь хүмүүс нэгдэн Хятадаас урьдчилгаа төлөн машин оруулж ирээд, тэр хятад компанидаа тээвэр хийж тээврийн хөлснөөс нь машины үндсэн мөнгийг рейс тутмаас суутгаж, үндсэн мөнгө төлөгдөж дуусахад машин нь хувийнх болдог тул хүмүүс хамтарч ажилладаг юм. Түүний нэгэн адил Ж.Янжим түүний нөхөр Ж.Нямсан болон Ц.Ганзориг гэсэн бидний хэдэн хүн нэгдэж зарим машин олж, зарим нь хөрөнгө гаргах журмаар ажилласан болохоос Ж.Янжимаас бэлэн мөнгө зээлээгүй.2010 оны намар Д.Бат-Эрдэнэ нь БНХАУ-аас хүнд даацын 10 ширхэг автомашин оруулж ирэхээр боллоо хоёулаа хамтарч ажиллах уу гэснээр бид хоёр хамтрах болсон энэ машиныг оруулж ирэхийн тулд нэг машинд 20 сая төгрөгийн урьдчилгаа төлөх ёстой тул мөнгө хэрэгтэй болсон. Ингээд байж байгаад Ц.Ганзориг бид хоёр Н.Энхболдтой хотод уулзаж, 10 ширхэг машин оруулж ирүүлэх гэсэн юм, хөрөнгө оруулах хүн байна уу гэж хэлсэн. Тэгсэн чинь Н.Энхболд Ж.Нямсантай уулзаж мөнгө олж дахиад хамтрах болсон. Ингээд Д.Бат-Эрдэнэ, Ц.Ганзориг бид 3-ыг Хятадад байхад Н.Энхболд нь Ч.Энхмөнх түүний нөхөр Чулуунбаатар, Ж.Янжим түүний нөхөр Ж.Нямсангийн хамт тавуулаа араас очсон. Хятадад машинаа үзээд авахаар болж машин авах хүн тус тус өөр өөрийн нэрээр гэрээ хийх гэтэл Ж.Янжим, Ж.Нямсан хоёр урьдчилгаа мөнгө гаргаж байгаа гээд Хятад компанитай гэрээ хийх болсон. Яг гэрээ хийхдээ нөхөр Нямсан нь төрийн албан хаагч болохгүй гээд эхнэр Янжим нь гэрээ хийж, 100 сая төгрөгийн урьдчилгаа өгч 10 машиныг хариуцахаар болсон.Ингээд эхэлж орж ирсэн 5 машины нэгийг Ч.Энхмөнх Чулуунбаатар хоёр, 4-ыг нь Янжим, Нямсан хоёр авсан. Сарын дараа 5 машин орж ирэхэд 2-ийг нь Д.Бат-Эрдэнэ авч үлдсэн 3-ыг нь Н.Энхболд, Ц.Ганзориг бид 3 авсан. Гэтэл Д.Бат-Эрдэнэ нь Ж.Янжим, Ж.Нямсан нартай маргаад хамтрахаа болихоор нь түүний 2 машиныг Ц.Ганзориг бид 2 хариуцах болж, Ц.Ганзориг бид хоёр нийт 4 машинтай болж энэ машинуудын урьдчилгаанд төлсөн 80 сая төгрөгийг Ж.Нямсан, Ж.Янжим хоёрт төлөх болсон юм.Нэгэнт шинэ 4 машинтай болсон тул Ж.Янжим, Ж.Нямсан нар нь тухайн үед сарын нэг хувийн хүү бодож урьдчилгаанд төлсөн мөнгөө биднээс авахаар болсон байсан. Гэтэл Хятад компани нь тээвэр олж өгөөгүйгээс бид нар мөнгөө төлж чадаагүй. Ц.Ганзориг бид хоёрын хувьд сар бүр 5 сая төгрөг өгч байсан. Нийт бид хоёр 87 495 000 төгрөг төлсөн. Энэ нь бид нарын цагдаад өгсөн жагсаалтаар нотлогдоно. Иймээс би энэ мөнгийг хариуцахгүй гэж бодож байна. Надад зугатаж зайлсан учир нэг ч байхгүй харин Ж.Янжимыг унаагүй мөнгөө нэхээд зовж явахад тусалж байсан. Нэгэнт Хятад компанитай 10 машиныг Ж.Янжим өөрөө хариуцах болсон учир өөрөө бидний машинуудад хяналт тавьж ажиллуулах, машинтай холбоотой асуудлыг компанийн өмнө хариуцах учиртай. Гэтэл Ж.Янжим эгчид зөвхөн өөрийнхөө гаргасан мөнгийг алданги хүү нэхэж улам өсгөж авах л гэж хөөцөлдөж байгаа. Ж.Янжим эгч Ц.Ганзоригоос мөнгөө олж чадахгүйгээ мэдээд, төлөх ёстой мөнгөө төлсөн, үлдэгдлийг нь намайг төлөх ёстой гэж худлаа хэлж надаас нэхэмжлэл гаргасан байна гэж бодож байна.Нэгэнт мөнгө гаргасан нь үнэн тул анх тохиролцсон хүүгээр тооцож үндсэн 80 сая төгрөгийг Ц.Ганзориг бид хоёр төлөх ёстой. Ц.Ганзориг бид хоёрын хувьд тэнцүү хариуцна. 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг шүүхэд өгсөн. Мөн 2011 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн бичгийг цагдаад гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтууд дээрх гарын үсгүүд бүгд минийх биш. Би ямарч гарын үсэг зураагүй. Яаж ч харсан угаасаа энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ биш. Энэ гэрээнээс харахад зээлийн гэрээ хэзээ байгуулагдсан хугацаа тодорхойгүй. Гэрээнд 2010 оны 10 дугаар сарын 25-нд 100 сая төгрөг зээлэв гэсэн байгаа. Тэгэхээр гурван сарын хугацаанд зээл төлөх тухай байгаа. Би үүнийг 2011 оны 6 сараас гээд 9 сарын 7-нд дууссан гэж ойлгох уу, эсвэл 2010 оны 10 сараас тооцож, 2011 оны 1 сарын 25-нд хугацаа нь гэж үзэх үү гэдэгт эргэлзэж байна. Гэрээг бид хэдийн санаа сэтгэл нэгдэж байж хийх ёстой байх, хэрэг дээрээ Ж.Нямсан гуай загнаад гэрээнд гарын үсэг зур гээд байхаар би зөвшөөрөөгүй байсан юм. Нэг тал хүчээр тулгасан гэрээ нь хүчин чадалтай гэрээ биш байх. Мөн хүү нь огт тодорхойгүй байгаа. Анх нэг хувь гэж амаар тохирч байсан. Цагдаад Ж.Янжимын өгсөн гараар бичсэн тооцоогоор үлдэгдэл 21 173 500 төгрөг гэсэн байгаа. Тэгэхээр нэхэж байгаа мөнгө үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Нэхэмжлэгч Ж.Янжим нь надад 60 000 000 төгрөгийн зээл мөнгөн хэлбэрээр зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээний дагуу 2.5% хүү тооцож, мөн миний төлсөн төлбөрүүдийг зээлийн хүүнд суутгах замаар тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй талаар миний бие гаргасан тайлбарууддаа дэлгэрэнгүй тайлбарласан билээ....Ж.Янжимтай 5 тээврийн хэрэгслийн урьдчилаа төлбөрийг сарын 1% хүү төлөх талаар Д.Бат-Эрдэнэ, Ц.Ганзориг, Н.Энхболд бид нар тухайн үедээ амаар харилцан тохиролцсон. Гэвч Ж.Янжим нь 2011.06.07-ны өдөр Ц.Ганзориг, Н.Энхболд бид нарыг гэртээ дуудаж байгаад 2.5% хүүтэй зээлдүүлсэн мэтээр тулгаж байгаад зээлийн гэрээ гэх баримтыг нөхөн бичиж гарын үсэг зуруулсан юм. Ж.Янжим нь эдгээр 5 тээврийн хэрэгслийн нийт үнэ гэх 100.000.000 төгрөгийг Н.Энхболдоос гаргуулахаар Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч шалгуулж байсан ба үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргасан байгаа болно. Иймээс миний бие Ж.Янжимын нэхэмжлэлд дурдсан 60 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрийг 2.5% хүүтэй төлөхийг хууль бус нөхцөл гэж үзэж байгаа болно. Би тээврийн хэрэгсэл авсан дараа сарын буюу 2011 оны 1 сараас эхлэн нийт 62 209 000 төгрөгийг Ж.Янжимд төлсөн, энэхүү тооцоонд Ж.Янжимын шүүхэд гаргасан 49 209 000 төгрөгөөс гадна 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 13 000 000 төгрөгийг миний тооцоонд оруулахгүйгээр Ц.Ганзоригийн тооцоонд оруулсан нь үндэслэлгүй байгаа юм. Ц.Ганзориг бид 2 хамтдаа 4 тээврийн хэрэгслийн тооцоог хийхээр харилцан тохиролцож үйл ажиллагаа хамт явуулж байсан боловч Ц.Ганзориг нь надаас төлбөрийн бүх баримтыг хулгай хийж авч, Ж.Янжимтай 1 машины тооцоо хийж дуусган, шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн байгаа тул миний зүгээс энэхүү шүүхийн ажиллагаагаар Ж.Янжимтай тооцоогоо хийж илүү төлсөн төлбөрөө гаргуулахыг хүсэж байна.Ж.Янжим нь миний төлсөн дээрх төлбөрүүдийг хуульд заасны дагуу төлөх тухай бичгээр ямар нэгэн гэрээ хийгээгүй байхад эхлээд хүүний төлбөрт суутгах, үлдсэн мөнгийг зээлд тооцох зарчмаар тооцсон тооцооллыг ч огт үндэслэлгүй хууль бус гэж үзэж байгаа болно. Иймд зээлийн гэрээний 2,5% хүү гэсэн нөхцлийг хүчин төгөлдөр бус нөхцөл болохыг тогтоож, нэхэмжлэгч Д.Болдгэрэлээс Ж.Янжимд зээлийн гэрээнд заасан 2 тээврийн хэрэгслийн төлбөр 38 366 000 төгрөгийг харилцан тохиролцсоны дагуу 1% хүүг 3 сарын хугацаагаар тооцож, бүгд 3 % хүүнд нийт 1 150 980 төгрөг, бүгд 39 516 980 төгрөг төлөх үүргээ гүйцэтгэсэн болохыг тогтоож, Ж.Янжимаас илүү төлсөн 22 692 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Энэ хүн өөрийгөө 2 машин эзэмшиж байсан гэж ярьж байна. Гэрчүүдийн мэдүүлгээр Д.Болдгэрэлийг 3 машин эзэмшиж, нүүрс тээвэрт явуулж байсан талаар нотлогддог. Бид Д.Болдгэрэлийг хууль мэддэг, хүмүүсийг санаатайгаар луйварддаг хүн гэж ойлгож байна. Энэ хүн бидний итгэлийг олж авсны дараагаар санаатайгаар луйвардсан. Биднийг эрүүл мэндээр минь хүртэл хохироосон. Бид гомдолтой байна, сөрөг нэхэмжлэлийг эсэргүүцэж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар Д.Болдгэрэлээс 26 059 500 төгрөг гаргуулан Ж.Янжим, Ж.Нямсан нарт олгож, нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарын нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 20 907 134 төгрөг, хариуцагч Д.Болдгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Янжимаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 475 655 төгрөг, хариуцагч Д.Болдгэрэлийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271 410 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Болдгэрэлээс 288 247 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарт, нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нараас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 30 870 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэж, хариуцагч Д.Болдгэрэлийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг солиулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 8324 тоот шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байлгаж шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Болдгэрэлийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 559 657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч нь хариуцагчид том оврын ачааны автомашин худалдан авахад нь тусалж, урьдчилгаа мөнгийг зээл хэлбэрээр олгож, түүндээ хүү алданги тооцон нэхэмжилсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэгчийн хувьд эдлэх ёстой эрхээ эдэлж, нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хэмжээгээр өөрчилж нэхэмжилж байсан. Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр, нотлох баримтад үндэслэн тогтоож, холбогдох тооцооллыг хийж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь буруу гэснээс биш нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл буруу гэж огтхон ч маргаагүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөвхөн нэхэмжлэгч л бүрдүүлж өгсөн бөгөөд хариуцагч эдгээрийг няцаасан, үгүйсгэсэн ямар ч нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, тийм баримт байхгүй болно.Хэргийг анхан шатны шүүхэд буцааснаар өмнө нь нэгэнт авагдсан нотлох баримтууд дээр нэмэгдэх баримтууд байхгүй бөгөөд хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй юм. Тэр ч бүү хэл нэхэмжлэгчийн хийсэн 49 209 000 төгрөг төлсөн гэдгийг нотолсон тооцооллыг зохигчид хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд энэ тооцооллыг гол нотлох баримт шийдвэрийн үндэслэлээ болгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн юм. ...Магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар журмыг хэрхэн зөрчсөн, зохигчийн эрхийг яаж зөрчсөн, ямар хуулийг буруу хэрэглэсэн талаар дүгнэлт хийгээгүй атлаа шийдвэрийг хүчингүй болгож буй үйлдэл нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх алдаа гаргасныг шууд нотолж байна гэж үзлээ. Иймд дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                               ХЯНАВАЛ:         

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг тодорхойлж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Янжим нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хариуцагч Д.Болдгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, алданги гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ хүү, алдангийн хэмжээг өөр өөрөөр тооцож, шаардсан явдлыг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.,168.3.-т заасан шаардлагад нийцэхгүй юм. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бөгөөд шаардлагын хэмжээ өөрчлөгдсөн байдлыг нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан тайлбарт үндэслэн эрх зүйн үүднээс дүгнэх боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байсан гэж үзэхээр байна.

Зохигчдын хоорондох маргаантай харилцааны үндэслэл болсон зээлийн гэрээ 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ба энэхүү гэрээгээр зээлдүүлэгч Ж.Нямсан болон Ж.Янжим нар нь зээлдэгч Н.Энхболд, Д.Болдгэрэл, Ц.Ганзориг нарт 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Шинфен компаниас 5 автомашин худалдан авах урьдчилгаа төлбөрт зориулан 100 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 2,5% хүүтэй зээлүүлсэн байна. Зээлдэгч нар нь зээлсэн мөнгийг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5% алданги тооцохоор талууд тохиролцжээ \хх-ийн 6 дугаар тал\. Уг гэрээнд зээлдүүлэгч Ж.Янжим Шинфен компанитай гэрээ байгуулж, зээлдэгч нарт 5 машин авч өгсөн, эдгээр машинаас хариуцагч Д.Болдгэрэл 3-ыг, Н.Энхболд болон Ц.Ганзориг нар тус бүр нэг машин эзэмшихээр болж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг болон үлдэгдэл төлбөрийг Шинфен компанийн өмнө хариуцах талаар заасан нь зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй гэж үзэхээр боловч энэхүү бичилтээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах зээлдэгч нарын тус бүрийн үүргийн хэмжээг тодорхойлсон гэж дүгнэх боломжтой байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэдэг. Мөн зүйлийн 242.2., 242.11.-д зааснаар хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүсдэг бөгөөд хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байдаг байна.

Гэрээний оролцогч талууд зээлийн үүргийг хүлээж авсан машины хэмжээгээр хариуцахаар гэрээгээр тохиролцсон гэж үзэхээр байна.

Нөгөө талаар, мөн зүйлийн 242.3.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байдаг. Зээлдэгч Н.Энхболд, Ц.Ганзориг нар зээлээс өөрт ногдох төлбөрийг бүрэн төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан ба хариуцагч Д.Болдгэрэлээс гэрээний зүйл болох 100 000 000 төгрөгөөс зөвхөн түүнд ногдох хэсгийг хүү, алдангийн хамт шаарджээ. Хариуцагч Д.Болдгэрэл нь бусад зээлдэгч нартай зээлийн хуваарилалт, төлөлтийн талаар ямар нэг тооцоотой бол тэдэнд холбогдуулан мөн зүйлийн 242.12.-т зааснаар шаардлага гаргах эрх нь нээлттэй байна. Энэ зохицуулалтад зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй болно.

Хариуцагч Д.Болдгэрэл зээлийн гэрээ болон зээл авсан баримтад гарын үсэг зурж, үүргээ хүлээн зөвшөөрсөн байх ба эдгээр гарын үсэг түүнийх мөн болохыг шүүхээс томилогдсон шинжээч тогтоожээ \хх-ийн 70-73 дугаар тал\.

Хариуцагч Д.Болдгэрэл нэхэмжлэгчид 87 495 000 төгрөг төлсөн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдоогүй, төлбөрийн аль хэсэг нь түүнийх, аль нь Ц.Ганзоригийн хариуцах хэсэг болох нь зааглагдаагүйгээс гадна хариуцагчийг өөрийн төлбөрт 49 209 000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгч Ж.Янжимийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч үндсэн зээлд 60 000 000 төгрөг, 3 сарын хүүд 4 500 000 төгрөг \сарын 2,5%-иар 1 500 000 төгрөг\ нийт 64 500 000 төгрөг төлөхөөс 49 209 000 төгрөг төлсөн тул 15 291 000 төгрөгийг алданги 7 645 500 төгрөгийн хамт нийт 22 936 500 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 143/ШШ2016/00170 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар хариуцагч Д.Болдгэрэлээс 22 936 500 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ж.Янжим, Ж.Нямсан нарт олгож, нэхэмжлэлээс 24 030 134 төгрөгийн шаардлагыг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нараас 22 692 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Болдгэрэлийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “288 247 төгрөгийг” гэснийг “272 632 төгрөг” гэж өөрчлөн, 3, 4, 5, 6 дахь заалтыг 2, 3, 4, 5 дахь заалт болгон, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 288 248 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН