Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 212/МА2021/00001   

 

   Б.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Даулетжан, хариуцагчийн төлөөлөгч Х.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан жолооч Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Б сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор 2004 оноос ажиллаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би өглөө ажилдаа очиход дарга Х.Б нь сахиул Е.С- бид хоёрт та хоёр орчны хогийг цэвэрлэ гэж үүрэг өгсөн. Бид хоёр Засаг даргын Тамгын газрын байрны гадна орчны хог, цаас зэргийг цэвэрлэсэн тухайгаа мэдэгдэхэд тэрээр “Та хоёр одоо Хаан банкны урьд талыг хог навчийг цэвэрлээд ир” гэж хэлсэн. Бид хоёр одоо Хаан банкны урьд талын эргэн тойрны хог навчийг цэвэрлээд ирсэн. Цэвэрлэснээ ирж Х.Б даргад мэдэгдсэн. Гэтэл Х.Б бид хоёрыг загнаж, “Би юу гэж тушаана, та нар биелүүлж байх ёстой. Чадахгүй гэвэл ажлаас чинь хөөнө, арга хэмжээ тооцно, одоо явж Сагсай голын хоёр талын эрэг дагуух бүх хог навчийг түүж цэвэрлэ” гэж хэлсэн. Тэгээд ч би ямар ч зөрчил дутагдал гаргаагүй болохоор даргын энэ хачин байдлаар аашлаад байгааг гайхаад бас дургүй хүрээд цэвэрлээгүй. Иймд газрыг бүх нийтийн субботникоор цэвэрлэх ёстой. Би юуны учир энэ хогийг цэвэрлэх учиртай билээ гэж хэлээд тэр заасан газрыг цэвэрлээгүй. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 23-нд цалингаа авсан чинь 100000 төгрөг хасчихжээ. Учрыг асуухад голын эрэг цэвэрлээгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж надад сахилгын арга хэмжээ авсан байна. Дарга бидэнд “Голын эрэг хавийг цэвэрлэх даалгаврыг биелүүлээгүй Б.Б, Е.С-, биднийг А/18 дугаартай тушаалаар цалинг 20%-аар хасаж арга хэмжээ авсан” гэж хэлж А/18 дугаартай тушаалынхаа хуулбарыг өгч үндсэн эх хувийг өгөөгүй. Тушаалд дурдсан журам болон хөдөлмөрийн гэрээнд голын эргийн хогийг цэвэрлэх тухай заалт ороогүй. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан жолооч Б.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Тус сумын Засаг даргын Тамгын газарт Б.Б жолоочоор ажилладаг. Засаг даргын Тамгын газрын Ланд крузер-80 авто машин 2018 оны 9 дүгээр сард Засаг дарга аймаг орох ажлаар явж байх үед Өмнөгол багийн Шар нуурт /Өлгийгээс 20 гаруй км/ эвдэрсэн бөгөөд улмаар аймгийн төв оруулж засуулах гэсэн боловч засвар авахгүй, мотор солих шаардлагатай гэсэн. Уг авто машины эвдрэх болсон шалтгаан нь жолооч Б.Б-ийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Аливаа авто машиныг арчилж, тордох, урсгал засвар үйлчилгээ хийх, хийлгэх асуудал нь жолоочийн хариуцлагын асуудал юм. Тэгж ажиллаагүй бүтэн жил машиныг албадан асааж байснаас үүдэн эвдэрсэн гэж үзэж байна. Улмаар Ланд крузер-80 авто машиныг актлуулж, шинээр машин авахаар аймагт саналаа хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл автомашин шийдэгдээгүй байгаа. Засаг даргын Тамгын газрын жолооч Б.Б нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл хийсэн ажилгүй байгаа болон бид ар гэрийн амьдрал ахуйг нь харгалзан сарын цалинг бүтнээр олгоод явж байна.Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар сул зогсолтоор цалингийн 60%-аар олгоод явж болох байсан. Ажил олгогч байгууллагын зүгээс Б.Б-ийг шаардлагатай үед ажил гарсан тохиолдолд дуудаж, гарсан ажлыг хийлгээд явдаг. Гэхдээ өдөр болгон сар болгон ажил гардаггүй. Б.Бийн гомдолд дурдсанаар өглөө болгон ажилдаа ирдэггүй бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 17-нд сумын төвд олон нийтийн /сүм дуганы нээлт болох гэж байсан/ үйл ажиллагаатай байсан тул Засаг даргын Тамгын газрын 2 жолооч, 2 сахиул 4 хүнийг дуудаж орчны цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Гэтэл Б.Б 1 цагийн дараа удаа дараа дуудуулж байж ирээд сахиул Е.С-тай хамт хийсэн юм байхгүй дүр үзүүлсэн болоод явсан байсан. Хийх ажлыг нь тодорхой зааж өгсөн. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжийн хашаа болон сумын төвийн ногоон байгууламжийн хашааны хог түүх, мөн сумын бетон гүүрний засмалын 2 талын хог түүх зэрэг ажил байсан. Дээрх ажлуудыг хийгээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул Засаг даргын Тамгын газрын дотоод журмаар Засаг даргын Тамгын газрын жолооч Б.Б, С.Н-, сахиул Х.Т-, Е.С- нарт 1 сар цалингийн 20 хувиар арга хэмжээ авсан. Байгууллагын дарга өөрийн албан хаагчдадаа хууль, журмын хүрээнд ажлын үүрэг даалгавар өгч түүнийхээ хэрэгжилтийг хянах, дүгнэх эрх байх ёстой гэж үзэж байна. Энэ бол захирах, захирагдах ёс бөгөөд төрийн албаны зарчим юм. Иймд Б.Б-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.    

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан жолооч Б.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Шагдар овогт Б.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Би “Үндэслэлгүйгээр надад үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулав” гэж тус Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б-ын 2020 оны 9 дугаар сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ноогдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч жолооч Б.Б надад холбогдох хэсгийг уг тушаалаас хүчингүйд тооцуулахыг хүссэн шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.        

Шүүх хуулийг буруу тайлбарласан. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 болон Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 3.1.7, 3.1.8, 3.2.3 дахь заалтуудыг үндэслэсэн боловч дээрх заалтууд нь зөвхөн тухайн байгууллагын болон тухайн ажил үүрэг хүлээсэн ажилтны гардан хийж байгаа ажлыг хийх явцад, тэр ажилтай нь холбогдож гаргасан зөрчлийг хянан шийдвэрлэхэд зориулагдсан байсныг шүүх анхаараагүй. Эсвэл анхаарсан ч гэсэн дарга нь ямар ч үүрэг өгөх эрхтэй бөгөөд ажилчин нь биелүүлэх үүрэгтэй гэсэн ойлголтоор хэт нэг талыг барьж ажилчны эрх ашгийг хөсөр хаяж хамгаалалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал: Шүүхийн энэ шийдвэрийн дагуу бол байгууллагын дарга нь: Айлын жорлонг цэвэрлэ. Цэвэрлэхгүй юм бол цалинг хасаж шийтгэнэ гэж шийтгэснийг шүүх зөвтгөсөнтэй тун адил болжээ гэж бодож байна.

Бид байгууллагын эргэн тойрны хогийг цэвэрлэсэн, дараа нь өгсөн үүргийн дагуу сумын төвийн байгууллагын дунд байдаг зүлэг модтой талбайн дотор, гадна талыг цэвэрлэж хогийг түүж дуусгасан. Үүргийг биелүүлсэн тухай мэдэгдэхэд дарга Х.Б нь “одоо Сагсай голын дагуу бетон гүүрний орчмын хогийг түүж цэвэрлэ” гэсэн үүрэг өгсөн. Үүнийг нь би биелүүлээгүй. Учир нь: Миний хөдөлмөрийн гэрээнд мөн дотоод журам болон Хөдөлмөрийн тухай хуульд ч хаа хамаагүй ажил хийлгүүлэх тухай удирдах дарга нар эрхтэй гэж заагаагүй. Голын эрэг дагуух мөн гүүрний цаад наад талууд нь асар их цаас, гялгар уут болон бусад хогоор дүүрэн байсан бөгөөд түүнийг бүх нийтийн цэвэрлэгээ хийж даруй унаанд ачиж хогонд хаях ёстой байдлаар цэвэрлэхээс өөр аргагүй байсан. Тэгээд энэ байдлыг дарга Х.Бт очиж учирлан хэлэхэд загнаад хөөж гаргасан юм.Тэр өдөр буюу дараа өдөр ч ямар нэгэн дарга ирнэ, тэмдэглэлт өдөр болох тул та нар цэвэрлэгээ хийнэ үү? гэж хэлээгүй. Учирлаж хэлсэн бол даргыг хүндэтгэж чадлаараа мэрийн хог түүх байсан. Дарга Б.Б нь биднийг шууд дарамтлан дээрэлхэж зарц албад боол шигээ дайчлан зарцлах байдлаар задрангуй харьцаж тушааж хаа хамаагүй ажил хийлгэнэ, улмаар тайлбар гаргалаа гэж амьдарч байсан хэдэн төгрөгийн цалинд минь халдаж шийтгэсэнд гомдол гаргасан. Гэтэл шүүх нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэнд гомдож байна. Иймд шүүхийн 130/ШШ2020/01183 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож

нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын Б.-Бөд холбогдох хэсгийн хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, төрийн албан хаагчийн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаагүй, удирдлагаас өгсөн аливаа үүрэг даалгаврыг биелүүлээгүй тул сахилгын шийтгэл ногдуулсан” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Б.Б-ийг 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр сумын төвд олон нийтийн үйл ажиллагаатай байсан тул Засаг даргын Тамгын газрын 2 жолооч, 2 сахиул 4 хүнийг дуудаж орчны цэвэрлэгээ хийхийг үүрэг болгосон. Гэтэл Б.Б 1 цагийн дараа удаа дараа дуудуулж байж ирээд хийсэн юм байхгүй дүр үзүүлсэн болоод явсан. Хийх ажлыг нь тодорхой зааж өгсөн Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжийн хашаа болон сумын төвийн ногоон байгууламжийн хашааны хог түүх, бетон гүүрний засмалын 2 талын хог түүх зэрэг ажлуудыг хийгээгүй, байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Засаг даргын Тамгын газрын жолооч Б.Бөд 1 сар цалингийн 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зохигчийн тайлбараар нотлогдсон. Цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, хариуцагч Х.Б нь нэхэмжлэгчийг зохицуулан ажиллуулж, цалин хөлс өгч байгаа ажил олгогчийн хувьд түүнд “нийтийн эрх ашгийн” үүднээс ойр орчмын нийтийн эзэмшлийн гүүр, зам, талбайн хог хаягдлыг цэвэрлэх үүрэг даалгавар өгсөн үйлдлийг буруутгах боломжгүй. Хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.7, 3.1.8-д заасан жигд ачаалалтай ажиллуулан ажлын цаг ашиглалтыг сайжруулах, төрийн албан хаагч нарт сахилга, дэг журмыг сахиулах тодорхой арга хэмжээ авч, төрийн албаны хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмыг зөрчсөн төрийн албан хаагчид хариуцлага тооцох эрх үүргээ хэрэгжүүлсэн байна гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх ба нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгөөгүй, энэ талаарх нотлох баримт байхгүй тул сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын үндэслэлийг зөвхөн хариуцагчийн тайлбар бүрэн нотлохгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.” гэж заасан ба ажил олгогч Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.Б нь ажилтан Б.Бөөс хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй болох нь нотлогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнээс үзвэл, хөдөлмөрийн гэрээнд зааснаас өөр ажил гүйцэтгүүлэхээр бол ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажиллуулахаар байх бөгөөд ажил олгогч ажилтан Б.Б өөр хөдөлмөрийн гэрээгээр тохиролцоогүй, “Засаг даргын Тамгын газрын урд талын ногоон байгууламжийн хашаа болон сумын төвийн ногоон байгууламжийн хашааны хог түүх, мөн сумын бетон гүүрний засмалын 2 талын хог түүх” зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр даалгахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн болон хөдөлмөрийн гэрээг үндэс болгоогүй байна.

Түүнчлэн ажил олгогчийн сахилгын шийтгэл оногдуулах тухай 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай тушаалын “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, ажил олгогчийн ажилтнаар гүйцэтгүүлэхээр даалгасан ажил нь хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцоогүй ажил байх тул ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, эсхүл хангалтгүй биелүүлсэн гэж үзэж түүнд сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б-ийн “Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын Б.Б-өд холбогдох хэсгийн хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн  давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2020/01183 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.7 дахь заалтыг баримтлан  Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/18 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаас Б.Б-өд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтаар хариуцагчаас 70.200.00 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА                                 

 

                                                                                               Д.КӨБЕШ