Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 480

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга А.Болор, иргэдийн төлөөлөгч В.Дөрвөд, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч А.Галбадрах, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, хохирогч А.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Галбадрахад холбогдох эрүүгийн 1711001900073 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Энх овогт Авирмэдийн Галбадрах: Монгол Улсын иргэн, 1971 оны 5 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, хүү, бэрийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 17-146а тоотод оршин суух хаягтай,

 Урьд: Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дугаар зүйлийн  551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 сарын 28-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар /ЦВ71052278/.

 

Шүүгдэгч А.Галбадрах /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 7 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146 тоотод иргэн А.Ганболдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Галбадрахаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Би 2017 оны 7 сарын 10-ны өдөр Наадам болж байсан тул төрсөн ах Ганболдын гэр Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 17-146 тоотод очсон юм. Манай ах Ганболд орой 16 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн юм. Тэр орой Ганболд ах бид хоёр хамт 2 шил 0.75 граммын архи хувааж уугаад 23 цагийн үед унтсан юм. Маргааш нь буюу 2017 оны 7 сарын 11-ний өглөө босоод бид хоёр дахин 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад бид хоёр нилээд согтсон байсан. Тэр өдөр манай хүү Мөнхцоож ирж авч наадам үзүүлнэ гэж байсан би хүлээх зуураа том өрөөнд зурагтаар наадмын нээлт үзээд хэвтэж байсан. Ганболд ах мах муудах гэж байна гэж хэлээд гал тогоонд хоол хийж байсан юм. Тэгээд би нэг мэдсэн жоохон зүүрмэглэсэн байсан нэг сэрсэн чинь манай ах Ганболд “хутган дээр халтирч унасан” гэж хэлээд гэрээс гарч явсан юм. Тэгээд би араас нь гарч харсан чинь юм харагдахгүй байхгүй байсан би буцаж гэртээ орж ирээд нилээд байж байсан чинь гаднаас Ганболд ах цагдаа, түргэн дагуулсан орж ирсэн юм. Тэгээд цагдаа нар намайг авч эрүүлжүүлэх авч яваад эмчид үзүүлсэн чинь эмч наад хүн чинь даралт өндөр байна авахгүй гэж хэлээд цагдаа нар намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр хүргэж ирсэн юм. Эндээс манай хүү Мөнхцоож бэр Зулаа нар авч явсан. Манай ах Ганболдыг түргэн  ирж авч Цэргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байсан юм.. гэсэн мэдүүлэг /хх-48/

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 7 сарын 10-ны өдөр би ажлаасаа буугаад ах Ганболдын гэрт очсон. Бид хоёр баяр болж байгаа гээд 2 шил архи хувааж уугаад унтсан. Өглөө ах надад “миний дотор муу байна, нэг шил архи аваад ир” гэж хэлсэн. Тэгээд авчирсан архиа бид хоёр хувааж уусан. Өглөө нь буюу 7 дугаар сарын 11-ний өдөр наадмын нээлт болох гэж байсан. Би том өрөөнд зурагт хараад хэвтэж байсан. Харин ах гал тогоонд хоол хийгээд өгье гэж байсан. Би согтоод бага зэрэг унтсан байсан. Урьд өдөр нь би ахаас зөвшөөрөл авахгүйгээр ахын 3.000 төгрөгөөр нь утсандаа нэгж авчихсан юм. Ах намайг яагаад дураараа хариулт мөнгөөр нэгж авч байгаа юм. Надад хэлэхгүй яасан юм бэ гэж хэлэхээр нь би дараа өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө бага зэрэг маргалдаад маргааш нь буюу 11-ний өдөр нэг шил архи авч хувааж уусан. Нэг мэдэхэд манай ах хутга бариад “би ийм” болчихлоо гэж хэлэхээр нь би та хутгаа өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад хутга булаацалдаад дээр доороо орсон. Манай ах гараад явсан би араас нь гарахад гудамжинд хүн байхгүй байсан. Манай хүү надтай хамт наадам үзнэ, наадмын талбай орно гэж утсаар ярьсан. Хашаан дотор байж байхад манай хүү ч тэр гаднаас ах цагдаа дагуулаад ороод ирсэн. Намайг гэрт оруулахгүйгээр цагдаа эрүүлжүүлэх байр руу авч явах гэсэн боловч миний бие муудаж түргэн тусламж дуудсан. Даралт өндөр байсан учир эрүүлжүүлэх байр намайг аваагүй хүү, бэр хоёрт маань намайг хүлээлгэж өгсөн гэсэн мэдүүлэг.

Хохирогч А.Ганболдоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 7 сарын 10-ны өдөр наадам болох гээд манай гэрт дүү ирсэн юмаа. Тэр өдөр бид хоёр шил архи хувааж уугаад унтсан юм. Маргааш нь шараа тайлах гэж дахин 1 шил архи бид 2 хувааж уугаад Галбадрах том өрөөнд зурагт үзээд, би гал тогоонд хоол хийж, хөлдүү мах өшиглөж байгаад хутган дээрээ дарж унасан юм. Тэгээд би цагдаагийн газарт намайг хутгалчихлаа гэж дуудлага өгсөн юм.. гэсэн мэдүүлэг /хх 20/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 7 сарын 10-ны өдөр манай дүү гэрт маань ирсэн. Бид хоёр дэлгүүрээр орж идэж уух зүйл авсан. Тэгээд 2 шил архи авч, гэртээ ороод дүүтэйгээ хамт хувааж уусан. Өглөө нь дүүгээ нэг шил архинд явуулсан. Тухайн үед наадмын баярын нээлт эхлэх гээд байж байсан. Дүү маань орон дээр хэвтэж байсан. Би босч хоол хийх гэж байсан. Архи уусан байсан болохоор манараад, орон гаран байсан. Тэгээд би манарч байгаад хутга дээрээ дарж унасан. Би дүүдээ хутган дээр унасан талаараа хэлэхэд яасан, юу болсон бэ гэж босч ирсэн. Бид хоёр хутга булаацалдах гэж л маргалдсан юм шиг байсан. Тэгээд би гараад худгийн хүүхний гар утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Энэ үйл явдал миний буруугаас болсон. Би хүзүү, духны шарх соривоо яаж авснаа сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Ж.Баярбатын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Галбадрахыг цагдаагийн ахлах ахлагч Анхбаярт үлдээгээд би байшин руу орсон. Намайг байшинд ороход Ганболд гэх хүн сандал дээр сууж байхаар нь орон дээр хэвтүүлсэн. Намайг очиж шалгахад түргэн тусламж дуудаагүй болохоор нь би 103 түргэн тусламжийн утас руу залгаж дуудлага өгсөн. Ганболдын хэвлий хэсгээс цус гарч байхаар нь шархны бинтээр боож өгсөн. Тэгээд бас дух, хүзүүний хэсэгт зүсэгдсэн шархтай байсан. Тэр шархнууд харьцангуй гайгүй харагдсан. Тэгээд тэр орон дээр хэвтэж байхад нь өөрийнхөө айфоне 6 маркийн гар утсаар Ганболдоос юу болсон талаар асууж бичлэг хийж байсан. Миний гар утсанд нэг минут, 1 секунд үргэлжилж байгаа бичлэг байгаа. Ганболд нь өөрийн дүү Галбадрахтай маргалдсан. Мөнгө төгрөгний асуудал байсан гэсэн. Тэгэхээр нь Ганболд гэрээсээ гарч зугтаагаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэсэн.. гэсэн мэдүүлэг /хх 25/.

 

Гэрч З.Мөнхжаргалаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..Манай гэр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 14-100 тоотод байдаг бөгөөд 2017 оны 7 сарын 11-ний өдрийн 12-13 цагийн үед байх манай гэрийн ойролцоо байдаг Ганболд гэх хүн орж ирээд цагдаа дуудаад өгөөч хүнтэй зодоон хийсэн гэж байсан. Тэгээд тэр хүн миний утсаар цагдаагийн газарт дуудлага өгсөн. Ганболд нилээн согтуу хөмсөг нь сэтэрсэн нүүр нь цус болсон байсан. Би өөр юм анзаарч хараагүй. Тэгээд Ганболд гараад яваад өгсөн.. гэсэн мэдүүлэг /хх 31/

 

Шинжээч эмч О.Болороогоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..А.Ганболдын биед учирсан гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэл болон нэг удаа унах үед үүсгэгдэх боломжгүй. А.Ганболдын биед учирсан гэмтэл нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.. гэсэн мэдүүлэг /хх 24/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн ¹9632 тоот дүгнэлтэнд: ..1. А.Ганболдын биед хэвлий хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, дух хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл, мэс заслын дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.. гэсэн дүгнэлт /хх 35/

 

Шүүгдэгч А.Галбадрахын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 50/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх 15/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх 17/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч А.Галбадрах нь 2017 оны 7 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сурагчын 17 дугаар гудамжны 146 тоотод өөрийн ах хохирогч А.Ганболдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүдээр хохирогч А.Ганболд нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сурагчын 17 дугаар гудамжны 146 тоотод амьдардаг бөгөөд тэднийд 2017 оны 7 сарын 10-ны өдөр төрсөн дүү шүүгдэгч А.Галбадрах ирж ахтайгаа 2 шил 0.75 литр архи хуваан ууж унтаад маргааш өглөө нь тэд ахин 1 шил 0.75 литр архи уужээ. Хохирогч А.Ганболд хоол хийхээр ярьж, мах өшиглөж байгаад гарч явсан бөгөөд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сурагчийн 14-100 тоот гэрч Б.Мөнхжаргалын гэрт нэлээд согтуу, хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь цус болсон байдалтай орж ирэн “хүнд зодууллаа, цагдаа дуудаж өгөөч” гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Дуудлагийн дагуу хэв журмын офицер гэрч Ж.Батбаяр, хамт наадам үзэх зорилготой аавыгаа авахаар ирсэн шүүгдэгчийн хүү гэрч Г.Мөнхцоож нар хашаанд очсон бөгөөд тэдний мэдүүлгээр шүүгдэгч А.Галбадрах хашаан дотор байшингийн гадаа зогсож байсан бол хохирогч А.Ганболд байшин дотроо хэвлий хэсэг нь цус болсон байдалтай сандал дээр сууж байсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Ганболдын биед хэвлий хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралт, дух хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан, энэ нь 3 удаагийн ир үзүүртэй зүйлийн хатгах, зүсэх үйлчлэлийн улмаас үүссэн болох нь тогтоогдож байна. Товчхондоо ах дүү хоёр архи ууж хоноод маргааш өглөө нь ахин нэг шил архи ууж согтсон бөгөөд ах буюу хохирогч А.Ганболдын биед дээрхи гэмтэл үүсчээ.

 

Гэвч хохирогчид учирсан дээрхи гэмтлийг шүүгдэгч А.Г учруулсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд А.Ганболд, А.Г нарын гэрч, хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүдээр дээрхи гэмтлийг хохирогч А.Ганболд өөрөө өөртөө учруулсан гэж мэдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас хохирогч А.Ганболдын бие махбодид учирсан гэмтлийг шүүгдэгч А.Галбадрах учруулсан болох нь шинжээчийн 9632 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдоно гэж үзсэн. Гэтэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан тэмдэглэл зэргээр хэрэг хаана гарсан, ямар зэвсгээр үйлдэгдсэн, гэмтлийн ямар зэрэг болох нь тогтоогдсоноос шүүгдэгч А.Галбадрах хаана, ямар зэвсгээр, хохирогчид хаана нь ямар гэмтэл үүсгэсэн болохыг нотлоогүй байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэдэг нь дуудлагаар очсон гэрч Ж.Батбаярын гар утсаар бичсэн бичлэгийг тэмдэглэл болгожээ. Уг тэмдэглэлд “намайг манай дүү А.Г хутгалсан” гэж мэдүүлээгүй бөгөөд энэ нь хэргийг мөрдөх эрхгүй гэрч, өөрийн гар утсаар хөтлөж асуусан асуулттай баримт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж авсан энэ тэмдэглэлийн эх болох “бичлэг” болон эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэргийг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаанаар шинжлэн судлаагүй, эдгээрийг нотлох баримтад тооцоогүй болно. Мөн туршилт хийсэн тэмдэглэлд шүүгдэгчийг буруутгах баримт байхгүй байна.

 

Хохирогч А.Ганболд, шүүгдэгч А.Галбадрах нар хамт архи уусан, өөр хүн байгаагүй, хохирогч А.Ганболд нь “хүнд зодууллаа, цагдаа дуудаж өгөөч” гэж гэрч мэдүүлсэн тул шүүгдэгч А.Галбадрах дээрхи хэргийг үйлдсэн байж магадгүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүхийн шийдвэр элдэв зөнбилэг, магадлал, таамгийг үндэслэдэггүй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.2017 оны 7 сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сурагчын 17 дугаар гудамжны 146 тоотод хохирогч А.Ганболдыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байна.

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд “ах өөрийгөө хутгалчихлаа гэхээр нь очиж хутгийг нь булааж авахаар ноцолдож байх явцад дух, хүзүүнд нь зүссэн байж магадгүй” гэж мэдүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзсэн нь бас үндэслэлгүй байна. Учир нь хохирогчийн цээжний хөндий нэвтэрсэн шархнаас гадна дух, хүзүүнд үүссэн гэмтэл нь гэмтлийн ямар зэрэгт хамаарахыг тогтоогоогүй бөгөөд энэ гэмтлийг мөн шүүгдэгч учруулсан эсэх, учруулахдаа санаатай учруулсан эсэхийг хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзээд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч А.Гхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагтаатгаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч А.Галбадрах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг си-ди, 1 ширхэг хутга хэргийн хамт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 3, 36.2 дугаар зүйлийн 5, 36.6 дугаар зүйл, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Прокуророос шүүгдэгч Энх овгийн Авирмэдийн Галбадрахад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан” хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Г цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч А.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг прокурорт буцаасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг си-ди, 1 ширхэг хутга хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Гнь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                                Г.БУЯННЭМЭХ

                                                            

                                                                 Б.ХАЛИУН