Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 694

 

                                                       А.Г-ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Л.Мөнхтөр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Г-ад холбогдох эрүүгийн 1711001900073 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Энх овогт А.Г-, 1971 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийнхээ хамт Чингэлтэй дүүрэгт оршин суух бүртгэлтэй,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 251 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 684 дүгээр магадлалаар 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хорих ялаас өршөөн хэлтрүүлэгдсэн, 

          - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

          - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:/;

            А.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146 тоотод иргэн А.Ганболдын хэвлий нь тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндий нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Г-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1 ширхэг СиДи, 1 ширхэг хутга зэргийг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй болохыг дурьдаж, А.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч А.Г- гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогч буюу ах А.Ганболд нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “би плитан шалан дээр унахдаа өөрийгөө хутгалсан” гэж тогтвортой мэдүүлсээр ирсэн. Түүний энэхүү мэдүүлгийг үнэн зөв эсэхийг шалгаж тогтоолгүйгээр шүүхээс хэргийг өөр байдлаар дүгнэж шийдвэрлэсэн. Би 2012 онд баривчлах ялаа эдэлж дуусаад ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдолгүй амьдарсан. Миний ах А.Ганболд нь тухайн өдөр согтуу орж ирээд хоол хийнэ гээд хутга барьж авсан. Тэгээд намайг архины хариулт мөнгөөр нэгж авсан гээд хутгатай гараараа далайхаар нь би өөрийгөө хамгаалж хутгыг салгаж авах гэж ноцолдож байгаад энэ хэрэг гарсан. Би ахтайгаа ноцолдоогүй бол тэрээр хутгалагдахгүй байх байсан. Өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Ах маань гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

            Шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Л.Мөнхтөр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан тэмдэглэл зэргээр гэмт хэрэг хаана гарсан, ямар зэвсгээр үйлдэгдсэн, хохирлын хэр хэмжээ зэргийг тогтоосноос шүүгдэгч А.Г- нь хаана, ямар зэвсгээр хохирогчид ямар гэмтэл учруулсан болохыг нотлоогүй байна. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд, дуудлагаар очсон гэрч Ж.Батбаярын гар утсаар хийсэн бичлэгийг тусгажээ. Уг тэмдэглэлд “намайг манай дүү Г- хутгалсан” гэж мэдүүлээгүй бөгөөд энэ нь хэргийг мөрдөх эрхгүй гэрч өөрийн гар утсаар хөтөлж асуусан асуулттай баримт тул хуулийн дагуу бэхжүүлж авсан гэх нотлох баримтын шаардлагыг хангахгүй билээ. Хохирогч нь анхнаасаа “би өөрөө плитан шалан дээр халтирч унаад өөрийгөө хутгалсан” гэж мэдүүлсэн ба шүүхийн шийдвэрт  уг мэдүүлгийг няцаасан ямар нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн талаар тусгаагүй байна. Иймд шүүгдэгч А.Г-ын гэм буруугийн тал дээр эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Г- давж заалдсан гомдолдоо “хэрвээ ноцолдоогүй бол ах хутгалагдахгүй байх байсан” гэж дурьджээ. Үүнээс үзвэл, шүүгдэгч А.Г- нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байна. Тухайн хэрэг гарсны дараа дуудлагаар очсон цагдаагийн ажилтан Ж.Баярбат болсон үйл явдлын талаар хохирогч А.Ганболдоос тайлбар авсан. Үүнийгээ баримтуулж гар утсаар бичлэг хийснийгээ хэрэгт хавсаргасан байдаг. Иймээс тухайн бичлэгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчин хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхгүй. Түүнчлэн хохирогч А.Ганболд нь хальтирч унаад өөрийгөө хутгалсан гэх боловч энэ нь түүний биед учирсан гэмтлийн шинжтэй тохирдоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Ганболд /хх-ийн 21/, гэрч Ж.Баярбат /хх-ийн 25/, З.Мөнхжаргал /хх-ийн 31/, шинжээч О.Болороо /хх-ийн 24/ нарын мэдүүлэг, хэргийн газарт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10, 12-14/, мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн тэмдэглэл /хх-ийн 16/, Шүүх эмнэлгийн шинжээчийн №9632 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

А.Г- нь 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17 дугаар гудамжны 146 тоотод өөрийн гэртээ төрсөн ах А.Ганболдын хэвлий нь тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь “хэвлийн хөндийд нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралт, дух, хүзүүний баруун хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хэдийгээр хохирогч А.Ганболд нь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “манай дүү намайг хутгалаагүй, би хальтирч унаад өөрийгөө хутгалсан” гэх боловч энэ нь хохирогчийн биед учирсан гэмтлийн шинж чанар, хэр хэмжээг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн №9632 дугаартай “...Ганболдын биед учирсан гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 35/, тухайн үед болсон үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны туршилт хийсэн “...Ганболд нь хутган дээр 3 удаа унах нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 16/, шинжээч О.Болороогийн “...Ганболдын биед учирсан гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг удаагийн үйлчлэл болон нэг удаа унах үед үүсгэгдэх боломжгүй...” /хх-ийн 24/ гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж авсан гэрч Ж.Баярбатын “...дуудлагаар очиход Ганболд өөрийн дүү Г-тай маргалдсан, мөнгөний асуудал байсан гэж хэлсэн. Тэгээд хамт архи ууж байгаад намайг хутгалаад дайраад байсан гэсэн. Тэгэхээр нь Ганболд гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн...” /хх-ийн 25/,  гэрч З.Мөнхжаргалын “...Ганболд орж ирээд цагдаа дуудаад өгөөч, хүнтэй зодоон хийсэн гэж байсан... тэгээд миний утсаар дуудлага өгсөн. Тэрээр нилээн согтуу, хөмсөг нь сэтэрсэн, нүүр нь цус болсон байсан...” /хх-ийн 31/ гэх мэдүүлгүүд болон гэрч Ж.Баярбатын дээрх мэдүүлэг үндэслэлтэй болохыг нотолсон камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэм буруутай этгээдийн үйлдэл тогтоогдож байна.

Хохирогч А.Ганболд нь хоол хийхээр хутга барьсан байсан гэх боловч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдээс үзэхэд хөлдүү мах гаргаж, хоол хийхээр бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Энэ нь шүүгдэгч А.Г-ын маргаж буй “ах эхэлж хутга бариад довтолсон” гэх үндэслэлийг няцаах тул түүний үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй байна гэж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Иймээс гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Л.Мөнхтөрийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Г-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, ял шийтгэлийн талаар гаргасан шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                     ШҮҮГЧИД                                                   М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                         Н.БАТСАЙХАН