Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 101/2020/00006/И |
Дугаар | 210/МА2020/02312 |
Огноо | 2020-12-09 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2020/02312
МАГАДЛАЛ
2020.12.09 Дугаар 2312
Ц.Л-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Л-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болох түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Л нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32019/03345 дугаар захирамжаар Ариг банкинд 500 000 000 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр дагуу Ц.Лхагвасүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байрны 1 тоот, 403.71 м.кв талбайтай орон сууц, гараашийг битүүмжлэн хураан авч 2 195 690 681 төгрөгөөр буюу зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Уг орон сууц нь байршлын хувьд хотын төвд цэвэр агаарт Хан-Уул дүүрэг, Зайсанд байрлах үнэ нь өдрөөс өдөрт өсөж байгаа тав тухтай тансаг зэрэглэлийн орон сууц юм. Иймээс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байрны 1 тоот, 403.71 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2 195 690 681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32019/03345 дугаар захирамжаар Ц.Лоос 522 877 341 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Лын өмчлөлийн Хан-Уул дүүргийн дүүрэг 11 дүгээр хороо Стадион Оргил их Монгол гудамж 111 дүгээр байрны 01 тоот 403.71 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, гараашийн хамт үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч уг үл хөдлөх эд хөрөнгийг 2 195 690 681 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Л-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ү-2206011808 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 403.71 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байрны 1 тоот, 403.71 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2 195 690 681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Л нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 01 тоот, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэгдсэн 403.71 м.кв талбайтай орон сууц болон гараашийн хамт 2 195 690 681 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2019/03345 дугаар захирамжаар Ц.Лоос 522 877 341 төгрөг гаргуулж Ариг банкинд олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 01 тоот, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэгдсэн 403.71 м.кв талбайтай орон сууц болон гараашийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /хх-8-9/
Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-45-48, 50-52/
Төлбөр төлөгч Ц.Л нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 01 тоот, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэгдсэн 403.71 м.кв талбайтай орон сууц болон гарааш хамт 3 900 000 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлсэн байна. /хх-54/
Төлбөр авагч Ариг банк нь дээрх үнийн саналыг зөвшөөрөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчийг томилсон. /хх-53,56/
Сэлэнгэ-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 01 тоот, улсын бүртгэлийн Ү-2206011808 дугаарт бүртгэгдсэн 403.71 м.кв талбайтай орон сууц болон гараашийг 2 195 690 681 төгрөгөөр үнэлжээ. /хх-59-85/
Нэхэмжлэгч хөрөнгө үнэлгээний Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн буюу үнэлгээг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ц.Лид 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгджээ. /хх-86/
Иймд анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Л-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Ү-2206011808 тоот улсын бүртгэлийн дугаартай Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол гудамж, 111 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 403.71 м.кв талбайтай орон сууц, гараашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/03382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Д.БАЙГАЛМАА