Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 387

 

О.Б, Х.Ү, З.Б,

Т.Б, Х.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Очбадрал, Л.Батаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалтай, О.Б, Х.Ү, З.Б, Т.Б, Х.Б нарт холбогдох 201726011131 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Б, Х.Ү нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт О-ийн Б,  

2.Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 20 настай, эмэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Б овогт Х-н Ү,

3. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Д овогт З-ийн Б,

4. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х овогт Т-ийн Б,

5. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хоол үйлдвэр, үйлчилгээний технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Б овогт Х-ын Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Б, Х.Ү, З.Б, Т.Б, Х.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалах байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар О.Б-ыг 5 жил 6 сар хорих ял, Х.Ү-г 3 жил 6 сар хорих ял, З.Б-ыг 2 жил хорих ял, Т.Б-ийг 2  жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Б-ийг 1 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б, Х.Ү нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Б гаргасан гомдолдоо “Миний бие Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар шийтгэгдсэн юм. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Учир нь миний бие бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсан. Харин одоо учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болно. Би гэм буруугаа бүрэн хүлээж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байдлыг минь харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ. 

Мөн шүүхэд шүүгдэгч Х.Ү гаргасан гомдолдоо “Би Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн хоригдож байна. Би бусадтай нийлж 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлаагүй, нөлөө бүхий хоёрдогч түүхий эд авах цэгийн ченжид очиж хулгайн зүйл шүү ахаа та тэднийг дахин ирэхэд цагдаа дуудаж өгөөрэй гээд явж байснаас гадна мөрдөгчид мөрдөн шалгах үед хулгай хийсэн газруудыг болон нэр бүхий ченж нарыг зааж өгсөн. О.Б нь намайг цагдаад хэлэх юм бол ална шүү гээд жирэмсэн байхад минь удаа дараа зодож хүнд гэмтэл учруулж байсан. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтэс дээр баригдаад очиход биднийг эрүүдэн шүүж, надад хийгээгүй хэргийг тулган шаардан, улмаар нотлох баримтгүйгээр О.Б-ын амаар хулгайн гэмт хэрэгт хамтрагчаар татсан. Эрүүгийн мөрдөгч Г 2017 оны 11 сард шалгалтын ажиллагаанд 6 сартай жирэмсэн байхад минь авч яваад орой нь хол юм чинь би чамайг дөхүүлээд өгье гээд ажлынхаа хажууд хүмүүстэй архи уучхаад хүргэж өгнө гээд явж байгаад аваар хийж миний гар хугарч, төд удалгүй 7 сартай буруу байрлалтай гээд дутуу төрж байсан. Одоогийн байдлаар зүүн нүдний хараа өдрөөс өдөрт муудаж эрүүл мэндээрээ хохирч байна. Миний бие хагас өнчин, өвөө маань ах бид хоёрыг асран хамгаалж өсгөсөн бөгөөд ахуй амьдралдаа нэмэр болох зорилгоор Улаанбаатар хотод ирж цайны газарт угаагчаар ажиллаж байх хугацаандаа Болдбаатартай танилцсан. Тухайн үед надад таних ах дүү, хамаатан садан байхгүй байсан учир Б-рын хэлж ярьж байсан үг, үйлдэл болгонд итгэж хамтын амьдралтай болсон. Гэмт хэрэг үйлдэх өдрүүдэд би Б-ыг ямар зорилгоор намайг дагуулж явсныг ойлгоогүй. Мөн миний өвөө нас барсан учраас надад тус дэм болох амьдралын боломжтой хүн энэ хорвоо дээр үгүй болсон тул би өөрт ногдох хохирлоо төлж чадаагүй. 2018 оны 4-7 сарын дотор хайртай 2 хүнээ зуурдаар алдаж сэтгэл санааны гүн хямралд орсон. Би гэмт хэрэгт холбогдон хоригдож байгаадаа харамсаж байна. 2017-2019 он хүртэл миний хувьд маш хүнд жилүүд болж өнгөрсөн, хохирогч, шүүгч, прокурор нараас дахин дахин уучлал гуйя. Иймд миний хувийн амьдрал нөхцөл байдлыг минь харгалзан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах эсхүл биечлэн эдлэх ялыг 2 дахин багасгаж өгнө үү ” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Ү-гийн өмгөөлөгч А.Очбадрал хэлсэн саналдаа “Шүүгдэгч Х.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан бөгөөд хэрэг шалгагдаж шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд насанд хүрсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Х.Ү-гийн хорих ялыг хоёр дахин багасгаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгч О.Б, З.Б, Т.Б нарын өмгөөлөгч Л.Батаа хэлсэн саналдаа “Шүүгдэгч О.Б нь олон үйлдэлтэй боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсье” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч О.Б найм, Х.Ү долоон үйлдэлтэй бөгөөд шүүх тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй болсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Б, Х.Ү нарын гаргасан гомдлыг үндэслэн О.Б, Х.Ү, З.Б, Т.Б, Х.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.Б Т.Б, З.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 72-15 тоотод байрлах Б.У-ийн эзэмшлийн “Зил-130” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг радиаторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж,  700,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 3 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 6 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ш.М-т 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн “Хьюндай Мексер” загварын 4 тооны хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 8 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ц.Б-д 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү, Т.Б, З.Б нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 22-14 тоот хашаанаас иргэн Г.Ц-ийн эзэмшлийн 78-01 УНР улсын дугаартай “Норд бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 820,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү, Х.Б нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас тус компанийн эзэмшлийн 02-15 УНК улсын дугаартай, цагаан өнгийн “Хово”, 89-74 УНУ улсын дугаартай, шар өнгийн “Норд Бенз” загварын хүнд даацын тээврийн хэрэгслүүдийн тус бүр 2 ширхэг, нийт 4 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Ч.Ц-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 2017 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас Д.Г-ийн эзэмшлийн 10-75 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч О.Б, Х.Ү нар нь Х.Г гэгчтэй бүлэглэн 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 2017 оны 8 дугаар сарын 1-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанаас иргэн Д.О-ын эзэмшлийн 82-38 УНЛ улсын дугаартай “Хьюндай Мексер” загварын хүнд даацын тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Б, Х.Ү, З.Б, Т.Б, Х.Б нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалах байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, Х.Ү-гаас бусад шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Харин шүүгдэгч Х.Ү нь гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан нь ял оногдуулахад заавал харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн болно.

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй өсвөр насны хүнд мөн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын  дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгайлан зааж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэхээр зохицуулсан нь гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед насанд хүрсэн хүнд мөн адил хамаарна гэж ойлговол зохино.

Учир нь насанд хүрээгүй хүн гэмт хэрэг үйлдэх нь бусдыг хохироох, нийгэмд хор  уршиг учруулахад чиглэсэн гэмт санааг удирдлага болгохоос илүүтэйгээр сэтгэхүй гүйцэд хөгжөөгүй болон ухамсарт оюун бүрэн төлөвшиж тогтоогүйн улмаас аливаа зүйлийн учир холбогдлыг бүрэн ойлгож ухамсарлахгүй байх, асуудалд гэнэн томоогүй байдлаар өнгөц хандах явдалтай холбоотой байдаг тул өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршигт хандсан хандлага, хэр хэмжээ нь насанд хүрсэн хүнээс ямагт бага байдаг тул гэм бурууд нь тохирсон буюу насанд хүрсэн хүнээс бага ял оногдуулах үндэслэл болдог. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоохдоо гэмт хэрэг үйлдэх үед уг этгээд хэдэн настай байсан, бие физиологи, сэтгэцийн онцлогийг харгалзан үзэх шаардлагатай бөгөөд энэ нөхцөл байдал хэргийг шүүхээр хэлэлцэх үед өөрчлөгдсөн нь ял хүндрүүлэх эсхүл хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхээс татгалзах шалтгаан болох учиргүй. Гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байхыг хорих,  зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх тусгай нөхцөл болгон Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэгт хууль тогтоогч заасан тул ял хөнгөрүүлэх ерөнхий нөхцөлд тусгаагүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам үйлчлэхээр заасны дагуу шүүгдэгч Х.Ү-гийн эдлэх ялыг хоёр дахин багасгасан өөрчлөлтийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шүүгдэгч О.Б-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр магадлалд:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х.Ү-д 1 /нэг/ жил 9 /ес/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН