Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00162

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00162

 

 

ХЭБ ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч ХЭБ ХХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дугаартай шийдвэрээр манай компани Мапроуд ХХК-д 96 574 351 төгрөг төлөх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дараах хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнд арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн 35-02 УН улсын дугаартай авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн, 17-21 УБ улсын дугаартай экскаваторыг 400 954 200 төгрөгөөр тус тус үнэлжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг дээрх төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн байна. Иймд ХЭБХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг дээрх үнээр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дугаартай шийдвэрээр ХЭБ ХХК-аас 96 574 351 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 640 821 төгрөг, шинжээчийн зардал 1 200 000 төгрөгийг гаргуулж Мапроуд ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч ХЭБ ХХК-ийн захирал В.Ганзоригт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй, банк дахь дансыг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 20380250/03-229 дүгээр тогтоолоор битүүмжлэхэд данс эзэмшдэггүй болон үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн тул Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын зүүн дэнж нэртэй газарт байрлах төлбөр төлөгч ХЭБХХК-ийн эзэмшлийн арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн 35-02 УН улсын дугаартай авто ачигч, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн 17-21 УБ улсын дугаартай экскаваторыг 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20380250/03 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 20380250/01, 20380250/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 20380250/03, 20380250/04 дүгээр тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад ХЭБХХК нь экскаваторыг 533,100,000 төгрөг, авто ачигчийг 120 485 000 төгрөг үнэлсэн үнэлгээг төлбөр авагч Мапроуд ХХК хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилж үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 8/35 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход экскаваторыг 400 954 200 төгрөгөөр, авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр үнэлсэн, тайланг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Мөнх-Оргил трейд ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан 17-21 УБ улсын дугаартай, Hyundai R520LC-9S маркийн, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн экскаваторыг 400 954 200 төгрөгөөр, 35-02 УН улсын дугаартай, World W156 маркийн, арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Нэхэмжлэгч ХЭБХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХЭБХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөрөнгө үнэлгээний "Мөнх-Оргил трейд" ХХК нь авто тээврийн хэрэгслүүдийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 14 дүгээр зүйлийн 14.1.8, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 14.1.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж гаргасан дүгнэлт гэж үзэж байна. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд нэр бүхий 2 тээврийн хэрэгслийн хэрэгслийн үзүүлэлт, хүчин чадал, ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн хандлагын арга, харьцуулалтын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар тусгасан байна хэмээн үзсэн үндэслэл нь дээрх баримтуудаар няцаагдаж, үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тодорхой харагдаж байна. Шинжээч тайландаа ирээдүйн мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцох арга нь үнийг орлогын хандлагаар тодорхойлдог үнэлгээний аргуудын нэг юм. Хөрөнгө оруулагч нь компанийг худалдан авах, худалдах эсэх талаар шийдвэр гаргахдаа тодорхой судалгаа тооцоо хийдэг. Ирээдүйн мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийг тооцох арга нь хөрөнгө оруулагчийн хийх тооцооны хамгийн тохиромжтой аргад тооцогддог. Ихэнх тохиолдолд энэ арга нь хөрөнгө оруулалтын үнэлгээ хийх, дүн шинжилгээний нэг хэсэг болдог. Энэ нь урьдчилгаа тооцох систем буюу хүлээлтийн зарчимд үндэслэдэг.Үнэлгээ хийж буй объектын ойролцоо ижил төстэй түрээслүүлэх хөрөнгийн мэдээлэл хангалтгүй тул орлогын хандлагын аргыг хэрэглээгүй болно. Мөн "Арвижих-Үнэлгээ" ХХК нь үнэлгээний тайланд зах зээлийн хандлагаар тооцоолсон автомашин техникүүдийн үнэлгээг хийхдээ ижил төстэй автомашин механизмуудын худалдаалагдаж буй үнийг судалж харьцуулан, ижил төстэй байдлаар нь тохируулгын итгэлцүүр болон ач холбогдлын хувь өгч үнэлгээг хийлээ. Эдгээр баримтууд хэрэгт байсаар байтал анхан шатны шүүх баримтуудыг ямар ч баримтуудаар няцаасан үндэслэл бүхий баримт байхгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ХЭБХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан экскаваторыг 400 954 200 төгрөгөөр, авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2117 дугаар магадлалаар төлбөр төлөгч ХЭБХХК-аас 96 574 351 төгрөгийг гаргуулан төлбөр төлөгч Мапроуд ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. / хх-ийн 29-36 /

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 20380250/01, 20380250/02  тоот тогтоолоор төлбөр төлөгчийн арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн 35-02УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн 17-21УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 20380250/03, 20380250/04 тоот тогтоолоор хураасан байх бөгөөд уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна. / хх-ийн 47-49 /

 

Дээрх хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас Мөнх-Оргил трейд ХХК-ийг үнэлгээчнээр томилж, шинжээч уг хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 17-21УБ улсын дугаартай, Hyundai R520LC-DS маркийн экскаваторыг 400 954 200 төгрөгөөр, 35-02УН улсын дугаартай, World W156 маркийн авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр тус тус тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д зааснаар үнэлгээ тогтоосон байна. / хх-ийн 54-68 /

 

Нэхэмжлэгч ХЭБХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн... гэсэн үндэслэл заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Арвижих-Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд гаргасан байна. /хх-ийн 75-93/

 

Нэхэмжлэгч тал ...зах зээлийн ханш судлаагүй... гэж тайлбарлаж байгаа боловч Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээний тайлангийн 4.2.1 үнэлж байгаа хөрөнгөтэй ижил төрлийн 3 хөрөнгийг харьцуулах замаар зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагдах жиших зүйлсийн арга-аар хүснэгтэд зааснаар үнэлсэн байна. /хх-ийн 59/

 

Арвижих-Үнэлгээ ХХК-ийн тайланд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан экскаваторыг 469 150 000 төгрөг, авто ачигчийг 89 320 000 төгрөгөөр тус тус үнэлснийг Мөнх-Оргил трейд ХХК-ийн экскаваторыг 400 954 200 төгрөгөөр, авто ачигчийг 68 404 100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй харьцуулахад хэт багаар тогтоосон гэж үзэх ямар үндэслэл байгааг нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд тайлбарлаагүй байна. /хх-ийн 95/

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хариуцагч байгуулагын ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан хураагдсан хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэлгээг хүчингүй болгох дээр дурдсан 2 үндэслэлээс өөр үндэслэл заагаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй тайлбар буюу нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх, үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцэхгүй боловч гомдолд хариу өгөх нь зүйтэй.

 

Үнэлгээ гаргасан Мөнх-Оргил трейд ХХК-ийн шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж, үнэлгээг гаргасан талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Үнэлэгээнд экскаватор, авто ачигч гэсэн 2 өөр тээврийн хэрэгсэл хамрагдсан, аль аль нь ашиглалтын байдал сайн тул элэгдлийн хувийг тооцдог үнэлгээний арга-ын шатлалын дагуу 35 хувийн элэгдэл тооцох болсон талаар үнэлгээний тайланд тусгагдсан байхаас гадна өртгийн хандлагын аргаар бус зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж үнэлгээг тогтоосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ..ашиглагдсан болон орж ирсэн он зөрүүтэй байхад адилхан 35 хувиар элэгдэл тооцсон... 2016 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 2012 онд үйлдвэрлэгдсэн ачигчтай адилхан үнэлсэн... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь ...ачигч тээврийн хэрэгсэлд 4 ширхэг дугуйг 17 сая төгрөгөөр авч тавьсан, ...дугуйны үнээр тээврийн хэрэгслийг үнэлсэн... гэх боловч энэ талаар нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

"Арвижих-Үнэлгээ" ХХК-ийн үнэлгээний тайланд автомашин техникүүдийн үнэлгээг хийхдээ ижил төстэй автомашин механизмуудын худалдаалагдаж буй үнийг судалж харьцуулан, ижил төстэй байдлаар нь тохируулгын итгэлцүүр болон ач холбогдлын хувь өгч үнэлгээг хийлээ гэж тайландаа бичсэн байх боловч харьцуулалт хийсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл тусгагдаагүй, мэдээллийн эх сурвалжаа заагаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ