Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01025

 

“............ .......... .........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаар магадлалтай,

“............ .......... .........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

.................................-т холбогдох

Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэрээр манай компани “............................” ХХК-д 96,574,351 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 640,821 төгрөг төлөх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу дараах хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнд арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн ........... УН улсын дугаартай авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн, .............. УБ улсын дугаартай экскаваторыг 400,954,200 төгрөгөөр тус тус үнэлжээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үнэлгээгээр хөрөнгийг зарж борлуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь зах зээлийн ханш судлаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнийг дээрх төгрөгөөр үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн байна. Иймд “............ .......... .........” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг дээрх үнээр албадан дуудлага худалдаанд оруулах үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарт: ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэрээр “............ .......... .........” ХХК-аас 96,574,351 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 640,821 төгрөг, шинжээчийн зардал 1,200,000 төгрөгийг гаргуулж “............................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “............ .......... .........” ХХК-ийн захирал .................-т шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй, банк дахь дансыг 2020.04.17-ны өдрийн 20380250/03-229 дүгээр тогтоолоор битүүмжлэхэд данс эзэмшдэггүй болон үлдэгдэл хүрэлцэхгүй талаар хариу ирүүлсэн тул Булган аймгийн Бүрэгхангай сумын Туулын зүүн дэнж нэртэй газарт байрлах төлбөр төлөгч “............ .......... .........” ХХК-ийн эзэмшлийн арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн 35-.......... УН улсын дугаартай авто ачигч, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн 17-............. УБ улсын дугаартай экскаваторыг 2020.08.04-ний өдрийн 20380250/03 дугаар шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар 2020.08.06-ны өдрийн 20380250/01, 20380250/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 20380250/03, 20380250/04 дүгээр тогтоолоор хураасан. Талуудаас үнийн санал авахад “............ .......... .........” ХХК нь экскаваторыг 533,100,000 төгрөг, авто ачигчийг 120,485,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр авагч “............................” ХХК хүлээн зөвшөөрөхгүй, шинжээч томилж үнэлүүлэх хүсэлт гаргасан тул 2020.08.13-ны өдөр 8/35 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин “............................”  ХХК-ийг томилж зах зээлийн үнэлгээг тогтоолгоход экскаваторыг 400,954,200 төгрөгөөр, авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр үнэлсэн, тайланг 2020.08.21-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020.08.24-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан,  “..............-......... .............” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан ......... УБ улсын дугаартай, Hyundai R520LC-9S маркийн, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн экскаваторыг 400,954,200 төгрөгөөр, ........ УН улсын дугаартай, World W156 маркийн, арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгийн авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “............ .......... .........” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “............ .......... .........” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...............-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 162 дугаар магадлалыг нэхэмжлэгч “............ .......... .........” ХХК нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.10-ны өдрийн 101/ШШ2019/02741 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.16-ны өдрийн 2117 дугаар магадлалаар төлбөр төлөгч “............ .......... .........” ХХК-аас 96,574,351 төгрөгийг гаргуулан төлбөр авагч “............................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрт шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. Талууд энэ талаар маргаагүй болно. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2020.8.06-ны өдрийн 20380250/01, 20380250/02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн арлын 15030377 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдсэн, World W156 маркийн, шар өнгийн ...... УН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, арлын HHIHQB12JC0000086 дугаартай, 2012 онд үйлдвэрлэгдсэн Hyundai R520LC-9S маркийн, шар өнгийн ........... УБ дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилж, 2020.8.06-ны өдрийн 20380250/03, 20380250/04 тоот тогтоолоор хураасан байх бөгөөд уг ажиллагаанд талууд гомдол  гаргаагүй байна. Хэргийн оролцогч талууд энэ талаар маргаагүй болно. Дээрх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “............-......... ..........” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, шинжээч уг хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 17-........ УБ улсын дугаартай, HyundaiR520LC-DC маркийн экскаваторыг 400,954,200 төгрөгөөр, ...... УН улсын дугаартай, WorldW156 маркийн авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр тус тус тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.6-д зааснаар үнэлгээ тогтоосон байна. Нэхэмжлэгч дээрх үнэлгээг эс зөвшөөрч, тээврийн хэрэгслүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн хэмээн маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “............ .......... .........” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зах зээлийн ханш судлаагүй, хөдлөх хөрөнгийн үнийг хэд дахин бууруулсан, хэт бага үнэлсэн...” гэсэн үндэслэл заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “............................” ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд гаргасан байна. “............................”  ХХК-ийг үнэлгээчнээр томилж, шинжээч уг хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг .........УБ улсын дугаартай, HyundaiR520LС-DС маркийн экскаваторыг 400,954,200 төгрөгөөр, ..... УН улсын дугаартай, WorldW156 маркийн авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр, “............................” ХХК нь экскаваторыг 469,150,000 төгрөгөөр, ачигчийг 89,320,000 төгрөгөөр үнэлсэн байгаа нь 2 үнэлгээчний тухайн орон нутгийн зах зээлийн үнэлгээ хоорондоо хэт зөрүүтэй байгаа нь тодорхой харагдаж байна. “............................” ХХК-ийн тайланд шийдвэр гүйцэтгэх явцад хураагдсан экскаваторыг 469,150,000 төгрөг, авто ачигчийг 89,320,000 төгрөгөөр тус тус үнэлснийг “............................”  ХХК-ийн экскаваторыг 400,954,200 төгрөгөөр, авто ачигчийг 68,404,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээтэй харьцуулахад хэт багаар тогтоосон гэж үзэх ямар үндэслэл байгааг нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд тайлбарлаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...” гэж заасан. Тиймээс “............ .......... .........” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа “............................” ХХК-ийн үнэлгээний тайланг нотлох баримтаар анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. “............................”  ХХК болон “............................” ХХК-ийн хөдлөх хөрөнгийн үнэлгээ хоорондоо хэдэн зуун мянга биш хичнээн сая төгрөгөөр зөрүүтэй байхад хэт багаар тогтоосон гэх ямар үндэслэл байгааг анхан шатны шүүхэд тайлбарлаагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх “Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үнэлгээг хүчингүй болгох дээр дурдсан 2 үндэслэлээс өөр үндэслэл заагаагүй, анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй тайлбар буюу нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх, үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцэхгүй боловч гомдолд хариу өгөх нь зүйтэй.” гэжээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргасан тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэлээ бүгдийг зааж гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх зөвхөн нэхэмжлэл анх гаргахдаа дурдсан үндэслэлээр гомдол гаргах эрхтэй мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч “............ .......... .........” ХХК нь анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон иргэний хэрэгт байгаа баримтуудад үндэслэн гомдол гаргасан байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Үнэлгээнд экскаватор, авто ачигч гэсэн 2 өөр төрлийн тээврийн хэрэгсэл хамрагдсан, аль аль нь ашиглалтын байдал сайн тул элэгдлийн хувийг тооцдог “үнэлгээний арга”-ын шатлалын дагуу 35 хувийн элэгдэл тооцох болсон талаар үнэлгээний тайланд тусгагдсан байхаас гадна өртгийн хандлагын аргаар бус зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэж үнэлгээ тогтоосон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...ашиглагдсан болон орж ирсэн он зөрүүтэй байхад адилхан 35 хувиар элэгдэл тооцсон... 2016 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 2012 онд үйлдвэрлэгдсэн ачигчтай адилхан үнэлсэн...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.” гэжээ. Гэтэл үнэлгээнд экскаватор, авто ачигч гэсэн 2 өөр төрлийн тээврийн хэрэгсэл хамрагдсан, аль аль нь ашиглалтын байдал сайн гэж үнэлээд нэг нь 4 жил, нөгөөх нь 8 жил ашиглагдсан байхад элэгдэл хорогдлыг адилхан 35 хувиар тооцож тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэх заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 9.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах үүрэгтэй гэх заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д заасан “хуульд заасан бусад үүрэг гэх” хуулийн заалтуудыг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан гэж гомдол гаргасан. Гэтэл энэ талаар шүүх ямар үндэслэлээр гомдлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг  тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг бодитойгоор дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, “............................”  ХХК маргаан бүхий үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсний дагуу өртгийн болон зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, үнэлгээг хамгийн өндөр буюу зах зээлийн жишиг үнийн аргаар тогтоосон, үнэлгээнд хамрагдсан экскаватор, авто ачигчийн элэгдлийг 35 хувиар тооцсон үндэслэлээ тайлбарласан зэргээс үзвэл үнэлгээг бодитой бус гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

Иймд, “... экскаватор, авто ачигч гэсэн 2 өөр төрлийн тээврийн хэрэгслийн нэг нь 4 жил, нөгөөх нь 8 жил ашиглагдсан байхад элэгдэл хорогдлыг адилхан 35 хувиар тооцож тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх гэх заалт, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан энэ хуулийн 9.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргах үүрэгтэй гэх” заалт, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д заасан “хуульд заасан бусад үүрэг гэх” хуулийн заалтуудыг тус тус зөрчиж дүгнэлт гаргасан гэж гомдол гаргасан, гэтэл шүүх энэ талаар дүгнээгүй...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, үнэлгээчин тайландаа “...Уг ковш /авто ачигч/-ийн хувьд 4 жил ашиглагдсан, экскаватор 8 жил ашиглагдсан, ашиглалтын байдал сайн, цаашид ашиглахад хэвийн ашиглагдах боломжтой юм. Элэгдлийн хувийг экспертийн аргаар тооцвол 35% гарч байна. Энэ хувиар тохируулга хийж үнэлгээг тооцов...” гэсэн ба үүнийг үгүйсгэж буй үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй, нэгэнт элэгдлийг тооцох шатлалыг хууль бус гэж үзэх боломжгүй тул дээрх хуулийн зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн “............................” ХХК-ийн хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон “............................”  ХХК-ийн үнэлгээ хоорондоо хэдэн сая төгрөгөөр зөрүүтэй байхад хэт багаар тогтоосон гэх ямар үндэслэл байгааг анхан шатны шүүхэд тайлбарлаагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үнэлгээг хүчингүй болгох дээр дурдсан хоёр үндэслэлээс өөр үндэслэл заагаагүй, шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад үндэслэн гомдол гаргасан байтал давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт нийцэхгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарласан...” гэсэн гомдлын тухайд, хэдийгээр хоёр шинжээчийн тайлан үнийн зөрүүтэй боловч “... “............................” ХХК-ийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй, харьцуулалт хийсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл огт тусгагдаагүй тул уг үнэлгээгээр маргаан бүхий үнэлгээг үгүйсгэх боломжгүй...” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин давж заалдах шатны шүүхийн “...анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй тайлбар буюу нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт /“Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй...”/ нийцэхгүй боловч гомдолд хариу өгөх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт нь учир дутагдалтай болсон байна. Учир нь, нэхэмжлэгчээс үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үнэлгээ бодит бус” гэж үзэн үүнийгээ нотлох зорилгоор “............................” ХХК-ийн үнэлгээг шүүхэд гаргаж өгсөн, энэ үндэслэлээ заан давж заалдах гомдол гаргасан байна.

Гэвч давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гомдолд хариу өгсөн байх тул дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/03574 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 162 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                          Б.МӨНХТУЯА

                                                                            Х.СОНИНБАЯР

                                                                    Б.УНДРАХ