Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00163

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00163

 

 

 

Г банк ХХК-ийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02773 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 894 671 697,19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, А.А, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Ш.Б, гуравдагч этгээд П.О-ийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ, А.Анударь шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-3305113073 тоот зээлийн гэрээг Г банк ХХК-тай байгуулж 1 468 000 000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан:

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-2201048771 дугаартай Төртогтохын Заяагийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 1392 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Г-2201023522 дугаартай Төртогтохын Заяагийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, 2300 м.кв аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-2201041804 дугаартай Төртогтохын Заяагийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх,

-ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээгээр Ү-2201041811 дугаартай Төртогтохын Заяагийн өмчлөлийн Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 297 м.кв талбайтай, 6 машины гражийн зориулалттай үл хөдлөх,

-ЗБ3305113073-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-2201052214 дугаартай Домбонгийн Цолмонгийн өмчлөлийн Нийслэл Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ найрамдлын зам гудамж, 10/2 дугаар байр, 125 тоот хаягт байршилтай, 64.69 м.кв 3 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх,

-ЗБ3305113073-2 тоот ипотекийн гэрээгээр Ү-2201052215 дугаартай Домбонгийн Цолмонгийн өмчлөлийн Нийслэл Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ найрамдлын зам гудамж, 10/2 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай,66.77 м.кв 2 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх,

-ЗБ3305113073-3 тоот ипотекийн гэрээгээр Ү-2204069626 дугаартай Дэмбэрэлдоржийн Гантуяагийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/3 дугаар байр, 53 тоот хаягт байршилтай, 134.4 м.кв 4 өрөө ОС-ны зориулалттай үл хөдлөх,

-БГ3305113073 тоот барьцааны гэрээгээр Д ХХК-ийн захиалагчдаас авах авлага тус тус барьцаалсан болно.

Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ3305113073-1 тоот батлан даалтын гэрээгээр Домбонгийн Цолмон, БДГ3305113073-2 тоот батлан даалтын гэрээгээр Төртогтохын Алтайбаатар гэх хүмүүс батлан даагч болж өөрийн эд хөрөнгө болон данс нь дахь мөнгөн хөрөнгөөрөө хариуцахаар үүрэг хүлээсэн.

ЗГ3305113073 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болсон ба хариуцагч Д ХХК нь зээлийг авсан үеэс зээлийн гэрээний үүргээ зөрчсөн. 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 1 340 500 000 төгрөг, үндсэн хүүнд 493 425 342,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 60 746 355,01 төгрөг, нийт 1 894 671 697,19 төгрөгийг гаргуулж, хариуцагч уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д ХХК-ийн хувьд гуравдагч этгээд нарын үл хөдлөх эд хөрөнгүүдийг хөндөхгүйгээр зөвхөн компанийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах байр суурьтай оролцдог. Батлан даалтын гэрээний тухайд нэхэмжлэгчийг ямар байр суурьтай оролцож байгааг ойлгохгүй байгаа. Үүнийг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Уг батлан даалт гэх зүйлийн талаар нэхэмжлэлийн шаардлагадаа ч тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Хэрэв өнөөдөр хариуцагч болон гуравдагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзээд шүүх хуралдааныг үргэлжлүүлж байгаа бол өмнө нь эвлэрэн хэлэлцэх талаар ярилцаж байсан саналаараа буюу үндсэн хөрөнгөөр үндсэн зээлийг нэмэгдүүлсэн шаардлага гаргахаас өмнөх байдлаар эвлэрэх журмаар шийдвэрлэх саналыг Д ХХК-ийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна. Эвлэрсэн тохиолдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюунгэрэлийн эрх ашиг хөндөгдөхгүй байх гэж үзэж байна. Бидний хувьд Г банк ХХК-тай үндсэн зээл болон үндсэн хүүгийн 50 хувийг 12 сарын хугацаанд төлж барагдуулах байр суурьтай байгаа ба энэ талаарх саналаа ч нэхэмжлэгч талд хүргүүлсэн байгаа. Нэгэнт л маш удаан хугацааны туршид эвлэрэх асуудлаар ярилцсан тул нэг мөсөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Учир нь өнөөдрийн хурлаар зөвхөн хариуцагч Д ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө бус өөр 4-5 этгээдийн эрх ашгийг хөндөх болно. Хэрэв хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн бол хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа биш эвлэрэх асуудал яригдах байсан. Өнөөдрийн хувьд эвлэрэх ямар нэг эрх олгогдоогүй хүн хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын ашиг сонирхлыг хамгаалах гээд зогсож байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.Оюунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цогтбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг барьцаа хөрөнгөний нэг болох 3B3305113073-3 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. П. Оюунгэрэл нь Д ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хувийн орон сууц бариулахаар тохиролцон, төлбөртөө өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөхөөр болсон ба компанийн удирдлага нь гэрээгээ байгуулмагц ажлаа эхэлнэ, бид найдвартай, манай менежерийн нэр дээр байраа шилжүүлмэгц бид ажлаа хийгээд өгнө, гэрээтэй байхад асуудалгүй гэх зэргээр итгэл төрүүлэн, захирал Ц. Цолмонгийн хэлснээр тус компанийн менежер гэх Д.Гантуяад 2018 оны 6 дугаар сарын 29-нд орон сууцаа шилжүүлсэн.

Ингээд шилжүүлэн авмагцаа буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр банктай гэрээ байгуулан барьцаалсан байна. Д ХХК түүний удирдлага нь барилгын ажил гүйцэтгэх санхүүгийн болон үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүйн дээр иргэний гэрээгээр халхавчлан, хууран мэхлэх замаар бусдын хөрөнгийг шилжүүлэн авсан. Энэхүү асуудал нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож, Д ХХК болон түүний удирдлага, менежер нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон. Одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс 200801701 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1174 тоот зөвшөөрлөөр Ү- 2204069626 дугаартай үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байгаа болно. Энэ тухай шүүхэд баримтаа илгээсэн болохоо цагдаагийн газраас мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Голомт банк гуравдагч этгээдээр оролцож байсан ба Ү-2204069626 дугаартай барьцаа хөрөнгө П.Оюунгэрэлийнх гэдгийг, мөн цагдаад шалгагдаж байгааг мэдэж, эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд давхар хохирогчоор оролцохоор хүсэлтээ гаргасан хэрнээ өөр шүүхэд нэхэмжлэл гарган хөрөнгийг авахаар санаархаж буй нь хууль бус, ёс зүйгүй хэрэг юм. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, мөн зайлшгүй биелэгдэх шаардлагыг хангах ёстой байх тул цагдаагийн байгууллагаар шалгагдаж буй, хууль ёсны өмчлөгчийн эрх ашгийг зөрчиж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн хэсгийг хангахгүй байх үндэслэлтэй байна. Голомт банкнаас Д ХХК-д холбогдуулж гаргасан зээлийн гэрээний төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас 3B33051 13073-3 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол 97/3 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай 134.4 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 894 671 697,19 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, нэхэмжлэгч Г банк ХХК-ийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 859 459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Донжхаус ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 9 631 308 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюун-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт Г банк ХХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор ЗБ3305113073-1, ЗБ3305113073-2, ЗБ3301130~3-3 Ипотекийн гэрээг болон БДГ3305113073-01, БДГ3305113073-02 дугаартай батлан даалтын гэрээг тус тус бие даасан шаардлага гараагүй этгээд болох Т.Заяа, Д.Цолмон. Д.Гантуяа. Т.Алтайбаатар нартай тус тус байгуулсан эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмнө бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар үүрэг хүлээсэн байна. Ипотекийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэрээний маргаан байхгүй гэж үзсэн. Ийнхүү талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн хэрнээ дээрх этгээдүүдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ хэмээн тайлбарласан нь шүүхийн шийдвэр бүхэлдээ утга агуулга болоод ямар хуулийн зүйл заалтыг хэрхэн хэрэглэсэн нь тодорхойгүй. Хэргийг хэлэлцэх явцад зохигчид болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн болон барьцааны зүйлийн талаар сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар зэргийг гаргаагүй, маргаагүй байдаг. Хэрэв шүүгч ипотекийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар хуульд нийцсэн хэмээн үзэж байгаа бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Иргэний хуулийп 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн гэрээний үүргийг барьцаалагч барьцаагаар хангуулах бүрэн үндэслэлтэй байсан. Иймд Голомт банкны Д ХХК болон гуравдагч этгээдүүдтэй байгуулсан ипогекийн гэрээгээр болон барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь банканд илтэд хохиролтой хэмээн үзэж байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1 894 671 697,19 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-3305113073 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч " Голомтбанк" ХХК нь 1 468 000 000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгч Д ХХК-д зээлдүүлэх, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцсон ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй байна. /хх-ийн 11-14 /

 

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүсжээ.

 

Хариуцагч зээлийн төлбөрт 205 579 157,29 төгрөг төлснөөс нэхэмжлэгч үндсэн зээлд 127 500 000 төгрөг, зээлийн хүүд 77 860 315,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 218 842,20 төгрөгийг суутгасан талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү,гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.1, 4.1.3-т зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар болон эргэн төлөлтийн хуваарийг нарийвчлан тохиролцсон байгаа нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд хариуцагч буюу зээлдэгч Д ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 1 894 671 697, 19 төгрөг төлөхөөс үндсэн зээл 1 340 500 000 төгрөг, хүү 493 425 342,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60 746 355 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна. /хх-ийн 114 / Энэ тооцоололд хариуцагч маргаагүй байна.

 

Иймээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 894 671 697, 19 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгохоор тогтоосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г банк ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нартай байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр Т.Заяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201048771 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 1392 м.кв талбайтай оффис, Г-2201023522 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, 2300 м.кв аж ахуйн зориулалттай эзэмших эрхийн газар, Ү-2201041804 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай хувийн сууц, Ү-2201041811 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Толгойт 18101 гудамж, ХБ65 тоот хаягт байршилтай, 297 м.кв талбайтай, 6 машины гражийг тус тус барьцаалсан ЗБ3305113073-1 тоот ипотекийн гэрээ /хх-ийн 15-17 /,

Д.Цолмонгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201052214 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ найрамдлын зам гудамж, 10/2 дугаар байр, 125 тоот хаягт байршилтай, 64.69 м.кв 3 өрөө орон сууц, Ү-2201052215 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Найрамдал /18222/ найрамдлын зам гудамж, 10/2 дугаар байр, 100 тоот хаягт байршилтай,66.77 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан ЗБ3305113073-2 тоот ипотекийн гэрээ /хх-ийн 18, 19 /, Д.Гантуяагийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204069626 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/3 дугаар байр, 53 тоот хаягт байршилтай, 134.4 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалсан ЗБ3305113073-3 тоот ипотекийн гэрээ /хх-ийн 20, 21 /, хариуцагч Д ХХК-ийн захиалагчдаас авах авлагыг барьцаалсан БГ3305113073 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх-ийн 22, 23 /

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь Д.Цолмонтой БДГ3305113073-1 тоот Батлан даалтын гэрээ, Т.Алтайбаатартай БДГ3305113073-2 тоот батлан даалтын гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцаа, батлан даалтын гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 24, 25 /

 

Мөн нэхэмжлэгч нь БГ3305113073 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагчийн бусдаас авах авлагын барьцаалсан байх боловч уг барьцааны гэрээний зүйл болох бусдаас авах авлага нь одоо бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй талаар шүүх зөв дүгнэсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Харин, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл болон батлан даалтын гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийг жич нэхэмжлэх эрхэд энэ шүүхийн шийдвэр, магадлал саад болохгүйг дурдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/02773 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ