Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02426

 

МАГАДЛАЛ

2020.12.21 Дугаар 2426

 

 

 

 

 

 

 

 

Ч.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02558 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.М-т холбогдох, 1 367 229 000 төгрөг гаргуулах үндсэн, 560 704 390 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Н.Болормаа, Д.Дэлгэрцэцэг, хариуцагч Н.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Энхжаргалын хүсэлтээр Хаан банк ХХК дахь Н.Мөнхцэцэгийн эзэмшлийн 5007717048 дугаар дансанд 501 000 ам.долларыг шилжүүлсэн. Гэтэл 2016 оноос хойш Д.Энхжаргал, Н.Лхамсүрэн болон Ч.Б, Чимо ХХК нарын хооронд маргаан үүсэж 3 жил шүүхээр хянагдаж Улсын дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 001/ХТ2019/00168 дугаартай тогтоолоор шийдвэрлэгдсэн. Энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхдээ биднийг хамтран ажилласан байна гэж дүгнээд төлбөр тооцооны асуудлыг нэг бүрчлэн тооцож дүгнэсэн ба Н.М-т шилжүүлсэн 501 000 ам.долларын асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Миний хувьд Н.М-т 501 000 ам.доллар төлөх үүрэг байгаагүй, бидний хооронд төлбөр мөнгөний харилцаа байгаагүй учир уг мөнгөн хөрөнгийг эргүүлэн шаардаж байна. Ч.Мөнхцэцэг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул буцааж өгөх үүрэгтэй ба Д.Энхжаргалтай найз нөхөд гэдэг байдлаар мөнгийг буцаан өгөхгүй, хуурч байгаа тул цагдаад хандсан боловч эрүүгийн хэрэг үүсээгүй. Бид хамтарч ажиллаж байгаагүй. Энэ гэрээг Д.Энхжаргалын гуйсны дагуу хэлбэр төдий байгуулсан. Гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй. Энэ барилгад Д.Цэгмид, Н.Мнар ямар ч хамааралгүй. Тэрхүү барилгыг миний бие өөрийн газар дээр 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдөр барилга угсралт хийх эрх авч өөрийн хөрөнгөөр барьж 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Винтракт ХХК-д худалдсан. Иймд 501 000 ам.долларыг Ч.Мөнхцэцэгээс гаргуулж, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 10 дугаар сард Ч.Бтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр энэ гэрээний дагуу 501 000 ам.доллар миний данс руу шилжүүлсэн. Хэдийгээр хамтран ажиллах гэрээнд үнийн дүн тавиагүй ч ашгийнхаа 50 хувийг өгөх байсан. Д.Энхжаргалын гуйлтаар мөнгө шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Винтракт ХХК-д барилгыг худалдсан үнээсээ 501 000 ам.доллар шилжүүлсэн. Мөн хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр бус гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2007 оны 4 дүгээр сарын сүүлээр 500 000 еврог манай нөхрөөс Ч.Б Польшид байхдаа бэлнээр зээлснийг Д.Энхжаргал гэрчилнэ. Энэ үүргийг талууд Иргэний хуулийн 236 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулах замаар өмнөх үүргийг сольж гэрээ байгуулсан. Ч.Б хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Мөнхцэцэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Энхжаргал болон түүний эхнэр болох Н.Лхамсүрэн, Ч.Б нар олон жил бизнес хийж хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллаж байх хугацаанд Д.Энхжаргал, Н.Лхамсүрэн болон Ч.Б нарын хооронд маргаан гарч тухайн маргаан нь 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн байдаг ба тухайн маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд Н.Мөнхцэцэгтэй холбоотой 400 000 ам.долларын асуудал дурдагдсан байна. Шийдвэр, магадлал, тогтоолд дурдагдсан дээрх 400 000 ам.долларын асуудлын хувьд манай нөхөр Д.Цэгмидээс авсан бөгөөд миний дансаар авсан мөнгөө буцаан шилжүүлсэн нь тэдний хамтран ажиллаж байсан үйл явдлыг гэрчлэх юм. Ч.Б нь надтай хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ч.Б, Д.Энхжаргал нар нь манай нөхөр Д.Цэгмидээс бэлэн мөнгө авч байсныхаа баталгаа болгож олсон ашгаа адил тэнцүү хуваах зорилготой амаар хийсэн тохиролцоогоо биднийг 2009 онд Монгол улсад ирэхэд баталгаажуулж, 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах /хуримын ордны хойно/ оффисын зориулалттай доороо зоорьтой, нийт 4 давхар 17х18 метр хэмжээтэй 1530 м.кв талбай бүхий дутуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө, 630 м.кв талбай бүхий газрыг хамтран эзэмшиж ашиглах зорилгоор хамтран ажиллах гэрээг байгуулсан. Ч.Б нь барилгын санхүүжилтээр биднээс авсан 500 000 еврог захиран зарцуулж дээрх оффисоо үргэлжлүүлэн барьж дуусгасан бөгөөд улмаар 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Винтрак ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт 2 200 000 ам.доллараар худалдсан. Хамтран ажиллах гэрээний дагуу Н.Мминий бие үнийн дүнгийн 50 хувь буюу 1 100 000 ам.долларыг авах эрхтэй байсан. Ч.Б, Н.Мбид хоёрын хоорондох хамтран ажиллах гэрээтэй холбоотой төлбөр тооцооны асуудал дуусаагүй бөгөөд одоо үлдэгдэл төлбөр нь 199 000 ам.доллар болно. Иймд хариуцагч Ч.Бгаас хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 199 000 ам.доллар буюу 560 704 390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан Ч.Б, Н.Мнарын хооронд байгуулагдсан 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.Мөнхцэцэгээс 626 996 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 470 232 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Н.Мөнхцэцэгийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт Ч.Бгаас 560 704 390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 070 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мөнхцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 363 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Чойжилсүрэнгийн Батнасанд /РД:ХЕ68091379/-д олгож, хариуцагч Н.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 955 582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Мдавж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь үнэлээгүй. Нэхэмжлэгч Ч.Б нь Н.М-т холбогдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 501.000 ам.доллар буюу 1 367 229 0000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа анх үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх заалтыг дурдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн, 2009 онд талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж хүчингүй болгуулахаар тус тус шаардсан. Хариуцагч Н.Мнэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч хамтран ажиллах гэрээний дагуу олсон ашгаас үлдэгдэл 199 000 ам.доллар буюу 560 704 390 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгч нь 501 000 ам.долларыг хамтран ажиллах гэрээний дагуу шаардаад байна уу, эсвэл өмнө нь шийдсэн шүүхийн шийдвэрийн дараа ямар нэгэн төлбөр тоцоотой холбоотой байна уу гэдэгт огт дүгнэлт хийж чадаагүй төдийгүй энэ нь улмаар нэхэмжлэгч ямар субьектив эрхээ хэрэгжүүлж шаардсан бэ гэдэг асуултад үндэслэл бүхий тайлбар өгч чадаагүй.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Д.Цэгмид, Д.Энхжаргал нар Ч.Б 2007 онд Д.Цэгмидээс 500 000 евро зээлж авч байсан, улмаар тухайн зээлүүлсэн мөнгөө буцааж авах үүднээс 2009 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан офисс, үйлчилгээний зориулалттай барилгатай холбогдуулан барилгын 50 хувийг эзэмшиж, ашиглах гэсэн нөхцөлтай хамтран ажиллах гэрээг байгуулсан гэж мэдүүлсэн. Энэ гэрээний харилцаа хэрэгжсэн үү, дуусгавар болсон уу гэдэг асуудлыг авч үзэхээс өмнө зөвхөн Н.Мнь тухайн барилгыг огт ашиглаж байгаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн хамтран ажиллах гэрээний харилцааны явцад хариуцагчийн оролцоо байгаагүй нь дүр үзүүлсэн хэлцэл хэмээн хүчингүйд тооцох үндэслэл болно гэж үзсэн. Гэтэл дүр үзүүлсэн хэлцэл нь анхнаасаа эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй байдаг тул шүүхийн энэхүү дүгнэлт эрх зүйн үндэслэлгүй. Ч.Б болон "Винтрак" ХХК-ийн хооронд 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Ч.Б-гийн олсон ашгийг хэрхэн үзэх, бодит байдалд тухайн ашгийг олсны дараа 501 000 ам.долларыг шилжүүлсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00168 тоот тогтоолд: "...Ч.Б нь 2010 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Д.Энхжаргалд 400 000 ам.доллар шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, Д.Энхжаргал нь уг мөнгийг Ч.Б-гийн өмнөөс Н.М-т шилжүүлсэн, учир нь Ч.Б нь Н.М-т хамтран ажиллах гэрээний дагуу өглөгтэй байсан... " гэх үйл баримтын талаар дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх дээрх 400 000 ам.долларыг болон 501 000 ам.долларын асуудлыг буруу ойлгож Ч.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзээд улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шийдэхдээ хөөн хэлэлцэх хугацааг нь 10 жил байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрээс харвал, хамтран ажиллах гэрээнээс үүдэлтэй маргаан болох нь харагдах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улмаар нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийгээгүй алдааг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаар дээрх хамтран ажиллах гэрээний талуудын хэн аль нь хамтран эзэмших эрхтэй хөрөнгийг бусдад худалдан борлуулснаа Ч.Б өөрөө зөвшөөрч 2 200 000 ам.доллароос Н.М-т оногдох 50 хувь болох 1 100 000 ам.доллорыг төлөх ёстой байснаас 400 000 ам.доллар, 501 000 ам.доллар, нийт 901 000 ам.долларыг төлж, үлдэгдэл 199 000 ам.долларыг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Ч.Бгаас Н.Мөнхцэцэг, Д.Цэгмид бидний хамтран эзэмшдэг 5003632022 тоот дансанд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Батнасангаас шилжүүлэв утгатай 501 000 ам.доллар шилжүүлснийг хамтран ажиллах гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн гэж ойлгож байсан. Ч.Б тухайн үед би чиний данс руу андуураад гүйлгээ хийсэн гэж ярьж байгаагүй атлаа 9 жилийн дараа өгөх ёсгүй мөнгө шилжүүлсэн гэж шаардаж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг эс зөвшөөрч байна. Шүүх дүгнэлт хийхдээ энэхүү 501 000 ам.долларыг шаардан авах эрх 2009 онд нэхэмжлэгчид нээлттэй байсан тухайн үед шаардлага гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу гэж валютын ханшийг 1251.49 төгрөгөөр бодсон нь үндэслэлгүй. 501 000 ам.долларыг нэхэмжлэгч тухайн үед хамтран ажиллаж байсан Д.Энхжаргалын хүсэлтээр, түүний өр төлбөр гэж бодож 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Хаан банк ХХК дахь Н.Мөнхцэцэгийн эзэмшлийн 5007717048 дугаарын данс руу шилжүүлсэн. Ч.Б 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 501 000 ам.долларын тухайд Цагдаагийн баигууллагад шалгуулсан мөн Д.Энхжаргал, Н.Лхамсүрэн нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдан гурван жилийн турш хянагдаж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 00168 тогтоолоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн "...хариуцагч Н.Мөнхцэцэгээс 626 996 490 төгрөгийг гаргуулах гэсэн тооцоллыг зөвтгөж, нэхэмжлэл гаргах үеийн буюу үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н.М-т холбогдуулан үндэслэлгүй шилжүүлсэн 501 000 ам.доллар буюу 1 367 229 000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хамтран ажиллах гэрээний үүрэгт 560 704 390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хаан банк ХХК дахь Ч.Б-гийн эзэмшлийн 503632022 тоот данснаас тус банк дахь Н.Мөнхцэцэг, Д.Цэгмид нарын эзэмшлийн 5003632022 тоот дансанд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 501 000 ам.доллар шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

Харин талууд мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэг үүссэн эсэх, уг мөнгөн хөрөнгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт тооцогдох эсэх талаар маргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Б 501 000 ам.долларыг Д.Энхжаргалын хүсэлтээр Н.Мөнхцэцэгийн дансанд шилжүүлсэн, талуудын хооронд үүрэг үүсээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан бол хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүрэгт уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн тул тэрээр буцаан шаардах эрхгүй гэж маргасан байна.

Талуудын хооронд 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд А тал буюу Ч.Б, Б тал буюу Н.Мнар хөрөнгөө нэгтгэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуримын ордны хойно байрлах Ч.Б-гийн эзэмшлийн газар дээр оффисын зориулалттай, 4 давхар 1530 м.кв бүхий барилгыг хамтран эзэмшиж, ашиглах зорилгоор санхүүжилтийг Б тал дангаар гаргаж, А тал барилгын ажлыг удирдан зохион байгуулж, мөнгийг үр ашигтай зарцуулж, менежмент болон бизнесийг ашигтай явуулж Б талд тайлагнах, уг барилгыг тавь тавин хувиар эзэмшинэ гэж тохиролцжээ. /1хав-60х/

Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Н.Мнар хамтран ажиллах талаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний гол нөхцлийн талаар тохиролцсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр, гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар байгуулагдсан гэж үзнэ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

Гэрээний 2.2-т Б тал барилгын санхүүжилтыг дангаар гаргасан гэж тодорхойлсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал Ч.Б-гийн эзэмшлийн газар дээр баригдаж буй 4 давхар барилгын санхүүжилтыг Б тал буюу Н.Мдангаар гаргасныг Ч.Б хүлээн авсан тул Н.Мөнхцэцэгийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ.

Хариуцагч Н.Мөнхцэцэгийн тайлбараа нотлож гаргасан хамтран ажиллах гэрээ, түүнд холбогдох нотариатын бүртгэлийн дэвтэрт хийсэн Хамтран ажиллах гэрээ, СБД, 1 дүгээр хороо, 6001/0022 нэгж тал/тай №054660 гэр/тэй, 630 м.кв газар дээр 1530 м.кв оффисын зор/ 4 давхар барилгын санхүүжилт гэсэн бичилт, мөн гэрч Д.Цэгмидийн ...Ч.Б Берлинээр дамжин Варшав хотод ирж Хуримын ордны хойно барилга барьж байгаа гээд 501 000 ам.доллар зээлсэн гэсэн, гэрч Д.Энхжаргалын ... 501 000 ам.доллар надтай хамаагүй гэсэн мэдүүлгийг нэхэмжлэгч Ч.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 001/ХТ2019/00168 дугаар тогтоолоор Д.Энхжаргал, Ч.Б, Н.Лхамсүрэн, Чимо ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, уг тогтоолд Ч.Б, Н.Мнарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй холбоотой үйл баримтын талаар шийдвэрлээгүй байна.

Ч.Б нь Винтрак ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, хамтран ажиллах гэрээний зүйл болох барилга болон 054660 дугаар гэрчилгээтэй 630 м.кв талбайтай газрын хамт 2 200 000 ам.доллараар худалдснаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу талууд цаашид хамтран ажиллах боломжгүй болжээ. Иймд Н.Мнь гэрээний 2.2-т ...А болон Б тал уг барилгыг тавь тавин хувиар эзэмших-ээр зааснаар өөрт ногдох 50 хувийг шаардсан нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдснаар Хаан банк ХХК дахь Н.Мөнхцэцэгийн эзэмшлийн 5003632022 дугаар дансанд 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 501 000 ам.доллар нь хамтран ажиллах гэрээний хуваарилагдах ашиг болсон учраас Н.Мөнхцэцэгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, улмаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар түүнд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ч.Б буцаан шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагч Н.Мнь хамтран ажиллах гэрээний дагуу 400 000 ам.доллар болон 501 000 ам.долларыг хүлээн авсан тул 199 000 ам.долларыг гаргуулна гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан тул Ч.Бгаас мөнгөн хөрөнгө шилжүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс хамтран ажиллах гэрээний гүйцэтгэх үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс Н.Мөнхцэцэгийн хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг шаардах эрхийн хугацааг тоолбол 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон бөгөөд уг хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэгт 560 704 390 төгрөгийг Ч.Бгаас шаардах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Ч.Б-гийн үндсэн нэхэмжлэл болон Н.Мөнхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Н.Мөнхцэцэгээс 501 000 ам.доллар буюу 1 367 229 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ч.Б-гийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Бгаас 560 704 390 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Мөнхцэцэгийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид, нэхэмжлэгчийн төлсөн 3 860 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 2 955 582 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 3 363 132 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БАЙГАЛМАА

 

...Д.Энхжаргалд шилжүүлэх мөнгийг Н.М-т шилжүүлсэн гэх