Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/01137

 

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02558 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2426 дугаар магадлалтай,

Ч.Бгийн нэхэмжлэлтэй

Н.Мт холбогдох

1,367,229,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 560,704,390 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагч Н.М, түүний өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ч.Б нь Н.Мт холбогдуулан 1,367,229,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Н.М нь Ч.Бд холбогдуулан 560,704,390 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж маргажээ. Нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02558 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б, Н.М нарын хооронд байгуулагдсан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.Мээс 626 996 490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, үлдэх 740 232 510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Мийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний үүрэгт Ч.Бгаас 560 704 390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 070 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Мээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 363 132 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Боржгон овогт Чойжилсүрэнгийн Ч.Б /РД:ХЕ00000000/-д олгож, хариуцагч Н.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 955 582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2426 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02558 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Н.Мээс 501 000 ам.доллар буюу 1 367 229 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ч.Бгийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Бгаас 560 704 390 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Мийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид, нэхэмжлэгчийн төлсөн 3 860 000 төгрөг, хариуцагчийн төлсөн 2 955 582 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 3 363 132 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Н.М хяналтын гомдолдоо: ...Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч /сөрөг нэхэмжлэлийн талаар/ гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Н.М нар хамтран ажиллах талаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр, гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдсан гэж үзнэ... Гэрээний 2.2-т “Б” тал барилгын санхүүжилтийг дангаар гаргасан гэдгийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал Ч.Бгийн эзэмшлийн газар дээр баригдаж буй 4 давхар барилгын санхүүжилтийг “Б” тал дангаар гаргаж гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ...” гэж хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, талуудын гаргасан тайлбарт үндэслэл бүхий зөв дүгнэлт өгсөн байна. Харин “...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан тул хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлсэн 2011.03.03-ны өдрийн өдрөөс Н.Мийн хамтран ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх үүргийг шаардах хугацааг тоолбол 2014.03.03-ны өдрийн дуусгавар болсон бөгөөд уг хугацаа түр зогссон, тасалдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 82 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний үүрэгт 560,704,390 төгрөгийг Ч.Бгаас шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн буруу, шүүх хэрэглэх ёстой хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Б болон гэрч Д.Э нар нь 2007 оноос хойш хамтарч барилга барих бизнес хийдэг байсан бөгөөд миний нөхөр Д.Цээс тухайн бизнестээ шаардлагатай мөнгөн хөрөнгийг зээлж эргүүлэн төлдөг байсан ба 2009 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 1530 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг барихад хамтран ажиллах гэрээ байгуулж улмаар 2010.03.18-ны өдөр тухайн барилгыг 2,200,000 ам.доллараар бусдад худалдаж надад оногдох 1,000,000 ам.доллараас 901,000 ам.долларыг шилжүүлсэн. Энэ үйл баримтын талаар талууд ямар нэгэн маргаангүй болно. Харин үлдэгдэл 199,000 ам.долларыг манай нөхөр Д.Ц болон Д.Э, Ч.Б нар нь “Э Г Э” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 4.25 га газарт барилга барих ажилд хөрөнгө оруулж түүнээс олсон орлогоос төлөхөөр амаар тохиролцсон тул “Хамтран ажиллах гэрээ”-ний үүрэг дуусгавар болоогүй гэж үзэж байна. Дээрх аман тохиролцоо хэрэгжиж эхлээгүй байхад Ч.Б, Д.Э нарын хооронд маргаан үүсэж шат шатны шүүх дамжин явсаар 2019.01.31-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд цаашид хамтран ажиллахгүй болох нь тодорхой болж дээр дурдсан барилгын ажил үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ хугацаанд Ч.Б нь надад төлбөл зохих хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр 199,000 ам.долларыг дараагийн төслийг хэрэгжүүлсний дараа өгөх санал тавьсныг манай нөхөр болон миний бие хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Монгол Улсын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болсон бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна. Мөн түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааны хувьд хуульд зааснаар шаардах эрх үүссэн үеэс эхлэн хугацааг тоолж эхлэх байтал энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс болж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Ч.Б болон Д.Э нар хамтран ажиллаж байсан болох нь тэдгээрийн маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалд, тогтоолд тодорхой дурдагдсан байх ба хариуцагч Н.М би болон миний нөхөр Д.Ц нарын дундын эзэмшлийн дансаар бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулахаар зээлсэн мөнгөө эргүүлэн төлсөн зэрэг үйл баримт нотлогддог. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул магадлалд өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ч.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 56 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Б, Н.М нарын хооронд байгуулагдсан 2009.11.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Н.Мээс 626,996,490 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бд олгож, нэхэмжлэлээс 740,232,510 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Мийн 2009.11.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэгт Ч.Бгаас 560,704,390 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Талууд уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргасан. Тухайлбал нэхэмжлэгч талаас гаргасан гомдол нь анхан шатны шүүх дүгнэхдээ “...Энэхүү 501,000 ам.долларыг шаардан авах эрх 2009 онд нэхэмжлэгчид нээлттэй байсан, тухайн үед шаардлага гаргаагүй нь нэхэмжлэгчийн өөрийнх нь буруу тул валютын ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар 1251,49 төгрөгөөр бодсон болно,” гэж дүгнэсэн нь буруу, хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэл гаргах үеийн валютын ханшаар тооцсонгүй” гэж гомдлын үндэслэлээ гаргасан. Харин давж заалдах шатны шүүхээс талуудын гаргасан гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Н.Мээс 501,000 ам.доллар буюу 1,367,229,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ч.Бгийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Бгаас 560,704,390 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Мийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үндэслэл нь, давж заалдах шатны шүүх “талуудын хооронд 2009.11.16-ны өдөр байгуулагдсан “хамтран ажиллах гэрээ”-нд “А” тал буюу Ч.Б, ”Б” тал буюу Н.М нар хөрөнгөө нэгтгэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр хуримын ордны хойно байрлах Ч.Бгийн эзэмшлийн газар дээр оффисын зориулалттай 4 давхар 1530 м.кв талбай бүхий барилгыг хамтран эзэмшиж, ашиглах зорилгоор санхүүжилтийг “Б” тал дангаар гаргаж, уг барилгыг 50, 50 хувиар эзэмшинэ гэж тохиролцжээ. Талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулагдсан гэж үзнэ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус” гэж алдаатай дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй. Хариуцагч Н.М 2020.06.18-ны өдөр анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа “...Шийдвэр, магадлал, тогтоолд дурдагдсан дээрх 400,000 ам.долларын асуудлын хувьд манай нөхөр Цэгмидээс бие биедээ итгэх итгэлийн үндсэн дээр Энхжаргал нь хамтран ажиллах санал тавьж бизнес хийхэд санхүүжилт шаардлагатай байна гэж манай нөхөр Цэгмидээс авсан мөнгөө миний дансаар буцаан шилжүүлж өгч байсан, Ч.Б, Н.М бидний хооронд байгуулсан “хамтран ажиллах гэрээ”-ний дагуу 1,100,000 ам.долларыг авах ёстой, үүнээс 400,000 ам.долларыг Энхжаргалаас, 501,000 ам.долларыг Ч.Бгаас дансаар шилжүүлж авсан, одоо үлдэх 199,000 ам.долларыг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. 400,000 ам.долларын хувьд “хамтран ажиллах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч Ч.Бгаас авсан гэж Н.М тайлбарладаг. Гэтэл уг 400,000 ам.доллар нь Энхжаргал, Лхамсүрэн нарын нэхэмжлэлтэй Ч.Бд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд 400,000 ам.доллар нь Н.Мт бус Д.Эд өөрт нь Ч.Бгаас шилжигдэн орж ирсэн” талаар хэдийн дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл 400,000 ам.долларыг Ч.Бгийн Энхжаргалд төлөх төлбөрөөс хасаж тооцсон нь Ч.Бгийн нэхэмжлэлтэй Н.Мт холбогдох хэрэгт хамааралгүй болох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтад хамаарна. 501,000 ам.долларын тухайд 2011.03.03-ны өдөр Н.Мийн данс руу 501,000 ам.доллар шилжүүлэх болсон шалтгаан нь Энхжаргал нь “Цэгмидэд өртэй юмаа. Түүнийг төлөх баталгаа хийгээд өгөөч.” гэж гуйгаад “Хамтран ажиллах гэрээ”-г Н.Мтэй байгуулсан. Үүнээс шалтгаалж, Энхжаргал, түүний эхнэр “Э Г Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Лхамсүрэн нарын санал болгосноор олон жилийн найз нөхөд явж, олон барилга, олон зүйл дээр хамтран ажиллаж байсан учраас Лхамсүрэнгийн эзэмшдэг “Э Г Э” ХХК-ийн 4,25 га газар дээр хамтарч барилга барихаар болж, уг компанийн хувьцааны 50 хувийг 1,100,000 ам.доллараар би худалдан авахаар тохирсон. Ингээд 2010.02.25-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн хэдий ч уг компанийн хувьцааны 50 хувийг эзэмшигч болж, Ч.Б би гүйцэтгэх захирлаар албан ёсоор бүртгэгдэж, тохиролцоо ёсоор хувьцааны үнэнд 2010.05.11-нд 400,0 ам.долларыг Энхжаргалын данс руу шилжүүлсэн. Энхжаргалын “хувьцааны мөнгөнөөс Н.Мийн данс руу шилжүүлчих. Би өглөгтэй юм” гэсэн хүсэлтийнх нь дагуу түүнд төлөх ёстой байсан хувьцааны төлбөрөөс 2011.03.03-ны өдрийн 501,000 ам.долларыг нь Н.М рүү шилжүүлсэн. Миний хувьд Н.М, түүний нөхөр Цэгмид нартай ямар ч мөнгө төгрөгийн өглөг авлага байгаагүй, огт хамтран ажиллаж байгаагүй, жирийн л танилууд явсан. Энэ нь Н.Мийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгуудаар нотлогдоно. “Э Г Э” ХХК-ийн хувьцаатай холбоотой маргаан нь 2019.01.31-ний өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, 001/ХТ2019/00168 дугаартай тогтоолын дагуу бэлэглэлээр авсан нэртэй боловч 1,100,000 ам.доллараар худалдан авсан “Э Г Э” ХХК-ийн 50 хувийг 3 шатны шүүхийн шийдвэрээр иргэн Н.Лхамсүрэнд буцаан өгсөн тул би компанийн хувьцааг худалдан авсан 501,000 ам.доллараа шүүхээр нэхэмжилж байна. Учир нь иргэн Д.Э, Н.Лхамсүрэн нар 3 шатны шүүх хуралдаан дээр 501,000 ам.доллар бидэнд хамааралгүй Н.М, Ч.Б нарын хоорондын асуудал гэж мэдүүлсэн тул уг мөнгөө нэхэмжлэх үндэслэл үүссэн тул миний зүгээс уг мөнгөө нэхэмжилсэн болно. Давж заалдах шатны шүүх хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж тус тус заасан байдаг. Хариуцагч Н.М ч, түүний нөхөр Д.Ц нар гэрээ байгуулагдахаас өмнө Ч.Бд Польш Улсад байхдаа 500,000 евро /доллар/ өгсөн мэтээр тайлбарладаг ч өгсөн гэдэг нь огт нотлогддоггүй. Түүнчлэн энэ санхүүжүүлсэн эсэх талаар гэрээнд нэг ч үг өгүүлбэр, тоо баримт байдаггүй, гэрээндээ огт тусгаагүй, гэрээ байгуулагдах үед гэрээний талуудын хэн алинд хөрөнгө мөнгө шилжсэн асуудал байхгүй, нотлогддоггүй. 2009.11.16-ны өдөр байгуулагдсан гэх “Хамтран ажиллах гэрээ” нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3-д хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан тохиолдолд заавал тусгахаар хуулийн зохицуулалтыг хангаагүй, мөн Иргэний хуулийн 477 дугаар зүйлд заасан хураамж, хэчнээн төгрөгийн санхүүжилт оруулсан болон хураамж төлсөн талаар “Б” тал буюу Н.М огт мэддэггүй, тэрээр санхүүжүүлээгүй болох нь гэрчээр өгч байсан мэдүүлэг, шүүхэд гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Нэхэмжлэлийн шаардлага болох 501,000 ам.долларын талаар хариуцагч цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг, шүүхэд тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргахдаа тухай бүртээ илт зөрүүтэй тайлбарлаж нотлох гэж оролддог. Тухайлбал, хариуцагч Н.М нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020.02.10-ны өдөр гаргасан тайлбартаа “Ч.Б, Энхжаргал нар хооронд үүссэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж байсан тухай мэднэ. Харин нэхэмжлэгч Ч.Б, Энхжаргал нар нь нөхөр Д.Цээс зээлсэн мөнгөө “Голомт банк” ХХК-ийн 2201019198 тоот ам.долларын дансаар бэлэн бусаар шилжүүлж зээлээ төлж байснаас Н.М миний бие Ч.Бгаас мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, хувьдаа ашигласан, Ч.Бгийн өмнө хариуцлага хүлээх ямар ч үндэслэл байхгүй болно.” гэж тайлбарласан байдаг. /хх-35 дахь талд/ Энд гэрээний дагуу мөнгөө авсан гэж огт тайлбарлаж байгаагүй болох нь харагдана. Хариуцагч Н.М нь 2020.06.18-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ “...Шийдвэр, магадлал, тогтоолд дурдагдсан дээрх 400,000 ам.долларын асуудлын хувьд манай нөхөр Цэгмидээс бие биедээ итгэх итгэлийн үндсэн дээр Энхжаргал нь хамтран ажиллах санал тавьж бизнес хийхэд санхүүжилт шаардлагатай байна гэж манай нөхөр Цэгмидээс авсан мөнгөө миний дансаар буцаан шилжүүлж өгч байсан гэжээ. Ч.Б, Энхжаргал нар нь миний нөхөр Цэгмидтэй хамтран ажиллаж ашгаа тэнцүү хуваахаар аман тохиролцоог байгуулж, үүнийгээ бичгээр баталгаажуулсан хэрнээ уг тохиролцоондоо хүрэхгүй, олсон ашгаа ч хуваагаагүй мөртлөө манай нөхөр Цэгмидээс авсан мөнгөө эргүүлэн өгөхдөө миний дансаар орлого гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж үүнийгээ нотлох баримт болгон шүүхэд ашиглаж бидний эрх ашгийг зөрчиж байгаа..., Ч.Б нь биднээс огт зөвшөөрөл авалгүйгээр “Винтракт” ХХК-д 2,200,000 ам.доллараар худалдсан байсан. Үнийн дүнгийн 50 хувийг буюу 1,100,000 ам.долларыг авах ёстой, үлдэгдэл 199,000 ам.доллар буюу 560,704,390 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан байдаг. 400,000 ам.долларыг иргэн Энхжаргал Н.Мийн нөхөр Цэгмидээс авсан мөнгөө буцаан төлсөн болохоос биш хамтран ажиллах гэрээний дагуу авч байгаа төлбөр биш гэдгийг хариуцагч өөрөө үгүйсгэсэн төдийгүй, яг энэ иргэний хэрэгт Энхжаргал нь хамааралгүй байхад нэхэмжлэгч Ч.Б, Энхжаргал гэж хоёулаа нэхэмжлэгч мэтээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 2019.05.22-ны өдөр Н.Мийн гэрчийн мэдүүлэгт “2009.11.16-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээнд Б талаас оролцож байгаа хүн нь санхүүжилтийг дангаар гаргаж байгаа талаар тусгагдсан нь үнэн. Энэ мөнгийг яг хэчнээн төгрөг өгсөн эсэхийг манай нөхөр Цэгмид мэдэж байгаа. Би бол мэдэхгүй байна. Цэгмидээс Ч.Б 500,0 еврог 2008 онд ямар зорилгоор авсан гэдгийг мэдэхгүй өгч авалцсан хүмүүсээс өөрсдөөс нь асуугаарай. Би бол мэдэхгүй байна. Миний ярьсан үнэн зөв” гэж мэдүүлсэн байдаг. /1-р ботийн хх-84-р тал/ Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хамтран ажиллах гэрээ” байгуулах үед манай нөхөр хөдөө явж байсан. Намайг очоод гарын үсэг зурчих” гэсэн. Би төлөөлөөд зурсан” гэдэг. Цэгмид нь 2019.05.04-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Ч.Б нь 2007 оны хавар байх, 500,000 евро өгсөн. Би хөдөө явж байсан. Тэгээд эхнэрийгээ очоод гарын үсэг зурчих гэсэн юм” гэдэг. 2019.06.07-ны өдөр дахин гэрчээр мэдүүлэг өгөхдөө “2008 онд Ч.Б надаас 500,0 евро хамтран барилга барина гэж авсан” гэж зөрүүтэй мэдүүлдэг. Мөн Энхжаргал нь гэрчээр мэдүүлэхдээ “2008 онд 500,000 доллар өгч байсан” гэдэг. Харин шүүх хурал дээр “МУ-аас Цэгмид, Ч.Б нар нь хамтдаа нисэж ирсэн. Тухайн өдрөө 500.000 евро Ч.Бд өгсөн” гэдэг хэдий ч Цэгмидийн өгсөн мэдүүлэг, Хил Хамгаалах Ерөнхий Газрын лавлагаа, 2020.08.13-ны өдрийн 01-2/2874 дугаартай Гаалийн Ерөнхий газрын албан бичгээр Ч.Б 2007-2008 онуудад улсын хилээр орж ирэхдээ гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, валютын мэдээлэл гаалийн мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн баримтаар үгүйсгэгддэг. Гэтэл давж заалдах шатны шүүх “Гаалийн Ерөнхий газрын 2020.08.13-ны өдрийн албан бичигт Ч.Б нь 2007-2008 онуудад улсын хилээр орж ирэхдээ гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа валют мэдээллийн санд бүртгэгдээгүй” гэж тодорхойлсныг үндэслэн анхан шатны шүүх дүгнэсэн нь алдаатай болжээ” гэж үндэслэлгүйгээр дүгнэж нотлох баримтыг үнэлж чадаагүй. Хоёр. Барилга хэрхэн баригдсан талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Аюур нь “Н.М нь барилгыг барихад нэг ч төгрөгийн санхүүжилт хийгээгүй, огт сонирхож ирж байгаагүй, огт ашиглаж байгаагүй, барилга баригдах явцад ямар ч оролцоо байгаагүй. Энэ барилгыг “Винтракт” ХХК-д 2010.03.18-ны өдрийн 01 тоот гэрээний дагуу худалдахад ч ирээгүй, тэрнээс хойш мөнгө нэхэмжилж байгаагүй талаар мэдүүлдэг. Тэрээр тухайн барилгыг өөрсдийн хөрөнгөөр хэрхэн барьсан талаар нотолж, шүүхэд барилга барихад хөтөлж байсан дэвтрүүд, банкнаас авсан зээлийн баримт, өөрийн нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Мөн хариуцагч талын хүсэлтээр нотлох баримтаар шүүхийн журмаар гаргуулсан “2011.11.28-ны өдрийн татварын улсын байцаагчийн ярилцлагын тэмдэглэлд Аюур нь “барилга хэрхэн баригдсан талаар тайлбар” өгсөн нь авагдсан баримтуудаар нотлогддог. 2010 онд барилга баригдаж бүрэн дууссан бөгөөд 2010.03.18-ны өдрийн 01 дугаартай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 2,200,000 ам.доллараар худалдсан болохыг хариуцагч түүний нөхөр /Цэгмид нар нь мэдэж байсан талаар мэдүүлдэг, мөн 2,200,000 ам.доллараас 501,000 ам.доллар 400,000 ам.долларыг Энхжаргалаар тус тус шилжүүлүүлэн авч, үлдэх 199,000 ам.долларыг 2020.06.18-ны өдрийг хүртэл хугацаанд Ч.Бд гэрээний үүрэг биелүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаж байгаагүй нь энэхүү гэрээгээр талууд эрх үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсээгүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгосон шинжтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Гурав, давж заалдах шатны шүүх “хамтран ажиллах гэрээ”-ээс үүдэлтэй маргаан гэж дүгнэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэж заасныг баримтлан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь, анхан шатны шүүхийн “Н.М, Ч.Б нарын хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах харилцаа бөгөөд үүнд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2021.03.03-ны өдөр дуусахаар байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Энхжаргал, Лхамсүрэн, Ч.Б бидний хоорондох хувьцаа болон хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргаан 2014 оноос хойш цагдаагийн байгууллага болон иргэний шүүхээр шийдвэрлэгдэн явсаар 2019.01.31-ний өдөр Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж 001/ХТ2019/00168 дугаартай тогтоол гарсан. Уг тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. /1-р хавтасны 8-19 дэх талд/ Дөрөв, давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Улмаар нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгээгүй алдааг гаргасан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваад хариуцагчид гардуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Харин хариуцагч нь авахаас зайлсхийсэн ба 2020.09.23-ны өдөр “нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваад хариу тайлбар өгөх талаар тайлбарлахад “бид өмнөх хойшилсон шүүх хурал дээр танилцчихсан. Одоо шүүх хуралдаан дээр шууд тайлбар гарган мэтгэлцэж оролцоно” гэсний дагуу нэхэмжлэгч талын зөвшөөрснөөр хуралдаан цааш үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан зохигчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7.Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Н.Мт холбогдуулан үндэслэлгүйгээр авсан 501,000 ам.доллар буюу 1,367,229,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тэрээр 2011.03.03-ны өдөр 501,000 ам.долларыг найз Д.Эын гуйлтаар Н.Мт өртэй юм шилжүүлээд өгөөч гэхээр нь хариуцагчийн дансанд шилжүүлсэн, Н.Мт мөнгө төлөх ямар нэгэн үүрэг байгаагүй, уг мөнгийг буцааж гаргуулна гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан эрх зүйн үндэслэлийг заажээ.

Хариуцагч Н.М нэхэмжлэлийг маргаж, Ч.Б, Д.Э нар нь манай нөхөр Д.Цээс их хэмжээний мөнгө бэлнээр зээлж авч байсан бөгөөд бид хамтран ажиллаж байсан, нэхэмжлэгч нь зээлж авсан мөнгөө буцааж төлөхдөө миний дансанд хийж байснаас би мөнгө авч үндэслэлгүй хөрөнгөжсөн, хувьдаа ашигласан зүйл байхгүй гэж мэтгэлцсэн байна.

8. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа хамтран ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1,100,000 ам.доллар өгөхөөс 901,000 ам.долларыг өгсөн тул үлдэх 199,000 ам.доллар буюу 560,704,390 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн байна. Ингэхдээ 2009.11.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.2-т ...А /Ч.Б/ болон Б /Н.М/ тал уг барилгыг тавь тавин хувиар эзэмших эрхтэй” гэж заасан гэрээний нөхцөл, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг сөрөг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ болгожээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч уг гэрээний дагуу ямар ч хамтын ажиллагаа байгаагүй, хариуцагчаас хөрөнгө оруулаагүй, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2009.11.16-ны өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хариуцагчаас 626,996,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, харин давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 476 дугаар зүйлийн 476.1, 76 дугаар зүйлийн 76.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хариуцагч Н.Мээс 501,000 ам.доллар буюу 1,367,229,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ч.Бгийн үндсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгч Ч.Бгаас 560,704,390 төгрөг гаргуулах хариуцагч Н.Мийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

10. Хэрэгт байгаа баримтаас үзвэл 2011.03.03-ны өдөр “Хаан банк” ХХК дахь Ч.Бгийн эзэмшлийн 503632022 тоот данснаас тус банк дахь Н.М, Д.Ц нарын эзэмшлийн 5003632022 тоот дансанд 501,000 ам.доллар шилжсэн үйл баримтыг талууд маргаагүй, харин мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үндэслэл, уг хөрөнгийг хамтран ажиллах гэрээний үүрэгт тооцогдох эсэх талаар маргажээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.01.31-ний өдрийн 001/ХТ2019/00168 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Э, Н.Лхамсүрэн болон хариуцагч Ч.Б, Чимо ХХК-ийн хоорондын хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн, уг тогтоолоор Ч.Б, Н.М нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй холбоотой үйл баримтын талаар шийдвэрлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

11. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “Д.Э нь Н.Мт өртэй, 501,000 ам.долларыг түүний дансанд шилжүүлээч гэж гуйхаар нь шилжүүлсэн гэж, эсвэл “Э Г Э” ХХК-ийн хувьцааны 50 хувийг худалдаж авахаар Д.Эд хувьцааны үнэ 400,000 ам.доллар, түүний гуйснаар нэмээд 501,000 ам.долларыг Н.Мийн дансанд шилжүүлсэн, гэтэл шүүхийн шийдвэрээр 50 хувийн хувьцаагаа буцаагаад авсан тул шилжүүлсэн мөнгөө шаардана гэж өөр өөр үндэслэл гаргаж байсан байна.

11.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27-ны өдрийн 183/ШШ2018/01596 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.08.29-ний өдрийн 1910 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019.01.31-ний өдрийн 001/ХТ2019/00168 дугаар тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч Н.Лхамсүрэн, Д.Э нар Ч.Бд холбогдуулан 2010.02.01-ний өдрийн “Э Г Э” ХХК-ийн хувьцааг бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, компанийн 50 хувийн хувьцааг буцаан гаргуулах, хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах нэхэмжлэл гаргасан, үүнд Ч.Б нь тайлбар гаргахдаа хувьцааг худалдаж авсан болон хувьцааны үнэд ам.доллар шилжүүлсэн талаар шүүхэд мэдүүлж, мэтгэлцэж байгаагүй байна. Дээрх шийдвэрээр Ч.Бгийн зүгээс Д.Эд шилжүүлсэн 400,000 ам.долларыг Ч.Бгийн буцаан шилжүүлэх мөнгөнөөс хасч тооцсон, ийм байхад уг мөнгө нь хувьцааны үнэ байсан талаар Ч.Б нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахдаа ч энэ талаар мэдүүлээгүй байв.

11.2. Дээрх байдлаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зөрүүтэй тайлбарласан, 501,000 ам.долларыг хариуцагч Н.Мийн дансанд шилжүүлсэн байгаа ч буцаан шаардах үндэслэлээ нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хангахгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл хууль зөрчөөгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь сайн дураараа шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй болно. Энэ талаар нотлох баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэх нэхэмжлэгчийн гомдлын хангахгүй орхив.

12. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон Ч.Б болон Н.М нарын 2009.11.16-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр А тал буюу Ч.Б, Б тал буюу Н.М нар хөрөнгөө нэгтгэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хуримын ордны хойно байрлах Ч.Бгийн эзэмшлийн газар дээр оффисын зориулалттай, 4 давхар 1530 м.кв бүхий барилгыг хамтран эзэмшиж, ашиглах зорилгоор санхүүжилтийг Б тал дангаар гаргаж, А тал барилгын ажлыг удирдан зохион байгуулж, мөнгийг үр ашигтай зарцуулж, менежмент болон бизнесийг ашигтай явуулж Б талд тайлагнах, уг барилгыг тавь тавин хувиар эзэмшинэ гэж гэрээндээ заажээ. /1хав-60х/

Өөрөөр хэлбэл, Ч.Бгийн эзэмшлийн газар дээр баригдаж буй 4 давхар барилгын санхүүжилтыг Б тал буюу Н.М гаргах үүргийг хүлээжээ.

13. Тэрээр хамтран ажиллах гэрээнд заасан барилгыг Ч.Б нь 2010.03.18-ны өдөр бусдад 2,200,000 ам.доллараар худалдсан байхад энэ үеэс эхлэн эрх зөрчигдсөн бол хариуцагч Н.М нь гэрээний дагуу Ч.Бд холбогдуулан Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.2.1-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. Ч.Б болон Д.Э нарын хооронд үүссэн маргаан шүүхээр олон жил шийдвэрлэгдсэн гэх байдал нь Н.М болон Ч.Б нарын хооронд хамтран ажиллах гэрээний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад нөлөөлөхгүй, “Ч.Б нь дараагийн төсөл хэрэгжихээр үлдэх 199,000 ам.долларыг төлнө” гэж санал тавьсан гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

14. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 501,000 ам.долларыг хамтран ажиллах гэрээнд хураамж хэлбэрээр оруулсан, хамтын үйл ажиллагааг явуулсан үйл баримтыг хариуцагч Н.М нотлоогүй байхад уг мөнгөн хөрөнгийг хамтран ажиллах гэрээний зүйл болсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтад тулгуурлаагүй байх ба энэ нь магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болоогүй, дээрх байдлаар дүгнэлтийг залруулах боломжтой гэж үзэв.

15. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2426 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2,955,600 төгрөг, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 7,070,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.БАНЗРАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                 ШҮҮГЧИД                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ