Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 394

 

Б.М-ад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр магадлалтай, Б.М-ад холбогдох 1803010510122 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирох” гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.М-ыг  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасныг баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан зүйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх Б.М-ын хүний амь нас хохироосон онц ноцтой гэмт хэрэгт хорих ял оногдуулаагүй төдийгүй түүнийг хоёрхон жилийн хугацаагаар тэнсэх, сургалтад хамрагдах гэсэн шийтгэл гэх ёс төдий зүйл оногдуулж, уг шийдвэрийг нь давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь шударга ёсонд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж гэж үзэхээр байна. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд тодорхойлсон шударга ёсны зарчмын үүднээс авч үзвэл дээрх анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хохирогч бидэнд хэтэрхий шударга бус хандсан төдийгүй та нарт учирсан хохирол арилсан гэх агуулгатай зүйл бичсэнийг яаж ч хичээгээд ойлгох боломжгүй үйлдэл боллоо. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг дээрх шийдвэрүүд нь Б.М-ын толгойг илж өөгшүүлсэн, нэг ёсондоо шагналын шинжтэй байгаа ба нөгөө талаар хохирогч бидний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн төдийгүй дээрх этгээдийн гэмт үйлдлийн улмаас нас барсан эцгийг минь бүдүүлгээр доромжилсон үйлдэл боллоо гэж хохирогчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Б.М-ыг тэнссэн үндэслэлээ “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй” гэжээ.

Хохирогч бидний хувьд шүүхийн дээрх дүгнэлтийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, зарим нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй албаар орхигдуулсан, хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл шийтгэх тогтоолд үндэслэл болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг уншиж үзэхэд “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж бичсэн байна. Хуулийн дээрх заалтаас харахад “...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...” байхыг гэмт этгээдээс шаардаж байна. Гэтэл бодит байдал дээрээ хохирогч надад болон миний гэр бүл, төрөл төрөгсдөд маань Б.М- гэгч этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бодитойгоор учирсан хохирол хор уршиг огт арилаагүй байгаа. Юуны түрүүнд энэ гэмт хэргийн улмаас миний эцэг Д.Р-н амь нас хохирсон юугаар ч нөхөж баршгүй, нөхөн төлөх боломжгүй, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх зөрчигдсөн бодит хохирол учирсан нь маш тодорхой байтал анхан шатны шүүх яагаад үүнийг анхаарч үзсэнгүй вэ, түүгээр зогсохгүй юуг үндэслэж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар маш тодорхой заажээ.

Эрүүгийн хуулийн дээрх заалтаас харахад гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг гэдэг нь хоорондоо ялгаатай 2 өөр ойлголт байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг хоёрыг хоёуланг нь арилгаж байж тэнсэн ял авах ёстой байжээ гэж ойлгогдохоор байна. Гэтэл Б.М гэгч этгээд нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бидэнд учруулсан хохирол огт арилаагүй, арилах боломжгүй болно. Хэрвээ Б.М-ын талийгаачийн оршуулгын зардлыг төлсөн явдлыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, уршгийг арилгасан гэж үздэг байсан юм бол бид хэзээ ч түүнээс мөнгө авахгүй байсан бөгөөд одоо ч өгсөн мөнгийг нь буцаан өгөхөд бэлэн байна. Б.М нь хохирогч биднээс хүн ёсны хувьд уучлал гуйж, чинь санаанаасаа гэмшиж хандахын оронд шүүх хурал болохын өмнөх өдөр хохирогч надтай уулзаад “...5 сая төгрөг өгье. Тэгээд хоёр тийшээ салъя...” гэж хэлэн хохирогч биднийг болон зүй бусаар өөрийнх нь гарт амь насаа алдсан эцгийг минь доромжилсон үйлдэл гаргаж байсан болно. Иймд хохирогч миний гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М- гэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон хорих ял оногдуулах боломж олгож өгөхийг хичээнгүйлэн хүсье” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хэлсэн саналдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хор уршгийг арилгасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээр заасан. Гэтэл энэхүү хуульд заасан хор уршиг арилаагүй байхад арилсан хэмээн дүгнэж, шүүгдэгч Б.М-ад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүх хор уршиг арилсан гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудлыг хянах байтал шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн хэмээн орхигдуулсан. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам хэлсэн саналдаа  “Хохирогчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөхийн тулд хүнээс мөнгө зээлж төлсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хор уршиг арилаагүй байхад арилсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэсэн нь буруу юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн Б.М-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 07 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бүрэн плаза” төвийн урд замд “Тоёота приус” загварын 14-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Р-г мөргөж амь насыг нь хохироосон хэмээн дүгнэж, улмаар түүнийг гэм буруутайд тооцон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр байтал анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм хор арилаагүй талаар маргаж байхад хор уршиг арилсан хэмээн дүгнэж, уг зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдэд хариуцан арилгахыг үүрэг болгожээ. Мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовир шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүйгээс хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг шүүх тогтоох боломж хязгаарлагдмал юм. Энэ тохиолдолд шүүх хохирол төлөгдсөн эсэх талаар дүгнэлт хийхдээ амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн санал, шаардлагыг зохих хэмжээгээр харгалзан үзэх нь чухал ач холбогдолтой.

Хохирогчийн зүгээс хүний амь нас хохирсон хэргийн хохирол, хор уршиг арилаагүй талаар тайлбар, гомдол гаргаж буй бол шүүх үүнийг арилсан гэж үзэх үндэслэлээ тодорхой заах ёстой бөгөөд үндэслэл тодорхойгүй үед хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б нь хор уршиг арилаагүй талаар шат шатны шүүхэд гомдол гаргасаар байтал шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 352 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 540 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.М-ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН