Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/00001

 

МАГАДЛАЛ

2020.12.23 Дугаар 01

 

 

 

 

 

 

Ш Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны ны өдрийн 102/ШШ2020/02671 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Шүрэнтитэм ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШШШШт холбогдох, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1460 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигон-Агро ХХК-аас 245 405 225 төгрөг гаргуулж МБ И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Ш Т ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг хөрөнгийг хууль бусаар өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүй 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн талаар 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар баг Улаанхудагт очих үеэр Боржигон-Агро ХХК-аас мэдсэн. Ш Т ХХК нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу Боржигон-Агро ХХК-аас шилжүүлэн авсан. Гэтэл ШШШШ хууль бусаар гуравдагч этгээдийн дээрх эд хөрөнгөнд халдаж битүүмжилсэн байна. Уг битүүмжлэх тогтоолд бичигдсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг нь Ш Т ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө юм. Иймд эдгээр хөрөнгүүдийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1460 дугаартай шүүгчийн захирамжаар Боржигон-Агро ХХК-аас 341 405 225 төгрөг гаргуулж МБ И ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийг үндэслэн төлбөр төлөгчийн шүүхийн шийдвэрт заасан хаяг болох Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Боржигон-Агро ХХК-ийн хашаанд байсан МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369/09 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн. Дээрх хөрөнгийг МБ И ХХК-аас Боржигон-Агро ХХК нь 2015 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2015/3 дугаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж зээлээр худалдан авсан. Төлбөрөө бүрэн төлж дууссанаар эд хөрөнгийн өмчлөлийн эрх шилжих боловч Боржигон-Агро ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тул эд хөрөнгийн өмчлөх эрх өөрт нь бүрэн шилжээгүй байсан. Иймд МБ И ХХК-ийн эд хөрөнгийг Боржигон-Агро ХХК нь бусдад шилжүүлсэн нь гэрээний 3.1-т заасан барьцааны эд хөрөнгийг компанийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр дахин гуравдагч этгээдэд шилжүүлэх, барьцаалах, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхгүй гэснийг зөрчин төлбөр төлөгч Боржигон-Агро ХХК-ийн захирал нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийг Ш Т ХХК-ийн захиралд бэлэглэсэн мэтээр баримт бүрдүүлсэн. Учир нь дээр дурдсан 3 төрлийн тоног төхөөрөмжүүдийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулан бэлэглэсэн. Уг бэлэглэлийн гэрээ 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр нотариатаар батлуулсан. Ийнхүү нотариатаар батлуулсан явдал нь тухайн хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч битүүмжилснээс хойш байгаа бөгөөд худалдан борлуулах ажиллагаанд саад учруулах зорилгоор хийгдсэн ажиллагаа гэж харагдаж байна. Иймд Ш Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боржигон-Агро ХХК нь МБ И ХХК-аас 3 төрлийн газар тариалангийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Зээлийн гэрээний зүйлээр энэ гурван техник нэрлэгдсэн. 2018 онд хоёр тал эвлэрснээр хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлж, тогтсон хугацаанд төлбөр төлөөгүй учраас 2018 оны 7 дугаар сард Төв аймгийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад албадан гүйцэтгүүлэх ажиллагаа хийгдсэн. Боржигон-Агро ХХК нь МБ И ХХК-д 30 000 000 төгрөгийг төлсөн. Үүнээс өөрөөр төлбөр төлөөгүй учраас дээрх техникийг битүүмжлүүлсэн. Битүүмжлүүлсэн эд хөрөнгийг гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн мэтээр бэлэглэлийн гэрээ байгуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэхдээ бусдын өмчлөлийг бусдад бэлэглэх эрх үүсэхгүй. Иймд бэлэглэлийн гэрээг байгуулснаар хүчин төгөлдөр бус юм. Гэрээний төлбөрийг төлж дуусаагүй тул өмчлөлийн зүйл Боржигон-Агро ХХК-д шилжээгүй, энэ гурван эд зүйл МБ И ХХК-ийн өмчлөлд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш Т ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369/09 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн хөрөнгөөс МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэргийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. "Ш Т" ХХК нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369/09 дугаар тогтоолоор битүүмжилсэн МТЗ-3522 маркийн Беларусс трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагч зэрэг хөрөнгийг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу "Боржигон-Агро" ХХК-аас шилжүүлэн авсан бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ "Ш Т" ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгөд халдаж хууль бус ажиллагаа явуулж нэхэмжлэгчийн өмчлөл эзэмшлийн хөрөнгөд халдаж, эрх ашгийг зөрчсөн.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээрх хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлийн херөнгө болохыг бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байтал анхан шатны шүүхээс бэлэг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш Т ХХК нь хариуцагч ШШШШт холбогдуулан МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01460 дугаар захирамжаар Боржигон-Агро ХХК нь барааны үнэд 138 173.31 ам.долларыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 165 250 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 165 250 000 төгрөгийг МБ И ХХК-д тус тус төлөхөөр зохигчид эвлэрлэснийг баталсан байна.

 

Төлбөр төлөгч Боржигон-Агро ХХК нь дээрх захирамжийн дагуу төлбөрийг төлөөгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/01460 дугаар захирамжийг үндэслэн ШШШШ дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн хөрөнгө болох МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг битүүмжлэн, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хураагдсан дээрх хөрөнгийг төлбөр төлөгч нь Боржигон-Агро ХХК нь Ш Т ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээний дагуу шилжүүлсэн өгсөн байхад ШШШШ бусдын өмчлөлд шилжсэн хөрөнгийг битүүмжлэн хураасан нь буруу гэх нэхэмжлэлийн тайлбар үндэслэлгүй. Учир нь Боржигон-Агро ХХК нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу хөрөнгийн үнийг бүрэн төлж, өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байсан байна. Иймд МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг бусдад буюу Ш Т ХХК-д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжсэн гэх байдал нотлогдоогүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш Т ХХК нь бэлэглэлийн гэрээний дагуу МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг шилжүүлэн авч өөрийн хөрөнгөд бүртгэсэн буюу түүний өмчлөлд шилжсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, төлбөр төлөгч Боржигон-Агро ХХК нь төлбөр авагч МБ И ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 350 000 ам.долларын үнэ бүхий МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг зээлээр худалдан авахаар тохиролцон, 2016 онд 6 удаа, 2017 оны 1-3, 6-12 саруудад, 2018 оны 1 сард төлбөр төлж байсан боловч гэрээний үнийг бүрэн төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн.

 

Улмаар хариуцагч Боржигон-Агро ХХК нь барааны үлдэгдэл үнэ 138 173.31 ам.долларыг 2018 оны 5 дугаар сарын 31-нд 165 250 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 165 250 000 төгрөгөөр нэхэмжлэгч МБ И ХХК-д төлөхөөр, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зохигч эвлэрснийг баталсан, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Ш Т ХХК нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 18200369 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн хөрөнгөөс МТЗ-3522 маркийн Беларусь трактор, хийн үрлүүр АППА 06-02, хавагчийг хасаж чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ний өдрийн 102/ШШ2020/02671 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдусгай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА