Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2020/02296

 

МАГАДЛАЛ

2020.12.07 Дугаар 2296

 

 

 

 

 

 

У.Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2020/02491 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Хын нэхэмжлэлтэй, хариуцагч ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад холбогдох, хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 4 950 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Х нь ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагатай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн өмнөх боловсолл сургалтын гэрээг байгуулж, 3 настай охин Х.Биндэръяаг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэцэрлэгт явуулахаар болж сургалтын төлбөрт 9 900 000 төгрөг төлсөн. Корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож мөн оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цэцэрлэгт явуулаагүй. Хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс сургалтын төлбөрийг бидэнд буцааж өгөхгүй гэсэн мэдэгдлийг гаргасан. 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр эцэг эхүүд нь дахин шаардлага хүргүүлэхэд, шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн тул ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагатай байгуулсан гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрийн 50 хувь болох 4 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь У.Хтай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж түүний 3 настай охин Х.Биндэръяаг цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 9 900 000 төгрөгийг төлсөн. ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч дэлхий нийтэд тархсан корона вирусын улмаас Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон ч талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээгээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 4 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Хт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулагдсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ 10 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд сарын сургалтын төлбөр 990 000 төгрөг гэж тохиролцсон. Дэлхий нийтэд тархсан корона вирусын улмаас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосох хүртэл нийт 4 сар, 27 хоногийн сургалтын үйл ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд сургалтын хөтөлбөрийн нийт хугацааны 50 хувьд үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.5.2-т Эцэг, эх нь хүүхдээ гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн орон тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авч эцэг, эхэд буцаан олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4 950 000 төгрөгийн 20 хувь болох 990 000 төгрөгийг хариуцагч байгууллага суутган авах эрхтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 990 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч У.Х нь хариуцагч ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрийн 50 хувь болох 4 950 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн сургуулийн өмнөх боловсрол сургалтын гэрээгээр ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага нь хүүхдийг цэцэрлэгт хамрагдах хугацаанд төлбөртэй сургаж сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулах, У.Х нь 3 настай охин Х.Биндэръяагийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны сургалтын төлбөрт 9 900 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон, гэрээний нийт хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд хүүхдээ цэцэрлэгт хамруулсан зэрэг үйл баримт тогтоогдсон байна. /хх-11-13/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан хуулиар зохицуулагдаагүй, гэрээний үндсэн шинж хэлбэрийг агуулсан өвөрмөц агуулга бүхий нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэгт авагдсан ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага, У.Х, нарын хооронд байгуулсан гэрээ, сургалтын төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажлуулагч хөлс төлөх үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Улсын онцгой комиссын шийдвэрээр дэлхий нийтэд тархсан Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэсэн бөгөөд хариуцагчийн татгалзал нь уг үйл баримтад үндэслэжээ.

 

Нэхэмжлэгч У.Х нь гэрээний 3.1.2-т зааснаар сургалтын төлбөр 9 900 000 төгрөг төлөх үүргээ биелүүлсэн, хариуцагч байгууллага 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан талаар зохигчид маргаагүй.

 

Харин ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллага дэлхий нийтийг хамарсан коронавирус гарсантай холбоотойгоор сургалтын үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний 7.5.2-т заасны дагуу төлсөн төлбөрөөс тодорхой хэмжээгээр суутгах буюу цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд төлбөрийн зарим хэсгийг тооцох гэсэн агуулгаар нэхэмжлэлийг татгалзжээ.

 

Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж зохицуулсны дагуу ажиллагч ажлын хөлсөө шаардах эрхээ алдсан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Хариуцагч байгууллага Ковид-19 буюу шинэ төрлийн коронавирус гэх цар тахлын улмаас гэрээгээр хүлээсэн үүрэг болох сургалтын үйл ажиллагааг үргэлжүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах үр дагавар үүснэ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй тул цэцэрлэгийн үйл ажиллагааны зардалд төлбөрийн зарим хэсгийг тооцох тухай хариуцагчийн татгалзлыг хангах үндэслэлтэй.

Талууд гэрээний 7.5-т хүүхэд цэцэрлэгт бүртгүүлж, төлбөр төлж орон тоог баталгаажуулснаар цэцэрлэгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын орон тоог тогтоох, цэцэрлэгийн зүгээс үүрэг, хүлээх, худалдан авалт хийх, хөрөнгө оруулах зэрэг ихээхэн хэмжээний зардлыг урьдчилан гаргах нөхцөл үүсдэг талаар тусгасан.

 

Мөн гэрээний 7.5.2-т Эцэг, эх нь хүүхдээ гэрээний хугацааны 50 хувь хүртэлх хугацаанд цэцэрлэгт хамруулсны дараа гэрээг дуусгавар болгохоор хүсэлт гаргасан бол гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй ба элсэх хүүхдийн тоо хязгаарласны торгуулийг хамрагдаагүй үлдсэн хугацаанд ногдох төлбөрөөс 20 хувиар суутган авч эцэг, эхэд буцаан олгоно гэж тохиролцжээ.

 

Ийм учраас нэхэмжлэгчийн төлсөн нийт төлбөрийн 50 хувь болох 4 950 000 төгрөгнөөс 20 хувь буюу 990 000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 3 960 000 төгрөгийг хариуцагчаар буцаан төлүүлэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн талаар өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/02491 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ХХХ цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 3 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 990 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...94 150 төгрөг гэснийг ...78 310 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 28 310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА