Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2020/02491

 


 

2020 9 18 183/ШШ2020/02491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, хаягт оршин суух Б овогтой У.гийн Х. /РД:../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах, улсын бүртгэлийн .. дугаартай, регистрийн .. дугаартай, Э.ын сургалтын байгууллагад холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрт төлсөн 4 950 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн 3 настай охин Х.Б.г 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл цэцэрлэгт явуулахаар Э.цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагатай гэрээ байгуулж, сургалтын төлбөрт 9 900 000 төгрөг төлсөн. Корона вирусээс урьдчилан сэргийлэх үүднээс улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэгч нь 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цэцэрлэгт явуулж чадаагүй. Энэ хугацаанд хичээлийн хагас жилийн үр дүн үйлчилгээг хүлээж аваагүй. Хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс сургалтын төлбөрийг бидэнд буцааж өгөхгүй гэсэн мэдэгдлийг гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр эцэг эхүүд нь дахин шаардлага хүргүүлэхэд, шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн тул Э.цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагатай байгуулсан гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрийн 50 хувь болох 4 950 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Э.цэцэрлэг нь нэхэмжлэгч У.Х.тай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг байгуулж түүний 3 настай охин Х.Б.г цэцэрлэгт сургахаар харилцан тохиролцож сургалтын төлбөрт нэхэмжлэгчийн зүгээс 9 900 000 төгрөгийг төлсөн. Э.цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд хэвийн тасралтгүй явагдаж байсан боловч дэлхий нийтэд Сovid 19 буюу шинэ төрлийн корона вирус гэх цар тахал гарч уг тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг үндсэнд нь зогсоож шийдвэрлэсэн. Улмаар дээрх үйл явдал буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын улмаас ганцхан тус цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан бус улс даяараа дээрх нөхцөл байдлын улмаас хүнд нөхцөл байдалд орж олон аж ахуй нэгж байгууллагууд хаалгаа барьсан. Харин Э.цэцэрлэгийн зүгээс хэдий цэцэрлэгтээ хүүхдүүдэд биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломж нь биднээс үл шалтгаалах асуудлаас болж үргэлжлэх боломжгүй болсон хэдий ч сургалтын байгууллага тэр дундаа сургуулийн өмнөх насны боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн байгууллагын нэр хүнд, түүнчлэн талуудын хооронд байгуулсан сургалтын гэрээ зэргээ ухамсарлаж хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүүхдүүддээ хүргэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Х. нь хариуцагч Э.цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагад холбогдуулан гэрээнээс татгалзаж, сургалтын төлбөрт төлсөн 4 950 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, корона вирус цар тахлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэрээр цэцэрлэгтээ хүүхдүүдийг биет байдлаар сургалтын үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон хэдий ч хүүхдүүддээ чанарлаг хүнсээр гэрээр нь хангах, видео хичээл бэлтгэж хүргүүлэх зэрэг арга хэмжээг цаг үргэлж явуулсаар ирсэн. Сургалтын гэрээнд төлбөрийг буцаан олгохгүй тухай заасан гэж маргав.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2019 оны 08 сарын 30-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 3 настай Б.г 09 сарын 01-нээс 06 сарын 30-ний хүртэл цэцэрлэгт хамруулах, хүүхдийг цэцэрлэгт хамруулах хугацаанд 9 900 000 төгрөгийн төлбөртэй сургаж хөгжүүлэх, эрүүл зөв хооллох, хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшүүлэхүйн дэмжих зорилготой боловсролын цөм хөтөлбөр болон Канад улсын Октарион мужийн сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрөөр баяжуулсан сургалтын ажлыг тогтмол, чанартай зохион байгуулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь сургалтын төлбөр 9 900 000 төгрөгийг төлсөн байна.

 

Талууд үүссэн эрх зүйн харилцаагаа Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж тодорхойлж байх боловч гэрээний зорилго, гэрээний зүйл, оролцогч талууд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг зэргээс үзэхэд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлгүй нь дээр ийм гэрээг Иргэний хууль болон боловсролын салбар хууль тогтоомжоор тусгайлан зохицуулаагүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. мөн зүйлийн 189.5-д энэ хуулиар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. гэж заасан тул маргааны эрх зүйн баримт болох 2019 оны 08 сарын 30-ны өдөр сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан бөгөөд дэлхий нийтэд тархсан Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоосонтой холбоотой 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон нь нийтэд илэрхий үйл баримт болно.

Дээрх нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулсан гэрээ хэрэгжих нөхцөл өөрчлөгдөж, цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдэд гэрээр хоол болон видео хичээлийг хүргүүлж, сургалтын үйл ажиллагааг явуулсан гэх боловч нэхэмжлэгч тус сургалтын үйл ажиллагаанд хамрагдаагүй байна. Талууд энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө төл нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан байх тул нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжих өөрчлөгдсөн нөхцөл болох хоол болон видео хичээлийг гэрээр хүргүүлэх сургалтын үйл ажиллагаанд хамрагдахаас татгалзах эрхтэй байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д ...цэцэрлэгийн хичээлийн жил тэнцүү хэмжээний 2 улиралтай буюу 9-01 дүгээр сар дуустал 1 дүгээр улирал, 02-6 дугаар сар дуустал 2 улирал гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч сургуулийн өмнөх боловсрол, сургалтын гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасан үр дагавар үүсэх тул хүүхдийн сургалтад хамрагдаагүй 2 дугаар улиралд ногдох сургалтын төлбөр 4 950 000 төгрөгийг хариуцагч Э.цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас буцаан гаргуулж нэхэмжлэгч У.Х.т олгох нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээнд заасны дагуу 20 хувийн торгуулийг суутгах ёстой... гэх тайлбар үндэслэлгүй болно. Учир нь гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдэх шаардах эрх дуусгавар болдог тул гэрээний үүрэг болох анз тооцох үндэслэлгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.цэцэрлэг боловсрол сургалтын байгууллагаас 4 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Х.т олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 94 150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ