Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0889

 

221/МА2017/0889

Д.*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******ь нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0793 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.*******нгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.*******ын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.******* 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Хан-Уул дүүргийн Засаг даргын хуульд үл нийцсэн буюу хууль зүйн үндэслэлгүйгээр гаргаж буй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар томилсон шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар  сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0793 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргаар Б.*******ыг томилсон шийдвэр гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.*******н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж захиргааны акт гаргахыг даалгах шийдвэрийн үндэслэх хэсэгт “...11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус” гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасныг буруу тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.******* тус дүүргийн Засаг даргад хандаж 11 дүгээр хорооны Засаг даргад томилуулах саналыг гаргаж байгаагүй анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явц тодорхой болсон. Өөрөөр хэлбэл хорооны иргэдийн Нийтийн Хурлаас уламжилсан саналыг нэхэмжлэгч Б.*******ыг гаргасан мэтээр тайлбарлаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “багийн Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн хурал 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, өмнөх Засаг даргын 2016 оны ажлын тайлан, иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, хорооны Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд мөн өдрийн 5 дугаар тогтоолоор хуралд оролцсон иргэдийн 100 хувийн санал авсан Б.*******ыг Засаг даргаар сонгогдсоныг баталж, 2 дугаар сарын 21-ний өдөр томилуулахаар дүүргийн Засаг даргад санал болгожээ.

Хэдийгээр дээрх хуульд Засаг даргад эхний удаа нэр дэвшүүлсэн хүнийг томилох эсэхийг шийдвэрлэх хугацааны талаарх нарийвчилсан зохицуулалт байхгүй ч бодит байдалд хариуцагчаас хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.4-т заасны дагуу Б.*******ыг томилох эсэх талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн б/54 дүгээр захирамжаар 11 дүгээр хорооны Засаг даргаар ажиллаж байсан С.Түвшинжаргалыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон болон бусад үндэслэлээр мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн б/55 дугаар захирамжаар Г.Эрдэнэмөнхийг 11 дүгээр хорооны Засаг дар томилогдох хүртэл хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Дүүргийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн б/18 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга С.Түвшинжаргалыг томилж байсан, эндээс хугацаа тоолох хуулийн зохицуулалтаар тооцоход 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал өмнөх Засаг даргын бүрэн эрхийн 4 жил болохоос сар гаруйн өмнө хуралдсан мэт харагдавч сонгуулийн дүнгээс хамаарч сонгогдож, томилогддог албан тушаалтны хувьд бүрэн эрхийн хугацааг ийм байдлаар тооцох бололцоогүй.

Иймд тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/15 дугаар захирамжаар өмнөх Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад 2017 оны 2 дугаар сард иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж зохион байгуулалтын асуудал хэлэлцэхээр товлон зарласан нь хууль бус гэсэн дүгнэлт өөрөө хуульд нийцээгүй, үндэслэлгүй бөгөөд хариуцагчаас энэхүү тогтоолыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагт зарласан иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахыг хориглохоор шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх хэсэгт заасны дагуу Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг томилох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй байх боломжийг хариуцагчид бий болгохгүй.

Түүнчлэн хороодын иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах дэг батлагдаагүй болох нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 02/142 дугаар албан бичгээр нотлогдох бөгөөд энэ нь иргэдийн Нийтийн Хурлын хуульд заасны дагуу Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхийг ямарваа хэлбэрээр хязгаарлах үндэслэл болохгүй.

Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийг 11 дүгээр хорооны Засаг даргаар томилуулахаар уламжилсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаар тогтоолоор өргөн мэдүүлсэн саналыг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах гомдолд дурдсанчлан нэхэмжлэгч Б.*******ын тухайд дүүргийн Засаг даргад хандаж өөрийгөө 11 дүгээр хорооны Засаг даргад томилуулахаар санал гаргах хууль зүйн үндэслэлгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан энэхүү саналыг нэр дэвшигч бус харин тухайн Хурлаас гаргах нь хоёрдмол утгагүй, нэг мөр ойлгогдох, хуулийн тогтсон зохицуулалт болно.  

Анхан шатны шүүхээс ч иргэдийн нийтийн Хурлаас гаргасан Засаг даргад томилуулах тухай саналыг нэхэмжлэгч Б.*******ыг гаргасан мэтээр огт дүгнээгүй, ингэж дүгнэх ч үндэслэлгүй юм.

Харин “Засаг даргад томилохыг даалгах” шаардлагын тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т эхний удаа нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзах эрхийг дээд шатны Засаг даргад олгосон байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбогдуулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулав. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0793 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...томилсон шийдвэр гаргахыг...” гэснийг “...томилох асуудлыг шийдвэрлэхийг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.*******нгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН