Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00338

 

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00338

 

 

 

А Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/03348 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч-, Д.Ч- нарт холбогдох

Бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мягмаржав нь А Банк ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 28 800 000 төгрөгийн зээлийг жилийн 30,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлийн эргэн төлөлт хийгдээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2017/02343 тоот захирамжаар зээлийн гэрээний үүрэгт 28 182 352 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулан А Банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 00548 тоот шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/713 тоот албан бичгийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла /18101/, 53Д байрны 233 тоот хаягт байрлах Ү-2201032246 тоот улсын бүртгэлийн дугаартай 31,46 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг А Банк ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгасан. Гэтэл өнөөдрийг хүртэл хугацаанд А Банк ХХК нь дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон байтал орон сууцанд иргэн Б.Ч-, Д.Ч- нар нь амьдардаг хэмээн орон сууцыг чөлөөлөхгүй байна. Иймд А Банк ХХК-ийн өмчлөлийн дээрх орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү. Мөн А Банк ХХК нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А-300 тоот тушаалаар Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон ажиллаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А Банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот 31.43 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032246 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч-, Н.Чанцалням нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ч- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот 31.43 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201032246 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууц анх энэхүү байр ашиглалтад орсон цагаас Б.Ч- миний өмчлөлийн орон сууц байсан. Б.Мягмаржав бидний хооронд 10 000 000 төгрөгийн өр авлага байсан. Гэтэл Б.Мягмаржав надад байрыг чинь барьцаанд тавиад 10 000 000 төгрөгөө гаргаж аваад үлдсэнийг нь би хүүтэй зээлж чамд 20 000 000 төгрөг болгоод өгнө гэж тохиролцож өмчлөлийн нэрийг өөрчилж шилжүүлж өгсөн. Энэ хугацаанд би өөрийн орон сууцанд одоог хүртэл амьдарч байна. Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасны дагуу миний орон сууцыг шилжүүлэх тухайгаа мэдэгдэлгүй өөр этгээдэд шилжүүлсэн. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2, 171.3, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан байдаг. Зах зээлийн ханшаар орон сууцыг үнэлээгүй нь хууль бус. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК нь хариуцагч Б.Ч-, Д.Ч- нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот хаягт байрлах Ү-2201032246 тоот улсын бүртгэлийн дугаартай 31,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Ө.Батсуурь, Б.Мягмаржав нар нь Ариг банк ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2106005601 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 28 000 000 төгрөгийг зээлсэн, уг зээл төлөгдөөгүйн улмаас зээлдэгч Ө.Батсуурь, Б.Мягмаржав нарт холбогдуулан 28 182 352 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Ариг банк ХХК Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШЗ2017/02343 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 5 /

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах, дуудлага худалдааны үнийн санал авах ажиллагаа, анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны ажиллагаа тус тус явагдсан боловч үнийн санал ирээгүйгээс уг орон сууц худалдан борлогдоогүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.

Улмаар төлбөр төлөгч Б.Мягмаржавын Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот хаягт байрлах, 31,43 м.кв талбай бүхий орон сууцыг төлбөрийн үнийн дүнд тооцон төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж, төлбөрийг барагдуулж байгаа тухай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үндэслэж, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийг төлбөр авагч Ариг банк ХХК-д шилжүүлэхийг мэдэгдэж, Ариг банк ХХК 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. / хх-ийн 9, 10, 11 /

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдаагүй харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаагаар нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Ч- нь маргаан бүхий орон сууцыг ...Б.Мягмаржав бидний хооронд 10 000 000 төгрөгийн өр авлага байсан. Гэтэл Б.Мягмаржав надад байрыг чинь барьцаанд тавиад 10 000 000 төгрөгөө гаргаж аваад үлдсэнийг нь би хүүтэй зээлж чамд 20 000 000 төгрөг болгоод өгнө гэж тохиролцож өмчлөлийн нэрийг өөрчилж шилжүүлж өгсөн гэж гомдол гаргаж байгаа боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Ариг банк ХХК-ийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53Д байр, 233 тоот хаягт байрлах, 31,43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Ч-, Д.Ч- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/03348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ