Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02406

 

Г.Ү, Г.Т нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02609 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Ү, Г.Т нарын хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 14 810 320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О, Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Т, Г.Ү нар нь М ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр П1-С-1/2-47 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу худалдагч 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд худалдан авагч Г.Т, Г.Ү нар нь гэрээгээр хүлээсэн 80 416 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн. Гэвч худалдагч М ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд талууд харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Энэ төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээнд хамаарах тул гэрээний маргаан нь үүргийн нийтлэг зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэх бүрэн боломжтой. Тус гэрээний 1.1, 1.3-т заасан үүргүүдийг тус компани нь хүлээсэн. Хариуцагч компани 80 416 000 төгрөгийг гэрээний дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй тул 0.5 хувиар алданги тооцох талаар 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр анхааруулж төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгч нь төлбөрийг төлөлгүй хугацааг хэтрүүлэн төлж барагдуулсан. Иймд гэрээний 1.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 5 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 80 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 402 080 төгрөгөөр тооцвол 2 010 400 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 17 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 70 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 352 080 төгрөгөөр тооцвол 5 958 360 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 60 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 302 080 төгрөгөөр тооцвол 2 114 560 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 14 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 252 080 төгрөгөөр тооцвол 3 529 120 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 127 080 төгрөгөөр тооцвол 889 560 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 4 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15 416 000 төгрөгийн 0,5 хувь болох 77 080 төгрөгөөр тооцвол 308 320 төгрөг болж байгаа бөгөөд төлбөр авагчид нийт 14 810 320 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Учир нь захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээний 6.1.7-т зааснаас үзвэл тухайн орон сууц худалдан борлуулагдаагүй ч 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд үлдэгдэл 15 416 000 төгрөг буюу захиалагчийн нийт төлсөн 80 416 000 төгрөгийг бүрэн төлж тооцоог дуусгасан. Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа алдангийн тооцоо алдаатай, буруу байгаа бөгөөд тооцож үзвэл 14 285 240 төгрөг байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд бид зохих ёсоор төлбөр барагдуулах гэрээний үүргээ биелүүлсэн. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан нөхцөл байдал үүссэн. Ийнхүү төлбөрийг 100 хувь буцаан олгосон байхад алдангид 14 810 320 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 14 285 240 төгрөгийг гаргуулж Г.Т, Г.Ү нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 525 080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229 376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О би тус хэргийн шүүх хуралдаан товлогдсон өдөр хүндэтгэн шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон. Энэ тухай нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байхад нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг заалтыг зөрчсөн. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцож, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарлаж, мэтгэлцэх эрхээ эдлэх хүсэлттэй байгааг шүүх харгалзаж үзсэнгүй. Улмаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцох боломж олгохыг хүсч хүсэлт гаргасан. Гэвч шүүх энэ талаар шийдвэр гаргахдаа тусгаагүй ба надад өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломж олголгүй хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан нөхцөл байдал бүрдсэн байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаан болох өдөр шүүх хуралдаан давхацсан учир хурлын товыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хавсарган шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Ингэж анхан шатны шүүхээс хүсэлтийг харгалзаж үзэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломж олголгүйгээр хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн нь процессын алдаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Ү, Г.Т нар нь хариуцагч М ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний хариуцлага алдангид 14 810 320 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлдээ ...мэтгэлцэх зарчмын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгаантай байхад шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт шинжлэн судлахад оролцох тэгш эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй гэсэн үндэслэл заажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон бөгөөд шүүх энэ өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оийн ар гэрт ажил явдал гарсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж, нөгөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гын шүүх хуралдаан давхацсан гэх хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэхдээ 2 шүүхийн хооронд 3 цаг 20 минутаас илүү цаг зарцуулагдахгүй байхад тус шүүх хуралдаанд ирэх боломжит хугацаанд ирээгүй гэж үзэж хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох боломж олгосон гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.

 

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хэргийн материалтай танилцсан баримт 57 дугаар талд авагдсан байна. Харин нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гд 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М ХХК-аас олгосон итгэмжлэл хэргийн 60-61 дугаар талд авагдсан байх бөгөөд түүнд эрх, үүрэг тайлбарлаагүй, мөн хэргийн материалтай танилцуулсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар хэргийн оролцогч нь эсрэг талын тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах эрхтэй бөгөөд энэ нөхцөлийг шүүх бүрдүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гд эрх үүрэг тайлбарлаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, танилцах эрхийг хангаагүй, хэргийн шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчигдсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02609 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 002 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ