Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2020/02609

 

 

 

 

 

 

 

 

 

    2020        10          21                                      181/ШШ2020/02609  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ү,

Нэхэмжлэгч: Т нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК д холбогдох,

 

“Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 14,810,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Г.Т, Г.Ү нар нь М ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр П1-С-1/2-47 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Тус гэрээний дагуу худалдагч нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй “Поларис апартмент-1” нэртэй 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны С дугаар блокийн 2 дугаар орц, 15 давхрын 1501 тоотод байрлах 57.44 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Ингээд худалдан авагч Г.Т, Г.Ү нар нь гэрээгээр хүлээсэн 80,416,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн.

Гэвч худалдагч М ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан шилжүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд талууд харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн П1-С-1/2-47 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г дуусгавар болгохоор шийдвэрлэсэн.

Худалдагч тал энэхүү гэрээ дуусгавар болгох тухай актыг худалдан авагчтай байгуулж, гэрээг дуусгавар болгосноос хойш 2 сар буюу 60 хоногт багтаан гэрээний дагуу төлсөн 80,416,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохиролцон 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан. Энэ төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээнд хамаарах тул гэрээний маргаан нь үүргийн нийтлэг зохицуулалтын дагуу шийдвэрлэгдэх бүрэн боломжтой.

Тус гэрээний 1.1-т заасны дагуу төлбөр авагчийн төлсөн төлбөр 80,416,000 төгрөгийг 2 сарын дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулна, 1.3-т заасны дагуу төлбөр төлөгч тус гэрээний 1.1-т заасан төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө гэх үүргүүдийг тус компани нь хүлээсэн.

Хариуцагч компани 80,416,000 төгрөгийг талуудын хооронд байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу хугацаандаа төлж барагдуулаагүй тул 0.5 хувиар алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлөх үүрэг үүсэж эхэлсэн бөгөөд энэ тухай 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр анхааруулж төлбөр төлөгчид мэдэгдэл хүргүүлсэн.

Тус мэдэгдэл хүргүүлснээс хойш төлбөр төлөгч нь төлбөрийг төлөлгүй хугацааг хэтрүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 15,146,000 төгрөгийг тус тус төлж, 80,416,000 төгрөгийг барагдуулсан.

Иймд “Төлбөр барагдуулах гэрээ”-ний 1.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцвол

1.2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 5 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 80,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 402,080 төгрөгөөр тооцвол 2,010,400 төгрөг,

2. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 17 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 70,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 352,080 төгрөгөөр тооцвол 5,958,360 төгрөг,

3. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 60,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 302,080 төгрөгөөр тооцвол 2,114,560 төгрөг,

4. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 14 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 50,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 252,080 төгрөгөөр тооцвол 3,529,120 төгрөг,

5. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 7 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 25,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 127,080 төгрөгөөр тооцвол 889,560 төгрөг,

6. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хэтрүүлсэн хугацаа 4 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15,416,000 төгрөгийн 0,5 хувь болох 77,080 төгрөгөөр тооцвол 308,320 төгрөг болж байгаа бөгөөд төлбөр авагчид нийт 14,810,320 төгрөгийн алданги авах эрх үүссэн.

Иймд нэхэмжлэгч нарын “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн дээр үүссэн алданги болох нийт 14,810,320 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Отгонцэцэг шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Г.Т, Г.Ү нарын М ХХК-д холбогдуулан гаргасан 14,810,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Бид төлбөр барагдуулах гэрээний үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Учир нь, “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний 6.1.7 дахь хэсэгт гэрээнд заасан алданги болон гэрээ цуцалсантай холбоотой учирсан хохирлыг 1.2-т заасан орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа тухайн төлбөрөөс суутгаж, худалдан авагчид буцаан олговол зохих үнийг эгүүлэн төлнө гэж заасан байдаг. Гэвч тухайн байр худалдан борлуулагдаагүй ч 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр үлдэгдэл 15,416,000 төгрөг буюу захиалагчийн нийт төлсөн 80,416,000 төгрөгийг бүрэн төлж тооцоог дуусгасан.

Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа алдангийн тооцоо алдаатай, буруу байгаа бөгөөд тооцож үзвэл 14,285,240 төгрөг байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан бөгөөд бид зохих ёсоор “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргээ биелүүлсэн. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан нөхцөл байдал үүссэн.

Ийнхүү төлбөрийг 100 хувь буцаан олгосон байхад алдангид 14,810,320 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэжээ.

 

Шүүх зохигчдоос гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Т, Г.Ү нар нь хариуцагч М ХХК-аас “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан хугацаа хэтрүүлснээс үүссэн алданги 14,810,320 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “захиалгаар орон сууц худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч М ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Жуковын дэнж буюу Маахуур толгойд баригдаж буй “Поларис апартмент-1” нэртэй 4 блок бүхий 576 айлын орон сууцны хотхоны С дугаар блокийн 2 дугаар орц, 15 давхрын 1501 тоотод байрлах 57.44 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Г.Т, Г.Ү нар нь 1 м.кв-ын үнийг 1,400,000 төгрөгөөр тооцож, нийт 80,416,000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 9 удаагийн шилжүүлгээр хэсэгчлэн төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нар төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч орон сууцыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул зохигчид харилцан тохиролцож, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээг дуусгавар болгож, энэ тухай акт үйлджээ.

 

Худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон актаас үзвэл талууд гэрээнээс татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаах үр дагавар буюу хариуцагч нь 80,416,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлөх үүрэг үүснэ.

 

Талууд хуулиар хариуцагчийн хүлээсэн энэхүү үүргийг гүйцэтгэх хугацааг 2 сарын дотор байхаар тогтоож, заасан хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх алданги төлөх үүргийг хариуцагч хүлээсэн төлбөр барагдуулах гэрээг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан байна.

 

Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үр дагавар хуулийн дагуу үүсдэг боловч хариуцагч М ХХК нь энэхүү үүргийг гүйцэтгэх хугацаа, нөхцөлийг нэхэмжлэгч Г.Т, Г.Ү нартай  харилцан тохиролцох замаар 2 сараар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд нэхэмжлэгч нарын мөнгөн хөрөнгийг өөртөө үлдээхийг хүссэн, нэхэмжлэгч нар үүнийг зөвшөөрч талууд төлбөр барагдуулах гэрээг байгуулсан байна.

 

Талуудын энэхүү тохиролцоог Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үүргээс үүдэлтэй үүргийн шинэ харилцааг мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн гэрээний эрх зүйн тусгайлсан зохицуулалтаар зохицуулагдаагүй, шууд нэрлэгдээгүй байх боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн агуулгатай байх тул шүүх уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасан нэрлэгдээгүй гэрээ гэж үзлээ.

 Нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн нийтлэг үндэслэл хамаардаг тул хариуцагч нь мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч нараас төлсөн 80,416,000 төгрөгийг төлбөр барагдуулах гэрээний нийтлэг үндэслэлийн Е хэсэгт “2 сар буюу 60 хоногийн дотор”, 1 дүгээр зүйлийн 1.1-д “2 сарын дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны дотор” буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Гэрээний дээрх заалтуудад заасан хугацаа нь хоорондоо хоногийн зөрүүтэй байгаа тул шүүх хугацааны талаарх гэрээний заалтуудыг үгийн шууд утгаар 2 сарын хугацаа тогтоосон гэж тайлбарлах нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасанд нийцнэ.

 

Иймд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагчийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор 80,416,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэвч хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 25,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 15,416,000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хэдийгээр хариуцагч нь үндсэн төлбөрийг дээр дурдсан хугацаа, хэмжээгээр хэсэгчлэн төлж бүрэн барагдуулсан байх боловч төлбөр барагдуулах гэрээгээр хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээгээр алданги төлөх үүргийг хүлээсэн тул нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар анз шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн төлсөн төлбөрийг хэтэрсэн хугацаанд харгалзуулан тооцвол хариуцагчийн тооцоолол үндэслэлтэй буюу 14,285,240 төгрөгийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, 2019 оны 12 дугаар сарын 02-ны дотор 80,416,000 төгрөг төлөх үүргийг 4 хоногоор хэтрүүлэн 10,000,000 төгрөг төлсөн тул 1,608,320 /80,416,000х0,5%х4хон/ төгрөг, 70,416,000 төгрөг төлөх үүргийг 14 хоногоор хэтрүүлэн 10,000,000 төгрөг төлсөн тул 4,929,120 /70,416,000х0,5%х14хон/ төгрөг, 60,416,000 төгрөг төлөх үүргийг 10 хоногоор хэтрүүлэн 10,000,000 төгрөг төлсөн тул 3,020,800 /60,416,000х0,5%х10хон/ төгрөг, 50,416,000 төгрөг төлөх үүргийг 14 хоногоор хэтрүүлэн 25,000,000 төгрөг төлсөн тул 3,529,120 /50,416,000х0,5%х14хон/ төгрөг, 25,416,000 төгрөг төлөх үүргийг 7 хоногоор хэтрүүлэн 10,000,000 төгрөг төлсөн тул 889,560 /25,416,000х0,5%х7хон/ төгрөг, 15,416,000 төгрөг төлөх үүргийг 4 хоногоор хэтрүүлэн төлсөн тул 308,320 /15,416,000х0,5%х4хон/ төгрөг буюу нийт 14,285,240 төгрөгийн алданги төлөх үүрэг хариуцагчид үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 525,080 /14,810,320-14,285,240/ төгрөгт холбогдох хэсэг нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн тайлбарт тусгагдсан анзын хэмжээг буруу тооцсон гэх үндэслэлээс бусад хэсэг буюу хугацааг өөрийн буруугаас хэтрүүлээгүй гэх үндэслэл болоод анзын хэмжээг илт их гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд гаргасан тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй хариуцагчийн тайлбарыг шүүх үндэслэлгүй гэж үзэж, хариуцагчаас 14,285,240 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасныг баримтлан М ХХК-аас 14,285,240 төгрөгийг гаргуулж Г.Т, Г.Ү нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 525,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,376 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА