Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02423

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02423

 

 

 

БТ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч БТ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ВК ХХК-д холбогдох

Ажлын хөлс 6 346 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Баасансүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд Визардконстракшн ХХК-тай Хан-Уул дүүргийн, Ар зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн том төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга тэдгээрийн төмөр бетон суурь/ ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Дээрх ажлыг 26 346 000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Төлбөрийг дараах байдлаар төлсөн. ВК ХХК нь 10 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намяанжугийн гудамж 18а байр, зоорийн давхрын 2 тоот авто зогсоолыг 10 000 000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тохиролцооны гэрээ байгуулан үлдэгдэл 6 346 000 төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр тохиролцсон. ВК ХХК-иас удаа дараа төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд ВК ХХК-иас 6 346 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээгээр Нимоникс ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамжинд нийт 171,8 м урт төмөр хайсыг хийж гүйцэтгүүлсэн юм. Энэхүү хийсэн ажлын нийт өртөг нь 12 458 000 төгрөг болсон бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 23-нд 5 000 000 төгрөг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй хашааны бетон суурь ажлын хөлс 102,5 м.кв талбай 1 025 000, бетон хашаа 42,5 м.кв ажлын хөлс 850 000 төгрөг, 207,85 м.кв ажлын хөлс 6 235 500 төгрөг нийт 8 110 000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй бид өөрийн компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болно. БТ ХХК нь Оймон ХХК-тай уг ажлыг хийж гүйцэтгэхээр нийт 53 365 500 төгрөгийн гэрээ байгуулсан байтал манай компаниас үлдэгдэл төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй байна. Үүнээс хойш бүрэн хийж дуусгаагүй ажлын төлбөр нэхэн байнга дарамталж ажил хийлгэх боломжгүй нөхцөл байдал хүргэсэн тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай компанийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолыг өгсөн юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хуульд заасан журмыг дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ВК ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 6 346 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БТ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тохиролцооны гэрээг байгуулаагүй байхад буюу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уг авто зогсоолыг Баамтрейд ХХК-ийн захирал Д.Амараагийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байхад /хх-6/ Тохиролцооны гэрээ"-ний дагуу шилжүүлсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлвэл, уг тохиролцооны гэрээ нь сүүлд нөхөж хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/ нотлох бөгөөд түүнийг давхар нотлохоор Оймон ХХК, Баамтрейд" ХХК-ийн хооронд байгуулсан Энглиш Гарден хотхоны ажил гүйцэтгэх гэрээг /Визардконстракшн ХХК-д хийсэн гэх ажил давхардсан байгааг / гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан /хх-61/ боловч хүсэлтийг хангахаас татгалзаж /хх-62/ хариуцагчийн эрхийг зөрчсөн. Түүнчлэн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баамтрейд ХХК-ний хийсэн гэх ажлыг шинжээч томилуулж, үнийн дүнг тодорхойлох зорилгоор дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хэлэлцэхгүй орхисон. 26 340 000 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа тохиолдолд тухайн ажил гүйцэтгэх гэрээг Визардконстракшн ХХК авсан гэж тайлбарласан. Тохиролцооны гэрээний үндэслэл болсон ажил гүйцэтгэх гэрээ байхгүй тохиолдолд танай компани өөр байдлаар нотлох үүрэгтэй. Тэгэхээр тохиролцооны гэрээ нь шаардах эрхийн үндэслэл болох юм уу" гэх зэргээр нотлох баримт байгаа эсэх талаар нэхэмжлэгч талаас асуухад "баримт байхгүй гэж хариулсан болно. / шүүх хуралдааны тэмдэглэлийн засвар оруулсан 7 дахь тал / Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар үүргээ биелүүлээгүй ба шүүх түүнийг нотлох баримтгүйгээр мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчиж гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй байхад талууд ажлын үр дүнг тохирсон байна гэж хийсвэрээр дүгнэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Баамтрейд ХХК нь хариуцагч Визардконстракшн ХХК-д холбогдуулан ажлын хөлс 6 346 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Зохигчдын хооронд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тохиролцооны гэрээ  гэсэн нэр бүхий гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Баамтрейд ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга тэдгээрийн төмөр бетон суурь/-г нийт 26 346 000 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажилд Визардконстракшн ХХК 2014 онд харилцах дансаар 10 000 000 төгрөг төлсөн, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хойно барьж ашиглалтад оруулсан 18 дугаар байрны 1 тоот дулаан зогсоолыг 10 000 000 төгрөгт тооцуулан Баамтрейд ХХК-д өгөхөөр тохиролцож, үлдэгдэл 6 346 000 төгрөгийг 2017 онд багтааж Баамтрейд ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 7/

Дээр дурдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг баримт үйлдэж харилцан гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Мөн дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчид 171,8 метр төмөр хашаа, төмөр лист 20 ширхгийг хийх ажлын хөлсөнд 12 458 000 төгрөг төлөхөөр тохиролцсон 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 6 346 000 төгрөг болохыг баталгаажуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч нь манай компаниас ажлын төлбөр нэхэн байнга дарамталж ажил хийлгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай компанийн эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолыг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү дарамт шахалтанд орж гэрээ хийх болсон гэх үндэслэл тайлбараа нотлоогүй, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тохиролцооны гэрээнд тусгагдсан агуулгыг үгүйсгэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Талууд 2014 онд Хан-Уул дүүрэг, Ар Зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна 171,8 метр төмөр хашаа, төмөр лист 20 ширхгийн үнийг 12 458 000 төгрөгөөр тохиролцсон боловч уг төмөр хашааны төмөр бетон суурийг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн тул ажлын хэмжээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нийцжээ.

 Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь ажлын хөлс шаардах эрхтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр авто зогсоолыг Баамтрейд ХХК-ийн захирал Д.Амараагийн өмчлөлд шилжүүлснийг ажлын хөлс төлөгдсөнд тооцохоор 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тохиролцооны гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй, хэргийн оролцогч өөрөө нотлох баримт гаргах үүрэгтэй, тухайн маргаанд хамааралгүй тул нэхэмжлэгчийн бусадтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг гаргуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагчийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт нь ач холбогдолгүй байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2020 оны 9 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурдсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тохиролцооны гэрээ гэх баримтаар нотолсон байх тул ажлын үр дүнг тохирсон гэж хийсвэрээр дүгнэсэн гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/03286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 116 486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ