Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2020/03286

 

 

 

 

 

                        2020        09          23

    101/ШШ2020/03286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, 0 тоотод байрлах “Б” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, 0 тоотод байрлах “В к” ХХК /рд:0/-д холбогдох,

 

6,346,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б /Ү-/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 онд “В к” ХХК-тай Хан-Уул дүүргийн, Ар зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн том төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга тэдгээрийн төмөр бетон суурь/ ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Дээрх ажлыг 26,346,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Төлбөрийг дараах байдлаар төлсөн.

1. “В к” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн .

2. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намяанжугийн гудамж 18а байр, зоорийн давхрын 2 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн.

3. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тохиролцооны гэрээ байгуулан үлдэгдэл 6,346,000 төгрөгийг 2017 онд багтаан төлөхөөр тохиролцсон. “В к” ХХК-иас удаа дараа төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Иймд “В к” ХХК-иас 6,346,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Манай компани нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээгээр Нимоникс ХХК-ийн эзэмшлийн Ха-Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамжинд нийт 171,8 м урт төмөр хайсыг хийж гүйцэтгүүлсэн юм. Энэхүү хийсэн ажлын нийт өртөг нь 12,458,000 төгрөг болсон бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 23-нд 5,000,000 төгрөг 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл гэрээнд заасан ажлыг бүрэн хийгээгүй хашааны бетон суурь ажлын хөлс 102,5м2 талбай 1,025,000, бетон хашаа 42,5 м2 ажлын хөлс 850,000 төгрөг, 207.85 мкв ажлын хөлс 6,235,500 төгрөг нийт 8,110,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй бид өөрийн компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн болно.

2.“Б” ХХК нь Оймон ХХК-тай уг ажлыг хийж гүйцэтгэхээр нийт 53,365,500 төгрөгийн гэрээ байгуулсан байтал манай компаниас үлдэгдэл төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй байна. Үүнээс хойш бүрэн хийж дуусгаагүй ажлын төлбөр нэхэн байнга дарамталж ажил хийлгэх боломжгүй нөхцөл байдал хүргэсэн тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай компанийн эзэмшлийн 15,000,000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолыг өгсөн юм. Иймд уг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хуульд заасан журмыг дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч “В к” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 6,346,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “В к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд;

1. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч В к ХХК-иуд нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Тохиролцооны гэрээ” байгуулж,

Б ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга тэдгээрийн төмөр бетон суурь/-г нийт 26,346,000 төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажилд В к ХХК 2014 онд харилцах дансаар 10,000,000 төгрөг төлсөн, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцсоны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, ХӨСҮТ-ийн хойно барьж ашиглалтад оруулсан 18 дугаар байрны 1 тоот дулаан зогсоолыг 10,000,000 төгрөгт тооцуулан Б ХХК-д өгөхөөр тохиролцож, үлдэгдэл 6,346,000 төгрөгийг 2017 онд багтааж Б ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон байна. /хх-7 тал/

 

2. Нэхэмжлэгч Б ХХК, хариуцагч В к ХХК-иуд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Баам трейд ХХК нь 171,8 метр төмөр хашаа, төмөр лист 20 ширхгийг хийхээр, В к ХХК нь ажлын хөлсөнд 12,458,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. 

 

Уг гэрээнд хавсарган хариуцагч В к ХХК-ийн үйлдсэн Энглиш Гарден хотхон. В к ХХК-д ноогдох төмөр хашааны тооцоо, Б ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил гэх баримтууд хэрэгт авагджээ. /хх-54-57 тал/

 

Хариуцагч нь манай компани нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот гэрээгээр Нимоникс ХХК-ийн эзэмшлийн Хан -Уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамжинд нийт 171,8 м урт төмөр хайсыг хийж гүйцэтгүүлсэн, энэ ажлын нийт өртөг нь 12,458,000 төгрөг болсныг төлж барагдуулсан, 8,110,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгээгүй бид өөрийн компанийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн, Б ХХК нь Оймон ХХК-тай 53,365,500 төгрөгийн ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байтал манай компаниас нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ажлын төлбөр нэхэн байнга дарамталж ажил хийлгэх боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах манай компанийн эзэмшлийн 15,000,000 төгрөгийн үнэтэй автомашины зогсоолыг өгсөн гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан Тохиролцооны гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, зохигчийн тайлбарт шүүх дараах дүгнэлт хийлээ.

 

Зохигч талууд 2014 онд Хан-Уул дүүрэг, Ар Зайсангийн гудамж, Энглиш Гарден хотхоны гадна төмөр хашааны ажил гүйцэтгэх гэрээг 12,458,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, Баам трейд ХХК уг ажлыг хийж гүйцэтгэн, В к ХХК нь ажлын хөлсөнд 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Голомт банкны дансны хуулга, Тохиролцооны гэрээний 2.1-т “…харилцах дансаар 10,000,000 төгрөг төлсөн…” гэснээр тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Намяанжугийн гудамж, 18а байр, зоорийн давхарт 2 тоот авто зогсоолыг 10,000,000 төгрөгт тооцож В к ХХК-иас Б ХХК-ийн захирал Д.А-ийн өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр гарсан байна. /хх-6/

 

2017 оны Тохиролцооны гэрээнээс үзэхэд хийх ажил “гадна төмөр хашаа /зүүн талын хаалганаас хойших хэсэг, хойд талын хэсэг, баруун талын хагас хэсгийг мөн төмөр хаалганы нэг хавтас болон жижиг төмөр хаалга тэдгээрийн төмөр бетон суурь/-г 26,346,000 төгрөгөөр хийсэн талаар талууд баталгаажуулснаас үзэхэд ажлын хэмжээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас хойш нэмэгдсэн гэж үзэхээр байна.

Учир нь 2014 оны 12,458,000 төгрөгийн төсөвтэй ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 10,000,000 төгрөгийг шилжүүлж, 2,458,000 төгрөгийн үлдэгдэл үлдэхээр байхад 2017 онд 10,000,000 төгрөгт тооцож авто зогсоол шилжүүлж байгаа үйлдэл нь дарамт шахалтаас болж шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, харин Тохиролцооны гэрээнд заасан ажил гүйцэтгэх гэрээний дүн 26,346,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээний төлбөрт тооцож авто зогсоол шилжүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан байх тул талууд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Тохиролцооны гэрээгээр тэдний хооронд 2014 онд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг 6,346,000 төгрөг болохыг баталгаажуулсан байна гэж шүүх үзлээ.  

 

Ажил гүйцэтгэх гэрээний онцлог зохицуулалтаар гэрээний талууд ажлын хэмжээг тогтоохоор гүйцэтгэх ажлын төсөв зохиох, хөлс төлөх арга журам, хугацаа зэргийг тохирох ба нэхэмжлэгч тал үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаагүй боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг тул шүүх талуудыг ажлын үр дүнг тохирсон байна гэж үзэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.  

Иймд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт хариуцагч В к ХХК-иас 6,346,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч “В к” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 6,346,000 /зургаан сая гурван зуун дөчин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай 

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,300  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 138,300 /нэг зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ц.ЦЭРЭНДУЛАМ