Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02393

 

 

Э ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ТБАГУТҮГ-ын хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан хадгаламжийн гэрээний үүрэгт 27 861 161 753 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б,

Прокурор: Я.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харилцах дансны үйлчилгээний тухай 3201000023 тоот гэрээ байгуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 15 925 249 858 төгрөгийн мөнгөн хөрөнгийг жилийн 6 хувийн хүүтэйгээр тусгай нөхцөлт харилцах дансны хэлбэрээр байршуулсан. Гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд нэмэлтээр гэрээгүйгээр хэд хэдэн удаагийн гүйлгээгээр хөрөнгө байршуулсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар тус банкны 3201000023 тоот харилцах дансанд 27 861 161 753 төгрөг байршиж байна. Банк гэрээгээр хүлээсэн харилцах данснаас зарлагын гүйлгээ хийх, анхны шаардлагаар шилжүүлэх үүргээ удаа дараа зөрчиж манай байгууллагаас хүргүүлсэн төлбөрийн хүсэлтийг биелүүлээгүй. Үүнд Ч ХХК-д өөрийн харилцах данснаас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 3,0 тэрбум төгрөг шилжүүлэх төлбөрийн хүсэлтийг гаргасан боловч биелүүлээгүй болно. Төлбөрийн хүсэлт биелүүлээгүй шалтгаан нөхцлийн талаар тус банкинд болон Монгол банкинд удаа дараа хандсан. Тус банк дансанд хадгалагдаж буй 27,4 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ГЗ/1349 тоот албан бичгийг ирүүлсний дагуу төлөх хуваарийг тодотгож манай зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/53 тоот албан бичгийг хүргүүлсэн. Гэвч дахин 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2,0 тэрбум төгрөгийн зарлагын гүйлгээ хийх хүсэлтийг биелүүлээгүй, хуваарийн дагуу ямар ч гүйлгээ хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д ... хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д банк төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг хүлээнэ, 445.4-т дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг хязгаарлах, хянах эрхгүй, 446 дугаар зүйлийн 446.1.3-т харилцагчийн данснаас өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гүйлгээ хийх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7, 3.1.3, 3.1.7-т зааснаар өөрийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хэдийд ч татах эрхтэй болно. Иймд Чингисхаан банк ХХК-д байршиж байгаа Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нийт 27 861 161 753 төгрөгийг тус банкнаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн даатгалын сангийн 15 925 249 858 төгрөгийг 6 хувийн хүүтэй тусгай нөхцөлт харилцах дансны хэлбэрээр байршуулсан. Эрүүл мэндийн даатгалын сан нь гэрээ байгуулснаас хойшхи хугацаанд нэмэлтээр мөнгөн хөрөнгө байршуулсан ба 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 27 861 161 753 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ. Гэтэл тусгай нөхцөлт харилцах данс нь ямар эх үүсвэрээс 12 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа болон үүнд хүү тооцох эсэх асуудлыг зохицуулсан эсэх нь эргэлзээтэй байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Ч ХХК-тай эцсийн байдлаар хэдэн төгрөг байгаа талаар тооцоо нийлсэн баримтгүй болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл Ч ХХК-д байршиж байгаа мөнгийг бүхэлд нь бэлнээр гаргуулах эсхүл өөр нэг банкны данс руу шилжүүлэхийг даалгуулах гээд байгаа алин болох тодорхойгүй. Учир нь Банкны тухай хуулиар банкны нөөц удирдлагын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг гаргуулах тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр шаардлагатай байдаг. Манай банкны өөрийн хөрөнгө нь шүүхэд баримтаар гаргаж өгсөн хуулийн этгээдийн гэрчилгээнд 40 тэрбум төгрөг гэж заасан. Тэгэхээр өөрийн хөрөнгийн 50 хувиас илүү хувийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гаргуулах шаардлага гаргаж байгаа. Иймд Банкны тухай хуульд зааснаар эхлээд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр гаргуулна гэж заасан байдаг тул энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрсэн асуудал болно. Нэхэмжлэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргахыг даалгуулах тухай шаардлага гаргаагүй байна. Манай банкнаас мөнгийг бүхэлд нь авах талаар төлбөрийн даалгавар, хүсэлт ирүүлж байгаагүй болно. Зөвхөн 2,0-3,0 тэрбум төгрөг гаргуулах тухай хүсэлт ирүүлж байсан хэрнээ шүүхэд бүхэлд нь 27 тэрбум гаруй төгрөг гаргуулахаар шаардсан нь ойлгомжгүй. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга солигдсон, шинээр томилогдсон дарга төлөөлөгч нарт шинээр итгэмжлэл олгоогүй тул тэдгээрийг ямар эрх үүрэгтэйгээр оролцох нь тодорхойгүй, эргэлзээтэй. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүхээс тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Төрийг төлөөлж прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэж үзвэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Ч ХХК-тай гэрээ байгуулж мөнгө байршуулсан, 27 861 161 753 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банк гэрээгээр хүлээсэн харилцах данснаас зарлагын гүйлгээ хийх, анхны шаардлагаар шилжүүлэх үүргээ зөрчсөн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Ч ХХК-д удаа хүсэлт шаардлага хүргүүлж байсан. Мөн Монгол банкинд хүсэлт шаардлага хүргүүлж байсан. Монгол банкнаас Ч ХХК-д шаардлага албан бичгээр хүргүүлж байсан нь тогтоогдож байна. Энэ нь Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4, 445.5 дахь хэсэг, 446 дугаар зүйлийн 446.1.3 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэл үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 455 дугаар зүйлийн 455.2-д заасныг баримтлан хариуцагч Ч ХХК-аас 27 861 161 753 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 139 463 758 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэ хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр Ч.Алтанхуягыг томилсныг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын буртгэлийн ерөнхий газар бүртгэж гэрчилгээ олгосон байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 432 дугаар Албан тушаалд түр томилох тухай тушаалаар Г.Баясгаланг даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томилж, албан ёсоор ЭМДЕГ-ын дарга болсон байна. Ингээд энэ талаар албан ёсоор цахим сайтууд бичигдсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Э.Золбоо удаа дараа шүүх хурал дээр шүүгчид нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийн хүчинтэй эсэх талаар тодруулах шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн юм. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлж ирсэн төлөөлөгч нь ЭМДЕГ-ын шинэ дарга Л.Бямбасүрэнгээс итгэмжлэл аваагүй бөгөөд өмнөх итгэмжлэл нь хүчинтэй эсэх талаар тайлбар ирүүлээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүсэн юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралд нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнгээс итгэмжлэл авчраагүй байхад нэхэмжлэгчийг шүүхэд ирсэнд тооцож шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй болсон байна. Түүнчлэн, шүүх хуралдаан өглөө 9 цагт зарласан боловч 9 цаг 30 минут хүртэл шүүгч танхимдаа ирээгүй бөгөөд 9 цаг 30 минутад ЭМДЕГ-ийн хуучин даргын итгэмжлэлтэй хүн хуралд ирсний дараа шүүгч ирж хурлыг эхлүүлсэн юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд эрх олгогдсоныг гэрчилсэн баримт нь Иргэний хуулийн 64 дүгээр зүилийн 64.2.1-т ... хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх гэж заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахих хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулах мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 27 861 161 753 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ, Ч ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сангийн 10 тэрбум төгрөг байршуулж 17-01 тоот мөнгөн хадгаламжийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Эрүүл мэнд даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн 25 тэрбум төгрөг байршуулж, 17-05 тоот мөнгөн хадгаламжийн гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сан, Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан, Ажилгүйдлийн даатгалын сангийн 5 тэрбум төгрөгийг байршуулж, ГЗ/2017-05/17-30 тоот мөнгөн хадгаламжийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 3201000023 тоот тусгай нөхцөлт харилцах дансны үйлчилгээний гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн 8 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээг тус тус байгуулсан үйл баримт талуудын тайлбар болон хэргийн 115-126 дугаар тал дах баримтаар тогтоогджээ.

 

Дээрх гэрээг шинэчилж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ, Ч ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, уг гэрээгээр 3201000023 тоот тусгай нөхцөлт харилцах данс нээлгэж, жилийн 6 хувийн хүүтэй, 15 925 249 858.89 төгрөгийг байршуулахаар харилцан тохиролцсон байна. /хх6-8/

 

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд мөнгөн хадгаламжийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх заалттай нийцжээ.

 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4 дэх хэсэгт хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч гэрээний үүргээ цуцлахыг шаардах эрхтэй.

 

Хэргийн 9, 16-19, 22, 25-26, 37-38, 41-43, 47, 128-130 дугаар тал дах баримтаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ нь Ч ХХК-ийн дансанд хадгалуулсан мөнгөн хөрөнгөөс удаа дараа 2 тэрбум, 3 тэрбум төгрөг буцаан авахаар төлбөрийн баримт хүсэлт хүргүүлж байсан боловч банк уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй мөнгөн хөрөнгийг шаардсан хэмжээгээр гаргаж өгөөгүй болох нь нотлогдсон байна.

 

Хэргийн 20, 21 дүгээр талд Ч ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ГЗ-1349, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-1/53 дугаар албан баримт авагдсан байх бөгөөд уг баримтад хуваарийн дагуу зарлагын гүйлгээг хийхээр талууд тохиролцсон боловч уг тохиролцоо хэрэгжээгүй байна.

 

Хэргийн 127 дугаар талд Ч ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дансны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тухайн дансанд 28 235 971 304.31 төгрөг байгаа болохыг баталгаажуулсан, нэхэмжлэл гаргах үеийн тооцооллоор дээрх дансанд 27 421 466 477.55 төгрөг байсан талаар хэн аль нь маргаагүй.

 

Иймд анхан шатны шүүх Ч ХХК дахь нэхэмжлэгчийн 3201000023 тоот тусгай нөхцөлт харилцах дансны үлдэгдэл 27 861 161 753 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар ТБАГУТҮГ-т олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Талууд харилцах дансны үйлчилгээний гэрээ байгуулж, гэрээний 3.1.3-т данс хаах мэдэгдлээр гэрээг хэдийд ч цуцлах, 3.1.5-т Данс хамтран эзэмшдэг бол аль ч эзэмшигч нь тухайн данснаас зарлага гаргах, хаах эрхийг эдэлнэ гэж заасан байх тул санхүүгийн зохицуулах хорооноос гүйлгээ хийх талаар зөвшөөрөл авах шаардлагагүй. Иймээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэл хууль ёсны дагуу олгоогүй гэх давж заалдах гомдол болон тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 432 дугаар албан тушаалд түр томилох тухай тушаалаар Г.Баясгаланг даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Иймээс эрх бүхий этгээдээс итгэмжлэл олгосон нь нэхэмжлэгч байгуулагын эрх ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад хариуцагчийн зүгээс гомдол гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан итгэмжлэл хуулийн шаардлага хангасан байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 463 760 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ