Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02392

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00003

 

 

 

Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03444 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-, Л.Б-, А.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 379 878 380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ц.М-, Л.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банк 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ц.М-, Л.Б-, барьцаа гаргагч А.Б- нартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгууж, 300 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр сар бүрийн 10-ны өдөр эргэн төлөхөөр тохирч зээл өгсөн. Тухайн зээлийн барьцаанд хариуцагч А.Б-ын өмч болох Ү-2201019572 тоот дугаартай Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 135 тоот хаягт байрлах 1,944 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн түүний эзэмшлийн Д1830/0025 нэгж талбарын дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 1 100 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан. Гэвч хариуцагч нар 2020 оны 5 дугаар cap хүртэл үндсэн зээлээс 4 999 400 төгрөг, зээлийн хүүнд 107 882 070,97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 219 627,03 төгрөг, нийт 113 101 099 төгрөгийг төлсөн. Хариуцагчид зээлийг 2019 оны 4 дүгээр cap хүртэл хугацаа хэтрүүлэн төлж байсан хэдий ч Ц.М-ын төрсөн дүү Ц.Энхтайван авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгснөөс зээл төлөгдөхгүй болсон ба зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Бид нар зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох зэргээр удаа дараа мэдэгдэл өгч, уулзсан боловч ямар ч төлөлт хийгээгүй. Иймээс зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 295 000 600 төгрөг, зээлийн хүүнд 83 162 964,79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 714 814,50 төгрөг, нийт 379 878 380 төгрөгийг нэхэмжилж байгаагаас гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцлах санал гаргасан. Тухайн хугацаанаас хойш бодогдсон зээлийн төлбөрт бодогдсон үндсэн хүү болон нэмэгдэл хүүг төлөхгүй гэж үзэж байна. Би, хариуцагч А.Б-, түүний өмгөөлөгч Э.Батбаяр нарын хүсэлтийг дэмжиж, тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй, зээлийг хариуцагч Ц.М-, Л.Б- нар хүлээн авсан талаар маргахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.М-, Л.Б- нараас 331 446 195,11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48 402 184,89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ц.М-, Л.Б- нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Б-ын өмчлөл, эзэмшлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 135 тоот хаягт байрлах Ү-2201019572 тоот улсын бүртгэлийн дугаартай 1 944 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон мөн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1830/0025 тоот дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай 1 100 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 127 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М-, Л.Б- нараас 1 815 180 төгрөг, хариуцагч А.Б-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ц.М-, Л.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтайван давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн дээрх үндэслэл тайлбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон бусад холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт байсан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа баримтаар хавсаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоолол нь илт үндэслэл муутай Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот журамд нийцээгүй байхад уг тооцоололд үндэслэн төлвөл зохих төлбөрөөс 24 000 000 төгрөг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 331 446 195,11 төгрөгөөс 24 000 000 төгрөгийн хэмжээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Ц.М-, Л.Б-, А.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 379 878 380 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т банк ХХК болон Ц.М-, Л.Б- нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан 341801651079 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 300 000 000 төгрөгийн зээлийг жилийн 27.60 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай олгох, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүргийг хүлээсэн байхаас гадна эргэн төлөлтийн хуваарь зөрчиж хугацаанд зээлийн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцсэн байна. /хх-ийн 8-10 /

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаанд А.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201019572 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москвагийн гудамж, 135 тоотод байрлах, 1944 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг, мөн түүний эзэмшлийн тус дүүргийн 18 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1830/0025 дугаар бүхий 1 100 м.кв талбайтай газар эзэмших эрхийн 000475436 тоот гэрчилгээтэй, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-ийн 11, 12, 15, 16 /

Талууд зээлийн мөнгөн хөрөнгө 300 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргаагүй.

Зээлдэгч нар нь гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 113 101 098 төгрөгийн эргэн төлөлт хийсэн боловч 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс хойш үүргээ биелүүлээгүйн улмаас Т банк ХХК, хариуцагч Ц.М-, Л.Б- нар 2019 оны 02 сарын 19-ний өдөр, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагч нараас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь хариуцагч нарт хүргүүлсэн 3 удаагийн мэдэгдэл, зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогджээ. / хх-ийн 18/

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 6.2.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр цуцлагдсан гэж үзэж хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 295 000 600 төгрөг, зээлийн хүү 34 760 780,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 714 814,50 төгрөг, нийт 331 446 195,11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 Мөн зээлийн гэрээ хугацаанаас өмнө нэгэнт цуцлагдсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 48 402 184,89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч "Төрийн банк" ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд дээр дурдсанаар зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан тул барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...зээлийн төлбөл зохих төлбөрөөс 24 000 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбар гаргаж байгаа боловч ийнхүү тооцсон хүүгийн тооцооллыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарь болон нэхэмжлэгчийн зээл, хүүгийн тооцооллыг баримтаар няцааж чадаагүй байна.

Түүнчлэн талууд зээлийн гэрээний 2.1.5-д зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/03444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 280 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ