Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 3444

 

 

 

 

 

            2020        10          06

                                 101/ШШ2020/03444

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн Ц.Э, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Манай банк 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Ц.М, Л.Б, барьцаа гаргагч А.Б нартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгууж, 300,000,000.00 төгрөгийг 60 сарын хугацаатайгаар сарын 2.3 хувь, жилийн 27.6 хувийн хүүтэйгээр сар бүрийн 10-ны өдөр эргэн төлөхөөр тохирч зээл өгсөн.

 

Тухайн зээлийн барьцаанд хариуцагч А.Б-ын өмч газрыг барьцаалсан.

 

Гэвч хариуцагч нар 2020 оны 05 дугаар cap хүртэл үндсэн зээлээс 4,999,400.00 төгрөг, зээлийн хүүнд 107,882,070.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 219,627.03 төгрөг, нийт 113,101,099.00 төгрөгийг төлсөн.

 

Хариуцагчид зээлийг 2019 оны 04 дүгээр cap хүртэл хугацаа хэтрүүлэн төлж байсан хэдий ч Ц.М-ын төрсөн дүү Ц.Э авч хэрэглэсэн гэсэн тайлбар өгснөөс зээл төлөгдөхгүй болсон ба зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Бид нар зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох зэргээр удаа дараа мэдэгдэл өгч, уулзсан боловч ямар ч төлөлт хийгээгүй.

 

Иймээс зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 295,000,600.00 төгрөг, зээлийн хүүнд 83,162,964.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,714,814.50 төгрөг, нийт 379,878,380.00 төгрөгийг нэхэмжилж байгаагаас гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага гаргасан” гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “ Манай тал 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцлах санал гаргасан. Тухайн хугацаанаас хойш бодогдсон зээлийн төлбөрт бодогдсон үндсэн хүү болон нэмэгдэл хүүг төлөхгүй гэж үзэж байна.

 

Би, хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Э.Б нарын хүсэлтийг дэмжиж, тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй, зээлийг хариуцагч Ц.М, Л.Б нар хүлээн авсан талаар маргахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас хариуцагч Ц.М, Л.Б, А.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 379,878,380.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус компаниас хариуцагчдад холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Т банк” ХХК болон хариуцагч Ц.М, Л.Б нар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 300,000,000.00 төгрөгийг сарын 2.30 хувь, жилийн 27.60 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцжээ /х.х-ийн 8-10 хуудас/.

 

Түүнчлэн зохигчид уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч А.Б-ын өмчлөлийн газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна /х.х-ийн 11, 12, 15, 16 хуудас/.

 

            Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ” гэж заасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Т банк” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “........................зээл, гадаад, дотоод төлбөр тооцоо...................... явуулах” гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, түүнчлэн Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус зааснаар банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 4 хуудас/.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ............” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус заасны дагуу зохигчид энэ талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг төрийн эрх бүхий байгууллагаас банкны үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн байна гэж үзэв.

 

Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар зээлийн гэрээний зүйлийг байр сууцаар хангах буюу хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн зориулалтаар зээлдэгчид шилжүүлж буй мөнгийг зээлж, зээлдүүлж байгаа талууд ийнхүү тодорхойлоогүй нөхцөлд хөрөнгө авч байгаа этгээдийг зээлдэгч гэж шууд үзэхгүй.

 

Гэвч зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч буюу зээлдэгч Ц.М, Л.Б нарыг тус 300,000,000.00 төгрөгийг анхнаасаа дээр дурдсан зорилгоор зээлэхээр тохиролцож, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан эсэх тухай маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ202014315 тоот захирамжийн дагуу хариуцагчийн ирүүлсэн баримтыг үзвэл тэд тухайн зээлийг уг зориулалтаар ашиглахаар тохирсон зээлдэгчид мөн байна /х.х-ийн 80-97 хуудас/.   

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч “Т банк” ХХК-иас гэрээний зүйл болох 300,000,000.00 төгрөгийг зээлдэгч Ц.М, Л.Б нарт шилжүүлэх, зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглаж, тохирсон хүүг төлөх үүрэг хүлээх ба зээлдэгчид нэхэмжлэгчийн өмнө зээлийг буцаан төлөх үүрэг бүхий хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон байна.

 

Тодруулбал, энэ хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн, хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн 242.2-д “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаас гадна 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус зааснаар зээлдэгчид тухайн зээлийн гэрээгээр нэхэмжлэгчийн өмнө хамтран үүрэг гүйцэтгэгч болсон ба нэхэмжлэгч нь зээлийг тэдгээрийн хэн аль нэгнээс эсхүл тэдгээрээс бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй юм.

 

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр зээлдэгчид 300,000,000.00 төгрөгийг эхний 1 жилийн хугацаанд зөвхөн хүү төлж /үндсэн төлбөр төлөхөөс түр чөлөөлөгдсөн/, харин 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүнд сар бүрийн 10-ны өдөр тогтмол 10,386,451.92 төгрөгийг төлсөөр 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлж дуусгахаар тохирчээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагч Ц.М, Л.Б нар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл зээлийн хүүнд 83,026,849.25 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр болох 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн зээлд 76,832,542.58 төгрөг, зээлийн хүүнд 104,942,959.78 төгрөг, нийт өнгөрсөн хугацаанд 269,982,983.81 төгрөгийг төлөх ёстой байтал үндсэн зээлээс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 4,999,400.00 төгрөг, зээлийн хүүнээс 107,882,070.00 төгрөгийг тус тус төлж, гэрээгээр хүлэээсэн үүргээ зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас хариуцагч Ц.М, Л.Б нарт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үндсэн зээлийн үлдэгдэл 295,000,600.00 төгрөг, зээлийн хүүнд 83,162,964.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,714,814.50 төгрөг, нийт 379,878,380.00 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч А.Б-ын өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан.

 

Зохигчдын байгуулсан гэрээний зорилго болоод зээлийн зориулалт, эргэн төлөлтийн хуваариас үзвэл энэхүү гэрээ нь хиймэгц биелэх бус урт хугацааны туршид үргэлжлэх гэрээнд хамаарах учраас Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцлах”, мөн 221.3-д “гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно” гэж тус тус заасныг харгалзах учиртай.

 

Гэтэл зээлдэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “зээлдүүлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр цуцалсан хэдий ч бид нар цуцлах нь буруу байсан эсэх талаар маргаагүй ч харин зээл, зээлийн хүүг тус өдөр хүртэлх хугацаанд төлөх ёстой” гэж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “Т банк” ХХК-иас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болон 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хариуцагч Ц.М, Л.Б нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг тус тус шаардаж, тийнхүү биелүүлээгүй учраас 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцалсан тухайгаа бичгээр мэдэгдсэн байна /х.х-ийн 17-20 хуудас/.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай гэдгийг тус хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйлд тус тус зохицуулсан байдаг.

 

Гэвч зээлдэгч нарын зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан талаар маргаагүй боловч зохигчид гэрээг цуцалсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй эсэх талаар маргаж байна. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны журмын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заажээ.

 

 Тайлбарлавал, зээлдэгч тал гагцхүү хүчин төгөлдөр үргэлжилж байгаа гэрээгээр тохирсон зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд биелүүлэх хүртэлх хугацаанд тэрээр зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. Гэтэл нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байх тул хариуцагч нарт тухайн гэрээний дагуу зээлийг цаашид ашиглах эрх байхгүй буюу дуусгавар болсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг ирээдүйд дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэдэг тул цуцалсан өдрөөр гэрээний үүргийг хангуулах эсэх асуудал яригдана. 

 

Нөгөө талаар хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэвээр байхад нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д заасан зээлийг төлүүлэх арга хэмжээг аваагүйгээс улбаалан нэгэнт төлөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон зээлийн хүүгийн хэмжээ нэмэгдэж, үргэлжлүүлэн тооцсоноор зээлдэгчид их хэмжээний хүү төлөх үүрэг ногдож буй нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Ингээд хариуцагч Ц.М, Л.Б нарын төлбөл зохих үндсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцвол:

 

  • 300,000,000x2.3%=6,900,000 /нэг сарын хүү/, 6,900,000x12=82,800,000 /нэг жилийн хүү/, 82,800,000:365=226,849.31 /нэг өдрийн хүү/. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 4,999,400.00 төгрөгийг төлсөн 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 617 хоног бөгөөд 226,849.31x617=139,966,024. 27 төгрөг, 300,000,000-4,999,400.00=295,000,600 төгрөг,

 

  • 295,000,600x2.3%=6,785,013.08 төгрөг /нэр сарын хүү/, 6,785,013.08x12=81,420,165.06 төгрөг /нэг жилийн хүү/, 81,420,165.06:365=223,068.94 төгрөг /нэг өдрийн хүү/, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс гэрээг цуцалсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 12 хоног бөгөөд 223,068.94x12-2,676,827.28 төгрөг, нийт төлөх зээлийн хүү 142,642,851.55 төгрөгөөс зээлдэгч нар 107,882,070.97 төгрөгийг төлсөн тул үлдэх 34,760,780.61 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 295,000,600.00 төгрөгийн хамт төлөх ёстой байна.

 

Харин нэмэгдүүлсэн хүүний хувьд зээлдэгч Ц.М, Л.Б нар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс зээлийн гэрээг цуцалсан 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 34,628,259.29 төгрөгийг төлөх ёстой байсан хэдий ч 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 4,999,400.00 төгрөгийг төлсөн байх тул гэрээг цуцалсан өдөр хүртэлх хугацаанд тооцвол 1,714,814.50 төгрөгөөс хэтэрч байна.

 

Иймд, зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 295,000,600.00 төгрөг, зээлийн хүү 34,760,780.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,714,814.50 төгрөг, нийт 331,446,195.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүд нь зээлийн гэрээгээр үүрэг хүлээгээгүй буюу хариуцагч А.Б-ын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгүүд бөгөөд энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Барьцаалуулагч нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно” гэж заасантай нийцэж байна.

 

Тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ” гэж заажээ. Тодруулбал, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд..................” гэж, 156.3.-д “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ /х.х-ийн 90 хуудас/.

 

 Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах эрхтэй” гэж, мөн 35.3.6-д “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” гэж, түүнчлэн 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж тус тус заасан.

 

 Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж, мөн 164 дүгээр зүйлийн 164.1-д “Эрх барьцаалахад энэ хуулийн 153-160 дугаар зүйлийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар ийнхүү газар эзэмших эрхийг бусдад барьцаалуулах бол үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зохигчид 1,100 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг барьцаалах тухай гэрээг харъяа газрын албанд бүртгүүлсэн байна /х.х-ийн 99, 100 хуудас/.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй” гэж, түүнчлэн 41.2-т “Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй бөгөөд үл биелүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан тул барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.     

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд зээлдэгч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 295,000,600.00 төгрөг, зээлийн хүү 34,760,780.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,714,814.50 төгрөг, нийт 331,446,195.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,402,184.89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.М, Л.Б нараас 331,446,195.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,402,184.89 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь заалтыг баримтлан хариуцагч Ц.М, Л.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Б-ын өмчлөл, эзэмшлийн газар эзэмших эрхийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,127,545.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Л.Б нараас 1,815,180.00 төгрөг, хариуцагч А.Б-аас 70,200.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т банк” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНДАЛБАЯР