Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2023/ДШМ/01

 

Д.З холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

        Прокурор Ш.Батсүх,

        хохирогч Г.Н,

        шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нарыг оролцуулан,

      Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/06 дугаар шүүгчийг захирамжийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Батсүхийн гаргасан эсэргүүцэлтэй яллагдагч Д.З холбогдох 2217001090067 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын  17-ны өдөр  хүлээн авч, шүүгч О.Однямаагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, Б овогт Д З 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 88-р зүйлийн Б ангид зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар,

      -Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 378 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 239-р зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

    -Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /1986/ тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 60.000 төгрөгөөр торгох ялаар,

       -Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан гэх /РД: - /,

         Яллагдагч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Ч маргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ө з байх Монгол гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэрэгт,

       2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, М - тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч З.Б шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Д.З үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Д З холбогдох эрүүгийн 2217001090067 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.З урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон модон иштэй хутга 1 ширхэг, 2 талдаа төмөртэй мод мэт зүйл 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас /бандааш/ 1 ширхэг, судал бүхий цагаан өнгийн даавуу 1 ширхэг, хар өнгийн шовх үзүүртэй хутга 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хэрэглэсэн салфетка 5 ширхэг, хар хүрэн өнгийн төмөр сүх 1 ширхэг, сүхний бариул дээрээс авсан үс, эмэгтэй хүний саарал өнгийн дотоож /бандааш/ 1 ширхэг, гараас авсан үс, хумс 10 ширхэг, шар өнгийн цоож 1 ширхэг, шар өнгийн цоож 1 ширхэг, шар цагаантай цоохор дэвсгэр даавуу 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт буцааж, хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

     Прокурор Ш.Батсүх давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Батсүх би Говьсүмбэр аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар шүүгчийн захирамжтай хэрэгт прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийг сая шүүгчээс бүрэн эхээр нь танилцуулсан учраас эсэргүүцэж байгаа үндэслэлүүдээ тайлбарлая. Нэгдүгээрт амь хохирогчийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тухайн хэрэг учрал болсон гэх газраас алга болсон байдаг. Үүнийг цагдаагийн хэлтсээс шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсаны үр дүнд олсон байдаг. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад уг тээврийн хэрэгсэлээс З урьд Б ХХК-ийн төмрийн үйлдвэрт ажиллаж байхдаа гагнуулж хэрэглэж байсан сүх илэрдэг. Энэ сүхийг хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авдаг. Үзлэгээр цус нь хохирогчийн цустай тохирсон байдаг. Иймд тухайн тээврийн хэрэгслийг хэн жолоодож Малхын 119 тоотын ойролцоо орхисон гэдгийг тогтоох шаардлагагүй. Мөн түүнчлэн гэрч Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө З согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 06-07 цагийн хооронд манай гэрт ирсэн. Манайд ирэхдээ тээврийн хэрэгсэл бариад Дорноговь аймаг явъя, тэндээсээ Улаанбаатар хот явъя гэдэг асуудал яригддаг. Үүний дагуу З тээврийн хэрэгсэл жолоодож явах тээврийн хэрэгсэл байсан уу, үгүй юу гэдэг ажиллагаа хийсэн. Үүний үр дүнд З нэр дээр ямар нэгэн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байдаг. З нь өмнө нь Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй байж байгаад 5 сард зарсан гэдэг нь тухайн үед тогтоогдсон байгаа. Үүнтэй холбоотой Зоригтсайхан амь хохирогчийн тээврийн хэрэгслийг тодорхой хэмжээгээр дэлгүүр орох гэх мэтэд унадаг гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Үүнтэй холбоотойгоор хэрэг гарсан цаг хугацаа З гэрч Эрдэнэ-Очирынд очсон цаг хугацаа хоорондоо давхцаж, З хохирогчийн тээврийн хэрэгслийг жолоодож Дорноговь аймаг яваад өгөөч гэдэг асуудлыг ярьж байсан нь тогтоогдож байгаа. Тухайн хэрэг учрал нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн өглөөний 5 цагийн орчим үйлдэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Яагаад гэхээр шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нас бараад 10-12 цаг болсон байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Энэ цаг хугацаа нь З өглөө явж байсан цаг хугацаатай тохирч байгаа. Хоёрдугаар заалтын хувьд хохирогч Н мэдүүлэгт дурдагдсан намхан шар эмэгтэй хэн бэ гэдэг асуудлыг дурдсан. Намхан шар эмэгтэй гэдэг нь яллагдагч З дүү Уранчимэг  гэж хүн байгаа. Энэ хүнээс мэдүүлэг авсан. З нь Говьсүмбэр аймгаас оргон зугтаж, Налайх дүүрэг болон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхор гэдэг газруудаар яваад сүүлд нь Төв аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчлагдсан байдаг. Ингэхдээ тодорхой хүмүүстэй уулзсан, харилцаа тогтоосон асуудал байгаа. Харилцаа тогтоосон эдгээр хүмүүсээс тухайн үед гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Энэ заалтын хувьд тухайн гэрч нараас мэдүүлэг авах, хохирогч Н шүүх хуралдаанд оролцох учраас тухайн шүүх хуралдаанд уулзсан хүн нь Уранчимэг мөн үү, биш үү гэдгийг тодруулах боломжтой гэж үзэж байгаа. Шүүх хуралдааны явцад З хүн алчихлаа гээд очсон талаар тодруулах боломжтой гэж үзэж байгаа. Мөн энэ талаар Н мэдүүлгээр 60 гаруй насны эрэгтэй буюу Т талаар дурдсан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан, энэ талаар мэдүүлэг авсан. Тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангийн аж ахуйн бүс буюу будаг дээр ажилладаг нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ өглөө 6 цагаас ажилд гараад, орой 7 цаг дотогшоо ордог нөхцөл байдал тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой зарим нэг шаардлагатай нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуралдааны явцад гаргаж өгөх боломжтой. Тухайн 21-22-ны өдөр буюу шүүгчийн захирамжинд заасан хугацаанд хаана байсан бэ гэдэг нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой гэж үзэж байгаа. Гуравдугаарт хэргийн газрын үзлэгээр гарын дардас буюу гарын мөр 5 ширхэгийг илрүүлсэн байдаг. Үүнээс 2 нь шинжилгээнд тэнцэхгүй, 3 нь шинжилгээнд тэнцэнэ гэж гардаг. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 110 дугаар тушаалаар баталсан журманд зааснаар шүүхийн шинжилгээний байгууллага бартлон санд хохирогч, яллагдагч, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан хүмүүсийн гарын мөр бартлон санг бүрдүүлнэ. Бартлон санд бүртгэх шаардлагатай гэж үзвэл хохирогч, гэрч нарын гарын мөрийг бартлон санд бэхжүүлнэ гэдэг. Шүүхийн шинжилгээний байгууллага гарын мөрийг харьцуулахдаа өөрийн бартлон санд бүртгэлтэй гарын мөртэй харьцуулдаг байгаа. Ингэхэд энэ гарын мөр З тохироогүй гэж гардаг. Тэгсэн ч гэсэн шүүгчийн захирамжинд Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа гарын мөрүүдтэй харьцуулан шинжлэх боломжтой байсан байна гэж дурдсан байдаг. Үүн дээр яагаад боломжгүй гэж үзэж байгаа вэ гэхээр өнөөдөр Монгол улсын хүн амын тоо 3 сая гарсан байдаг. Үүнээс 2 сая гаран нь насанд хүрсэн байдаг. 2 сая гаран хүний гарын мөртэй тохируулахад тухайн хүмүүсийн гарын мөрийг нэг бүрчлэн шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх шаардлага гарч байгаа. Шүүхийн шинжилгээний байгууллага нь өөрөө Улсын бүртгэлийн хэлтэстэй одоогийн байдлаар цахим мэдээллийн сангаар холбогдоогүй нөхцөл байдал байдаг учраас үүнийг боломжгүй гэж үзэж байгаа. Мөн тээврийн хэрэгсэл олдсон гэх Малхын - тоотоос гэрч Эрдэнэ-Очирын гэр хүртэл хэр зайтай вэ гэдгийг тогтоох шаардлагатай гэсэн байдаг. Үүнийг тухайн шүүх хуралдаанд гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авах байдлаар тодруулах боломжтой гэж үзэж байгаа. Тавдугаарт нь З зам, маршрутыг тогтоож, мэдүүлгийг газар дээр нь шалгах, мөн түүнчлэн дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ хэний мөнгөөр үйлчлүүлсэн талаар дэлгүүрийн касс, худалдагч нараас мэдүүлэг авах гэж заасан. Үүн дээр цагдаагийн байгууллагаас З эрэн сурвалжилсаны үр дүнд тухайн явсан маршрутуудыг тогтоосон, үүний дагуу холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авсан байгаа. Тухайлбал Баянзүрх дүүрэг болон Төв аймагт очсон гэх айлын хүмүүсээс мэдүүлэг авсан байдаг. Энэ маршрутыг З ч гэсэн өөрөө тодорхой ярисан байгаа учраас энэ маршрутыг заавал тогтоосноор хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар нэгэн ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Хамгийн гол асуудал нь З хэрэглэж байсан сүх хохирогчийн машинаас олдсон. Үүнийг гэрчүүд таньж олох ажиллагааны явцад танидаг гэдэг асуудал байгаа. Гуравдугаарт нь З 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр амь хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн гэдэг нөхцөл байдал З мэдүүлгээр тогтоогддог. Хохирогч нь тухайн үед З нүүр рүү нь нулимах, нүүр рүү нь ундаа цацах зэрэг үйлдлүүд гаргасан гэдэг асуудлуудыг яридаг. Эдгээртэй холбоотой мэдүүлгүүд хавтаст хэрэгт З 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт байсан гэдэг нь дараах нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд 1-р хх-ийн 120 дугаар талд авагдсан гэрч Б.Баярбатын мэдүүлэг,  1-р хх-ийн 106 дугаар талд авагдсан гэрч Баасанхүүгийн мэдүүлэг, 1-р хх-ийн 167-169 дүгээр талд авагдсан гэрч Даваажаргалын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Тэгэхээр заавал тэр зам маршрутыг тогтоож, мэдүүлгийг газар дээр нь шалгах шаардлагагүй. Дэлгүүрийн худалдагч, кассаас мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Зургаадугаар заалт нь хохирогч Б 2 удаагийн мэдүүлгээр З шөнөжин хүчиндсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг ч  2022 оны 08 дугаар 05-ны өдөр тухайн үед З уурласан байсан учраас хүчиндсэн гэсэн мэдүүлэг өгсөн, гагцхүү намайг гэрт зодож, гэмтэл учруулсан гэдэг нь үнэн гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн түүнчлэн З яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө Б надад холбогдуулаад цагдаагийн байгууллагад өргөдөл өгчихсөн байсан учраас би ийм байдлаар мэдүүлэг өгсөн. Тухайн үед тухайн гэмтлийг Цэрэнхүү, Б хоёр надад учруулаагүй, согтуу явж байхдаа төмөр утас, хадаас зэрэгт урах байдлаар энэ гэмтлийг учруулсан гэх мэдүүлэг байдаг. Үүнтэй холбоотой тухайн үед зодсон гэх цаг хугацаанд З агсам согтуу тавиад байна гэдэг байдлаар цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байдаг. Тухайн үед дуудлагаар очсон цагдаа очиход тус аймгийн цагдаагийн эрүүлжүүлэх байрны эмч Төмөрчөдөрт хүлээлгэн өгсөн байдаг. Эдгээр нотлох баримтуудаас дурдахад 3-р хх-ийн 46 дугаар талд  авагдсан гэрч Азбаярын мэдүүлэг, 3-р хх-ийн 48-49 дүгээр талд авагдсан гэрч Төмөрчөдөрийн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтууд авагдсан. Энэ мэдүүлэгтэй холбогдуулж тухайн гэрэл зургийн үзүүлэлтийг ажиглабал З биед Цэрэнхүү, Б хоёрын учруулсан байж болзошгүй гэж шүүгчийн захирамжинд дурдагдаад байгаа шарх гэмтэл нь тав тогтож, эдгэрэх нөхцөл байдалтай байгаа нь хэрэгт авагдсан фото зургаас харагддаг. Мөн гэрч Цэрэнхүүгийн мэдүүлэг 3-р хх-н 109-111 дугаар талд авагдсан нотлох баримтаар Б, Цэрэнхүү нар нь З зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа. Нөгөөтэйгүүр нэгэнт Б нь З намайг хүчиндээгүй гэдэг мэдүүлэг өгсөн. Үүнтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулахад хохирогчийн ануст ямар нэгэн урагдал, шарх, гэмтэл тогтоогдоогүй гэх зэргээс дүгнэхэд З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1, 12.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Мөн Б Эрүүгийн хуулий тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй учраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй учраас үүн дээр ямар нэгэн прокурорын шийдвэр гараагүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь холбогдуулж шалгаад, шийдвэр гаргахаар зохицуулалт ороогүй учраас эдгээр нөхцөл байдлуудтай холбогдуулж гэрчүүдээс мэдүүлэг авахуулж, шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийсэн байгаа. Тэгэхээр үүн дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

      Хохирогч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх боломжтой, үндэслэлтэй гэж үзэж байна. Ээжийг минь 2-3 хоног гэрт нь орж, хаалга үүдийг нь эвдэж, янз бүрээр хүчирхийлэх гэж оролдсон байсан. Энэ талаар ээж маань ажлынхаа даргадаа хэлсэн байсан. Хэргийг бүрэн шалгаж дууссан гэж үзэж байгаа. Манай ээж бид нараас нуусан болохоос даргадаа бүх зүйлийг хэлсэн байсан. Энэ хүний мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас хэргийг шийдэх боломжтой, буцаах шаардлагагүй  гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

       Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан  шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  эсэргүүцлийн агуулгаар  хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

         Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.З холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй зөв болжээ.

         Яллагдагч Д.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Т.Ч маргалдан нүүр лүү нь ундаа цацсан, нулимсан гэх шалтгаанаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Ө з байх гэрт толгой, биеийн хэсгүүд рүү сүхээр цохих /цавчих/, зүүн гарын шууг мушгин хугалах зэргээр олон тооны шарх учруулсны улмаас гавал тархины хавсарсан гэмтлээр нас барж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

       2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, М - тоот хашаанд байх байшинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Р.Б шалтаг шалтгаангүйгээр түлхэж унагах, хувцасны өлгүүрийн хугархайгаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон түүний зүүн гарын чигчий хурууны 2 дугаар шивнүүр ясны далд хугарал учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхээс:

     - амь хохирогч Т.Ч тээврийн хэрэгслийг хэн жолоодож Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг М - тоот хашааны гадна орхисныг тогтоох, тухайн тоот хашаатай ойрхон байгаа айл өрхийн хүмүүсээс тус тээврийн хэрэгслийг ямар дүр төрхтэй, ямар хувцас хунартай хувцас нь цус мэт зүйлээр бохирлогдсон хүн байсан эсэх зэргийг асууж тодруулах, мөн 2022 оны 07 дугаар сарын 21-ны өглөөнөөс 22-ны орой буюу тээврийн хэрэгсэл олдох хүртэл хугацаанд Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл хаагуур явсан зам маршрутыг тогтоох,

         -Д.З нагац эгч гэх намхан шар эмэгтэй гэж хэн болох, З нь хүн амины хэргийн талаар юу гэж ярьсан болох, мөн гэрч Д.Төмөрбаатараас 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдрийг дуусталх хугацаанд хаана байсныг тогтоох,

      -гэрч Н.Эрдэнэ-Очироос яллагдагч Д.З нь тухайн өдөр ямар хувцастай явж байсан, машин барьчих гэж ямар маркийн тээврийн хэрэгслийн талаар хэлж ярьж байсныг тодруулах, тээврийн хэрэгсэл олдсон гэх Сүмбэр сумын 2 дугаар баг М - тоот, гэрч Н.Эрдэнэ-Очирын гэр болох Сансарын - тоот, хохирогч Р.Б гэр болох М - тоот, хохирогч Т.Ч гэр болох Ө з хоорондоо хэр зайтай болохыг тогтоох, /схем зураг гаргах/

     -шинжилгээнд тэнцсэн гарын мөрийг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн санд байгаа гарын мөртэй харьцуулж, уг гарын мөр хэнийх болохыг тогтоох,

       -яллагдагч Д.З дэнжийн Андууд дэлгүүрийн гадаа архи ууж байгаад таарсан 3-4 хүнийг олж тогтоох, тэднээс хүн нас барсан гэх мэдээллийг хэнээс мэдсэн болох, З уулзахад ямар хувцастай явж байсан, хувцас нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан эсэхийг асууж тодруулах, мөн яллагдагч нь тухайн өдөр дэнжийн Андууд, Чандмань дэлгүүрийн зүүн харалдаа байдаг дэлгүүр, Дугуй дэлгүүр, Ургах наран хороололын дэлгүүр зэргээр орж үйлчлүүлсэн байх тул дээрх дэлгүүрийн кассын ажилтнаас гэрчээр мэдүүлэг авах, мөн тус дэлгүүрүүд болон Баянтал сумын наана байх ШТС-н камерийг шалгах,

      -хохирогч Р.Б нь З хүчиндүүлсэн гэх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хохирогч Р.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, эдгээрийг эцэслэн шийдвэрлэх,

       - мөн яллагдагч Д.З биед хөнгөн гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан байхад Р.Б, Д.Цэрэнхүү нарын үйлдлийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх тул эцэслэн шийдвэрлэх,

     - яллагдагчийн өмгөөлөгч Э.Сайханаагаас Д.З архины хэрэглээтэй холбоотой эмгэгтэй эсэхэд Шүүх сэтгэц судлалын дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байх тул шийдвэрлэх зэрэг ажиллагаануудыг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна.

       Мөн прокурор нь тухайн хэргийг шалгахдаа нэмж хохирогч Т.Ч эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь алдагдсанаас хойш олдох хүртлээ Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дээгүүр хаагуур явсан байж болох зам маршрутыг шалгах, хэн жолоодож явсаныг тогтоохын тулд гудамжны камерийн бичлэгийг шалгах зэрэг шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй.

       Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЗ/06 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг  хэрэгсэхгүй болгосугай. 

     2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ТЭГШСУУРЬ

         ШҮҮГЧ                                                           А.САЙНТӨГС

         ШҮҮГЧ                                                           О.ОДНЯМАА