Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02391

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02391

 

 

П.Ч-гийн  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02319 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч П.Ч-гийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ц-т холбогдох

Түрээсийн төлбөр, хохирол 3 806 100 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Ч- нь Б.Ц-той дэлгүүр ажиллуулах зорилгоор түрээсийн гэрээг сарын 300 000 төгрөгөөр тохиролцож, нийт 10 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг Б.Ц-т шилжүүлсэн ба тухайн 3 000 000 төгрөгийг Б.Ц-т өгөхийн тулд өөрийн эзэмшлийн ээмэг бөгж, зүүлт зэргийг Тайгын Булаг ХХК-д барьцаалан сарын 4 хувийн хүүтэйгээр 3 000 000 төгрөгийн зээл авсан. Дэлгүүр нь орлого ашиг муу байсан, анх гэрээ байгуулахад тохиролцож байсан ашгаа өгөхгүй, мөн түрээслүүлэгчийн ааш авир, элдэв янзын шахалт шаардлагаас болж 1 cap үйл ажиллагаа явуулаад талууд гэрээг цуцалж, Б.Ц- урьдчилж төлсөн түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйн улмаас Тайгын Булаг ХХК-д барьцаалан зээл авсан эд зүйлсээ буцааж авч чадалгүй cap бүр хүү төлөх болж байна. Эднийхээс нүүрс байхгүй гээд надаас мөнгө авч байсан. Аргагүй эрхэнд жижиг тень залгасан. Эднийх гаднаа том зоорьтой, том мотор ажилладаг. Мөн дэлгүүр дотор касс ажилладаг. Тэр гарсан тогны мөнгийг надаас нэхэмжлээд байгаа. Иймд Б.Ц-оос түрээсийн гэрээний үүрэгт 3 540 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Тайгын булаг ХХК-д зээлийн хүүнд 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 154 710 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 112 000 төгрөг, нийт 266 710 төгрөг төлснийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол тул 266 710 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч Б.Ц-оос түрээсийн гэрээний үүрэгт нийт 3 806 100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц- миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын Б-ийн 360 тоотод байрлах Мөнхийн оч 8 нэрийн дэлгүүрээ П.Ч-д түрээслүүлэхээр болж дэлгүүр түрээслэх гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдэн гарын үсэг зурцгаасан. Манай дэлгүүр нь өдөрт 700 000-900 000 төгрөгийн орлого ордог бөгөөд энэ нь дэлгүүрийн хар дэвтэр пос машины хуулга зэргээс харагдана. П.Ч- нь надтай дэлгүүр түрээслэх гэрээ хийснээс хойш дэлгүүрээ өөрөө ажиллуулаагүй ба өөрийнхөө хүүхдүүдийг дэлгүүртээ суулгаад өөрөө үзэгдэхгүй байсан. Дэлгүүр ажиллуулахад өргөн хэрэглээний бараа болон хүнд хэрэгтэй зүйлсийг сонгож дэлгүүрийн лангуун дээр зардаг байтал бараагаа огт татдаггүй. Гэтэл П.Ч- нь дэлгүүрийг маань түрээсэлснээс хойш хүүхэд нь, бэр нь түүнээс гадна миний танихгүй 2-З-н хүн ээлжилж суудаг байсан. Эдгээр хүмүүс нь олон хүний гараар орлого зарлагаа яаж хуваасныг мэдэхгүй. Өөрсдийнхөө буруугаас болж дэлгүүрийг маань орлогогүй болгосон байж буруугаа надад тохож түрээсийн гэрээг цуцлах санал тавьж надад хохирол учруулаад байна. Дэлгүүрийг түрээсэлж байх хугацаанд түрээслэгч нь хог, цахилгаан дулааны мөнгийг өөрөө төлөхөөр тохиролцсон. П.Ч- нь өөрийн буруутай үйлдлээс болж гэрээг цуцлах саналыг надад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тавихад би өөрийнх нь дэлгүүр ажиллуулж чадахгүйгээс болж хохирч байгааг ойлгоод өрөвдөн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн. П.Ч-г гарснаас хойш тогны мөнгө төлөгдөөгүй байсан учраас дэлгүүрээ одоо болтол ажиллуулж, түрээслүүлж чадахгүй байна. Гэтэл 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх тогны мөнгө 268 598 төгрөг гарч алданги нь 24 430 төгрөг гарсан байна. Манайх 380-ын махны зоорьтой, төлбөр нь тусдаа бичигддэг. 12 дугаар сарын 25-ны өдөр 580 000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн ба 20 хоногийн дотор 280 000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн байгаа юм. Иймээс П.Ч-гийн бизнес хийхдээ авсан зээлийн хүү 540 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн миний дэлгүүрийг түрээсэлж 1 сар 10 хоног ажиллуулсан тул түрээсийн төлбөрт 400 000 төгрөг тогны мөнгө 883 252 төгрөг зэргийг суутган тооцож нийт 1 283 252 төгрөгийг 3 000 000 төгрөгөөс хасуулж 1 716 748 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ц-оос 2 687 502 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Ч-д олгож, үлдсэн 1 118 591 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 43 дугаар зүйлийг 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 80 650 төгрөгөөс 75 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 802 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Ц-оос улсын тэмдэгтийн хураамжид 57 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч П.Ч- нь түрээсийн гэрээг Сэтгэлийн Цэнгүүн ХХК-тай хийсэн, ба гэрээг Цэрэндолгортой байгуулаагүй. Шийдвэрийн үндэслэл хэсэгт заасан нэхэмжлэгчийн Сайн ломбард барьцаалан зээлэх газраас 2020 оны 3 дугаар сарын 17 ны өдөр 090030797 барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 28-ны №090061013 барьцаатай зээлийн гэрээ Тайгын булаг ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20/1080 дугаар тоотоор түрээсийн төлбөр төлөх зорилгоор зээл авсан нь тогтоогдож байна гэж үзэн шүүх зээлийн хүү болох 356 000 төгрөгийг ломбард хооронд байгуулсан түрээсийн гэрээнээс учирсан хохирол гэж үзэн хариуцлагаас гаргахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч П.Ч- нь 2020оны 11 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр 573 төгрөг болон 1 сар 10 хоног түрээсэлсэн 400 000 төгрөг, нийт 973 308 төгрөг, 10 сарын төлбөр 3 000 000 төгрөгөөс хасч үлдэгдэл 2 026 692 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч П.Ч- хариуцагч Б.Ц-т холбогдуулан түрээсийн төлбөрт шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулах, уг 3 000 000 төгрөгийг буцааж өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 806 100 төгрөгийг, нийт 3 806 100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсэг 1 716 748 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

 Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дэлгүүр түрээслүүлэх гэрээ байгуулж, гэрээнд зааснаар  нэхэмжлэгч 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дэлгүүрийг түрээслэн ажиллуулсан, нэхэмжлэгчээс түрээсийн гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээг цуцалсан үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө түрээсийн гэрээг цуцлах нэхэмжлэгчийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн тохиолдолд талуудын маргаан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт урьдчилан төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь түрээсийн дэлгүүрт 1 сар 10 хоногийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан тул төлсөн 3 000 000 төгрөгөөс 400 000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцох үндэслэлтэй ба энэ талаар талууд маргаагүй байна.

Түрээсийн дэлгүүрийн ашиглалтын зардалд нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн талаар хариуцагч 883 252 төгрөг болсон гэж, нэхэмжлэгч 268 598 төгрөг төлнө гэж маргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр 2019 оны 11 дүгээр сард 582 560 төгрөг, 2019 оны 12 дугаар сард 268 598 төгрөг, алдангийн хамт 883 252 төгрөг болсон гэж тайлбарлаж байгаа боловч уг төлбөр дангаараа түрээсийн дэлгүүрийн цахилгааны төлбөр болохыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, ...дэлгүүрийн дотор касс ажилладаг, гадна том зооринд мотор ажилладаг, тэнд гарсан тогны мөнгийг надаас нэхэмжлээд байгаа... гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч ...цахилгаан хогын төлбөр сард 150 000-250 000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос төлөхөөр ярилцсан... гэж / хх-ийн 2 /, хариуцагч ...дэлгүүрийн цахилгааны төлбөр сард дээд тал нь 160 000 төгрөг бичигддэг... гэж / хх-ийн 14 / тус тус тайлбар гаргаж байснаас үзэхэд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрөөс 268 598 төгрөгийг цахилгааны төлбөрт суутгаж тооцсон шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 Харин шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дахь хэсэгт зааснаар нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол гэрээнээс татгалзсаны хохирлыг төлөх үндэслэлгүй болохыг анхаараагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээнээс татгалзсан гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь хүү төлж, 356 000 төгрөгийн хохирол учирсан гэж өөр хоорондоо зөрчилтэй, үндэслэл муутай дүгнэлт хийжээ.

Талууд харилцан тохиролцож шүүхээс өмнө түрээсийн гэрээг цуцалсан байдаг ба ийнхүү цуцлахад хариуцагчийн буруутай ямар үйлдэл нөлөөлсөн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг төлсөн байхад шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргахын өмнө байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан 2020 оны 6 сарын 28-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний хүүгээр хохирол тооцсоныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн алдагдалд хамааруулах, бодит хохирлын агуулгад нийцсэн гэж үзэх боломжгүй.

Мөн шүүх гэрээг цуцалснаас үүсэх үүргийн харилцаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хамааруулсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2020/02319 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Ц-оос 2 331 402 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 475 308 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын 57 950 гэснийг 52 252 гэж, тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ц-ын төлсөн 28 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай..

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ