Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШЗ2020/02319

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.Ч/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц/РД: /-т холбогдох,

 

3 806 100 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чингис, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П.Ч би охин Г.Болорцэцэгийн хамтаар 7-н буудалд 6-н нэрийн дэлгүүр түрээслэж ажиллуулж байгаад бид хоёр гэртээ ойрхон 8-н нэрийн дэлгүүр ажиллуулахаар шийдээд, шуурхай зар сонин аваад, зар дээрээс Чингэлтэй дүүргийн 7-р хороо телевизийн хуучин эцэст орлого сайтай 8-н нэрийн дэлгүүр түрээслүүлнэ гэсэн зарын дагуу, зар дээр бичсэн утсаар нь холбогдож хаяг байршлыг асуухад, Телевизийн талаас Дэнжийн 1000 руу гэр хороолол явдаг засмал замын дагуу “Мөнхийн оч” гэсэн нэртэй дэлгүүр байгаа гэхэд нь явж очоод дэлгүүрт нь ороход эрэгтэй хүн сууж байснаас өдөрт хэдэн төгрөгний орлого ордог вэ? гээд би бичгээр бичиж асуухад, тооны машин дээр 550 000 гэдэг тоог бичиж үзүүлсэн.

Дараа нь эзэн болох хүнтэй уулзаж ярилцахад манай дэлгүүрийн орлого 700 000-900 000 төгрөгний хооронд ордог, дотроо тогны мөнгө авдаг касстай, засмал зам дагуу, хөл хөдөлгөөн тасардаггүй, түрээслэхэд алзахгүй гэдэг талаас нь сайхан зүйлийг ярьж хэлэхэд нь хэлгүй хүний хэлсэн орлого, чиний хэлсэн орлого хоёр чинь зөрөөд байна гэхэд энэ хүн хэлгүй болохоор худалдан авагч нартайгаа сайн хэл амаа ойлголцдоггүй учраас орлого нь бага ороод байх шиг байна. Энэ хэлгүйг хурдан гаргамаар байна, түрээслэе гэсэн хүмүүс зөндөө зарын дагуу асуугаад байна, одоо нэг хүн ирж уулзана гэсэн гээд байхаар нь үнэндээ хэлгүй хүнээс шалтгаалаад орлого бага орж байж магадгүй юм уу, хоёрт хүмүүс түрүүлээд түрээслэчих байх гэж бодсоны үүднээс охинтойгоо ярилцаад түрээслэхээр  шийдтэл та хоёр өнөөдөр л мөнгөө, түрээсээ өгчихвөл сайн байна гээд байхаар нь бид хоёрт бэлэн мөнгө байхгүй Дэнжийн 1000-ын “Сайн” ломбард руу очоод алтан гинж, алтан бөгж, алтан ээмэг болон хүүхдүүдийнхээ бөгжнүүдийг бүгдийг нь тавин байж бэлнээр нь 3 000 000 төгрөгийг 2019 оны 10 сарын 19-ний өдөр авч очоод /1 сарын түрээс болох 300 000 төгрөгөөр/, 10 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг бэлнээр тоолж Цын гарт нь өгөөд тог цахилгаан, хогны төлбөр болох 150 000-250 000 төгрөгний хэлбэлзэлтэйгээр дэлгүүрийн орлогоноос төлөхөөр ярилцаад 1 сарын 500 000 төгрөгийг төлж ажиллахаар тооцож “Дэлгүүр түрээслэх гэрээ” гэсэн гэрээ шиг цаасан дээр нь гарын үсэг зурсан.

Ингээд би аавын бие муудаад байна гэсэн дуудлага ирээд 10 сарын 22-нд Увс аймаг руу явсны хойгуур хүүхдүүд 11-р сарын 01-ний өдрөөс тус дэлгүүрийг ажиллуулсан байсан.

Яг 1 сар ажиллуулж үзэхэд тогтмол орлого нь 40 000-150 000 төгрөгний хооронд л ордог байсан болохоор 1 сарынхаа түрээсийг төлж чадахгүйд хүрч, бид шатаад байна гармаар байна гэж хэлэхэд ямар сонин юм бэ за за зар сонинд зар өгчихнө, дараагийн түрээслэх хүн ирвэл ийм бага орлого ордог гэж хэлж болохгүй, 550 000-аас дээш ордог гэж хэлээд өгөөрэй гэдэг үгийг манай охин Болорцэцэгт хэлсэн байдаг болохоор тэр хэлгүй хүнд одоо дэлгүүр үзэх хүмүүс ирнэ тэр хүмүүст 550 000 төгрөгний орлого ордог гэж хэлээрэй гээд захисан байж таараад байгаа юм аа.

Энэ Ц гэгч хүн уран цэцэн үгээр хүний толгойг төөрөгдүүлж, худал хуурмагаар мэхэлж дэлгүүртээ оруулж байгаад хүнээс бэлэн мөнгө авч тус 8-н нэрийн дэлгүүрийг түрээслэх нэрийдлээр залилан хийж амьдардаг хүн байна гэдгийг дээрх яриснаас нь ойлгогдож байна.

Цоо мөнгөө авъя гээд манай охин өдөр болгон шахуу утас руу нь залгаад ярихад ийм ч юм хийх гэж байна, тийм ч юм хийх гэж байна жаахан хүлээчих гэсээр шалтаг тоочсоор өнөөдрийг хүрлээ.

Би “Сайн” ломбарданд 3 000 000 төгрөгний хүүнд 1 сарын 90 000 төгрөгний хүүг төлдөг, зарим үед хугацаанд төлж чадахгүй хоног хэтэрсэн хүүгийн хүүг давхар төлж ирлээ.

Миний мөнгийг цаг тухайд нь буцаагаад өгчихсөн бол, цувуулаад өгчихсөн бол эд зүйлээ хэл амгүй авчихсан байсан.

2019 оны 10-р сарын 19-нд “Сайн” ломбарданд тавьсан эд зүйлүүдийн 3 000 000 төгрөгийн хүүнд 6 сарын хүү болох 540 000 төгрөгийг төлөөд байгаа учир Б.Цоос 3 540 000 төгрөгийг хуулиар нь үнэн шударгаар зохицуулж авч өгч хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Б.Цт холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт 3540000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ.

Нэхэмжлэгч П.Ч нь Б.Цтой дэлгүүр ажиллуулах зорилгоор түрээсийн гэрээг сарын 300 000 төгрөгөөр тохиролцож, нийт 10 сарын түрээсийн төлбөр болох 3 000 000 төгрөгийг Б.Цт шилжүүлсэн ба тухайн 3 000 000 төгрөгийг Б.Цт өгөхийн тулд өөрийн эзэмшлийн ээмэг бөгж, зүүлт зэргийг Тайгын Булаг ХХК-д барьцаалан сарын 4 хувийн хүүтэйгээр 3 000 000 төгрөгийн зээл авсан байдаг.

Б.Цтой байгуулсан түрээсийн гэрээг нь орлого ашиг муу байсан анх гэрээ байгуулахад тохиролцож байсан ашигаа өгөхгүй, мөн түрээслүүлэгчийн ааш авир, элдэв янзын шахалт шаардлагаас болж 1 cap үйл ажиллагаа явуулаад талууд гэрээг цуцалж, Б.Ц урьдчилж төлсөн түрээсийн төлбөр 3 000 000 төгрөгийг өгөхөөр болсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүйн улмаас Тайгын Булаг ХХК-д барьцаалан зээл авсан эд зүйлсээ буцааж авч чадалгүй cap бүр хүү болж байна.

Эднийхээс нүүрс байхгүй гээд надаас мөнгө авч байсан. Аргагүй эрхэнд жижиг тень залгасан. Тэгээд гарахын өмнө эдний дэлгүүр дотор касс ажилладаг байсан. Эднийх гаднаа том зоорьтой юм байна лээ. Тэнд том, том мотор ажилладаг юм байна лээ. Тэр гарсан тогны мөнгийг надаас нэхэмжлээд байгаа.

Иймд Б.Цоос түрээсийн гэрээний үүрэгт 3 540 000 төгрөг гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаа Тайгын булаг ХХК-д зээлийн хүүнд 2020.08.08-ны өдөр 154 710 төгрөг, 2020.09.07-ны өдөр 112 000 төгрөг, нийт 266 710 төгрөг төлсөнийг гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол тул 266 710 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч Б.Цоос түрээсийн гэрээний үүрэгт нийт 3 806 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч П.Чгийн өмгөөлөгч Г.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбараас үзэхэд үйлчлүүлэгчийн маань ажиллаж байсан хугацаанд нийт 582,560 төгрөгийн тогны мөнгө гарсан гэж тайлбартаа дурдсан байдаг. Үүнийг нотлох баримтаар аваад үзэхэд хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга гээд “Сэтгэлийн цэнгүүн” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тогны бичилт болон үнийн дүнгийн тооцоолол байгаа. Энд 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тогны мөнгө тушаасан баримт 582,560 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тушаасан тогны мөнгөний баримт 268,598 төгрөг байгаа. Хэрэглээгээ хэрэглэчихээд хэрэглэсэн хэрэглээгээ тухайн сардаа биш дараа сарынхаа 20-нд багтааж төлбөрөө төлдөг. Үүнээс харахад юу вэ гэвэл 11 сарын хэрэглээ буюу манай үйл ажиллагаа явуулж байсан хэрэглээ 12 дугаар сарын 25-ны өдөр 568,598 төгрөг болох нь эндээс тодорхой харагдаж байгаа. 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 582,560 төгрөг бол өмнө нь компанийн үйл ажиллагаа явуулж байсан үлдэгдэл мөнгөө 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн ийм баримт байгаа юм. Манайд гарсан тог бол 268,598 төгрөг болох эндээс тогтоогдож байгаа. 10 сард 10 хоногийн дотор ахиад 280,000 төгрөг гаргаад явсан гэсэн тайлбарыг гаргаж байна. Энэ талаар нотлох баримт авагдаагүй. Ямар үндэслэлээр ийм тооцооллыг гаргаж ирж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн өгөхөд П.Ч гуай өөрийн үнэт эдлэл болох ээмэг, бөгж, зүүлт зэргийг “Тайван булаг” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар сарын 4 хувийн хүүтэйгээр ломбардад тавиад 10 сарын түрээсийн төлбөр 3,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Гэрээгээ цуцлаад 2019 оны 12 сард гарахдаа төлбөрөө суутгаж аваад өгчихөө би энэ мөнгөөрөө ломбардад тавьсан юм аа авъя гэсэн боловч хугацаа хэтрүүлээд өгөөгүй. Энэ газраас 3,000,000 төгрөгийн зээл аваад хүүнд 806,710 төгрөгийн хүү төлж байгаа. Түрээсийн гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэл шаардаж байна гэвэл Иргэний хуулийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ зөрчсөнөөс үүсэх хохирлыг хохирол учруулсан талаасаа шаардах эрхтэй гэснийг үндэслээд нэхэмжлэгчийн зүгээс хүүгийн төлбөрийг шаардаж байгаа. 306,710 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа. Хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчийн хүсэл зоригоос харахад Түрээсийн гэрээ байгуулагдсан болон дуусгавар болгосонтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Хамгийн гол нь тогны төлбөр тооцоон дээр маргаан үүсч байгаа учраас Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйл Хөлслөх гэрээг үндэслээд хүчин төгөлдөр гэж үзэхээр байгаа. Нэхэмжлэлийн нийт үнийн дүнгээс сар 10 хоног үйл ажиллагаа явуулсан гэж үзээд 400,000 төгрөгөө хасъя. 11 сард үйл ажиллагаа явуулаад тогны мөнгө 268,598 төгрөг гаржээ. Үүнийгээ хасъя. Ингээд үлдэгдэл 3,238,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байна.” гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ц миний бие 2019 оны 11 сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын Б-ийн 360 тоотод байрлах “Мөнхийн оч” 8-н нэрийн дэлгүүрээ Пэрэнлэй овогтой Чд түрээслүүлэхээр болж дэлгүүр түрээслэх гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр үйлдэн гарын үсэг зурцгаасан. Манай дэлгүүр нь өдөрт 700 000-900 000 төгрөгний орлого ордог бөгөөд энэ нь дэлгүүрийн хар дэвтэр пос машины хуулга зэргээс харагдана. Ч нь надтай дэлгүүр түрээслэх гэрээ хийснээс хойш дэлгүүрээ өөрөө ажиллуулаагүй ба өөрийнхөө хүүхдүүдийг дэлгүүртээ суулгаад өөрөө үзэгдэхгүй байсан. Дэлгүүр ажиллуулахад өргөн хэрэглээний бараа болон хүнд хэрэгтэй зүйлсийг сонгож дэлгүүрийн лангуун дээр зардаг байтал бараагаа огт татдаггүй. Зөвхөн ундаа ус мэтийн зүйлс дэлгүүрт нь байдаг байсан. Мөн дэлгүүрийг нэг хүнээр хараа хяналт тавьж данс тооцоогоо шахаж явахгүй бол цөөхөн төгрөгнөөс ашиг бага унана. Гэтэл Ч нь дэлгүүрийг маань түрээсэлснээс хойш хүүхэд нь, бэр нь түүнээс гадна миний танихгүй 2-З-н хүн ээлжилж суудаг байсан. Эдгээр хүмүүс нь олон хүний гараар орлого зарлагаа яаж хуваасныг мэдэхгүй. Ч дэлгүүрийг маань түрээслэхдээ барааны сонголт байхгүй бараагаа татдаггүй байснаас болж одоо дэлгүүрийн орлого эрс багассан байна.

Өөрсдийнхөө буруугаас болж дэлгүүрийг маань орлогогүй болгосон байж буруугаа надад тохож түрээсийн гэрээг цуцлах санал тавьж надад хохирол учруулаад байна.

Ч бид хоёр гэрээндээ дэлгүүрийн сарын 300 000 төгрөгөөр 10 сарын хугацаатай түрээслэхээр болж дэлгүүрийг түрээсэлж байх хугацаанд түрээслэгч нь хог, цахилгаан дулааны мөнгийг өөрөө төлөхөөр тохиролцсон. Манай дэлгүүрийн тог цахилгааны мөнгө сард дээд тал нь 160 000 төгрөг буюу түүнээс доош бичигддэг байсан бол 2019 оны 11 сарын 24-ний өдөр цахилгааны мөнгө бичигдэхэд 582 560 төгрөг гарч өссөн уг төлбөрийг төлөөгүйн улмаас алданги 7 664 төгрөг бодогдсон байсан. Ч нь өөрийн буруутай үйлдлээс болж гэрээг цуцлах саналыг надад 2019 оны 12 сарын 10-ны өдөр тавихад би өөрийнх нь дэлгүүр ажиллуулж чадахгүйгээс болж хохирч байгааг ойлгоод өрөвдөн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн. Чг гарснаас хойш тогны мөнгө төлөгдөөгүй байсан учраас дэлгүүрээ одоо болтол ажиллуулж, түрээслүүлж чадахгүй байна. Гэтэл 11 сарын 24-ний өдрөөс хойш 12 сарын 10-ны өдрийг хүртэлх тогны мөнгө 268 598 төгрөг гарч алданги нь 24 430 төгрөг гарсан байна. Ч нь дэлгүүрийг ажиллуулж байхдаа байнга цахилгаан халаагуур залгадаг байсны улмаас манай тог ийм өндөр гарсан байна. Энэ хүмүүсийг тень залгаад байна гэж манай хүү хэлсэн. Энэ хүмүүст тогны мөнгө гарлаа гэсэн чинь тэр тениэ нуугаад маргасан. Манайх өглөө оройдоо нүүрс хийдэг. Өдөр болгон пудволктой суудаг. Байр шиг галладаггүй. Би ноосон цамцаа өмсөцгөө гэж хэлсэн. Бид маргалдаад Цагдаа ирээд шалгасан. Манайд хужаа байхгүй. Манайх 380-ын махны зоорьтой. Тэрийгээ ажиллуулаагүй байсан. 380-ын мөнгө тусдаа бичигддэг. Тэгээд 12 дугаар сарын 10-ны өдөр гарлаа гээд тогныхоо мөнгийг төлөхгүй байгаа. 12 дугаар сарын 25-ны өдөр 580,000 төгрөгийг хийчихээд 20 хоногийн дотор 280,000 төгрөг ахиад гаргаад явчихаж байгаа юм.

Иймээс Ч нь 8-н нэрийн дэлгүүр ажиллуулж үзээгүй байж орлого сайтай манай дэлгүүрийг ажиллуулна гэж түрээсэлж авснаас хойш дэлгүүр маань үйлчлүүлэгчгүй болж тогны мөнгө төлөөгүй 883 252 төгрөгний өрөнд оруулсан тул дэлгүүрээ ажиллуулж чадахгүй түрээсэлж чадахгүй би хохирч байна.

Би Чг бодож түрээсийн гэрээг 2019 оны 12 сарын 10-ны өдөр цуцалсан нь үнэн боловч Чгийн нэхэмжлэлд байгаа 3 540 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Учир нь Чгийн бизнес хийхдээ авсан зээлийн хүү 540 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, мөн миний дэлгүүрийг түрээсэлж 1 сар 10 хоног ажиллуулсан тул түрээсийн төлбөрт 400 000 төгрөг тогны мөнгө 883 252 төгрөг зэргийг суутган тооцож нийт 1 283 252 төгрөгийг 3 000 000 төгрөгнөөс хасуулж 1 716 748 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Ч хариуцагч Б.Цт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3 000 000/гурван сая/ төгрөгийг, учирсан хохиролд 806 100/найман зуун зургаан мянга нэг зуу/ төгрөгийг, нийт 3 806 100/гурван сая найман зуун зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Ц нь түрээсийн төлбөрт 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөг, тогны мөнгө 883 252/найман зуун наян гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг зэргийг суутган тооцож, нийт 1 283 252/нэг сая хоёр зуун наян гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг 3 000 000/гурван сая/ төгрөгөөс хасуулж, 1 716 748/нэг сая долоон зуун арван зургаан мянга долоон зуун дөчин найм/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дэлгүүр түрээслүүлэх гэрээ байгуулсан болох нь Дэлгүүр түрээслүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Дэлгүүр түрээслүүлэх гэрээг нэг талаас “Сэтгэлийн цэнгүүн” ХХК байгуулсан гэсэн байх боловч хариуцагчийн тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт тус гэрээг байгуулсан талаар дурдсан байх тул зохигчид тус гэрээг байгуулсан гэж үзнэ.

 

 Дэлгүүр түрээслүүлэх гэрээний 1, 5-ын 5.1, 5.2, 6-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл дэлгүүрийн зориулалтаар тайлбай түрээслүүлэх, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь Дэлгүүр түрээслүүлэх гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Дэлгүүр түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжтэй байх тул тус Дэлгүүр түрээслүүлэх гэрээг Түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Гэрээнд заасан дэлгүүр нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар тус Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үндэслэлгүй байна.

  

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 3 000 000/гурван сая/ төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-т “Түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид Чингэлтэй дүүрэг, 7-р хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Мөнхийн Оч” нэртэй дэлгүүрийн талбайг шилжүүлж, нэхэмжлэгч нь нэг сарын түрээсийн төлбөрт 300 000/гурван зуун мянга/ төгрөгийг, 10/арав/ сарын түрээсийн төлбөрт нийт 3 000 000/гурван сая/ төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус дэлгүүрт орсон гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус дэлгүүрийг ажиллуулсан гэж нэхэмжлэлдээ дурдсан байх тул хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дэлгүүрийн талбайг шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гэрээнээс татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан ...” гэх тайлбар, хариуцагчийн “ ... гэрээг цуцлах саналыг надад 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тавихад ... гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т “Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно.”, 221.2-т “... талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Гэрээнээс татгалзсан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “Мөнхийн Оч” нэртэй дэлгүүрийн талбайг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл эзэмшиж, ашиглаж байсан байх тул хариуцагчид 1/нэг/ сар 10/арав/ хоногийн түрээсийн төлбөрт нийт 400 000/300000:30=10000, 10000x10=100000, 100000+300000=400000/ /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-т “Хөлслөгч нь дараахь үүрэг хүлээнэ:”, 289.1.1-т “хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах;”, 318 дугаар зүйлийн 318.5-д “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1, 289.1.1, 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь дэлгүүрийн талбайг 2019 оны 11 дүгээр сард эзэмшиж, ашиглаж байсан байх тул нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт төлсөн төлбөрөөс 268 598/хоёр зуун жаран найман мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг суутгаж тооцох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөр 2 331 402/2600000-268598=2331402/ /хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд ... үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;”, 493 дугаар зүйлийн 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... бүх зүйл хамаарна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн төлбөр 2 331 402/хоёр сая гурван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 668 598/3000000-2331402=668598/ /зургаан зуун жаран найман мянга таван зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохиролд 806 100/найман зуун зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгч нь Гэрээнд заасан түрээсийн төлбөрийг төлөх зорилгоор “Тайгын булаг” ХХК-ийн “Сайн” барьцаалан зээлдэх газраас 3 000 000/гурван сая/ төгрөгийн зээл авсан болох нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 090030797 Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 090061013 Барьцаат зээлийн гэрээ, “Тайгын булаг” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20/1-080 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь түрээсийн үлдэгдэл төлбөрийг буцаан өгөөгүйн улмаас нэхэмжлэгч нь “Сайн” барьцаалан зээлдэх газраас олгосон 3 000 000/гурван сая/ төгрөгийн зээлийн төлбөрт 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 90 000/ерэн мянга/ төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 154 710/нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арав/ төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 112 000/нэг зуун арван хоёр мянга/ төгрөгийг хүүнд төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орох байсан орлогыг хохиролд тооцно.” гэж заасан.

 

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь хүү төлж нэхэмжлэгчид нийт 356 100/154710+112000+89390=356100/ /гурван зуун тавин зургаан мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 090030797 Барьцаат зээлийн гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн № 090061013 Барьцаат зээлийн гэрээ, “Тайгын булаг” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 20/1-080 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас учирсан хохиролд нийт 356 100/гурван зуун тавин зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 450 000/806100-356100=450000/ /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цоос нийт 2 687 502/хоёр сая зургаан зуун наян долоон мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Чд олгож, үлдсэн 1 118 591/нэг сая нэг зуун арван найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2, 227 дугаар зүйлийн 227.3, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цоос нийт 2 687 502/хоёр сая зургаан зуун наян долоон мянга таван зуун хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Чд олгож, үлдсэн 1 118 591/нэг сая нэг зуун арван найман мянга таван зуун ерэн нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 43 дугаар зүйлийг 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч П.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 80 650 төгргөөс 75 848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 4 802 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Цоос улсын тэмдэгтийн хураамжид 57 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Чд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ