Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02375

 

 

Д.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02447 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т-ийн хариуцагч Т.Нд холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Э,

Хариуцагч: Т.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай, түргэн үйлчилгээний цэгийг 1 жилийн хугацаатай сарын 1 000 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулан Т.Нд түрээслүүлсэн юм. Гэтэл Ц.Наранбаатар гэдэг залуу 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8 000 000 төгрөгөөр миний түргэн үйлчилгээний цэгийг худалдаж авах гэхэд Т.Н би түргэн үйлчилгээний цэгийг чинь 10 000 000 төгрөгөөр худалдаж авна гэсэн. Ингээд Т.Н нь надад 3 000 000 төгрөгийг төлөөд, үлдэх 7 000 000 төгрөгийг 7 хоногийн дотор төлнө гэж тохирсон. Гэтэл тэрээр 7 хоногийн дотор төлж чадаагүй тул түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэхээр болсон. Одоо Т.Н нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.7 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээ дуусгавар болсноор түрээсийн хэрэглэгдэхүүнийг түрээслэгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу түргэн үйлчилгээний цэгийг буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн Д.Тгаас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түргэн үйлчилгээний цэгийг нь түрээсэлж эхэлсэн. Тэрээр түргэн үйлчилгээний цэгээ худалдах санал гаргасан тул би 8 000 000 төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амаар тохирч, түүнд цувуулан 8 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Би түүнд түргэн үйлчилгээний цэгийн төлбөрийг бүрэн төлсөн тул одоо түүнд түргэн үйлчилгээний цэгээ буцаан өгөхгүй. Д.Т түрээсийн гэрээ үргэлжилсэн гэж байна энэ бол ор үндэслэлгүй зүйл юм. Хүнд түргэн үйлчилгээний цэгээ зарна гэж бөөнөөр нь мөнгө авчхаад дараа нь болилоо гээд худалдаж авахаар төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт шилжүүлж болохгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 321 дүгээр зүйлийн 321.7 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Т-ийн нэхэмжлэлтэй, Т.Нд холбогдох, түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 116 дугаар зүйлийг зөрчсөн. Хариуцагч Т.Н нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Астра Вилла 207 1-1 тоотод оршин суудаггүй болох нь ИБ-ийн тодорхойлтоор нотлогдож байна. Анхан шатны шүүх түргэн үйлчилгээний цэгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын 1 000 000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж түрээсэлсэн нь нотлогдож байна гэсэн мөртлөө нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, түргэн үйлчилгээний цэгийг Т.Нд хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй гэж дүгнэсэн нь дээрх шийдвэртэй тохирохгүй байна. Шүүгч нэхэмжлэлд дурдаагүй асуудлаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар дур мэдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн. Энэ нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх гэсэн зарчимыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Т.Нд холбогдуулан түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ түрээсийн гэрээ дуусгавар болсон учраас түргэн үйлчилгээний цэгийг буцааж авна гэж, хариуцагч нь түргэн үйлчилгээний цэгийг түрээсэлж байгаад дараа нь худалдан авахаар тохиролцон худалдаж авсан тул буцаан өгөх боломжгүй гэж тус тус тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь түргэн үйлчилгээний цэгийг худалдах, худалдан авахаар тохиролцож байсныг үгүйсгээгүй байх боловч тэдгээрийн хооронд байгуулсан байсан түрээсийн гэрээг худалдах худалдан авах гэрээний үүргээр сольсон эсэх, худалдах худалдан авах гэрээний үүргийг 7 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд түрээсийн гэрээг үргэлжлүүлэхээр болзол тохирсон эсэх нөхцөл байдлыг тодруулаагүйгээс зохигчдын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн нь тодорхой бус үлджээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхтэй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулаагүйгээс гадна хэргийн оролцогчдыг худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх уг гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд түрээсийн гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлаар шүүх хуралдааны явцад мэтгэлцүүлээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Ийнхүү шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгосон эрх зөрчсөн алдааг гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/02447 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ