Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2021/00299

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

             Дугаар 183/ШШ2021/00299                  Улаанбаатар хот

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч, Д.Т нэхэмжлэлтэй, / /

 

        Хариуцагч: Т.Н холбогдох,

 

            Түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч О.Э, хариуцагч Т.Н, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Т миний бие Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай, түргэн үйлчилгээний цэгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 1.000.000 төгрөгөөр Т.Нд түрээслүүлэхээр тохиролцож, бид түрээсийн гэрээ байгуулсан. Одоо бидний хооронд байгуулсан түрээсийн гэрээний хугацаа дууссан, мөн Т.Н нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй тул түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулж өгнө үү. Түүнчлэн, хариуцагч Т.Н нь миний түрээслүүлсэн ТҮЦ-ийг надаас худалдан авсан гэх боловч би түүнд ТҮЦ-ээ худалдаагүй, худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Д.Тгаас ТҮЦ-ийг нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсэлж эхэлсэн. Тэрээр ТҮЦ-ээ худалдах санал гаргасан тул би 8 сая төгрөгөөр худалдан авахаар 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр амаар тохирч, түүнд цувуулан 8 сая төгрөгийг бүрэн төлсөн. Би түүнд ТҮЦ-ний төлбөрийг бүрэн төлсөн тул одоо түүнд ТҮЦ-ээ буцаан өгөхгүй. Д.Т нь ТҮЦ-ээ зарна гэж надтай тохирч, бөөнөөр нь мөнгө авчхаад дараа нь миний худалдаж авахаар төлсөн мөнгийг түрээсийн төлбөрт шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Тгийн нэхэмжлэлтэй, Т.Нд холбогдох, түрээсийн гэрээний зүйл болох түргэн үйлчилгээний цэгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Т “...түрээсийн гэрээний хугацаа дууссан тул түрээсийн гэрээний зүйл болох ТҮЦ-ийг буцаан гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг хариуцагч Т.Н хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...би Д.Тгийн ТҮЦ-ийг түрээсэлж байгаад түүний саналын дагуу ТҮЦ-ийг нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөгөөр худалдан авсан. Төлбөрийг бүрэн төлсөн тул ТҮЦ-ийг буцаан өгөхгүй” гэж зохигчид мэтгэлцжээ.

 

Д.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаатай, сарын 1.000.000 төгрөгийн төлбөртэй Т.Нд /хүнсний бүтээгдэхүүн борлуулж, үр шимийг авч үлдэх/ зорилгоор түрээслүүлэхээр тохиролцсон нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр нотлогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний хугацаа нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 294 дүгээр зүйлийн 294.1.1-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон байх тул мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д “...гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцаан өгнө” гэж заасны дагуу хариуцагч Т.Нгаас түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгох нь зүйтэй болно.

 

Зохигчид “...2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу Д.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг Т.Нгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн” талаар маргаагүй тул нэхэмжлэгч Д.Т нь уг ТҮЦ-ийг хариуцагч Т.Нгаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Мөн зохигчид “...түрээсийн гэрээний зүйлийн биет байдлын болон эрхийн доголдол”-ын талаар маргаагүй болохыг дурдав.

 

Хариуцагч тал “....уг ТҮЦ-ийг 8.000.000 төгрөгөөр худалдан авахаар Д.Ттай харилцан тохиролцож, худалдан авсан” гэсэн хариу тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Д.Т, Т.Н нарын хооронд “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг” худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Нгаас түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 295 дугаар зүйлийн 295.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Нгаас түрээсийн гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, мал эмнэлгийн хүрээлэнгийн урд тал, Сарнайх төвийн баруун талд байрлах, бор өнгийн 4x3 харьцаатай Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Нгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД