Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/952

 

  

 

 

 

 

    2023           9             26                                         2023/ДШМ/952

 

 

 Б.У-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,

яллагдагч Б.У, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.У-т холбогдох 2209000000343 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

... овгийн Б-ын У, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ........... төрсөн, .. настай, э..эгтэй, ам бүл .., ..-ийн хамт ..... дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, /РД:........../, урьд 2003 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ялыг хойшлуулсан;

Яллагдагч Б.У нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байрлах “Улсын их дэлгүүр”-ийн гэх нийтийн байрны 24 тоотод бусадтай архидан согтуурсан байх үедээ амь хохирогч Р.М-тай харилцан маргалдаж, улмаар тус нийтийн байрны гадна дагуулан гарч түүнийг 3 удаа баруун зүүн мөрөөрөө ээлжлэн үүрч газарт шидэж унагахдаа гэдэс, хэвлий тус газарт нь өөрийн жингээр мөр, тохой хэсгээрээ 3 удаа дарж унах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл буюу дэлүүний задрал, элэгний эдийн язрал, урагдал, хэвлийн хөндийн цус хуралдалт, нойр булчирхайн няцрал гэмтэл учруулж, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр; Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1172 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 297 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 82 дугаар тогтоолд “...Хохирогч Р.М нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирсний дараа зугтааж, мөн өдрийн шөнө уг төвд дахин ирснээс (өөрөө эсхүл хэн нэгэн хүргэж ирсэн нь тодорхойгүй) гадна тэрээр 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цаг 18 минутад Т.Т, Б.Б болон үл таних хүний хамт гудамжинд явж байснаас хойш гэрч Э.Мөнхбаатарын хашааны гадаа очих хүртлээ хаагуур, хэнтэй явсан, дээрх цаг хугацаанд юу болсныг нэг мөр, эргэлзээгүй тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж хяналтын шүүх үзнэ. Ийнхүү шалгахдаа тэрээр эх Б.Б-тай утсаар ярьсан болон гэрч О.Б, Л.Ч нартай “Отгонтэнгэр” дэлгүүрийн хувьд дахин тааралдсан, түүний “уруул, хамраас нь цус гарсан байдалтай байсан” талаарх гэрч Э.М, Г.Л, С.М нарын мэдүүлэг, түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд гэрч Т.Т нь өмнөхөөсөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн болон шүүгдэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо Б гэгчийн талаар дурдсан зэргийг анхаарах нь зүйтэй...” гэжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар яллагдагч Б.У-т холбогдох эрүүгийн 2209000000343 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.  

 

Прокурор Л.Мажигсүрэн бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Улсын Дээд Шүүхээс ирүүлсэн дээрх хэргийг хүлээн авч, өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хурлыг явуулж, прокурорт хэргийг буцаасан байна.

Уг шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж хориглон заасан.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтаас үзэхэд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн л бол урьдчилсан хэлэлцүүлгийн хурал руу буцаахыг шууд хязгаарласан байна.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.У-т холбогдох хэргийг 2022 онд шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн хэрнээ дахин шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарласан, мөн урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг прокурорт буцаасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарлахгүйгээр, гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхийг прокурорт даалгаж, 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.  

Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.У-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоох, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хангалтгүй, нотлогдоогүй гэж үзэж байна. Зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг эхнээс нь хийх шаардлагатай. Улсын Дээд Шүүхийн 82 дугаар тогтоолд тодорхой заасан. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал дагаж мөрдөж, биелүүлнэ гэсэн хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэрээ гаргасан учраас үндэслэлтэй. Б.У-ын үйлдсэн хэрэг, үйл баримтын хүрээнд 60 хоног байтугай 1 жил буюу тодорхой хугацаанд маш олон ажиллагаа хийгдэх ёстой. Энэ хэргийг Давж заалдах шатны шүүхээс хуулийн зохицуулалтын хүрээнд дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, амь хохирогч нь 2022 оны 2 дугаар сарын 11-ний 20 цаг 00 минутаас 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 00 цаг хүртэл цагдаагийн байгууллага хүртэл хаана, хэнтэй явсан, гэмтлийн эмнэлэгт хэзээ ирсэн, хэнтэй явсан, маршрут, цаг хугацаа шалгах маш олон ажиллагаанууд байгаа. Эдгээр ажиллагаанууд нь 60 хоногийн хугацаанд тогтоогдохгүй, хэргийн бодит байдлыг тогтоох боломжгүй учраас шүүх хууль хэрэглээний хувьд зөв заалтыг хэрэглэж, захирамжийг гаргасан учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх Б.У-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчжээ.

Тодруулбал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор зөвхөн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгосон тул яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтуудад заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж заасан.

Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэх боломжтой байжээ.

Иймд прокурор Л.Мажигсүрэнгийн бичсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 21 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/1703 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Б.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                              Д.ОЧМАНДАХ

 

                                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

                                         ШҮҮГЧ                                               Т.ШИНЭБАЯР