Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02390

 

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02390

 

 

С.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/02427 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ЭТТ ХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ш- нь 2013 оны 10 дугаар сард анх ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/673дугаар тушаалаар С.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтуудыг үндэслэж, согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, зохион байгуулсан хувийн зорилгоор ажлын байрны чиг үүргээр шууд харьяалдаг Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Лхагвадоржийн эрүүл мэндийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. С.Ш- нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон тушаалд дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. С.Ш- нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа зөрчил гаргаагүй, бусдыг уруу татсан гэдгийг тогтоогоогүй. Түүнчлэн бусдын эрүүл мэндийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол гэмтлийн зэрэг тогтоогдсон байх учиртай. Иймд эдгээр зөрчлүүдийг гаргаагүй С.Ш-ыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн, С.Ш-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17 455 720 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, М.Чингис шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ш- нь Эрдэнэставан толгой ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан. С.Ш- нь ээлжээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр улаан бүс буюу ногооны хүлэмжид ажлын цагаар цугларч, хорхог хийж идэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, тэндээсээ үргэлжлүүлэн нэр бүхий хүмүүсийн хамт улаан бүсээс зөвшөөрөлгүй гарч, орон нутагт суманд очин, нэмж архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас ЭТТ ХК-ийн ажилтан Б.Лхагвадоржийг зодож гэмтээсэн. Иймд Эрдэнэставан толгой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 7 дугаар сарын 20-нй өдрийн Б/673 дугаар тушаалаар С.Ш-ыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй. С.Ш- ажлын үндсэн чиг үүргийн хувьд ч ямар нэг зөрчил гарахаас сэргийлэх, хамгаалах үүрэгтэй байтал, зөрчлийг даамжруулан, улмаар өөрийн удирдлагын дор байдаг мэргэжилтэн зодож гэмтээсэн, зөрчил гаргасан нь баримтаар нотлогддог. Иймд ажил олгогчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/ 673 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ш-ыг Эрдэнэставан толгой ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Эрдэнэставан толгой ХК-иас 19 335 528 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ш-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч Эрдэнэставан толгой ХК нь нэхэмжлэгч С.Ш-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч С.Ш-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Эрдэнэставан толгой К-иас улсын тэмдэгтийн хураамжид 254 627 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Ш- нь Б.Лхагвадоржтой маргалдан зүүн нүдэнд нь цохиж гэмтэл учруулсан, Б.Лхагвадоржийг эмчийн хяналтад хонуулсан, Б.Лхагвадоржийг цохисноо өөрөө хүлээн зөвшөөрч тайлбарыг бичсэн. комисс болон компанийн түр журмыг дагаж мөрдөөгүй, олуулаа нийлж архидан согтуурсан. Архидан согтуурсан үедээ өөрийн удирдлагад ажилладаг Б.Лхагвадоржийг зодож, биед нь гэмтэл учруулж, эрх чөлөөнд нь халдаж танхайрсан ноцтой зөрчилд холбогдох хуулиуд, компанийн дүрэм, журмуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/674 тоот тушаалыг Гүйцэтгэх захирал гаргаж, ажпаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, 40.1.4-т зохицуулсан байдаг. Хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь илтэд тодорхой мөн тухайн зөрчил гарсан шөнө байгууллагын лого, таних тэмдэг бүхий дүрэмт хувцастай явж байсан нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл гаргасан. Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжид ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон... гэжээ. С.Ш- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн удирдлагад ажилладаг ажилтнаа зодож танхайрсан нь ноцтой зөрчил бөгөөд энэ талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нарийвчлан тусгагдсан байгаа. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Ш-ыг Эрдэнэставан толгой ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө зохигчид харилцан тохиролцож, 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус зааснаар зохигч эвлэрэн хэлэлцэж энэ тухай талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх эвлэрлийн гэрээгээр С.Ш- нь ЭТТ ХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзаж, ЭТТ ХК нь С.Ш-ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс томилж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, тус хугацаанд төлөөгүй бол 0.3 хувийн алданги тооцох, ажилласан жилийг тасалдуулахгүй, удаан жилийн болон бусад нэмэгдлийг 100 хувь бодож тооцох, 2020 оны 13 дахь сарын цалин, үр дүнгийн мөнгийг нийт ажилтнуудад өгөхөөр шийдвэрлэвэл бүтэн жил ажилласнаар 100 хувь тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхээр эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2020/02427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ш- нь ЭТТ ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгуулах шаардлагаасаа татгалзаж, ЭТТ ХК нь С.Ш-ыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 800 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хаан банкны 5585251644 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөх, тус хугацаанд төлөөгүй бол 0.3 хувийн алданги тооцох, ажилласан жилийг тасалдуулахгүй, удаан жилийн болон бусад нэмэгдлийг 100 хувь бодож тооцох, 2020 оны 13 дахь сарын цалин, үр дүнгийн мөнгийг нийт ажилтнуудад өгөхөөр шийдвэрлэвэл бүтэн жил ажилласнаар 100 хувь тооцож олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийлгэхээр зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 627 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ