Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2020/02427

 

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, ..оршин суух С.Ш

        Хариуцагч: Чингэлтэй дүүрэг ...хаягт байрлах “Э” ХХХК,

     Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, М.Ч, гэрч Б.А, А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Я нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч С.Ш-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ш нь 2013 оны 10 дугаар сард анх “Э” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй.

       Тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/6.. дугаар тушаалаар С.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан. Тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, “Э” ХХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.5.3, 9.5.6, Хөдөлмөрийн дотоод журмын 2.5, 3.12, 4.1.2, 4.1.4, 5.2.1, 5.2.12, 8.1.3, 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтуудыг үндэслэсэн. .

        Ажлаас халах гол шалтгааныг, ажил олгогчийн зүгээс салбарт ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, зохион байгуулсан хувийн зорилгоор ажлын байрны чиг үүргээр шууд харьяалдаг Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Л-ийн эрүүл мэндийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ахуйн хэлтсийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтэн С.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

        Б/6.. дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. С.Ш нь ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болон тушаалд дурдсан зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

        Аливаа эрх зүйн акт нь эрх зүйн үр дагавар үүсгэдэг учир хэлбэрийн болон агуулгын хувьд хуульд нийцсэн байх ёстой.

     Хариуцагч нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Гэхдээ энэ нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохгүй, тушаалын үндэслэлд хамаарахгүй.

       С.Ш нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа зөрчил гаргаагүй, бусдыг уруу татсан гэдгийг тогтоогоогүй. Түүнчлэн бусдын эрүүл мэндийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн бол гэмтлийн зэрэг тогтоогдсон байх учиртай. Иймд эдгээр зөрчлүүдийг гаргаагүй гэж үзэж байгаа.

        Тухайн үед “Э” ХХК нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасныг тогтоохдоо ажилтнуудаас тайлбар, мэдүүлэг авсан байдаг. Эдгээр ажилтнуудаас авсан тайлбар, мэдүүлгээр С.Ш нар нь “Х” зочид буудалд архи уусан гэдгээс биш, хүлэмжид архи уусан талаар тайлбар мэдүүлэг байдаггүй.

        Өнөөдрийн шүүх хуралдаан нь С.Ш-ын зөрчлийг тогтоох хуралдаан биш харин ажлаас халсан үйл баримтыг тухайн үед ажил олгогч тогтоосон байх ёстой. Эдгээр үйл баримтуудаас харахад согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, бусдын эрүүл мэндийг хохироосон гэсэн үйлдлүүд гаргасан гэх байдал тогтоогдохгүй байгаа.

        Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь хөдөлмөрлөх үйл явцтай холбоотой байх ёстой. Энэ үйл явцад байгууллага, ажилтны хоорондын харилцааг зохицуулж байгаа аливаа хэм хэмжээг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэнэ.

        Энэ хэм хэмжээг зөрчиж байгаа үйл явцыг сахилгын зөрчил гэж үзэж байгаа.

     Нэхэмжлэгч С.Ш-т ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн тушаал хуулийн үндэслэлгүй байна. Иймд С.Ш-ыг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэн, С.Ш-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаа /ажлын 65 хоног/-ны цалин хөлс 17.455.720 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагаа дэмжиж байна гэв.

     Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Э.У нар хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ш нь “Э” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажилладаг байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, эрүүл орчинтой ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөр аюулгүй байдлыг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль тогтоолын хэрэгжилтийн дагуу хяналтын тогтолцоог бий болгох, дэвшүүлэх зорилготой.

         “Э” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ц сум дахь уурхайн салбарын ажилтан 14 хоног ажиллаж, 14 хоног амардаг. Уурхайн нэг өдрийн ажил нь өдөр, шөнийн ээлжээр ээлжилдэг. С.Ш нь ээлжээр ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр улаан бүс буюу ногооны хүлэмжид ажлын цагаар цугларч, хорхог хийж идэн, согтууруулах ундааны зүйл хэрэглээд, тэндээсээ үргэлжлүүлэн нэр бүхий хүмүүсийн хамт улаан бүсээс зөвшөөрөлгүй гарч, орон нутагт суманд очин, нэмж архидан согтуурч хоорондоо маргалдсаны улмаас “Э” ХХК-ийн ажилтан Б.Л-ийг зодож гэмтээсэн. Энэхүү зөрчил нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны мэргэжилтний хувьд гаргаж болохгүй үйлдэл юм.

      Иймд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 200 оны 07 дугаар сарын 20-нй өдрийн Б/6.. дугаар тушаалаар С.Ш-ыг хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

       “Э“ ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 1.4-д “Төв оффис, уурхайн бүс, хотхон, амрах байр, спорт заал, агуулах, компанийн нэр дээр бүртгэлтэй болон гэрээт тээврийн хэрэгсэл ...зэрэг нь ажлын байранд тооцох”-оор заасан байдаг.

      Нэхэмжлэгч нь уурхайгаас гарахдаа “Э” ХХК-ийн тээврийн хэрэгслийг хэрэглэсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. С.Ш нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.4.1, 4.4.11-д тус тус тухайлан заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй.

       С.Ш-ын гаргасан зөрчлийг шалгаж тогтоосон материалуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Тухайн зөрчил гаргагчийн тайлбар, гэрч, харуул хамгаалалтын ажилтнуудын мэдүүлэг зэрэг холбогдох баримтыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

       С.Ш нь “Э” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд ажлын цаг дуусаагүй байхад, тэрээр бусдыг уруу татан, баяр наадмын арга хэмжээ зохион байгуулж, өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтан Б.Л-ийн эрүүл мэндийг хохироосон байдаг. Тухайн ажилтан нь өөрөө сумын цагдаагийн хэлтэс болон ажил олгогч нарт гомдол гаргасан байдаг. 

        С.Ш ажлын үндсэн чиг үүргийн хувьд ч ямар нэг зөрчил гарахаас сэргийлэх, хамгаалах үүрэгтэй байтал, зөрчлийг даамжруулан, улмаар өөрийн удирдлагын дор байдаг мэргэжилтэн зодож гэмтээсэн, зөрчил гаргасан нь баримтаар нотлогддог. Иймд ажил олгогчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/6.. тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч “Э“ ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

         Зохигчид, нэхэмжлэгч С.Ш-ыг ажлаас нь халсан нь үндэслэлтэй эсэх талаар маргаж байгаа болно.

         Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

        Нэхэмжлэгч С.Ш нь нэхэмжлэлээ 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргажээ. /х.х-ийн 1-8 тал/

       Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан байх ба, тэрээр хуульд заасан дээрх хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

     Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй.

       Нэхэмжлэгч Б.Шинэбаяр нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.М-ыг томилж, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр, хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.У, М.Ч нарыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 01/1...5, 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 01/2...6 дугаар итгэмжлэл тус тус олгожээ. Дээрх итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 8, 13, 109 тал/

       С.Ш нь “Э“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус компанийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан байх ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/6.. дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 3, 12, 20-42, 54-64 тал/

         Хариуцагч “Э“ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/6.. дугаар тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.3, 8.3.13, Хөдөлмөрийн гэрээний 3.1.7, 4.1.3, 4.4.1, 4.4.11 дэх заалтыг тус тус үндэслэсэн байна.

         Ажил олгогчийн тушаалд С.Ш нь ээлжийн ажилтай байх хугацаандаа 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, зохион байгуулсан, хувийн зорилгоор ажлын байрны чиг үүргээрээ шууд харьяалдаг Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Л-ийн эрүүл мэндийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тусгагджээ. /х.х-ийн 64 тал/

      Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлийг нотлох үүрэгтэй.

         Ажилтан хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ, байгууллагын дотоод журам, сахилгын дүрэм зэргээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай, хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчил гэх бөгөөд ийнхүү зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулна.

        Сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий этгээд нь тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч байх ба тухайн сахилгын зөрчил гаргасан этгээд нь ажлын байранд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан байна.

      Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2020/...9 дүгээр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд талууд уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-4.4.17-д “сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг нэрлэн заасан ба эдгээр зөрчлийг ноцтой зөрчилд тооцох, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлүүд байхаар тохиролцжээ. /х.х-ийн 57-59 тал/

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т “ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан...” бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан, мөн зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.4.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, горим зөрчсөн, уг зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон”, 4.4.11-д “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан” бол ноцтой зөрчилд тооцохоор, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8.3.13-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэх хэрэглэсэн үедээ ирэх, худалдан борлуулсан, бусдыг уруу татсан ...бол ноцтой зөрчилд тооцно” гэжээ. 

         Ажилтныг ажлаас халсан тушаалд заасан “...ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, зохион байгуулсан, хувийн зорилгоор ажлын байрны чиг үүргээрээ шууд харьяалдаг Хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Б.Л-ийн эрүүл мэндийг хохироосон...” гэх зөрчил нь Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарах боловч ажилтан тухайн зөрчлийг гаргасан эсэх нь үндэслэл бүхий баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

        Ажил олгогч “Э“ ХХК нь ажилтан С.Ш-ыг хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.11-д нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан нь гэх боловч тухайн зөрчлийг шалгасан талаарх баримтгүй, хэлэлцсэн тухай баримтгүй, сахилгын зөрчил гаргасан эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй, тодорхой бус байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/6.. тоот тушаал, Өмнөговь аймгийн Ц сум дахь салбарын Уулын хэлтсийн даргын 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 09/...5 дугаартай тоот “ажилтнуудад сахилгын шийтгэл ногдуулах тухай“ санал, 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлэх хуудас зэргээс өөр баримтгүй байна. /х.х-ийн 64-68 тал /

           Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, гэрч Ч.Г, Б.М, О.Ү, Б.Л, Б.А, А.М нарын мэдүүлэг авсан мэдүүлэг, Өмнөговь аймаг дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 4...5 тоот албан бичиг, 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахаар санал хүргүүлэх хуудас зэргээс дүгнэхэд ”Э“ ХХК нь Улсын баяр наадмыг тохиолдуулан компанийн салбар, хэлтэс, нэгжүүдэд хорхогны мөнгө өгсөн байх бөгөөд тус компанийн Өмнөговь аймгийн Ц сум дахь уурхайн салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдлын хэлтсийн дээрх нэр бүхий ажилтнууд 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ажлын цаг дууссаны дараа, уурхайн бүс буюу Байгаль орчны хэлтсийн мод үржүүлгийн хүлэмжид хорхог хийж, баяр наадмыг тэмдэглэж байгаад тарсан, улмаар С.Ш, Б.А, Б.М, О.Ү, Б.Л нар Өмнөговь аймгийн Ц сумын “Х” зочид буудалд байрлан согтууруулах ундаа хэрэглэж байхдаа С.Ш нь Б.Л-ийн нүүрэн тус газар цохисон болох нь тогтоогдож байна.

          С.Ш-ын бусдыг цохисон буруутай үйлдэл нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.4.1, 4.4.11, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.13-т нэрлэн заасан ноцтой зөрчилд хамааруулах боломжгүй байна.

        Өөрөөр хэлбэл С.Ш нь ажлын байранд ажлын цагаар, согтууруулах ундаа хэрэглэхэд бусдыг уруу татсан, зохион байгуулсан, бусдын эрүүл мэндийг хохироосон, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй байна

         Хариуцагч “Э” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж үзнэ.

      С.Ш-ыг “Э“ ХХК-ийн Салбарын хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нь зүйтэй.

     Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг үндэслэж тооцно.  

       Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр гарсан буюу 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход ажлын 72 хоног байна.

      Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод бичигдсэн С.Ш-ын сүүлийн 3 сарын цалингийн дунджаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тогтооход (5.832.789 + 5.145.464 + 6.343.192):3 = 5.773.815 төгрөг байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 19.335.528 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй. /х.х-ийн 7 тал/

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ш-ыг “Э” ХХК-ийн Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

      2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 19.335.528 /арван есөн сая гурван зуун гучин таван мянга таван зуун хорин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ш олгосугай. 

    3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч С.Ш-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай. 

      4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч С.Ш-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

      5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 254.627 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд оруулсугай.

      6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                               Ж.ЦЭНГЭЛ