Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02353

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02353

 

 

МЭ ХХК болон С.Н-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01267 дугаартай шийдвэртэй хариуцагч ВКХХК-д холбогдох 42 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МЭ ХХК-ийн, 8 385 846 төгрөг гаргуулах тухай С.Н-ийн тус тус нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч МЭ ХХК-иас хохирол 137 393 447 төгрөгийг, нэхэмжлэгч С.Н-ээс 8 115 000 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагч Вентана констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.У, өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч МЭ ХХК-ийн нэхэмжлэлийн талаар төлөөлөгч Ж.У, Ө.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Тод гэрлийн хурд ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр оноосон нэрээ МЭ ХХК болгон өөрчилсөн. Вентана констракшн ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ӨВТ18/05 Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Өвөрхангай аймаг Тарагт суманд байрлах 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын арматурчлал, цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэрээний нийт үнийн дүн 35 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээ-ний урьдчилгаа төлбөрт 100 000 төгрөг суутган авч 9 900 000 төгрөгийг Голомт банкны дансанд 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр тушаасан. 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс суурийн ажил хийж гүйцэтгэсэн. 6 дугаар сарын 21-ний өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гараар бетон зуурч цутгалтын ажил хийсэн. Бэлэн бетоноор цутгалтын ажил хийх байсан боловч миксерээр бетон зуурсан. Төмөр бетон цутгалтын ажилд бэлэн бетон ашигладаг. Бодит байдал дээр гараар зуурч гүйцэтгэсэн. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл суурийн дам нурууны арматур хийх ажил гүйцэтгэсэн. Бетон цутгалт хийж дуусгасан. 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл барилгын 1 давхрын хэв хашмал, угсралт, арматурчлалын ажил хийж, дараа нь цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн. 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэв хашмал задалж, буулгах, 2 давхрын баганын арматур боох, хэв хашмал угсрах, дам нурууны арматур боох, давхар хоорондын хучилтын тулгуурын хэв хашмал угсрах ажил хийж гүйцэтгэсэн. 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 давхрын хучилт, дан нуруу цутгаж нягтаршуулах, өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2 давхрын хэв хашмал задалж, буулгах, дээврийн ирмэгийн ажил руу орсон. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бороо орсны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл оффисын нүүрний налуу тарфец хэлбэртэй фасадны арматур боох, хэв хашмал угсрах, цооногны хучилтын тулгуур арматур боох, панерны хэв угсрах, хучилтын хэв тулаас, сафуд буулгах, дээврийн парпет цутгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 давхрын хэв, панер буулгах, хураах, цооногны бетон цутгалт болон парпетны хэв зангидах, 2 давхар дээврийн хэсгийг цэвэрлэх, парпетны бетон цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн. 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дууссан. Энэ талаар барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс тооцож үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 130 хоног ажилласан. Вентана констракшн ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас 83 хоногийн хугацаа алдсан. Мөн энэ хугацаанд хүчтэй аадар бороо орж, суурийн нүхийг усаар дүүргэсний улмаас ус шаврыг шавхах ажил хийсэн, захиалагчийн инженерийн тётлет багаж эвдэрсний улмаас сул зогсолт болж ажил хийх боломжгүй болсон. Тухайн үед захиалагч кран гаргаж өгөөгүйгээс 2 давхар руу арматур болон бүх материалыг гараар зөөж хоног хугацаа алдсан байдаг. Мөн гараар бетон зуурч, яг гүйцэтгэсэн хоногоор тооцоод үзэхээр захиалагчийн буруугаас болж 8 хоногийн хугацаа алдсан байдаг. Захиалагчийн өгсөн зураг алдаатай байснаас болж парфет засварлах, бэлэн бетон зуурмагаар цутгалт хийх ёстой байсан ажлыг биелүүлээгүй гараар зуурснаар 11 хоногийн хугацааг парпет засварын ажил хийхэд хугацаа алдсан. Дараа нь парпетны хэмжээг өөрчилж цутгалтын ажлыг хийсэн. Мөн бороо орох, цахилгаан тасрах зэргээр байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 8.5 хоногийн хугацаа алдсан. хариуцагчийн буруутай үйлдлээс буюу гараар бетон зууруулсан, 2 давхар руу гараар зөөлгөсөн зэрэг ажлуудаас болж 83 хоногийн хугацааг алдсан. Тооцоод үзэхээр нийт 91,5 хоногийн хугацаа алдсан. МЭ ХХК гэрээнд заасан ажлыг 38.5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд бүгд тусгагдсан. Барилгын тухай хуулиар барилгын ажил гүйцэтгэлийн тэмдэглэгээг үнэн зөв бөглөх үүргээ захиалагч өөрөө хүлээдэг. Энэхүү тэмдэглэлийг үйлдсэн Вентана констракшн ХХК-ийн ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд тусгагдсанаар энэ нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгаад гэрээний дагуу Вентана констракшн ХХК-ийн зүгээс ажлыг нь хүлээж аваагүй. Тухайн үед Вентана констракшн ХХК-ийн захирал Б.Нямбаатар ажлын хөлсийг бүрэн төлнө. Ямар нөхцөлд ажилласан, юу хийлгэснээ сайн ойлгож байгаа учраас хугацаа хэтэрсэн алданги тооцохгүй ажлыг чинь хүлээж авна гэсэн тайлбарыг тухайн үедээ хэлж байсан. Ажил дуусах үед 25 000 000 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэрээний 3.2-т зааснаар торгууль 4 500 000 төгрөг, 4.4-т зааснаар 12 500 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг Вентана констракшн ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлийн талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Н- нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг Вентана констракшн ХХК-тай байгуулсан. Энэхүү ажил гүйцэтгэх гэрээгээр дотор заслын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүн 16 295 724 төгрөг байхаар тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 500 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг өгсөн, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад 3 дугаар сарын 12-ны өдөр 655 000 төгрөг, 3 дугаар сарын 17-ны өдөр 100 000 төгрөг, 3 дугаар сарын 20-ны өдөр 1 000 000 төгрөг, 3 дугаар сарын 27-ны өдөр 86 500 төгрөг, 4 дүгээр сарын 02-ны өдөр 1 190 000 төгрөг, 7 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 12 445 000 төгрөгийг Хаан банкны 5037408342 дугаар С.Н- өөрийн дансаар авсан. Захиалагч тал материал хүлээлгэсэн, материалаар бүрэн хангаагүй нөхцөл байдлаас шалтгаалаад ажил 1 сараар хойшилж, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажил хийж дууссан. Үндсэн үлдэгдэл төлбөр 3 764 224 төгрөг, алданги 4 621 622 төгрөг, нийт 8 385 846 төгрөгийг хариуцагч Вентана констракшн ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс ажлын үр дүнг хүлээлгэж өгдөггүй. Ажлаа орхиж явсан. Гэтэл шүүхэд гаргасан тайлбартаа хүлээлгэж өгөхөөр хандсан мэт худал мэдүүлж байна. Ажил хүлээлцэхээр хандсан бол холбогдох нотлох баримтаа гаргах ёстой. Гэрээний 3.1.7-д ажил гүйцэтгэж дуусмагц захиалагч акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч нь ажлаа хийгээд хариуцагч ажлаа хүлээж авсан мэтээр тайлбарлаж байна. Энэ нь тухайн гүйцэтгэсэн ажлын алдаа, дутагдал, бусад зүйлийг нь засаад зассаны үндсэн дээр хүлээлгэн өгөх ёстой. Нэхэмжлэгч компани карказын ажил дуусахад актан дээр гарын үсэг зураад актаа хүлээлгэж өгөөд, зургаа баталгаажуулаад хүлээлгэж өгөх ёстой байсан. Нэг ч актан дээр гарын үсэг зураагүй. Нэг ч зураг өгөөгүй. Гэрээний 1.2-т заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 39 хоногийн хугацаанд гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл энэ хугацаандаа гүйцэтгээгүй гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлыг бүрэн гүйцэтгээгүй. Нэхэмжлэлд хугацаа хэтрүүлснээ зөвтгөхийн тулд маш олон тайлбарыг хэргийн материалд бичиж хийсэн байсан. Эдгээр нь үндэслэлгүй. Бид нэг ч материал цаг хугацаанд нь дутаалгүй авчирч байсан. Гол алдаа нь ажиллах хүч байхгүй байсан. н.Ууганбаатар гэж мужаан байнга талбай дээр архи ууж, хүн хүний ажлыг зааж, инженер рүү дайрдаг. Би Ж.Ууганбаярт энэ хүнийхээ учрыг ол гэж хэлж байсан. Намайг очиход согтуу байсан. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх юм бол гэрээнд заасны дагуу нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Хэргийн 35, 38 дугаар талд зуурмагаар цутгалтыг помпоор шахаж, кран ажиллуулж байгаа нь харагдаж байгаа. Гэрээгээр бэлэн зуурмагаар хангана гэсэн зүйл байхгүй. Тухайн газрыг тагтаршуулах ажлыг хариуцагч өөрийн техник хэрэгсэл болох хово, экскаватор ашиглаж хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. Анхнаасаа нэхэмжлэгч тооцохдоо ямар хугацаанд манайх хийх вэ гэдгээ тооцох ёстой, баяр наадмын гэх бусад асуудлыг тооцох байсан тул энэ ажил хийх боломжгүй байсан мэт тайлбарлах нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээний 3.1.8-д зааснаар бүх тоног, төхөөрөмж, техник хэрэгслээр бүгдээр нь хангасан байх ёстой, бүх зүйлийг хариуцагч хийх ёстой байсан мэтээр ойлгоод гэрээний заалтаа зөрчиж явсан. Нэхэмжлэгчийн зүгээс алданги бодох хууль зүйн боломж байхгүй. Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлээд ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяад явсан. Үүрэг хүлээлгэж өгснөөр биелэгдсэнд тооцно. Хүлээлгэж өгсөн бол тэр үеэс алданги ярих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй хүлээлгэж өгөх эрх нь нээлттэй байгаа. Иймээс торгууль, алданги нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэхэмжлэгч С.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн хувьд гэрээний 1.6-д үлдэгдэл төлбөр болох 9 700 000 төгрөгийг актаар хүлээлгэж өгснөөс хойш 5 хоногийн дараа төлнө гэсэн. Гэрээндээ актаар хүлээлгэж өгсний дараа төлбөр төлөхөөр заасан учраас нэхэмжлэх эрх одоо хүртэл үүсээгүй. Гэрээний 1.7-д ажлын гүйцэтгэлийг хамтарсан комиссоор акт үйлдэж хүлээлцэнэ гэж заасан. Акт үйлдсэнээр төлбөр тооцоо хийх боломжтой байсан. Мөн ажлын баталгаа 5 хувь буюу 814 786,2 төгрөгийг ажил хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 2 сарын дараа олгогдох ёстой мөнгө байтал гэрээний заалтаа зөрчөөд нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлээс харахад 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дууссан буюу гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ өөрсдөө нэхэмжлэлдээ шууд дурдсан, нотлогдож байна. Гэрээний 1.3-т 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхэлж 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дуусна гэсэн хугацаа хэтэрсэн. С.Н- мөнгө нэхэмжлэх эрхгүй өөрийн авах ёстой гэрээнд заасан мөнгө буюу 16 295 724 төгрөгөөс илүү мөнгө авсан байна. 2 000 000 төгрөг болон 3 000 000 төгрөг дээр давхцал байна уу гэдэг л асуудал байгаа. Бусдаар нийт мөнгөн дүнгээрээ 18 046 500 төгрөг болсон. Алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал ажил дуусгах, ажил хүлээлгэж өгөх гэсэн 2 асуудлыг 1 гэж ойлгоод байх шиг байна. Хугацаа алдалгүй бүх материалуудыг хүлээлгэж өгсөн явуулж байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан хариуцагч компанийн захирлын дансны хуулгаас тодорхой харагдана. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч МЭ ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Хугацаа хэтэрсэнтэй холбогдуулан болон биет байдлын доголдолтой холбогдуулан, мөн гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа. Хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд дулааны шугамнаас дулаан авсан, Бүргэлтэй хайрхан ХХК-д 21 252 309 төгрөг төлсөн. Хэрэв нэхэмжлэгч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэсэн бол хүйтрэхээс өмнө дуусах байсан. 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэтрүүлсэн хугацааны хохиролд 600x1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, дотор булан 40 ширхэг, гадна булан 150 ширхэг, нийт 790 ширхэг эд зүйлийг анх 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Энэ хугацаанд МЭ ХХК-ийг ажлаа хийж дуусгана гэж тооцоолсон. Хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 15 989 000 төгрөгийн алдагдалд орсон. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алдагдлаа тооцож 2 656 500 төгрөгийн алдагдал хүлээсэн. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл вай 2, 3 гэсэн 1200 ширхэг тулаасны хугацаа хэтэрсний улмаас 9 612 000 төгрөгийн алдагдал хүлээсэн. Вентана констракшн ХХК-ийн зүгээс инженер, тогооч гэх мэт хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулахаас өөр аргагүй нөхцөлд орж цалин хангамжийг өгч 14 830 000 төгрөгөөр хохирсон. МЭ ХХК хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйгээс болж Голомт банканд 200 000 000 төгрөг, иргэн н.Батжаргалаас 100 000 000 төгрөг зээлж их хэмжээний зээлийн хүү төлж хохирсон. Банкны хүүг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүүг нь тооцсон. Тэр үеэс өмнөх хүү тооцоогүй. Иргэнээс авсан зээлийн хүүг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс тооцсон. Нийт зээлийн хүү 42 468 581 төгрөгийн хохирол учирсан. МЭ ХХК-ийн хийсэн ажлын алдааны улмаас парпетны тэгшилгээ 850 000 төгрөг, баганын тэгшилгээ 1 250 000 төгрөг, дам нурууны тэгшилгээ 750 000 төгрөг, шалны тэгшилгээ 2 150 000 төгрөгийн биет байдлын доголдлыг зассан нийт үнийн дүн 4 950 000 төгрөг болсон. Дараагийн нэхэмжилсэн 1 500 000 төгрөг нь Вентана констракшн ХХК-ийн зүгээс МЭ ХХК хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор дотоод үйл ажиллагааны алдагдал Улаанбаатар хотоос Тарагт чиглэлд явсан зардал, шатахуун, буудал, хоол, бусад зардлууд нийлээд 1 500 000 төгрөг болсон. Нэг явж ирэхэд 300 000 000 төгрөгийн шатахуун зарцуулдаг. Гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэж нийт үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцож 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 9 000 000 төгрөгийн алданги тооцсон. Нийт 137 393 447 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр МЭ ХХК-аас гаргуулж өгнө үү

Иргэн С.Н-т холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3.4-т 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. С.Н-ийн хувьд 3 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгах ёстой байсан боловч 02 сарын хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хүлээлгэж өгөөгүй байгаа учраас 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 65 хоногийн алданги 5 265 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн С.Н- ажлаа дуусгалгүй орхиж явсантай холбоотой н.Гүнжидмаа, н.Солонго гэсэн хүмүүсийг хөлсөлж ажиллуулж 1 400 000 төгрөг зарцуулсан. С.Н- мөн өрлөгийн ажил буруу хийснээс болоод ус гоожсоноос болоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын Соёлын төвийн захиргаанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу очиж засварласан. Үүнийг н.Гансүх нарын ажилчдыг хөлсөлж дахин засварлуулж 750 000 төгрөгийг зарцуулсан. Карказ болон засал хийсэн хүмүүс ажлынхаа дараа хогоо өөрсдөө цэвэрлэдэг. Гэтэл С.Н- огт цэвэрлэлгүй явснаас болж н.Энхцэцэг, н.Хосбаяр гэх хүмүүсийг хөлсөлж 700 000 төгрөг өгч цэвэрлүүлсэн.Нийт 8 115 000 төгрөгийг С.Н-ээс сөрөг нэхэмжилж байгаа гэжээ.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Ажлаа дуусаад хүлээлгэж өгөх гэж хандсан, талбайгаа цэвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусаад цэвэрлэгээг 2 хоног хийгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэхэд бүрэн дууссан. Тэмдэглэлд энэ тухай байгаа. Захиалагч ажлаа хүлээж аваагүй. МЭ ХХК-ийн зүгээс хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл Вентана констракшн ХХК-ийн буруутай үйлдлээс болсон хугацаа хэтрэлт мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох 8 хоногийн хугацаа хэтрэлтээс болж хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөл байдлууд байгаа. МЭ ХХК-ийн зүгээс хэв хашмалын түрээсийн хугацаа хэтэрсэн асуудалд буруу байхгүй. Учир нь Вентана констракшн ХХК-ийн зүгээс учруулсан хугацаа хэтрэлт учраас хугацаа хэтэрсэн хоногийн түрээсийн төлбөрийг хариуцах ёсгүй. Вагнер ази тоног төхөөрөмж компанитай байгуулсан гэрээг МЭ ХХК хариуцах ёсгүй. Хариуцагч Бүргэлтэй хайрхан ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 21 252 309 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл Вентана констракшн ХХК 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулаан халаалтын төлбөр гэж 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Вентана констракшн ХХК, Бүргэлтэй хайрхан ХХК-д төлсөн 6 500 000 төгрөгийн баримт байна. Дулааны төлбөр гэдэг захиалагч компанийн буюу Вентана констракшн ХХК-ийн төлөх ёстой мөнгө. Өөрсдөө улсын комисст хугацаа хэтрүүлж өгсөн. МЭ ХХК 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж дуусгасан байна. Вентана констракшн ХХК Голомт банктай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хүү, хохирол нэхэмжилж байгаа нь үндэсгүй. Мөн Голомт банктай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилсэн байна. Энэ зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгө гэж байна. Зээлийн гэрээний хугацаа мөн адил 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл байна. Зээлийн гэрээний хугацаа болоогүй. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Цэвэрлэгээг өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл цэвэрлэгээний явцад карказны алдаа зассан гэж 4 550 000 төгрөг төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 4 950 000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхгүй байна. НӨАТ-ын төлбөр болох 2 000 000 төгрөгийг Вентана констракшн ХХК хуулийн дагуу төлсөн байхад энэ татварын дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хугацаа хэтэрснээс болж дотоод үйл ажиллагаа алдагдсанд Метро элетрик ХХК буруугүй. Мөн 1 500 000 төгрөгтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэгч төлөх үүрэггүй. Хариуцагч гэрээний 4.2-т заасны дагуу торгууль, алданги 36 000 000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл МЭ ХХК гэрээний аль үүргээ зөрчсөн гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй. сөрөг нэхэмжлэлийн 137 393 447 төгрөгийн бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Нэхэмжлэгч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн гэж тайлбар хийсэн. С.Н-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг авсан гэдэг нэг л мөнгөний тухай ярьж байгаа. Түүнээс 06 дугаар сарын 26-ны өдөр 3 000 000 төгрөг төлөөд 07 дугаар сарын 08-ны өдөр дахиад төлсөн зүйл байхгүй. 06 дугаар сарын 26-ны өдөр хийснийг 07 дугаар сарын 08-ны өдөр мэдээд авсан. Тэрийг нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан. Мөн өөр 2 000 000 төгрөг авсан гэж байна. Гэтэл 2 000 000 төгрөг авсан зүйл байхгүй. Авсан мөнгөө нэг бүрчлэн тэмдэглээд өөрийн дансны хуулгаа өдөр, сараар гаргаж өгсөн. Түүнд 2 000 000 төгрөг гэсэн дүн байхгүй. С.Н- дотор заслын ажлаас гадна маш олон төрлийн ажил хийсэн. Тийм учраас тэр мөнгөн дүнтэй нь хольж ойлгож болохгүй. Зөвхөн дотор засалтай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа. С.Н-ийн зүгээс ажлаа дуусгаад явсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн зургуудаа аваад хүлээлгэж өгье гэж бодсон боловч Вентана констракшн ХХК-ийн захирал доромжлоод ажлуудыг нь хүлээж аваагүй. Вентана констракшн ХХК-ийн зүгээс хүлээж авсан гэж тооцохоос биш хүлээж ав гээд гуйгаад байвал хэзээ ч хүлээж авахгүй. Тийм учраас ажил гүйцэтгэлийг 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Захиалагчийн буруутай үйлдлээс болоод ажлыг удаан гүйцэтгэсэн. С.Н-ийн буруу байхгүй учраас хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг захиалагч Вентана констракшн ХХК бүрэн хариуцах ёстой. Тиймээс С.Н-ээс нэхэмжилсэн 5 265 000 төгрөг үндэслэлгүй байна. Дээврээс ус дуссантай холбоотой асуудалд С.Н- ямар нэгэн байдлаар буруу байхгүй. Дээвэр хийсэн компаниасаа нэхэмжлэх ёстой. МЭ ХХК бас дээвэр хийгээгүй зөвхөн цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Гансүх нарын хүмүүсийг хөлсөлж дахин засвар хийсэн гэх 750 000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл байхгүй. Цэвэрлэгээний ажлыг тухай бүрд нь хийж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.,232.6, 343 дугаар зүйлийн 343.1., 347 дугаар зүйлйн 347.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Вентана констракшн ХХК-иас 29 925 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Метро электрикХХК-ид олгон, нэхэмжлэлээс үлдэх 12 075 000 төгрөг болон нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэл болох 8 385 846 төгрөг, хариуцагч Вентана констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болох 137 393 447 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 453 025 төгрөгийг, мөн нэхэмжлэгч С.Н-ээс төлсөн 152 620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн хариуцах хураамжид 307 575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 890 534 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлөгдсөн 112 333 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: С.Н-т үлдэгдэл төлбөр 6 289 224 төгрөгийг өгөлгүй явсаар 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөг төлсөн. Тиймээс одоо төлөгдөөгүй гэрээний үлдэгдэл төлбөр 3 289 224 төгрөг байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.5-д алданги төлнө гэж заасан. Тиймээс гүйцэтгээгүй үүрэг 6 289 224 ба гэрээний 2.1.8-д заасан 814 786,2 төгрөгийг хасахад 5 474 437,8 төгрөгийн төлбөрийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 18 хоногийн алданги 492 699,40, гүйцэтгээгүй үүрэг 6 289 224 төгрөгийн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх 63 хоногийн алданги 1 981 105,56 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг болох 3 289 224 төгрөгийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 189 хоногийн алданги 3 108 316,68 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 1 644 612 төгрөг, нийт 7 407 641 төгрөгийн төлбөр, алданги төлөх үүрэг хариуцагчид гэрээний дагуу үүсэж байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Шүүх гэрээнд тохирсноор акт үйлдсэнээр төлбөр тооцоо хийх боломжтой гэж бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт гарган нэхэмжлэлийн үлдэх хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгожээ. С.Н-ийн дотор заслын ажил 2019 оны 4 дүгээр сарын 22-нд дуусаж барилгын ажлын дараах цэвэрлэгээ бүрэн хийсэн энэ талаар Барилгын ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд тусгагдсан. Ажлын гүйцэтгэл дутуу буюу гологдол гараагүй, гологдол дутагдал гаргасан талаар баримтгүй тул барилгыг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр БУ-11/2019 дүгээр Улсын комиссын актаар онц дүнтэйгээр ашиглалтад хүлээн авсан ба ашиглалтад хүлээн авснаас хойш 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 475 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 3 000 000 төгрөгийг хариуцагч "Вентана констракшн ХХК төлсөн, үлдэгдэл төлбөр болох 9 777 434,4 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн аль хэдийн төлөөд явж байсан зэргээс ажил дууссаныг хүлээн зөвшөөрөөд үлдэгдэл төлбөр төлөгдөөд явж байсан нь харагдаж байна. Мөн хариуцагч нь хийлгүй орхисон ажлыг 1 400 000 төгрөгийн ажлыг өөр этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тайлбар гаргасан. Гэтэл энэ нь ямар нэгэн баримтаар нотлогдоогүй тэмдэглэлд тусгагдаагүй байдаг. Цэвэрлэгээ хийнэ гэдэг нь барилгын дотор заслын ажил бүрэн дууссаныг илтгэнэ. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, 7 480 971 төгрөгийг хариуцагч Вентана констракшн ХХК-аас гаргуулан С.Н-т олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Вентана констракшн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй хууль буруу хэрэглэсэн. Мөн шүүхийн шийдвэр нь хуулийн хугацаанаас хоёр сар шахам хугацаагаар хэтэрч гарсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, гэрээний 3.1.7-д зааснаар ажил хүлээлцсэн акт байхгүй учраас ажлын хэмжээ тодорхойгүй. Нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй, үр дүнг ч хүлээлгэн өгөөгүй. Тиймээс үлдэгдэл хөлсийг төлөх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан (ӨВТ-18/05 тоот ажил гүйцэтгэх гэрээний 1.2-т 39 хоногийн хугацаатай байна гэж заасныг зөрчиж хугацаа хэтэрүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ажил хийж гүйцэтгэж дууссан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр... гэсэн байдаг. Хэдийгээр нэхэмжлэгчийн дурдаад байгаа хугацаанаас ч хойш ажлыг гүйцэтгэсэн төдийгүй, ажил дутуу хийсэн. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлээгүй болгож харагдуулахын тулд нэхэмжлэгчээс хамааралгүй шалтгаанаар ажил саатсан гэж бороо орсон гэх үндэслэлүүд бичжээ. Монгол улсын хувьд барилгын ажил гүйцэтгэх хугацаа 5 сараас 10 сар хүртэл байдаг онцлогтой. Нэг жилд маш бага хугацаанд барилгын ажил гүйцэтгэдэг учраас давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдлыг саатал гэж үзэхгүй байхаар гэрээнд тусгадаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5-д Давагдашгүй хүчин зүйл гэж тусгасан ба 5.1-д ...зэрэг энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байдал бий болсныг ойлгоно гэж заасан байдаг. Тог тасарсан ч, бороо орсон ч хийж болох ажлуудаа амжуулдаг. Ийм учраас ажил хийхэд тохиолддог түр зуурын шинжтэй, давагдашгүй хүчин зүйлээс бусад нөхцөл байдлуудыг гүйцэтгэгч тал тооцоолсны үндсэн дээр ажил гүйцэтгэх хугацаагаа санал болгодог бөгөөд талууд гэрээндээ тусгадаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт байгаа борооны улмаас мөн тог тасарсан гэх үндэслэлүүдээс харвал 1 цагаас эхлээд 2 цаг, 3 цаг, 4 цаг гэх мэтээр бичигдсэн байна. Энэхүү бороо орох, тог тасрах зэрэг нь ажил хийх боломжгүйд хүргэдэг давагдашгүй хүчин зүйл биш. Өвөрхангайд тэр болгон бороо ороод байдаггүй бөгөөд түр зуур шиврээд л зогсдог. Барилгын ажил хийж байхад хэдэн цаг байтугай хэдэн өдөр бороо орох тохиолдолд байдаг ба энэ үед шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Тэгээд ч бороо орсон, шивэрсэн, тог тасарсан л бол барилгын ажлыг зогсоох ёстой гэсэн хуулийн болон норм дүрмийн заалт байхгүй. Карказыг л бороогүй үед цутгах ёстой байдаг. Карказыг цутгаж байх үед бороо ороогүй. Харин суурийн нүх усаар дүүрсэн нь харин гэрээний 5.1-д дурдсан үерт автагдах гэсэн үндэслэлд хамаарна гэж үзвэл карказын ажил 2 хоногоор саатсан гэж үзэж болох юм. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэж дуусгах ёстой байсан 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дээр уг хоёр хоногийн хугацааг нэмбэл ажил гүйцэтгэж дуусах ёстой байсан хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр болно. Гэтэл нэхэмжлэгч нь уг оны 10 дугаар сар өнгөртөл ажлыг сунжруулаад бүрэн дуусгалгүй орхиж явсан. Гэтэл анхан шатны шүүх нь зүгээр л хэдэн үндэслэл байвал нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой үүргээ ямар хугацаагаар хэтрүүлсэн нь хамаагүй гэх байдлаар асуудалд хандсан. Шүүхий шийдвэрт торгууль, алданги бодож байгаа нь үндэслэлгүй. Гэрээний 4.2, 4.4 дэх заалтууд нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь заасан хугацаагаа хэтрүүлсэн, ажлаа хаяж яваад, алданги бодох эрхгүй. Үр дүнг хүлээлгэн өгснөөр үүрэг биелэгдсэнд тооцогдоно. Гэрээний 4.2-т ажлын хөлс гэсэн нэр томьёо байхгүй. Мөн энэхүү заалтад гэрээний хугацаанд гэж зохицуулсан. Гэрээний хугацаа нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс хойш бодоод байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт хоёр төрөл байхаар зохицуулсан. Гэтэл гэрээнд торгуулийг 10 хувиар тогтоохдоо нийт үнийн дүнгээс тооцохоор зааж хууль зөрчсөн байдаг. Гүйцэтгэгчийн хувьд бол одоо ч гэсэн үр дүнгээ хүлээлгэн өгч, акт үйлдэх эрх нь нээлттэй байгаа. Гэрээний 3.2.8-д ... гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажилд алдаа доголдол илэрсэн, ажлыг дутуу гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэл дутуу гэж Захиалагч ажлыг хүлээн авахаас татгапзаж, төлбөрийг төлөхгүй байх эрхтэй гэж заасан байдаг. Бодит байдал дээр МЭ ХХК нь үндсэн дөрвөн ажилтантай байсан бөгөөд нэг хүн мужаан, гурав хүн цахилгаанчин байсан. Өөрөөр хэлбэл, бетон арматурчлалын талаар огт мэдлэггүй, мэргэжлийн бус хүмүүс байсан. Мөн туслах ажилтнаар орон нутгаас төрөл бүрийн мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулсан ч уг хүмүүс нь ирэхгүй байх, ажиллах хүн хүчгүй болох нь элбэг байсан. Мөн өөрсдөө архи ууж, ажил алдаж хугацаа хэтрүүлсэн. Вентана констракшн ХХК-ийн хувьд уг компанийг карказын ажил дуусгах хугацаагаар тооцож, дараагийн ажлууд болох өрлөг, засал болон бусад ажлуудыг хийх иргэн, хуулийн этгээдүүдтэй харилцан тохиролцсон байсан ч хугацаа нь хэтэрснээр уг субьектүүд нь найдваргүй гэж тооцон, өөр ажил хийх, харилцан тохиролцоогоо цуцлах, орхин явах гэх мэтээр гэрээгээ цуцалдаг тул хугацаа нь тулсан учраас дахин өндөр үнээр хөлслөн ажиллуулж манай компани хохирдог байсан. Мөн ажил нь хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсны улмаас өвөл ажиллах болж, халаалт авч, халаалтын төлбөр төлж хохирсон байдаг. Анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн, анхан шатны шүүхийн зүгээс тооцсон тооцоолол нь буруу, дурдсан нотлох баримтууд нь үнэлэх боломжгүй, мөн хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүх хуралдаан болсон өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн байгаа болно. Тиймээс нэхэмжлэлийн зарим хэсэг 29 925 000 төгрөгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 Хариуцагч Вентана констракшн ХХК-д холбогдуулж нэхэмжлэгч МЭ ХХК 42 000 000 төгрөгийн, нэхэмжлэгч С.Н- 8 385 846 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Вентана констракшн ХХК нь эс зөвшөөрч, хохиролд 137 393 447 төгрөгийг МЭ ХХК-иас, нэхэмжлэгч С.Н-ээс 8 115 000 төгрөг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргалджээ.

1. Хариуцагч Вентана констракшн ХХК нь Тод гэрлийн хурд ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ӨВТ-18/05 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Тод гэрлийн хурд ХХК нь Өвөрхангай аймаг Тарагт суманд байрлах 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын арматурчлал, цутгалтын ажил болох 715 м.кв 2 давхар оффисийн барилга 395 м.кв бүхий заалны барилгын аяган болон шугаман суурь, дам нуруу, хана болон хучилт зэргийг арматурчилж хэв хашмал хийж цутгах, шалыг сеткэн тор тавьж цутгах, 40м.куб бохирын цооногийг мөн арматурчилж хэв хашмал хийж цутгах ажлуудыг зохих ёсоор чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрэн хийж гүйцэтгэх, Вентана констракшн ХХК нь нийт барилгын карказ, бохирын цооногийн карказны ажлын хөлсөнд 45 000 000 төгрөг, үүнээс 10 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулснаар, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг ажлыг хугацаандаа хийж дууссан, захиалагчийн ажил хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгсөн ажлын актыг үндэслэн, ажлын 5 хоногт багтаан төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч МЭ ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний хооронд Өвөрхангай аймаг Тарагт суманд байрлах 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын арматурчлал, цутгалтын ажил болох 715 м.кв 2 давхар оффисийн барилга 395 м.кв бүхий заалны барилгын аяган болон шугаман суурь, дам нуруу, хана болон хучилт зэргийг арматурчилж хэв хашмал хийж цутгах, шалыг сеткэн тор тавьж цутгах, 40м.куб бохирын цооногийг мөн арматурчилж хэв хашмал хийж цутгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн тэмдэглэл /хх-ийн 93-151/ -ээр тогтоогджээ.

Анхан шатны шүүх Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд нэхэмжлэгч МЭ ХХК-ийн инженер М.Ганзориг, ажилтан Б.Ууганбаатар нарын нэр тэмдэглэгдсэн байгааг үндэслэл болгож нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Тухайлбал, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр инженер М.Давааням, М.Ганзориг нар цэг тавьсан, Б.Ууганбаатар ахлагчтай бригад 15 хүний бүрэлдэхүүнтэй барилгын ажил үүрэг гүйцэтгэсэн талаар тэмдэглэлд тусгагджээ. /хх-ийн 93-151/ Нөгөө талаар талууд гэрээнд заасны дагуу ажлын үр дүнг хүлээлцсэн талаар акт үйлдээгүй боловч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил дууссан, ажлын хөлсний үлдэгдэл 25 000 000 төгрөгийг төлөөгүй талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг захиалагч хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.

Мөн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн БУ-11/2019, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн БУ-11/2019+1 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Өвөрхангай аймаг Тарагт сум Хүрэмт багийн нутаг дэвсгэрт баригдсан 2-р ангиллын 250 хүний суудалтай соёлын төвийн зориулалттай барилга байгууламжийн барилгыг ашиглалтад оруулсан байна. /хх-ийн 88-92/

Иймд нэхэмжлэгч олгогдоогүй ажлын хөлс 25 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин талуудын хооронд байгуулсан гэрээнд гүйцэтгэгч нь 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэхээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэх буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, хариуцагчаас алданги, торгууль гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Барилгын ажлын явцад бороо орсон, тог тасарсан зэрэг шалтгаанаар ажил саатсан талаар Барилгын ажлын гүйцэтгэлд тэмдэглэгдсэн байх боловч энэ нь гэрээнд заасан барилгын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хэтрүүлэн гүйцэтгэх үндэслэл болоогүй байхаас гадна захиалагчийн инженерийн тётлет багаж эвдэрсэн, захиалагч кран гаргаж өгөөгүй, бэлэн бетон зуурмагаар цутгалт хийх талаар болон зургийн алдаанаас парпет засварын ажил хийх болсон зэрэг талаар нэхэмжлэгч талаас хариуцагчид шаардлага хүргүүлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй тул захиалагчийн буруутай ажиллагааны улмаас хугацаа хэтрэхэд хүргэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар 2 тал харилцан үүрэг хүлээсэн гэрээнд нэг тал ажлыг гүйцэтгэж дуусгаснаар нөгөө тал төлбөр төлөх үүрэг үүсдэг. Нэхэмжлэгч нь зохих журмаар ажлыг хүлээлгэж өгөөгүй байгаа тохиолдолд хариуцагч мөн адил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхийг хуулиар олгосон.

Ийм учраас Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар нэхэмжлэгч анз шаардах эрхгүй тул торгууль 4 500 000 төгрөг, алданги 12 500 000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хариуцагч Вентана констракшн ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл 25 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЭ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

2. Хариуцагч Вентана констракшн ХХК нь нэхэмжлэгч С.Н-тэй  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр  ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С.Н- нь Өвөрхангай аймаг Тарагт сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын дотор заслын ажил болох барилгын дам нуруу, баганыг тэгшлэх, хана, тааз, дам нуруу, багананд замаск татах, эмульсэн будгаар будах ажлыг гүйцэтгэх, нийт ажлын хөлс 16 295 724 төгрөгийн 6 518 289 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл төлбөр болох 9 777 434,4 төгрөгийг гэрээт ажлыг дуусган актаар хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногийн дараа, үлдэгдэл 5 хувь болох 814 786,2 төгрөгийг заслын ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс хойш 2 сарын дараа барилгын заслын ажилд аливаа доголдол гараагүй тохиолдолд ажлын комиссын дүгнэлтээр гүйцэтгэгч талд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. / 2хх-ийн 37-41 /

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн гэрээний зарим хэсэг байхгүй боловч хариуцагч талаас уг гэрээг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргасан байхад шүүх 2 талаас ирүүлсэн гэрээ гэх баримтуудыг үнэлэхэд учир дутагдалтай гэж үзсэн нь буруу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, гэрээт ажлын явцад захиалагч талаас ажлын хөлс болон материалын зардлыг гүйцэтгэгчид шилжүүлж байсан үйл баримтаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний 1.7-д талууд ажлын гүйцэтгэлийг хамтарсан комиссоор акт үйлдэж хүлээлцэнэ гэж заасан боловч акт үйлдээгүй байгааг нэхэмжлэгчийг ажил гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр нотлох баримтаар бүрдүүлсэн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд С.Н- ахлагчтай заслын бригад дотор заслын хийсэн талаар болон цэвэрлэгээ хийсэн талаар тус тус тусгагдсан байх тул ажил 2019 оны 4 дүгээр сарын 22-нд дууссан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна. /хх-ийн 129-136/ Хариуцагч Вентана констракшн ХХК нь нэхэмжлэгч С.Н-т нийт 13 006 500 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн талаар талууд маргахгүй байх тул нэхэмжлэгч нь үлдэх ажлын хөлс 3 764 224 төгрөгийг хариуцагч шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж С.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.  Харин, нэхэмжлэгч С.Н- нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхгүй тул алданги 4 621 622 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болно.

3. Хариуцагч Вентана констракшн ХХК нь нэхэмжлэгч МЭ ХХК-д болон С.Н-т тус тус холбогдуулан хохирол болон алданги гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан талаар болон энэ талаар гүйцэтгэгч талд шаардлага хүргүүлж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй, гүйцэтгэгчийн хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор учирсан гэх хохирол нь нотлогдоогүй байна.

Хариуцагч Вентана констракшн ХХК-иас 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 1-4 сарын халаалтын хөлс 21 253 309 төгрөг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан боловч энэ нь нэхэмжлэгч МЭ ХХК-ийн ажлын гүйцэтгэлтэй цаг хугацааны хувьд болон шалтгаант холбооны хамааралгүй байна.

Стандарт форм ХХК, ЭСУ ХХК-тай тулаас төмөр, хэв хашмал түрээслэх гэрээнүүд байгуулсан байх боловч эдгээр барилгын материалыг тухайн барилгад ашигласан талаар баримтгүй ба нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд ажил гүйцэтгээгүйгээс иргэн болон банкнаа авсан зээлийн хүү төлж хохирсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, бусадтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэгчийн үүргийн зөрчилтэй хамааруулах боломжгүй юм.

Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнгийн доголдлын талаар гүйцэтгэгчид шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан талаар баримтгүй тул доголдлыг засварлахтай холбоотой зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах үүргээ биелүүлээгүй, ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз шаардах эрхгүй болно.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч С.Н-т холбогдох сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, дүгнэлт хийгээгүй орхисон нь буруу байхаас гадна шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт нийцээгүй, шүүх шийдвэрээ мөн хуулийн 119 дүгээр зүйлд заасан хугацаанд гаргаагүй зөрчснийг тус тус анхааруулж тэмдэглэх нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/01267 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар Хариуцагч Вентана констракшн ХХК-иас 25 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МЭ ХХК-д, 3 764 224 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Н-т тус тус олгож, нэхэмжлэгч МЭ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, нэхэмжлэгч С.Н-ийн шаардлагаас үлдэх 4 621 622 төгрөгт холбогдох хэсгийг, МЭ ХХК-иас хохиролд 137 393 447 төгрөгийг, нэхэмжлэгч С.Н-ээс хохирол 8 115 000 төгрөг тус тус гаргуулах тухай хариуцагч Вентана констракшн ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч МЭ ХХК-ийн төлсөн 453 100 төгрөгийг, нэхэмжлэгч С.Н-ээс төлсөн 152 700 төгрөгийг, хариуцагч Вентана констракшн ХХК-ийн төлсөн 1 202 334 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Вентана констракшн ХХК-ийн илүү төлсөн 316 842 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгож, хариуцагч Вентана констракшн ХХК-иас 282 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МЭ ХХК-д, 75177 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Н-т тус тус олгосугай гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Вентана констракшн ХХК-ийн төлсөн 1 297 283 төгрөгийг, нэхэмжлэгч С.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ