Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2020/01267

 

 

 

 

 

 

 

 

                  2020        05           13  

                                      181/ШШ2020/01267

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: тоотод оршин байрлах М ХХК /РД:......................./,

 

нэхэмжлэгч: тоотод оршин суух С.Н нарын

 

хариуцагч: тоотод үйл ажиллагаа явуулж байгаа“В”/РД:......................./ ХХК-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 43,944,996 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн,

хариуцагч “В” ХХК-ийн 137,393,447 төгрөгийг “М” ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У, нэхэмжлэгч С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, хариуцагч “В”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, өмгөөлөгч: Б.М, нэхэмжлэгч талын гэрч Г.Г, М.Га, хариуцагч талын гэрч Р.Б, А.О, Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нарыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин нэхэмжлэгч “М”ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У, өмгөөлөгчөөр Ө.Сыг оролцуулан, нэхэмжлэгч С.Нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С/шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 3107/нар шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “М” ХХК болон С.Н нар анх 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь “В” ХХК болон “Т” ХХК нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан ӨВТ1805 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 36,625,000 төгрөгийг хариуцагч “В” ХХК-иас гаргуулах, “В” ХХК болон С.Н нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,319,996 төгрөгийг хариуцагч “В” ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэмжээг нь ихэсгэж 1 дүгээр нэхэмжлэлийн шаардлага “В” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг буюу гаргуулах, 2 дугаар нэхэмжлэлийн шаардлага нь “В” ХХК, С.Н нарын хооронд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,385,846 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариу тайлбарт нэмэлт тайлбар хийе. “Т” ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр оноосон нэрээ “М” ХХК болгон өөрчилсөн. “В” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ӨВТ18/05 “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Өвөрхангай аймаг Тарагт суманд байрлах 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын арматурчлал, цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэрээний нийт үнийн дүн 35,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт 100,000 төгрөг суутган авч 9,900,000 төгрөгийг Голомт банкны дансанд 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тушаасан. Энэ компани тусгай зөвшөөрөлтэй, “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу Нэгдүгээрт, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр очиж 7-ны өдөр хүртэл суурийн нүх томсгох ажил хийсэн. Энэ нь гэрээнд заагдаагүй ажил байсан бөгөөд ямар нэгэн байдлаар “В” ХХК-иас төлбөрийг нэхэмжлээгүй.

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэл суурийн ажил хийж гүйцэтгэсэн. 2 баганын арматур дутсанаас болоод ажил хүлээгдсэн. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд суурийн арматур хийж чадаагүй. Энэ хугацаанд хүчтэй аадар бороо орсон. Суурийн нүхийг усаар дүүргэсэн. Дүүрсэн ус шаврыг 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гүйцэд шахсан. Энэ талаар барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа. 06 дугаар сарын 19-ний өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл суурийн ажил хийсэн.

06 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гараар бетон зуурч цутгалтын ажил хийсэн. Бэлэн бетоноор цутгалтын ажил хийх байсан боловч миксерээр бетон зуурсан. Гараар бетон зуурах ажил нь хурдан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гараар зуурсан бетоны маркийг тохируулахад маш хэцүү байдаг. Мөн гараар зуурсан бетоныг вебратраар чичиргээ өгч ажиллагаа нэлээн их болдог. Бэлэн миксерээр зуурмаг хийсэн тохиолдолд түүнийг зөөх цутгалтын ажил хийхэд хэцүү байдаг. Гараар бетон зуурч байгаа нь ажлыг удаашруулсан.

Бетон зуурах ажлыг нь 2 туслах ажилтан аваад “В” ХХК гүйцэтгэж байсан боловч хариуцлага нэлээн өндөр учраас хяналт тавьж ажиллах үүргийг “М” ХХК өөрсдөө гүйцэтгэж тухайн зуурч байсан хүмүүс нь жоохон хүүхдүүд байсан учир зааж, зааварлаж цутгалтын ажлыг хийж гүйцэтгэж байсан. 0.33 метр куб гэдэг маш бага хэмжээ байсан тул цаг хугацаа алдах, бетоны чанарт нөлөөлөх байдалд хүрсэн. Үүнийг зураг болон хариуцагчийн өөрийнх нь тайлбараар нотлогдож байна гэж үзэж байна.

Төмөр бетон цутгалтын ажилд бэлэн бетон ашигладаг. Өвөрхангай аймагт бетон зуурмагийн 2 үйлдвэр байдаг. Тэр газраас бетон зуурмаг аваад ажил гүйцэтгэх бүрэн боломжтой байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр төвөөс Тарагт хүртэл маш ойрхон зайтай тул бетон зуурмаг зөөх боломжтой байсан. Тийм ч байдлаар гэрээ байгуулж “М” ХХК-иар ажил гүйцэтгүүлэх байсан. Бодит байдал дээр гараар зуурч гүйцэтгэсэн.

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл суурийн дам нурууны арматур хийх ажил гүйцэтгэсэн. Бетон цутгалт хийж дуусгасан. Бүх ажлын явцад бетоныг гараар зуурсан. Өөрөөр хэлбэл зуурсан бетоныг помп болон насилк, тэргээр зөөсөн. Мөн вибратраар чичиргээ өгч тархмал байдлыг нь дэмжих ажиллагаа хийсэн.

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл индүү хүлээж ажиллах боломжгүй болсон. Захаилагчийн зүгээс техникээр хангах үүргээ биелүүлээгүй. Тухайн үед баяр наадмын үе таарч байсан.

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл барилгын 1 давхрын хэв хашмал, угсралт, арматурчлалын ажил хийж, дараа нь цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн.

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр аадар бороо орсны улмаас ажил хийх боломж олдохгүй давагдашгүй хүчин зүйл тохиолдсон.

08 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр захиалагчийн инженерийн тётлет багаж буюу хэмжээ тавьдаг багаж нь эвдэрсэн. Хэмжээс тавих үүрэг нь захиалагчид өөрт нь байдаг. Энэ багаж эвдэрсний улмаас сул зогсолт болж ажил хийх боломжгүй болсон.

2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хэв хашмал задалж, буулгах, 2 давхрын баганын арматур боох, хэв хашмал угсрах, дам нурууны арматур боох, давхар хоорондын хучилтын тулгуурын хэв хашмал угсрах ажил хийж гүйцэтгэсэн. Тухайн үед захиалагч кран гаргаж өгөөгүйгээс 2 давхар руу арматур болон үбх материалуудыг бүгдийг нь гараар зөөж хоног хугацаа алдсан байдаг.

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 2 давхрын хучилт, дан нуруу цутгаж нягтаршуулах, өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэсэн.

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2 давхрын хэв хашмал задалж, буулгах, парпет буюу дээврийн ирмэгийн ажил руу орсон. Мөн захиалагч кран гаргаж өгөөгүйгээс болж 2 давхар руу арматур, хэв хашмалыг гараар зөөж, цаг хугацаа их алдсан.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бороо орсны улмаас ажил гүйцэтгэх боломжгүй болсон.

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл оффисын нүүрний налуу тарфец хэлбэртэй фасадны арматур боох, хэв хашмал угсрах, цооногны хучилтын тулгуур арматур боох, панерны хэв угсрах, хучилтын хэв тулаас, сафуд буулгах, дээврийн парпет цутгах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд кран гаргаж өгөөгүй. Мөн гараар бетон зуурч, яг гүйцэтгэсэн хоногоор тооцоод үзэхээр захиалагчийн буруугаас болж 8 хоногийн хугацаа алдсан байдаг.

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 давхрын хэв, панер буулгах, хураах, цооногны бетон цутгалт болон парпетны хэв зангидах, 2 давхар дээврийн хэсгийг цэвэрлэх, парпетны бетон цутгах ажлыг хийж гүйцэтгэсэн. 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн дууссан. Захиалагчийн өгсөн зураг алдаатай байснаас болж парфет засварлах, бэлэн бетон зуурмагаар цутгалт хийх ёстой байсан ажлыг биелүүлээгүй гараар зуурснаар 11 хоногийн хугацааг парпет засварын ажил хийхэд хугацаа алдсан. Дараа нь парпетны хэмжээг өөрчилж цутгалтын ажлыг хийсэн.

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс тооцож үзэхэд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 130 хоног ажилласан. “В” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа, гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас 83 хоногийн хугацаа алдсан. Мөн бороо орох, цахилгаан тасрах зэргээр байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 8.5 хоногийн хугацаа алдсан. Тооцоод үзэхээр нийт 91,5 хоногийн хугацаа алдсан. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас алдсан хоног хугацааг үүрэг гүйцэтгэх боломжгүй, үүрэг хүлээхгүй гэдэг гэрээний зохицуулалтын дагуу алдсан хоног хугацаанд тооцохгүй. 83 хоногийн хугацааг “В” ХХК-ийн буруутай үйлдлээс буюу гараар бетон зууруулсан, 2 давхар руу гараар зөөлгөсөн зэрэг ажлуудаас болж алдсан хоног хугацааг тооцсон. “М” ХХК гэрээнд заасан ажлыг 38.5 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд бүгд тусгагдсан.

Барилгын тухай хуулиар барилгын ажил гүйцэтгэлийн тэмдэглэгээг үнэн зөв бөглөх үүргээ захиалагч өөрөө хүлээдэг. Энэхүү тэмдэглэлийг үйлдсэн “В”ХХК-ийн ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд тусгагдсанаар энэ нөхцөл байдал тодорхой харагдаж байгаа.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгаад гэрээний дагуу “В” ХХК-ийн зүгээс ажлыг нь хүлээж аваагүй. Тухайн үед “В” ХХК-ийн захирал Б.Нямбаатар ажлын хөлсийг бүрэн төлнө. Ямар нөхцөлд ажилласан, юу хийлгэснээ сайн ойлгож байгаа учраас хугацаа хэтэрсэн алданги тооцохгүй ажлыг чинь хүлээж авна гэсэн тайлбарыг тухайн үедээ хэлж байсан. Ажил дуусах үед 25,000,000 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэтэл одоо хүртэл тухайн төлбөрөөс нэг ч төлбөр төлсөнгүй. 20,000,000 төгрөг өгсөн.

Гэрээний 3.2-т зааснаар гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргийг захиалагч тал хүлээнэ. Гэрээний хугацаанд аль 1 тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувиар торгууль бодож нөгөө талд төлнө гэсэн заалтыг гэрээний 4.2-т тусгасан.

Мөн 4.4-т захиалагч тал ажлын гүйцэтгэлийг хэлэлцсэн, тохирсон хугацаанд гүйцэтгэгчид төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцно гэж заасан. Тийм учраас торгууль 4,500,000 төгрөг болсон. Ажил хийж гүйцэтгэж дууссан 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл буюу гүйцэтгээгүй үүрэг болох 25,000,000 төгрөгийн 733 хоногийн алданги 18,325,000 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн дээд хэмжээг заасан зохицуулалтын дагуу 12,500,000 төгрөг болно.

Торгууль болон алданги үндсэн төлбөрийг нэмж тооцоход 42,000,000 төгрөг болж байгаа.Иймд буруутай этгээд болох “В” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэл болгон нэхэмжилж байна.

Энэ хугацаанд маш олон хүнийг цалинжуулж ажиллуулсан. Цалин өгөхгүй байж болохгүй учраас банкнаас мөнгө зээлж 30,000,000 төгрөгөөр ажилчдаа цалинжуулаад явж байсан. Энэ мөнгөний зээл, зээлийн хүүг одоо ч гэсэн төлж хохирч байгаа нөхцөл байдал байгаа. Зөвхөн хүүгийн төлбөрт л 17,000,000 төгрөгийн хүү төлсөн. Сүүлд 5,000,000 төгрөгийн хүү төлөх чадваргүй болж хуримтлагдсан. Нийлээд 22,000,000 төгрөгийн хүү төлөх хэмжээнд хүрсэн явж байна.

Хариуцагч талын тайлбараас сонсоход дандаа архиддаг, ажил хийдэггүй гэсэн тайлбарыг өгдөг боловч архиддаг, ажил хийдэггүй талаар баримт нэг ч хэрэгт авагдаагүй. Цагдаагийн газраас сануулга өгч байсан гэдэг үнэхээр сануулга өгч байсан зүйл байгаа бол лавлагаа, баримт бичгийг нь авчирч өгөх ёстой. Архиддаг, ажил хийдэггүй гэсэн тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй, ёс зүйгүй байна.

Хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлага болох С.Нийн шаардлагын тухайд, С.Н нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “В” ХХК-тай байгуулсан. Энэхүү “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр дотор заслын ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нийт үнийн дүн 16,295,724 төгрөг байхаар тохиролцсон. “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний урьдчилгаа төлбөрт гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг өгсөн. Цагаан сар болох гэж байсан учир тухайн үед гэрээ байгуулахаас өмнө мөнгөө аваад ажлаа гүйцэтгэнэ гэж талууд тохиролцсон. Гэрээ байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс ажил эхэлсэн. Ажил гүйцэтгэх явцад 03 дугаар сарын 12-ны өдөр 655,000 төгрөг, 03 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 03 дугаар сарын 27-ны өдөр 86500 төгрөг, 04 дүгээр сарын 02-ны өдөр 1,190,000 төгрөг, 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 12,445,000 төгрөгийг Хаан банкны 5037408342 дугаар С.Н өөрийн дансаар авсан.

Захиалагч тал материал хүлээлгэсэн, материалаар бүрэн хангаагүй нөхцөл байдлаас шалтгаалаад ажил 1 сараар хойшилсон. Иймээс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажил хийж дууссан.

Ажилчдын байр, хоол, цахилгаан, цалинг С.Н өөрөө хариуцсан. Энэ нь захиалагч талд нэлээн ашигтай нөхцөлтэй тохиролцоо байсан. Гэтэл гэрээнд заагдсан үлдэгдэл төлбөр болох 6,764,224 төгрөгийг төлөлгүй өдийг хүрсэн. Дотор заслын ажилд нийт 8 хүн ажилласан. Эдгээр хүмүүс одоо хүртэл цалингаа аваагүй. Учир нь үлдэгдэл төлбөр нь цалинд олгогдох төлбөр байсан.

Ажлын гологдол гаргаагүй. Барилгыг улсын комисс онц дүнтэйгээр хүлээн авсан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Мөн Өвөрхангай аймгийн Засаг дарга Ганболд тухайн ажлыг сайшааж хүлээн авснаа илэрхийлсэн.

Ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д зааснаар ажлыг актаар хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногийн дотор үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан байдаг. Мөн 3.5-д алдангийг зохицуулсан байх ба захиалагч гэрээний үнийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Тиймээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн болох 6,764,224 төгрөгийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийт 81 хоногийн алданги 2,739,510 төгрөг гарсан.

Үндсэн төлбөрөөс 3,000,000 төгрөг төлсөн учраас Гүйцэтгээгүй үүрэг болох 3,764,224 төгрөгийн 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 189 хоногийн алданги 1,882,112 төгрөг болсон.

Үндсэн үлдэгдэл төлбөр 3,764,224 төгрөг, алданги 4,621,622 төгрөг, нийт 8,385,846 төгрөг болсон.

С.Нийн хувьд Өвөрхангай аймагт барилгын ажил сайн хийдэг нэр хүндтэй хүн. Саяхан тэргүүний барилгачин цол хүртсэн. Нөхрийн хамт ажилладаг байсан боловч нөхөр нь 2019 оны 07 дугаар сард нас барсан.

Иймд дээрх мөнгөн дүнг хариуцагч “В” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд оролцон гаргасан тайлбартаа:

“М”ХХК цахилгааны үйл ажиллагаа эрхэлдэг компани. Ямар ч дотоод засал хийх туршлага байхгүй. Гол нь ажиллах хүч байхгүй байснаас ажил удааширсан. Дөрвүүлээ л ирсэн. Орон нутгаас огт туршлагагүй хүмүүсийг туслах ажилтнаар авчирч ажиллуулсан. Ирсэн 4 хүн хоёр хоёроороо ээлжилж архиддаг байсан. Заримдаа 1, 2 хоногоор алга болдог байсан. Зарим өдөр талбай дээр нэг ч хүн байдаггүй байсан. 07 дугаар сарын 01-ний өдөр карказын ажил дуусаад 10 дугаар сарын 01-ний өдөр улсын комисст хүлээлгэж өгөх байсан. Туслахаар ажиллаж байсан хүмүүс нь үе үе ноолуур авна гээд явчихдаг,хүнгүй болдог байсан.

1500 метр квадрат талбайтай барилгын ажлыг доод тал нь 30 хүн тогтмол, өдөр болгон хийх ёстой байсан. Гол асуудал нь туршлагагүй компани, хугацаа хэтрүүлсэн, 137,394,447 төгрөгийн хохирол учирсан. 07 дугаар сарын 01-ний өдөр карказын ажил дуусаад 10 дугаар сарын 14-ний дуусгасан. Энэ үед шаврын ажлаа эхэлсэн. Гэтэл шаварнууд нь өвөл бүгд хөлдөөд дахиж шаврыг нь замаскдах болж, албан бичиг над руу явуулсан байна. Сая аудитын газраас шалгахад бүх хананд нь тодорхой хэмжээний цууралт үүссэн байна.

Бид дахиж хүн, хүч гаргаж тэр бүх засварыг хийхээр болсон. Энэ барилгын нийт төсөв нь 1,000,000,000 төгрөгөөр зарлагдсан. 1 метр квадрат нь 650,000 төгрөгөөр боссон. Бид өөрсдөөсөө 500,000,000 гаруй сая төгрөг гаргаж байж уг барилгыг дуусгасан. Бид 500,000,000 гаруй сая гаргасан алдагдалтай нийлээд 600,000,000 гаруй сая төгрөг болсон. Одоо бид Барилгын хөгжлийн төв дээр хөөцөлдөөд явж байгаа. Барилгын талбай нь сууриараа 1270 метр квадрат, заал нь 2 давхар, түүний 50 хувь гэхээр 1500 орчим метр квадрат талбайтай барилга. Тооцоод үзэхээр захиалагч, зургийн зардал гээд бүх зардлуудаа хасаад уг барилга 800,000,000 орчим сая төгрөгөөр барилга угсралтын ажил явагдсан.

Хамгийн гол нь энэ бүгдээс болоод өвөл халаалт авсан, гол нь ажиллах хүч байхгүй хотоос 4 хүнтэй ирчихээд заримдаа мужаанаа 7 хоногоор аваад явдаг. Ж.У өөрөө нэг ч байдаггүй,ирэхээрээ 2, 3 хоноод буцдаг. Хотоос янз янзын юм яриад 4 хүнээ татаад аваад явчихдаг. Анх ирсэн ерөнхий инженер нь 7 хоноод буцаад явсан.

Тухайн үед бид аймгийн төвөөс бэлэн зуурмаг авахаар компанитай гэрээ хийсэн байсан. Бид 2 миксерээр зуурмагаа хийгээд 1 минутад 1 миксер 0.35 метр куб гаргах хүчин чадалтай. 2 миксер 6 минутад 0.7 метр куб гаргах чадалтай. Тооцоод үзэхэд өөрсдөө зуураад цутгасан нь түргэн байсан.

Хоёрдугаарт нэхэмжлэгч компани карказын ажлыг 100 хувь хийх байтал цутгалтанд хүн өгөхгүй гээд би хотоос цутгалтан дээр хүн авчирч 6-12 хүнийг 2 ээлжээр ажиллуулсан.

Цутгалтанд нэхэмжлэгч компанийн хүн ороогүй. Мөн карказын ямар ч бригад суурийн тэгшилгээг хийдэг. Үүнээс нэхэмжлэгч компани карказын ямар ч мэдлэггүй гэдэг нь харагдаж байна. Бид карказын суурийн тэгшилгээг хийсэн гэдэг. Карказын суурийн тэгшилгээг карказын бригад хийгээд дээр нь уллагаа хийгээд дээр нь зургийн дагуу мод өрөөд явах ёстой. Нэхэмжлэл дээр бид хийсэн гэж бичсэн байсан. Энэ бол карказ хийж байгаа ямар ч бригадын хийх ёстой ажил.

Барилгын материал дутаасан гэж бичсэн байсан. Бид нэг ч материал цаг хугацаанд нь дутаалгүй авчирч байсан. Жишээ нь 25-ын арматур өнөө, маргаашгүй хэрэгтэй гэхээр нь өдөрт нь ачуулаад маргааш нь авчирсан. 10 хоногийн дараа ирэхэд нөгөө арматур нь хэвээрээ байж байсан. Салхины улмаас тог тасарсан. Тэр үед яаралтайгаар 2 хоногийн дараа “Вагнер Ази”-иас 3 мега ваттын хүчин чадалтай трансформатор авчраад Өвөрхангайн төв дээр ирэхэд тог ирсэн гээд буцаад хот руу ачуулж байсан. Түүнээс болоод бидэнд 2,500,000 орчин төгрөгийн алдагдал гарсан. Бид аль болох цаг хугацаа хожих арга хэмжээ авч байсан. Манай компанийн анхны инженер н.Давааням гэж залуу байсан. Намайг очиход “М” ХХК-ийн мужаан н.Ууганбаатар гэж залуу алх бариад зодохоор хөөсөн байсан. Унтаж байсан ор, хаалгыг нь цөм цохиод нөгөө инженер нь маргааш өглөө нь алга болсон хайгаад олдоогүй. Үдээс хойш нь хот руу яваад бид инженергүй болж байсан. Дараагийн инженерээ цаг алдаж авчирсан. Гол алдаа нь ажиллах хүч байхгүй байсан. н.Ууганбаатар гэж мужаан байнга талбай дээр архи ууж, хүн хүний ажлыг зааж, инженер рүү дайрдаг. Би Ж.Ут энэ хүнийхээ учрыг ол гэж хэлж байсан. Намайг очиход согтуу над руу хүртэл дайрч байсан.

Би Ж.Ут нэхэмжлэл гаргавал чи хохирно. Би хохироод дуусна гэж хэлэхэд 2019 оны хавраас над руу залгаж эхэлсэн. 9911-тэй дугаараас над руу хүн залгаж дарамталсан. Дараа нь Ж.У над руу яриад танайх тендерт хавар ордог одоо би тендерт орох эрхийг чинь хаана гэсэн. Би Ж.Утай нэг ч удаа хэрэлдэж, ямар нэгэн байдлаар маргаан үүсгэж байгаагүй, хүлээцтэй байсан.

Бид сапу, помп түрээслэх, ажилчдын цалин, хоол, нааш цаашаа явах зардал, өвөл болж дулаан авсан, зөвхөн дулаанд 20 гаруй сая төгрөг зарцуулсан. Хэрвээ цагтаа дууссан бол 20 гаруй сая төгрөг зарахгүй байсан. Манай компани нь өмнө нь ажлаа хугацаа алдаж байгаагүй, аль болох хугацаандаа ажлаа дуусгадаг. Нэхэмжлэгч компани карказын ажил дуусахад актан дээр гарын үсэг зураад актаа хүлээлгэж өгөөд, зургаа баталгаажуулаад хүлээлгэж өгөх ёстой байсан. Нэг ч актан дээр гарын үсэг зураагүй. Нэг ч зураг өгөөгүй. Үүнээс болоод бид банкны зээл, хувь хүнээс авсан зээлийн хүүнд баригдаж өөрийн хадлан хийдэг техникийг зарж байж өрнөөсөө гарсан.

Нэхэмжлэгч компани мэргэжлийн гэсэн хаягтай боловч Ганзориг гэж инженер ирсэн. Тэр хүн Эм си Эс-д ажилладаг хяналтын инженер байсан. Бидний дунд маргаан гарч нэг ирэхэд явсан байсан. Дараа нь дөнгөж төгссөн хүүхэд авчирсан. “М” ХХК өөрийн гэсэн инженертэй байх ёстой. Ажлын байран дээр нэг ч инженер байхгүй. Тэр инженер нь сүүлд ирээд эрт явсан. Мужаан нь мэргэжлийн хүн байсан. Бусад нь арматураа ч зангидаж чадахгүй хүмүүс байсан

Нэмэлт тайлбар хийе. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс ажлын үр дүнг хүлээлгэж өгдөггүй. Ажлаа орхиж явсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэлд болон тайлбартаа хүлээлгэж өгөхөөр хандсан мэт худал мэдүүлж байна. Ажил хүлээлцэхээр хандсан бол холбогдох нотлох баримтаа гаргах ёстой. Өөрөөр хэлбэл бичгийн болон бусад нотлох баримтаар тогтоогдох ёстой.

Гэрээний 3.1.7-д ажил гүйцэтгэж дуусмагц захиалагч акт үйлдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Гүйцэтгэсэн этгээд алга болохоор ажлыг хүлээж авах нөхцөл байдал үүсэхгүй байна. Хэргийн материалд авагдсан баримтаас харахад манайх ажлаа хийгээд хариуцагч ажлаа хүлээж авсан мэтээр тайлбарлаж байна. Энэ нь тухайн гүйцэтгэсэн ажлын алдаа, дутагдал, бусад зүйлийг нь засаад зассаны үндсэн дээр хүлээлгэн өгсөн.

Гэрээний 1.2-т заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 39 хоногийн хугацаанд гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл энэ хугацаандаа гүйцэтгээгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Төлбөрийн тухайд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсний дараа хөлс төлөх хуулийн зохицуулалттай. Ажлыг бүрэн гүйцэтгээгүй, хүлээлгэж өгөөгүй, үүрэг үүсээгүй, дутуу орхисон. Нэхэмжлэлд хугацаа хэтрүүлснээ зөвтгөхийн тулд маш олон тайлбарыг хэргийн материалд бичиж хийсэн байсан. Эдгээр нь үндэслэлгүй.

Гэрээнд зааснаар Өвөрхангай аймгийн Тарагт суманд 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр очиж ажлаа хийх ёстой байтал 06 дугаар сарын 04-ний өдөр очсон.

04-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл суурийн нүх томсгох ажил хийсэн гэсэн. Барилгын норм ба дүрэм дээр суурийн нүх янзлах асуудал карказны ажил хийж байгаа хуулийн этгээд гүйцэтгэдэг үндсэн үүрэг нь.

Харин захиалагчийн зүгээс нүхийг нь бүрэн ухаад өөрөөр хэлбэл ажил хийх нөхцлийг нь өөрийн хөрөнгөөр  бүрдүүлсэн байгаа нь гол нөхцөл нь байна. Хавтаст хэргийн 96-99 дэх талд 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны ажил хийгдсэн тайлбар, тэмдэглэл байгаа. Энэ тэмдэглэлд ямар ч барилгын нүх томсгосон баримт байхгүй. Энэ хугацаанд алдсан хугацаагаа барилгын нүх томсгосон гэж ярьж байгаа нь үндэсгүй.

2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 14-ний өдөр хүртэл ажлаа хийгээд аадар бороо орж нүхийг усаар дүүргээд үүнийг янзлах гэж хугацаа алдсан юм шиг бичсэн. Гэтэл хэргийн материалын 100 дугаар талаас харах юм бол 2018 оны 06 дугаар сарын 14, 15 өдөр буюу энэ хүмүүсийн хэлээд байгаа өдөр нь цэлмэг 20-22 градусын дулаан байсан нь тогтоогдоно. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш 16 цагийн үед бороо орсон. Хавтаст хэргийн 101 дүгээр талаас харахад 2018 оны 06 дугаар сарын 17, 18-ны өдөр усыг шавхсан, шавар зайлуулсан гэсэн тэмдэглэгээ байгаа.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх юм бол гэрээнд заасны дагуу нөгөө талд мэдэгдэх үүрэгтэй. Мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Бэлэн бетон зуурмагаар цутгалтын ажлыг хийх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй. Энэ талаар хэргийн материалд авагдсан баримтуудыг харахад нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт хавтаст хэргийн 35, 38 дугаар талд зуурмагаар цутгалтыг помпоор шахаж, кран ажиллуулж байгаа нь харагдаж байгаа.

Гэрээгээр бэлэн зуурмагаар хангана гэсэн зүйл байхгүй. Улаанбаатар хот шиг авчраад асгадаг юм шиг яриад байх юм. Гараар хийсэн гэж ярьж байна. Ганц миксер ажиллаагүй 2 миксер ажиллаж байгаа. Хамгийн ойр зуурмагийн үйлдвэрээс зуурмаг авах хугацааг тооцож яг тухайн метр кубээрээ гаргаж байгаа миксерийн зуурмагийг тооцож үзэхээр 2 миксерээр гаргаж байгаа нь ямар ч асуудалгүй богино хугацаанд хийх боломжтой нөхцөлийг бүрдүүлсэн.

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл индүү хүлээн авах боломжгүй байсан гэж байна. Энэ нь тухайн хөрсийг тагтаршуулахтай холбоотой. Газрыг тагтаршуулалгүй хүлээлгэсээр байгаад энэ хугацаа алдсан юм шиг ярьж байна. Тухайн газрыг тагтаршуулах ажлыг хариуцагч өөрийн техник хэрэгсэл болох хово, экскаватор ашиглаж хугацаанд нь хийж гүйцэтгэсэн. 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд баяр наадмын үе таарсан гээд байдаг. Анхнаасаа нэхэмжлэгч тооцохдоо ямар хугацаанд манайх хийх вэ гэдгээ тооцох ёстой, баяр наадмын гэх бусад асуудлыг тооцох байсан туд энэ ажил хийх боломжгүй байсан мэт тайлбарлах нь үндэслэлгүй.

Хавтаст хэргийн 107-110 дугаар талаас харахад бусад барилгууд бүгд ажиллаж байсан. Нэхэмжлэгч талын хувьд хүндэтгэн үзэх шалтгаан биш. Гэрээний 3.1.9-д гүйцэтгэгч барилгын том оврын машин, механизм, техник, тоног төхөөрөмж байхгүй тохиолдолд захиалагчтай харилцан тохиролцож түрээслэж болно гэсэн зохицуулалт нь үнэхээр тийм байсан бол ажлыг үргэлжлүүлэх боломж нь гэрээнд байна.

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тётлит багаж гэсэн зүйл ярьж байна. Энэ нь гэрээний 3.1.8-д зааснаар ажил гүйцэтгэхэд шаардлагатай өөрийн багаж хэрэгслээр хийж гүйцэтгэнэ гэсэн гүйцэтгэгчийн үүрэг. Хэрвээ үгүй байсан бол гэрээнээс энэ заалтыг авах ёстой байсан. Харин ч нэхэмжлэгчийн зүгээс бүх тоног, төхөөрөмж, техник хэрэгслээр бүгдээр нь хангасан байхад бүх зүйлийг хариуцагч хийх ёстой байсан мэтээр ойлгоод гэрээний заалтаа зөрчиж явсан.

Нэхэмжлэгчийн зүгээс алданги бодох хууль зүйн боломж байхгүй. Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлээд ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяад явсан. Үүрэг хүлээлгэж өгснөөр биелэгдсэнд тооцно. Хүлээлгэж өгсөн бол тэр үеэс алданги ярих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй хүлээлгэж өгөх эрх нь нээлттэй байгаа.

Гэрээний 4.2 дахь заалтыг дурдсан. Гэрээний хугацаанд аль 1 тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэсэн байна. Өөрөөр хэлбэл ажлын процессын явцад гарсан зөрчилтэй холбоотой хариуцлага тооцох механизмыг заасан зохицуулалт болохоос биш хөлс төлөх асуудалд шууд хамаатуулж хэрэглэх боломжгүй заалт. Энэ заалтад ажлын хөлс гэсэн нэр томьёо байхгүй. Ийм нэр томьёо байхгүй байхад шууд хэрэглээд анз төлөх ёстой гэж тайлбарлаж байна. Гэрээний хугацаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл байгаа. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш бодож явсан байна. Гэрээний заалт нь хуулийн заалт зөрчиж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д торгуулийн хэмжээг шууд заадаг торгууль эсвэл гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн тодорхой хувиар тогтоож зохицуулахаар хуульд заасан. Гэтэл гэрээнд торгуулийг тодорхой хувиар буюу 10 хувиар тогтоохдоо нийт үнийн дүнгээс тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно гэж заасан байхад нийт үүргийн үнийн дүнгээс бодож ирсэн байдаг. Үүнийг хэрэглэх боломжгүй. Яагаад гэхээр дараа нь яг хөлстэй холбоотой алданги тооцсон. Гэрээний 4.4-т гүйцэтгэгч нь ажлыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүрэн гүйцэтгэж актаар хүлээлгэж өгөх ёстой байсан. Энэ нь гэрээний 1, 3.1.7-д заасан. Гэтэл үүрэг гүйцэтгэгч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс болж хугацаа хэтэрсэн. Тэгэхээр талуудын тохиролцсон хугацааг ашиглах боломжгүй болж байна. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д заасны дагуу талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үед хөлс төлнө гэсэн заалтыг хэрэглэхээс өөр арга байхгүй. Үндсэн гэрээний заалтаа хэрэглэх боломжгүй учраас хуулийн зохицуулалт руу орно. Иймээс алданги нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.

Гэрээний 3.1.7-д актыг үндэслэн захиалагч холбогдох хасагдах төлбөр гарсан тохиолдолд тооцон хассанаар гэрээний төлбөрийг гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл сүүлийн үед практикт гарч байгаа тохиолдлуудын нэг нь гарсан. Ажил хүлээлгэж өгнө гэдэг нь танайх хийсэн байна, хийгээгүй байна, биет байдлын доголдолтой, доголдолгүй, засан сайжруулах талаар цаашид хийгдэх ажлын талаар бүх зүйлээ харилцан ярилцаад эцсийн байдлаар ажил хүлээлцдэг процессыг нэхэмжлэгч өөрөө хүчээр байхгүй болгосон. Энэ нь нэхэмжлэгч талын зүгээс шаардлага гаргах эрхийг нь үгүйсгэж байна. Ажлаа бүрэн гүйцэд хийсэн мэт нөхцөл байдалд оруулж бүх мөнгөө нэхдэг практикт байдаг гажуу үзэгдэл.

Нэхэмжлэгч С.Нийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлье.

Хавтаст хэргийн 33 дахь талд байгаа талуудын хооронд байгуулагдсан барилга, байгууламжийн заслын ажил гүйцэтгэх гэрээний 1.6-д үлдэгдэл төлбөр болох 9,700,000 төгрөгийг актаар хүлээлгэж өгснөөс хойш 5 хоногийн дараа төлнө гэсэн. Гэрээндээ актаар хүлээлгэж өгсний дараа төлбөр төлөхөөр заасан учраас нэхэмжлэх эрх одоо хүртэл үүсээгүй. Хүлээлгэж өгөх эрх нь одоо хүртэл байж байгаа. Улсын комисст хүлээлгэж өгөх юм бол тухайн ажлыг хийж байсан хүмүүсийн ажлыг хүлээж авсанд тооцно гэсэн хуулийн болон гэрээний зохицуулалт байхгүй. Гэрээний 1.7-д ажлын гүйцэтгэлийг хамтарсан комиссоор акт үйлдэж хүлээлцэнэ гэж заасан. Акт үйлдсэнээр төлбөр тооцоо хийх боломжтой байсан.

Гэрээний 1.6 болон 2.1.8-д зааснаар ажлын баталгаа болгож 5 хувь буюу 814,786.2 төгрөг ажил хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 2 сарын дараа олгогдох ёстой мөнгө байтал гэрээний заалтаа зөрчөөд нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлээс харахад 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан буюу гэрээнд заасан хугацаагаа хэтрүүлсэн гэдгээ өөрсдөө нэхэмжлэлдээ шууд дурдсан, нотлогдож байна.

Гэрээний 1.3-т 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эхэлж 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дуусна гэсэн хугацаа хэтэрсэн.

Гэрээний 2.1.3-т зааснаар хэрвээ буруу, дутуу, барилгын материалыг сольсон, чанаргүй хийсэн асуудал байвал сольж хийхийг шаардана. Уг шаардлагыг биелүүлэх хүртэл санхүүжилтийг зогсоох эрх эдэлнэ гэсэн.

 С.Нийн авсан төлбөрийн хувь бол 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4,500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 650,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 86,500 төгрөгийг талууд авсан өгсөн гэдэг дээр маргадаггүй. Харин 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр талын ар талд байгаа 40000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэж өгсөн талаар нэхэмжлэгч огт дурдахгүй байна.

Харин нэгдүгээр хавтаст хэргийн 49 дэх талд байгаа 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1,190,000 төгрөг таарч байгаа. Эдгээр баримт нь нэгдүгээр хавтаст хэргийн 45 дугаар талаас эхэл байгаа. 1,190,000 төгрөг буюу 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн мөнгө таарч байна. Нэгдүгээр хавтаст хэргийн 50 дугаар талд байгаа 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 475,000 төгрөг таарч байгаа гэж үзэж байна. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг хүлээж авсан гэж хэлж байгаа мөнгө нь таарч байгаа.

Хоёрдугаар хавтаст хэргийн 42 дугаар талд байгаа 3,000,000 төгрөг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн мөнгийг хэлэхгүй байна. Хоёрдугаар хавтаст хэргийн 51 дэх талд 2,000,000 төгрөг өгсөн баримт байна. Үүнийг бас хэлсэнгүй. Эдгээрийг бодож үзэхэд С.Н мөнгө нэхэмжлэх эрхгүй өөрийн авах ёстой гэрээнд заасан мөнгө буюу 16,295,724 төгрөгөөс илүү мөнгө авсан байна. 2,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөг дээр давхцал байна уу гэдэг л асуудал байгаа. Бусдаар нийт мөнгөн дүнгээрээ 18,046,500 төгрөг болсон.

Алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл С.Н гэдэг хүн хариуцагч талын удирдах ажилтнуудтай муудалцаад ажлаа хаяад явчихсан. Нэхэмжлэгч тал ажил дуусгах, ажил хүлээлгэж өгөх гэсэн 2 асуудлыг 1 гэж ойлгоод байх шиг байна. Өөрөөр хэлбэл ажил дуусгалгүй хаяад явсан нь ажил хүлээлгэж өгсөн гэсэн үг биш. Гэрээний 1.6-д актаар хүлээлгэж өгснөөс хойш гэж тодорхой дурдсан бөгөөд акт нь байхгүй байна. Нэгдүгээрт акт байхгүй. Хоёрдугаарт бүх мөнгөө хүлээж авсан тул анз тооцох ямар ч боломжгүй.

Хэргийн материалд авагдсан үйл ажиллагааны тэмдэглэл, бусад баримтууд сүүлд хариуцагчаас гаргаж өгсөн баримтуудаас харахад материал буухгүй байснаас болоод ажил гүйцэтгээгүй гэсэн, хугацаа хэтрүүлсэн гэсэн баримт хэргийн материалд байхгүй. Хугацаа алдалгүй бүх материалуудыг хүлээлгэж өгсөн явуулж байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан хариуцагч компанийн захирлын дансны хуулгаас тодорхой харагдана.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ дэмжин тйлбарлахдаа:Иргэн С.Нт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3 дугаар зүйл буюу хариуцлага гэсэн хэсгийн 3.4-т 0.5 хувийн алданги төлнө гэж дурдсан. С.Нийн хувьд 03 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусгах ёстой байсан боловч 02 сарын хугацаа хэтрүүлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар хүлээлгэж өгөөгүй байгаа учраас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 65 хоногийн алданги 5,265,000 төгрөг нэхэмжилж байна. 1 хоногийн 81,000 төгрөг гэж тооцсон.

С.Н ажлаа дуусгалгүй орхиж явсантай холбоотой н.Гүнжидмаа, н.Солонго гэсэн хүмүүсийг хөлсөлж ажиллуулж 1,400,000 төгрөг зарцуулсан. С.Н мөн өрлөгийн ажил буруу хийснээс болоод ус гоожсоноос болоод Өвөрхангай аймгийн Тарагт сумын Соёлын төвийн захиргаанаас ирүүлсэн хүсэлтийн дагуу очиж засварласан. Үүнийг н.Гансүх нарын ажилчдыг хөлсөлж дахин засварлуулж 750,000 төгрөгийг зарцуулсан. Карказ болон засал хийсэн хүмүүс ажлынхаа дараа хогоо өөрсдөө цэвэрлэдэг.

Гэтэл С.Н огт цэвэрлэлгүй явснаас болж н.Энхцэцэг, н.Хосбаяр гэх хүмүүсийг хөлсөлж 700,000 төгрөг өгч  цэвэрлүүлсэн.Нийт 8,115,000 төгрөгийг С.Нээс сөрөг нэхэмжилж байна.

“М” ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Өмнө нь 75,000,000 төгрөг нэхэмжилсэн. Одоо нийт 137,393,447 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хугацаа хэтэрсэнтэй холбогдуулан болон биет байдлын доголдолтой холбогдуулан, мөн гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа.

Хугацаа хэтрүүлсэнтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд дулааны шугамнаас дулаан авсан, “Бүргэлтэй хайрхан” ХХК-д 21,252,309 төгрөг төлсөн. Хэрэв нэхэмжлэгч гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгэсэн бол хүйтрэхээс өмнө дуусах байсан.

2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэтрүүлсэн хугацааны хохиролд 600x1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, 500х1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, 400х1200 хэмжээтэй хэв хашмал 200 ширхэг, дотор булан 40 ширхэг, гадна булан 150 ширхэг, нийт 790 ширхэг эд зүйлийг анх 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Энэ хугацаанд “М” ХХК-г ажлаа хийж дуусгана гэж тооцоолсон.

Нэхэмжлэгч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүйгээс болж хохирсон хугацаа гэж анх түрээсэлсэн хугацааны мөнгийг нэхэмжлээгүй. Хугацаа хэтэрсэн гэж үзэж байгаа 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 15,989,000 төгрөгийн алдагдалд орсон. Өмнө нь бичсэн зүйлдээ алдагдал, алданги гэдгээ сайн ойлгоогүйн улмаас алданги гэж бичсэн зүйлүүдийг алданги болгосон.

Тулаас, вай 2 300 ширхэг, 6 метрийн турбо 72 ширхэг, нийт 372 ширхэг эд зүйлийг 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 539,200 төгрөгөөр түрээсэлсэн. Гэхдээ энэ мөнгөн дүнг нэхэмжлээгүй. 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл алдагдлаа тооцож 2,656,5000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр хүртэл вай 2, 3 гэсэн 1200 ширхэг тулаасны хугацаа хэтэрсний улмаас 9,612,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

“В” ХХК-ийн зүгээс инженер, тогооч гэх мэт хүмүүсээ үргэлжлүүлэн ажиллуулахаас өөр аргагүй нөхцөлд орж цалин хангамжийг өгч 14,830,000 төгрөгөөр хохирсон.

“М”ХХК хугацаандаа ажлаа гүйцэтгээгүйгээс болж Голомт банканд 200,000,000 төгрөг, иргэн Батжаргалаас 100,000,000 төгрөг зээлж их хэмжээний хүү төлж хохирсон. Банкны хүүг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж хүүг нь тооцсон. Тэр үеэс өмнөх хүү тооцоогүй. Иргэнээс авсан зээлийн хүүг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс тооцсон. Нийт 42,468,581 төгрөгийн хохирол учирсан.

“М” ХХК-ийн хийсэн ажлын алдааны улмаас парпетны тэгшилгээ 850,000 төгрөг, баганын тэгшилгээ 1,250,000 төгрөг, дам нурууны тэгшилгээ 750,000 төгрөг, шалны тэгшилгээ 2,150,000 төгрөгийн биет байдлын доголдлыг зассан нийт үнийн дүн 4,950,000 төгрөг болсон.

Дараагийн нэхэмжилсэн 1,500,000 төгрөг нь “В” ХХК-ийн зүгээс “М” ХХК хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор дотоод үйл ажиллагааны алдагдал Улаанбаатар хотоос Тарагт чиглэлд явсан зардал, шатахуун, буудал, хоол, бусад зардлууд нийлээд 1,500,000 төгрөг болсон. Нэг явж ирэхэд 300,000,000 төгрөгийн шатахуун зарцуулдаг.

Гэрээний дагуу алданги нэхэмжилж байгаа. Гэрээний 4.3 дахь заалтыг үндэслэж нийт үнийн дүнгээс 0.1 хувийн алданги тооцож 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 9,000,000 төгрөгийн алданги тооцсон.

Нийт 137,393,447 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр “М” ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартай холбогдуулан нэмэлт тайлбар хийе. Гараар бетон зуурсан гэж ярьж байна. Энэ барилгад 4 удаа л зуурмаг авсан. Цемент, хайргаа дандаа Сумын төвийн Тамгын газрын ковшоор хийсэн. Төлбөр төлсөн баримт байгаа.

Манай компани 6, 6 хүнээр 12 хүн гаргаад хамгийн удаан нь 72 цаг хийсэн. “М” ХХК-иас цутгалтын ажилд нэг ч хүн байгаагүй. Зөвхөн цутгасан зуурмагийг вебратордах үүрэгтэй.

Ямар ч барилга 10 удаа цутгалт авахгүй. Эхлээд суурин дээр нь 1 авсан. Шалан дээр 1 авсан. Шал,суурийн дам нуруун дээр авсан. Багананд 1 давхрын хучилттай нь 1 удаа авсан. 2 давхрын баганыг 2 давхрын хучилттай нь авсан. Парпетанд 1 авсан.Баганад хучилтад хамтад нь авдаг. Тасалж болдоггүй юм.

Парпетанд хагас өдөр цутгалт авна. Бид хотоос хүн авчирч хүнээ гүйцээж 6, 6-аар нь ажиллуулсан. Суурин дээр 1 хоног л болно. Шалан дээр 1 өдөр. 1 өдөр гэдэг нь 10-12 цаг.

1 дүгээр давхрын багана дээр 48 цаг авсан. 2 ээлжээр 12, 12 цагаар ажилласан. Эдний 2 хүн зөвхөн вибратор дээр ажилласан. Үйлдвэрийн бетон зуурмаг ирсэн ч гэсэн заавал вибратор ажиллуулдаг. Дээр нь аймгийн төв нь ганцхан зуурмагийн үйлдвэртэй. Тэр үйлдвэртэй гэрээ хийсэн байсан. Уулзахад аймгийнхаа хүчин чадлыг дийлэхгүй байна гэсэн.

2 давхрын хучилттай багана дээр 72 цаг буюу 3 өдөр. Эхлээд багануудаа бүгдийг нь аваад 1 захаасаа хучилтаа хийж явдаг. Нийт цутгалт 8-9 хоног болсон.

Ажил болгон дээр 8 хоног 8 хоног гээд байдаг. Тийм зүйл ерөөсөө болоогүй. Зуурмаг дээр 2 хүн ажилласан гэж байна. Зуурмаган дээр манайх 6, 6-аар 12 хүн ажилласан. Зуурмагийг гараар зуурсан гэж байна. Ерөнхийдөө үйлдвэрийн зуурмаг, миксерийн зуурмаг бараг дүндээ дүн. Монголын хөдөө, орон нутаг 100 хувь миксерээр зуурдаг.1 ээлжинд 12 хүнээ 6, 6-аар нь хуваагаад 12 цагаар шөнө, өдрөөр ээлжилж ажиллуулсан.

Техник байхгүй байсан гэж ярьж байна. Кран байнга авчирч байсан. 2 давхар луу помпоор цутгасан. 1 давхрын шалыг кранаар цутгасан. Тэргээр зөөсөн зүйл байхгүй. Зуум гэж 34 метр урттай краныг өдрийн 1,100,000 төгрөгөөр түрээсэлсэн. Дээр нь шороо, хайргаа ковшоор хутгаж байсан. Аймгаас нь бэлэн зуурмаг авах бид өөрсдөө бэлэн 2 миксерээр зуурах хоёрын бараг бид нар хурдан байсан. Яагаад гэхээр 3 минутад 0.35 метр куб, 2 миксер зэрэг ажиллахад 3 минутад 0.7 метр куб, бид элсээ хийх, хайргаа хийх, усаа хийх гэж тооцоод 10 минутад 0.7 метр куб авна гэж тооцсон. 1 цагт 6 метр куб гарч байгаа. Би яг өөрөө цагаа хараад тооцоо хийсэн. Тэгэхэд 3 минутад 0.35 метр куб гарч байсан. Зуурмагийн үйлдвэр хүртэл миксерээр зуурдаг. Жижиг миксер 0.35 метр куб, том миксер 20 метр куб гаргадаг. Түүнээс биш технологи нь яг адилхан. Их багын хэмжээ л байгаа. Өвөрхангай аймгийн төв Тарагт хоёр 45 км зайтай. Миксер зуурмагаа авчраад буцаад 3 цаг явна. Гэтэл 3 цагт бид 20 метр куб хийж байгаа. Би өөрөө тооцоо гаргаад энэ нь ашигтай байна гэсэн үүднээс миксер ашигласан. Хоёрдугаарт Өвөрхангай аймгийн зуурмагийн үйлдвэр тогтмол ажилладаггүй. Шөнийн цагаар ажилладаггүй. Орой 6 цаг гээд буудаг. Тэгэхээр зуурмаг цутгалт тасарна.

Шалны тэгшилгээ хийх гэж 10 хоног алдсан гэж ярьж байна. Шалны тэгшилгээг 07 дугаар сарын 06-ны өдөр дуусгасан. Нэхэмжлэгч 08 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр гэж ярьж байна. 07 дугаар сарын 07-ны өдөр Тарагт сумын наадам болсон. Яг хажууд алтны уурхайн ялгасан ямар ч элсгүй, ямар ч шаварлаг байхгүй бэлэн хайрга байсан. Энэ хайргаар шалаа тэгшилсэн. Бэлэн хайрга хэзээ ч тагтаршуулах, ачаалал авах шаардлагагүй байдаг. Яг тэр үед компактор удаан байна гээд аймгийн төвөөс 07 дугаар сарын 04-ний өдөр индүү авчирсан. Тэр индүү 2 яваад ажиллахаа больсон. Нэхэмжлэгч тал 07 дугаар сарын 29-ний өдөр гэж гэж ярьж байна.

Тагтаршуулалтыг бид экскаватороор дээгүүр нь явуулсан. Доогуур нь явуулсан. Булан тохойг компактороор явуулсан. 07 дугаар сарын 06-ны өдөр тэгшилгээ бүрэн дууссан.

Тётлет багаж 08 дугаар сарын 09-ний өдөр эвдэрсэн гэж байна. Тётлет 08 дугаар сарын 09-ний өдөр эвдрээгүй 06 дугаар сард эвдэрсэн. Манай н.Давааням гэж инженер явахаасаа өмнө өшиглөж унагаагаад эвдэлсэн. Тётлет багаж эвдрэхээр нь аймаг руу яваад өөр тётлет авчраад өөрийн тётлетыг Барилгын хөгжлийн төв рүү засуулж 2 хоногийн дараа авчирсан. Энэ үед 1 хоног л алдсан.

Кран өгөөгүйгээс хоног алдсан гэж ярьж байна. 08 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл бүтэн 10 хоног кран өгөөгүй гэж ярьж болохгүй. Кран өдрийн 1,100,000 төгрөгийг түрээстэй. Эд нар өөрсдөө ажлаа хийхгүй ерөөсөө л архидалт байсан. Ажиллах хүн байхгүй. Эд нарыг хүлээж кранд мөнгө төлөөд байж байдаг юм гэж байхгүй. Бид нар хариуцлагатай. Бүх зүйл ном журмаараа явдаг. Үүнийг Б.У захирал анхаарах ёстой. Өөрөө ерөөсөө очдоггүй. Энэ хугацаанд 10 хоног цутгалт хийсэн гэж байна. Цутгалт хамгийн дээд тал нь 3 хоног авдаг. Хэзээ ч 10 хоног цутгалт хийдэггүй.

Зургийн алдаанаас болж парпетанд засвар хийсэн гэж байна. Парпет хийж байхад зуурмаг асгасан. Мэргэжлийн арматурчин, мэргэжлийн хэв хашмал, бэхэлгээ хийгээгүй учраас хэв хашмал задраад цутгасан бүх зуурмаг асгарсан. Би өөрөө албаар барилгын үзэмжинд гээд 30 градус налуу хийлгэж зургийг нь зуруулж байсан. Чадахгүй бол босгочих гээд 90 градус босгосон, хагас өдрийн л хугацаа орсон.. Эдний бригад 30 градусын налууг хийж чадаагүй.

Гэрээн дээр бохирын цооног хийнэ гэж байгаа.

10 дугаар сарын 12-ны өдөр цаг агаар хүйтэрч эхэлсэн. Гэрээний дагуу бохирын цооногоо хийсэн. Эд нар 06-ны өдөр хаяад явсан. 12-ны өдөр манай хүмүүс өөрсдөө хийсэн.

Экскаватор суурийг ухаж дуусаагүй гэж ярьж байна. 05 дугаар сарын 26-ны өдөр их сайн өдөр байсан. Өглөөний 10 цагт лам авчраад сууриа ухаж эхэлсэн. Экскаватор 3 хоног сууриа ухсан. Эд нар 26-ны өдөр ирээд тэгшилгээ хийгээд явах бүрэн боломж байсан.

Анх эдний ирсэн инженер н.Ганзориг гэж хүн байсан. Арматурчлалын тооцоог би өөрөө гаргасан мөртлөө албаар инженерээр нь давхар гаргуулсан. Гэтэл энэ хүн арматурчлал дээрээ 10 хувь нэмсэн. Арматур 50 тонн байлаа гэхэд 55 тонн гаргасан. Мэргэжлийн арматурчин 0.1 хувийн хаягдал гаргадаг. Хамгийн муу арматурчин 0.9 хувийн алдагдал гаргадаг. Гэтэл 10 хувиар гаргасан учраас н.Ганзоригтой маргасан. Үүнээс болоод хаяад явсан.

06 дугаар сарын 14-ний өдөр ус түрж үерлэсэн гэж ярьж байна. 16-ны өдөр бороо ороод 19-ний өдөр хүртэл 3 хоног помпоор шахаж шаврыг нь гаргаад 06 дугаар сарын 20-ны өдөр гэхэд бүх ажил жигдэрсэн. 3 хоног алдсан. Эдний хүмүүс болон манай хүмүүс зэрэг орсон.

07 дугаар сарын 19-ний өдөр асар хүчтэй шуурга болоод Хархоринд 3 цахилгааны шон унасан. Би тухайн хариуцсан хүнтэй нь ярьтал 7 хононо гэхээр нь би хот руу яваад “Вагнер ази”-иас 20-ны өдөр генератор түрээслээд 21-ний өдөр Өвөрхангай аймагт ирэхэд тог ирсэн байсан. Бид нар ямар ч үргүй зардал гаргаад буцаасан. Үүнийг эднийхээс нэхээгүй. Үүгээр ажлаа хурдан явуулах талаар зүтгэж байсан гэдэг харагдана.

1 метр квадрат 45000 төгрөг гэж байна. Б.У өөрөө базаад 45,000,000 төгрөг гэж хэлсэн. Зургаа харахад 1500 метр квадрат биш. Үүнээс ажлаа мэдэхгүй гэдэг нь харагдаж байна.

Кран байхгүй байсан гэж ярьж байна. Кран авчирсан. Зумлейн болон маз кран ирсэн. Кранаар арматур өргөж байгаа зураг байгаа. Б.У өөрөө талбай дээр байгаагүй. Зумлейн кран өдрийн 1,100,000 төгрөг, маз кран өдрийн 700,000 төгрөгөөр хөлсөлж байсан. Мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Хамгийн сүүлд 2 давхарт дандаа помп ашигласан. Помпын зураг байгаа.

Хугацаандаа ажил хүлээж аваагүй гэж ярьж байна. Б.У өөрөө ирээгүй. Эдний хүмүүс шал согтуу бүгд алга болсон. Бид нар цооногоо 10 дугаар сарын 12-ны өдөр өөрсдөө хийсэн. Эднийхээс нэг ч хүн байгаагүй.

Цэвэрлэгээ хийсэн гэж ярьж байна. Танайх нэг ч цэвэрлэгээ хийгээгүй.

Акт үйлдэж, зургаар баталгаажуулсан нэг ч зүйл хийгээгүй.

5 дугаар сарын 29-ний өдөр хөрс хуулалт явж байсан гэж байна. 05 дугаар сарын 29-ний өдөр суурийн машин механизмын ажил дуусч байсан.

Сэтгэл гэж ярьсан. Барилга дээр сэтгэл гэж үг байхгүй. Чанар, стандарт гэж байгаа.

Бетоны чанар маш муу байсан гэж ярьж байна. Барилгын хөгжлийн төвийн барилгын инженер ирээд танайх цементээ ихдүүлсэн байна яагаад цагаан болсон юм гэж гайхаж байсан. Энэ дээр бетоны чанар муу гэж худлаа ярьж болохгүй. Гар компактор зөвхөн баганы хооронд явсан. Бусад нь дандаа экскаватор, ховогоор явсан.

07 дугаар сарын 20-ны өдөр индүү ирсэн гэж байна. Индүү 07 дугаар сарын 04-ний өдөр ирсэн.

Гараар бетон зуурсан гэж ярьж байна. Гараар бетон зуурна гэж жижиг саванд усаа цементээ хийгээд зуурахыг гараар зуурна гэж байгаа. Бид миксерээр зуурсан.

Арматур 2 давхарт гаргаж 12 хоногийн хугацаа алдсан гэж ярьж байна. 2 давхар руу дандаа маз кранаар гаргасан. Кранаар арматур төмрийг 2-3 цагт гаргана гэж өмгөөлөгч нь хэлж байна. 2-3 цагт гаргадаг зүйл биш. 3, 4 өдөр гаргасан.

Парпетны материал зөөж 4 хоног алдсан гэж байна. Ийм ажилд эднийх 40 хүнтэй байх ёстой. Нутгийнхан намар болоход бүгд алга болсон.

Зургийн алдаа гэсэн байна. Бид нар зураг хийдэггүй. Зургийг зургийн компани өгөөд зургийн дагуу гүйцэтгэдэг.

“Бүртгэлтэй хайрхан” гээд орон нутгийн дулааны компаниас дулаан авсан. Дулаан авангуут наана нь гэрээ хийгээд тэнд байсан турбо бусад зүйлээр бартер хийж төлбөрийг дуусгасан.

Барилгыг 05 дугаар сарын 06-ны өдөр ашиглалтад өгсөн

Банкны зээлийн гэрээний тухай ярьж байна. Банк хэзээ ч сараар хийдэггүй. Дандаа жилээр хийдэг. Голомт банк манай гол харилцагч.

Алданги 36,000,000 төгрөг гэж ярьж байна, алдангид 36,000,000 төгрөг нэхэмжлээгүй. Алдангид 9,000,000 төгрөг нэхэмжилсэн.

С.Нийн тухай ярья. С.Н эхлээд өрлөг өрөх гэж орж ирсэн. Тоосгоо сайн өрж мөнгөө 100 хувь авсан. Тоосго өрж дуусаад гадна шилэн фасад, хаалга суулгах, оффисын засал, паркетан шал хийсэн. Нөхөр нь мундаг хүн байсан бүгдийг нь хийсэн. Заслын ажлыг бүгдийг нь авсан боловч хүн хүчгүй байсны улмаас Өвөрхангай аймгаас өөр хүмүүс дуудаад 2 тусдаа хийсэн. Тэд нар нь ажлаа хийж дуусаад мөнгөө аваад явсан. Ажиллах хүчгүй учраас манайд нярваар ажиллаж байсан н.Оюунбилэгийг авч ажиллуулсан. Би н.Оюунбилэгийг материал дутаасан, материалын ямар ч орлого, зарлагын падаан бүртгэл байхгүй байсан учраас ажлаас халсан. Тэр хүнийг ажилд авсан байсан. Манайд тогоочоор ажиллаж байсан н.Энхцэцэг гэж хүн байгаа. Тэр хүнийг заслын ажилд аваад гурвуулаа л ажилласан. н.Энхцэцэг нэг ч алх барьж үзээгүй хүн.

С.Нт хамгийн сүүлд тоосгоны мөнгө 2,000,000 төгрөгийг 12 дугаар сарын 25-ны өдөр өгсөн. Тоосгоны мөнгө 100 хувь авсан.

12 дугаар сарын 23-ны өдөр шилэн фасадны мөнгийг 400,000 төгрөгөөр тохироод авсан.

12 дугаар сарын 30-ны өдөр дотор заслын урьдчилгаа 2,000,000 төгрөг авсан. Үүнийг оруулаагүй байсан. Заслын ажил 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн. 9,777,434 төгрөгийг ажил дууссаны дараа авах ёстой байтал 6,000,000 төгрөгийг нь урьдчилж авсан. Гэрээгээр 6,518,289 төгрөгийг урьдчилж авч болох байсан. Үлдэгдэл төлбөр болох 9,777,434 төгрөгийг гэрээт ажлыг дуусгаж актаар хүлээлгэж өгөөд авах байсан. Гэтэл бага багаар авсаар байгаад бараг 16,000,000 орчим төгрөг авсан байсан. Би өөрийн зардлаар үлдэгдэл ажлыг нь хийлгэж хохирсон.

04 дүгээр сарын 15-ны өдөр манай барилгад хангалттай цемент байсан. Гэтэл цемент дууссан байсан. С.Нийн бригадаас өөр хүмүүс барилга дээр байгаагүй. Цемент яасан гэтэл би аваагүй гэж уурласан. Би тэр хүнийг хулгай хийсэн гэж янз янзын зүйл болж хэрүүл хийгээгүй. Өөрөө шууд ажлаа хаяад явсан. Би цагдаад гомдол гаргаагүй буруу ойлголттой явж байх шиг байна.

Гэрээний дагуу хоол, байраа өөрсдөө даах байсан. 2 сарын дараа над руу Өвөрхангай аймгийн засварын газрын залуу залгаад С.Н манай засварыг хийж байгаад хаяад явсан. Мөнгө өг гэж над руу хэд хэдэн удаа залгасан. Цагаан сарын дараа ажил дээрээ сар гаруй ирээгүй. Тэр хүний ажлыг хийж байсан юм байна.

С.Н 04 дүгээр сарын 18-ны өдөр яваагүй. 04 дүгээр сарын 15-ны өдөр ажлаа дутуу хаяж дуусгалгүй явсан. Материал дутсан гэж ярьж байна. Бид нэг ч удаа материал дутааж байгаагүй. Барилга дээр 5 тонн замаск авчирсан. Гэтэл 5 тонн дууслаа гээд аймгаас 01 дүгээр сарын 18-ны өдөр 4 шуудай, 01 дүгээр сарын 19-ний өдөр 10 шуудай, 01 дүгээр сарын 20-ны өдөр дахиад 10 шуудай авчирсан. 01 дүгээр сарын 21-ний өдөр 3.5 тонн замаск ирсэн.

Дээврийн асуудал ярьж байна. Барилгын хувьд сендвичэн дээвэртэй. Ямар нэгэн хар цаас байхгүй. Сендвичэн дээврийг тоосгон өрлөгөөр парпет хийж дотогшоо 15 см орох ёстой. Яг түүний дагуу өрсөн боловч голын хэсгийг нь шавардаад 2 талыг нь огт шавардаагүй. Зураг нь байгаа.

Дээврийг дээврийн компани хийсэн. Тэд нар дээврээ хийгээд явна. Тоосгоны өрлөг хийж байгаа хүн амалгаа хийх ёстой. Өөрөөр хэлбэл С.Н хийх ёстой байсан дутуу хийсэн. Бид тэр янзалсан зардлыг ярьж байгаа юм.

Барилгын комисс хүлээж авахад барилга цэвэрхэн байсан гэж ярьж байна. Бид 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 21 хоногт 2 хүн хөлсөлж цонх, шал битүү замаск, будаг гээд тэр болгоныг нэг бүрчлэн цэвэрлэсэн. Барилга хүлээлгэж өгөхөд цэвэрхэн байх нь ойлгомжтой. С.Н ажлаа тэр чигт нь хаяж явсан зураг нь ч байгаа. 2 хүн хөлсөлж ажиллуулсны төлбөрөө нэхэмжилж байгаа.

Дандаа бороо орсон гэж ярьж байна. Карказны ажилд бороо хамааралгүй. Арматурчлал, хэв хашмал хийхэд бороо ямар ч хамаагүй. Сэлэнгэ аймагт бороотой байх үед би өөрөө зогсож байгаад цутгалтаа зогсоогоод арматурчлал, хэв хашмал хийж байсан. Юм болгон дээр бороо гэж ярьж болохгүй.  гэв.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Биднийг барилга барих ямар ч туршлагагүй байсан гэж ярьж байна. Биднийг нисэхэд 16 давхар байшингийн угсралт хийж байхад өөрөө газар дээр нь ирж үзээд ярилцаж байгаад гэрээгээ бэлдэж ирээд, 05 дугаар сарын 24-ний өдөр байсан байх машин дотроо гэрээ хийсэн. Б.Нямбаатар захирал газраа авах гэж байгаа газраа ухаж дуусахаа дөхүүлж та нарт хэлье, тэгэхээр та нар хүрээд ирээрэй гэсэн. Бид хүлээсээр байгаад 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд очиход экскаватор нь газраа ухаж дуусаагүй сүүлийн нүхээ ухаж байсан. Бид очоод ажилдаа орсон. Мэдээж суурийн тэгшилгээг манай тал хийнэ. Суурийн нүхийг жижиг ухсан байсан болохоор сууриа хийж багтахгүй байсан тул тал тал тийш томсгож гараар ломдож ухаад сууриа багтах хэмжээтэй болгож томсгосны дараа сууриа хийж эхэлсэн. Газар шорооны ажил гэдэг нь тусдаа байдаг.

Хариуцагч тал 05 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулсан мөртлөө 06 дугаар сарын 04-ний өдөр ирсэн нь хугацааны алдагдал болсон гэж тайлбарлаж байна. Газар шороогоо эксковатраар ухаад бэлэн болсны дараа очихгүй бол бид түрүүлж очоод хийх зүйл байхгүй байсантай холбоотой. Бид нар 06 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш 05 цагийн үед очиход дөнгөж дуусч байсан, гэхдээ дутуу байсан. Жижиг экскаватортай байсан. Газар нь ч гэсэн хөлдүү байж таарсан байх ухаж дийлэхгүй байсан. Суурийн нүхээ томсголгүй шууд тэр өдрөө яваад өгсөн. Бид 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нүх томсгосон.

Манай инженер н.Ганзориг тооцоо гаргаж өгөөд арматур авна гэхэд над руу Б.Нямбаатар захирал арматураа заавал бүтнээр нь авах албагүй эхний ээлжинд таллаад авъя гэж утсаар ярьсан. Хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгөөрэй гэсэн, тэгтэл арматур нь дутуу ирсэн байсан. 2 баганаа хийж амжихгүй байж байтал 06 дугаар сарын 16-ны өдөр бороо ороод ус дүүрсэн асуудал үүссэн. Дүүрсэн ус байсан гэдэг нь зургаар баталгаажиж байгаа. Усыг нь шавхаад дотор талыг нь дахиж цэвэрлээд суурийн хэв хашмалаа дахиж хийж байгаад 06 дугаар сарын 19-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдөр цутгасан. Шугаман суурь бусад ажлаа хийсээр байгаад 07 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Буцаад шугаман сууриа шороогоор дүүргэсэн. 07 дугаар сарын 01, 02-ны аль нэг өглөө Б.Нямбаатар захиралтай гэрийнх нь гадаа кофе шопод уулзсан. Тэр үед гэрээний хугацаа дууссан байсан. Кофе шопод уулзах үед Б.Нямбаатар захирал маргааш индүү авч очоод тэгшлээд ажлаа бужигнуулъя гэсэн. Манай ажилчид ажлаа хийгээд байж байсан, сумын наадам болсон. Тэр үед Б.Нямбаатар захирал өөрөө байсан. Суурийн нягтаршуулсан шороогоо дүүргэж, 1 давхрын шалыг авч байж 1 давхрын таазны хэв хашмалын угсралтыг хийх ёстой байтал 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл индүү ирэхгүй. Гар аргын жижиг конфактроор өдөр болгон 2 хүн хийдэг байсан. Зураг нь байгаа. Улаан дэвтэрт бичээстэй байгаа. 07 дугаар сарын 20-ны өдөр 1 давхрын шалаа цутгаж, нягтруулж, 1 давхрын угсралтын ажил эхэлж 08 дугаар сарын 01-ний өдөр хэв хашмал угсрах ажил дууссан байдаг. Бэлэн бетон байхгүй байсан тул 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гараар зуурч цутгаж, хучилтын тулгуур хэвээ бэлдээд хоорондын арматур боох, бохирын цооног хийх ажил дууссан. 08 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл захиалагчийн тётлет буюу хэмжилтийн багаж эвдэрснээс хэмжээ тавихгүй 2 хоног хоцорсон. 08 дугаар сарын 11-ний өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 2 давхрын бүх арматурчлал, хэв хашмал угсрах ажил хийж дуусгасан. 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 3 хоног гар аргаар зуурч цутгалтаа хийсэн. Хариуцагч миксерээр зуурсан гэж тайлбарлаж байна. Миксерээр зуурна гэдэг нь гар аргаар зуурч байна гэсэн үг. Миксер эргэж байхад усаа хийнэ, хүрзэднэ, цемент хийнэ гээд дандаа хүн тааруулдаг. Буруу, зөв тааруулна гээд асуудал байдаг тул үйлдвэрийн бетоныг гүйцэхгүй. Зардал бага болохоор гар аргаар хийсэн байх гэж бодож байна. Гар аргаар бетон зуурсан тул 3 хоногийн турш бетон цутгасан. Бэлэн бетон байсан бол өглөө эхлээд орой дуусах байсан. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хэв хашмалыг хуулж хураах, парпетны үлдсэн ажил, цэвэрлэгээ хийх ажлууд дууссан. Бас бохирын цооног гаргаж цутгалт хийж дуусгасан.

Анх амаар гэрээ хийхдээ 1 метр квадратыг 45000 төгрөг гэж тохиролцсон. Гэрээгээ бэлдэж ирэхдээ нийт 45,000,000 төгрөг гэж бэлдэж ирсэн байсан. Хэрвээ 1 метр квадратыг 45000 төгрөг гэж тооцох юм бол 60 гаруй сая төгрөгийн ажил байсан. Хийц гайгүй амархан болохоор хурдан хугацаанд хийвэл ашиг гарах юм байна гэж үзээд 45,000,000 төгрөгөөр зөвшөөрч гэрээ хийсэн.

н.Ганзориг инженер ирээд хэд хоноод явсан гэж хариуцагч ярьж байна. Ганзориг инженер бэлэн бетон авна гэтэл Б.Нямбаатар захирал гараар зуурна танайх өөрсдөө зуур гэсэн шаардлага тавьсан гэсэн. Тухайн үед над руу ярихад нь Өвөрхангай аймгийн бетон зуурмагийн үйлдвэр рүү холбогдож танайх лабораторийн шинжилгээний бичиг байна уу, манай захиалагч танайхыг хамгийн муу гээд байна гэтэл лабораторийн бичигтэй, хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг газар гэсэн. Энэ хүн Б.Нямбаатар захиралтай хэрэлдсэний улмаас Б.Нямбаатар энэ хүнээ явуул гэснээс явсан.

Намайг очиход кран байхгүй материалаа 2 давхар руу зөөх болсон. Тухайн газар өөр барилга барьж байсан “Нутгийн буян”ХХК том крантай байсан. Тэр краныг би өөрөөсөө 50000 төгрөг гаргаж 2 цаг түрээсэлж ажлыг хурдасгаж байсан. 06 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр шахуу тэнд амьдарсан. 10,000,000 төгрөг авсан байсан тул багаж, бээлий, хоол гээд зардлууд багтахгүй байсан. Хүнээс мөнгө авсан юм чинь гэж гүрийж байгаад дуусгасан. Би хүнээс мөнгө зээлж цалингаа тавьж байсан. Хэдэн хүнд хэдэн төгрөгийн цалин өгсөн гэдэг нь бүгд баталгаажсан.

Актаар хүлээлгэж өгөөгүй учраас мөнгө өгөхгүй гэж байх шиг байна. Бид ажлаа дуусгаад гэр рүүгээ яараад явсан. Явснаас хойш дахиж 10,000,000 төгрөг миний данс руу хийж танай гүйцэтгэл болсон хугацаа удсан гэж хэлсэн. Хариуцагч улсын комисст хүлээлгэж өгсөн.

Би Улсын комисс хүлээж авахад очоогүй.

Хууль зүйн тайлбар хийе. Нэгдүгээрт Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсанд тооцно гэсэн. Мэдээж ажлаа хийсэн хүмүүс ажлаа хүлээлгэж өгөх гэж санал тавьсан боловч захиалагчийн зүгээс хүлээн аваагүй. Тийм учраас хүлээн авсанд тооцно гэж үзэж байгаа.

Ажлын гүйцэтгэлийн тэмдэглэлд 10 дугаар сарын 01-ний өдөр бүх ажлыг хийж дуусаад гүйцэтгэгч талууд цэвэрлэгээ хийсэн гэж байгаа. Хүлээж авахгүй болохоор нь аргаа бараад 10 дугаар сарын 06-ны өдөр явсан. Хариуцагч талаас гаргаж өгсөн ил, далд ажлын актууд байгаа. Ил далд ажлын актад жишээ нь 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр суурь хийсэн акт гэж байгаа. Суурь зургийн дагуу чанартай сайн болсон гэсэн. Барилгын хамгийн чухал зүйл бетонон карказ байдаг. Түүнийг ил, далд ажлын актаар хүлээж авдаг. Ил далд ажлын актыг гүйцэтгэж байхад гүйцэтгэгч бригад, компани буюу “М” ХХК-ийн зүгээс хүлээлгэж өгсөн. Магадгүй “М” ХХК-ийн гарын үсэг байхгүй. Гэхдээ тендерийн ажлыг “В” ХХК гүйцэтгэгч гэж авдаг учраас гарын үсэг зурж байгаа. Магадгүй “М” ХХК гүйцэтгэгч гэдгээр авсан бол гарын үсэг зурж оролцох байсан байх. Ингээд зохиогчийн хяналт гүйцэтгэсэн н.Занабазар, захиалагчийг төлөөлж н.Мөнхтулга, гүйцэтгэгчийн инженер н.Сүхбаатар гарын үсэг зурсан. Энэ ил, далд ажлын акт дээр ажлыг сайн хийсэн гээд дараагийн ажлыг зөвшөөрч явсан актууд байгаа. Үүнээс илүү ажил сайн хүлээлгэж өгнө гэсэн ойлголт байхгүй.

Мөн тэмдэглэлд тухай бүрд нь зураад хажуу талд нь баталгаажуулж явсан ажлын тэмдэглэл байна. Мөн ил, далд ажлын зураг хавсаргасан. Анх нэхэмжлэл гаргахдаа “М” ХХК-ийн зүгээс өгсөн, хариуцагчийн гаргаж өгсөн зураг байгаа. Самбарт бичээд тэмдэглэсэн. Энэ ажил хүлээлгэж өгч байгаа биш юм уу. Ажил хүлээлгэж өгнө гэхээр тусдаа хийнэ гэж байхгүй. Улсын комистт хүлээлгэж өгөхийн тулд нэхэмжлэгч компани оролцож явсан. Тийм учраас ажлаа бүрэн гүйцэд хүлээлгэж өгсөн. Улсын комиссын акт хэрэгт авагдсан. Тухайн үед улсын комисс хүлээж авахад онц дүнтэйгээр хүлээж авсан.

Дээврийн ажлыг “М”ХХК болон С.Н нар гүйцэтгээгүй. Гэтэл дээврийн ажлын буруугаас болж ус гоожсон асуудлыг нэхэмжлэгч нар луу чихэж байгаа нь буруу гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлд нэмж тайлбар хэлэхэд 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 15 хоногоор хугацаа хоцорсон нөхцөл байдал 05 дугаар сарын 24-ны өдөр гэхэд газраа бэлэн бэлдээд арматурчлалын ажлыг хийхэд бэлэн болгох ёстой байтал хариуцагчийн өгсөн зургаас харахад 05 дугаар сарын 29-ний өдөр дөнгөж хөрс хуулалтын ажлаа хийж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх нөхцлийг “ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ч тэр, хуулиар ч тэр захиалагч өөрөө хангах үүрэгтэй. Энэ үүргээ гүйцэтгээгүйгээс болж 06 дугаар сарын 04-ний өдөр очиж ажиллаж байгаа хүмүүсийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй.

Газар шорооны ажил гэж гэрээнд заагаагүй. Бетон, арматур, хэв зангидалт гэсэн болохоос суурийн ажил, газар шорооны ажил гэж байхгүй. Гэтэл газар шорооны ажил гэж хариуцагч өөрөө ч ярилаа нэхэмжлэгч өөрөө ч хэллээ. Энэ нь гэрээнд заагдаагүй ажил. Ажил хийх нөхцөл байдлаа бүрдүүлэхийн тулд нэхэмжлэгч компани гэрээнд заагдаагүй ажлыг хийж 06 дугаар сарын 07-ны өдөр үндсэн ажил руугаа орсон. Энэ хүртэл 15 хоногийн хугацаа алдсан нь захиалагчийн буруутай үйлдэл гэж үзэж байна.

Бороо орсон гэж анх нэхэмжлэлдээ 06 дугаар сарын 14-ний өдөр гэж дотоод тэмдэглэлдээ буруу бичсэнийг чухал болгож ярьж байна. Гэтэл 06 дугаар сарын 16-ны өдөр хүчтэй аадар бороо орсон тухай 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудасны ард талд тэмдэглэгдсэн байгаа. Маш хүчтэй аадар бороо орж суурийн нүх усаар дүүрсэн байгаа зураг байгаа. Ус шавхах ажиллах нөхцөл бүрдүүлэх үүрэг захиалагчид байх байтал гүйцэтгэгч компанийн зүгээс ус шавхах ажил хийж гүйцэтгэсэн. Ингэж гүйцэтгэхэд 5 хоног ажил алдсан. Шаврыг нь бүрэн гаргахгүйгээр цутгалтын ажил хийвэл сууринд нөлөөлөх, бетонд өөрчлөлт орох асуудал байдаг учраас зөвхөн ус шавхаагүй, шаврыг нь мөн цэвэрлэсэн. Суурийн ажил гүйцэтгээд явж байхад 2 миксерээр зуурах болсон. 2 миксер нийлээд дөнгөж 0.7 метр куб. Гэтэл 1 машины метр куб 7 метр куб байдаг. 10 цаг зуурч байж 1 машины бетон зуурмаг гаргахаар байна.

Гэтэл 0.7 метр кубыг 1 цагийн дотор гаргаж байгаа 2 миксер яаж 1500 метр квадрат талбайг хийж дуусгах вэ. Өвөрхангай аймгийн Арвайхээрээс Тарагт сум хүртэл ойрхон 15-30 км орчим зайтай учир бетон зуурмаг татахад ямар ч асуудал байхгүй. Бэлэн бетон авч зуурах ёстой байтал гараар зууруулж, хугацаа алдуулсан байж ашигтай хурдан байсан юм шиг ярьж байна. Энгийн тооцоо хийж үзэхэд тийм зүйл байх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Гараар бетон зуурахад зуурмагийн чанар маш муу болдог. Өөрөөр хэлбэл зуурагдаагүй бөөгнөрөх тохиолдол байна. Түүнийг нь задлахын тулд вибратраар маш сайн миксердэж өгөхгүй бол болдоггүй. Тэгэхээр гүйцэтгэгч компанийн ажил нэмэгдэж байна гэсэн үг. Нарийн хүн 2 төлдөг гэдэг шиг бетон хийх гэж хариуцагч цаг хугацаа алдсан. Одоо болохоор гараар хангалттай сайхан бетон зуурч өгсөн байтал нэхэмжлэгч цаг хугацаа алдсан юм шиг үндэслэлгүй зүйл ярьж болохгүй.

Индүүний асуудлыг өөрөө ч хүлээн зөвшөөрч байна. 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл индүү байгаагүй. Индүүгээр хөрсийг нь тагтаршуулаад 1 давхрын цутгалтыг хийхгүй бол цөмрөдөг. Тэгэхээр индүү хүлээж цаг хугацаа алдсан нь захиалагчийн буруутай үйлдэл.

06 дугаар сарын 21-ний өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 1 хоногийн хугацаа алдсан. 06 дугаар сарын 23-ны өдөр бороо орсон. Энэ нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд маш тодорхой тусгагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд тэмдэглэгдсэн. Бороо орж байхад бетон зуурмаг хийх юм бол чанараа алддаг. Арматурчлал хамаагүй татаж, боож хийх юм бол өндөр дээрээс хүн унах асуудал үүсэх учраас бороо орсон тохиолдолд ажиллах боломжгүй нөхцөл үүсдэг.

06 дугаар сарын 24-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаа алдсан. Гар компактраар хийсэн учраас хугацаа алдсан.

Алданги бодох ёсгүй гэж тайлбарлаж байна. Алдангийг гэрээнд зохицуулсан учраас гэрээний дагуу алданги нэхэмжлэх эрх нь байгаа. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийн зохицуулалтад нийцнэ. Өөрөөр хэлбэл гэрээгээр тусгайлан заасан алдангийн хэмжээ хуульд нийцсэн байгаа учраас нэхэмжлэх үндэслэлтэй.

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сумын наадам таарсан. Наадмын өдөр ажиллах ёстой байсан гэж ярьж байна. Энэ дээр баярлаад амраад 1 өдөр болсон бол алдсан гэж үзнэ биз. Гэхдээ амралтын өдөр таарсан учраас амарч байгаа. Өөрөөр хэлбэл сумын наадам болж байхад ажлаа гүйцэтгээд байх юм бол хэцүү. Захирал нь өөрөө ч байсан амар амар гэдэг байдлаар бүгд амарцгаасан. Гэтэл одоо ажлаа алдах гээд амраад байсан юм шиг ярьж байгаа нь үндэслэлгүй.

2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл гар компактортой холбоотой 2 хоногийн хугацаа алдсан. 07 дугаар сарын 10-ны өдөр ширүүн бороо орсон. Ширүүн бороо орж байгаа тохиолдолд ямар ч ажиллах боломж байхгүй учраас 1 хоногийн хугацаа алдсан. Хавтаст хэргийн 108 дугаар талын ард талд тэмдэглэгээтэй байна.

07 дугаар сарын 11-ний өдрөөс 19-ний өдөр хүртэл 5 хоногийн хугацаа алдсан. Яг ажиллах ёстой хоногоо тооцоход алдсан хугацаа 5 хоног байна. 07 дугаар сарын 20-ны өдөр индүү нь ирснээр ажил үндсэндээ дууссан.

Улаан дэвтэрт бичээстэй байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 109-111 дүгээр хуудсанд тэмдэглэсэн. Гар компактраар нягтаршуулав гэсэн байгаа. Мөн зураг нь авагдсан. Өөрсдөө ч тайлбартаа хэлж байгаа.

07 дугаар сарын 20-ны өдрийн 21 цаг хүртэл цахилгаан тасарсан. Цахилгаан тасарснаас 1 хоног алдсан. Цахилгаан тасалсан талаар хавтаст хэргийн 110 дугаар хуудасны ар талд цахилгаан тасарсан талаар бичсэн. Ажиллаж байгаа бүх багаж нь цахилгаан байдаг учраас цахилгаан байхгүй бол арматур тасдах, хэв хөрөөдөх ажлуудыг хийх боломж байдаггүй. Тиймээс давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажил зогссон гэж үзэх үндэслэлтэй.

07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 хоногийн хугацаа алдсан. Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудсанд авагдсан. 10 хоног ажилласан. Үүнээс 7 хоног нь ажил алдах нөхцөл байдалд хүрсэн. Шалтгаан нь 2 миксерээр зуурмаг зуурч цутгалтын ажил хийсэнтэй холбоотой. Мөн хэв хашмал гараар зөөх, гараар нүх ухах ажил хийсэн. Нүх багадсан тохиолдолд томсгох шаардлага үүсдэг. Гэтэл энэ ажлыг гараар гүйцэтгэсэн.

2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүтэн өдөр ширүүн бороо орсон. Хавтаст хэргийн 113 дугаар хуудасны ар талд тэмдэглэсэн байгаа.

2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаа алдсан. Мөн гараар бетон зуурсантай холбоотой. Хавтаст хэргийн 114-115 дугаар хуудасны тэмдэглэлд тусгагдсан.

2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бороо орсны улмаас ажиллах боломжгүй болсон. Хавтаст хэргийн 114 дүгээр хуудасны ар талд байгаа.

2018 оны 08 дугаар сарын 09-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тётлет багаж нь эвдэрсэн. Ажлын тэмдэглэлд байхгүй. Хэмжээ тавиагүй бол юу ч хийх боломжгүй байдаг. Оюунбилэг гэрчийн мэдүүлгээр нотлох боломжтой.

2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 12 хоногийн хугацаа алдсан. Хавтаст хэргийн 115-117 дугаар хуудсанд авагдсан хийж гүйцэтгэсэн ажил дотор байгаа. Захиалагчийн зүгээс кран гаргаж өгөөгүй. Гараар бүх арматур, бетон, хэв хашмалыг 2 давхар луу зөөсний улмаас маш их хугацаа алдсан.

2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 хоног ажилласнаас 2 хоногийн хугацаа алдсан. Нэг л өдөр бетон цутгах байтал гараар бетон зуурснаас болж тасралтгүй 3 өдөр цутгасан. Бетоныг хамаагүй тасалдуулаад байж болдоггүй. Өөрөөр хэлбэл тасалдсан бетоны завсраар хагаралт үүсдэг. Тасралтгүй 3 хоног ажиллана гэдэг хэцүү.

2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 1 хоногийн хугацааг материал зөөх ажил хийж алдсан. Хавтаст хэргийн 117-118 дахь талд авагдсан. Тэмдэглэлд ажилласан хүмүүс болох Ууганбаатарын бригад гэх байдлаар дурдсан. Хариуцагч тал ажиллах хүч цөөн байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Ажлын тэмдэглэлд хэдэн хүн ажилласан гэдэг нь үе үе тэмдэглэгдсэн байгаа учраас тайлбар нь үгүйсгэгдэнэ.

2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бороо орсны улмаас 1 өдрийн хугацаа алдсан. Үүнийг захиалагчийн зүгээс тэмдэглэлд тусгаад явж байсан учраас мэдэгдсэн, мэдэгдээгүй гэдэг байдлаар хандах нь утгагүй. Яагаад гэхээр давагдашгүй хүчин зүйлийг тэмдэглэлдээ тусгаад 2 тал хоёулаа мэдэж байсан учраас хугацаа алдсан гэж тооцох нь зүйтэй.

2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл 12 хоногийн хугацаанд ажилласнаас 8 хоног нь хугацаа алдсан. Цутгах ажил хийж гүйцэтгэхэд зуурмагаа 2 миксерээр гараар зуурсан. Цутгалтын ажлыг нэг л хоног гүйцэтгэх байтал парпетны цутгалтын ажлыг хийх гэж 3 хоног болсон. Захиалагч кран гаргаж өгөөгүйгээс болж 2 давхар руу парпетны бүх материалыг зөөснөөс болж 4 хоног алдсан.

Бэлэн бетон байвал машинтайгаа хүрээд ирнэ. 2 миксерээр зуурах юм бол зуурах хугацааны хувьд тооцож үзэхэд 1 машин бетон зуурмагийг гараар зуурах юм бол 10 цаг болно гэдэг нь тодорхой харагдах юм. Кранаар зөөгөөд дээш гаргах байсан ажлыг 2 давхар руу гараар материал зөөж хугацаа алдсан гэдэг нь ажил гүйцэтгэлийн тэмдэглэлд тусгагдсан. Кранаар 1 зөөлтөндөө 2 тонныг өргөх боломжтой. Хүн 1 удаа 50 клегроммыг өргөнө. Тооцож үзэхэд өдөржингөө зөөж байж хэдэн материал дээш гаргах боломжтой байгаа юм.

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 14 хоногийн ажил хийснээс 11 хоногийн хугацаа алдсан. Мөн л зуурмаг зуурах, гараар зөөсөн ажлаас болж хугацаа алдсан. Мөн парпетны алдаатай нөхцөл байдлаас болоод засвар хийсэн. Өөрөөр хэлбэл парпетны зураг буруу хийгдсэн байна болохгүй байна гэтэл болно цутга гэж цутгуулсан. Тэр нь алдаатай болсон. Дараа нь алдааг нь засаж нийт 11 хоногийн хугацаа алдсан. Захиалагчийн өгсөн зургийг яагаад алдаатай байсан гэж үзэж байгаа гэхээр захиалагчийн тайлбар дээр загвар өөрчилсөн тухай байгаа. Энэ нь анхнаасаа алдаатай байсан гэдгийг нь нотолно. Хэрэв алдаагүй байсан бол цутгалт хийгээд дуусах байсан.

2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 2 давхрын хэв панер буулгах, хураах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил дууссан гэдэг нь тэмдэглэлд тусгагдсан. Ажлаа дуусаад хүлээлгэж өгөх гэж хандсан, талбайгаа цэвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа дуусаад цэвэрлэгээг 2 хоног хийгээд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэхэд бүрэн дууссан. Тэмдэглэлд энэ тухай байгаа. Захиалагч ажлаа хүлээж аваагүй. Тийм учраас 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хот руу явсан.

Хугацаа хэтэрснээс учирсан гэм хорыг нэхэмжлэхийн тулд эхлээд хугацаа хоцруулсан гэм буруутай этгээд байх ёстой. Гэтэл “М” ХХК-ийн зүгээс дээрх тайлбараар үзэхэд хугацаа хэтрүүлсэн зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл “В” ХХК-ийн буруутай үйлдлээс болсон хугацаа хэтрэлт мөн гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болох 8 Хариуцагч:оногийн хугацаа хэтрэлтээс болж хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөл байдлууд байгаа.

“М” ХХК-ийн зүгээс хэв хашмалын түрээсийн хугацаа хэтэрсэн асуудалд буруу байхгүй. Учир нь “В” ХХК-ийн зүгээс учруулсан хугацаа хэтрэлт учраас хугацаа хэтэрсэн хоногийн түрээсийн төлбөрийг хариуцах ёсгүй.

“Вагнер ази тоног төхөөрөмж”компанитай байгуулсан “В” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжилж байна. Гэтэл энэ гэрээ маргаантай холбоотой гэрээ биш. Хугацаа хэтэрсэнтэй холбоотой нөхцөл байдлын талаар гэрээ биш байна. Гэрээний агуулгаас нь уншаад үзэхэд маргаантай холбоотой асуудал биш байна. Түрүүн өөрөө цахилгаан тасарснаас болоод түрээсэлсэн гэж тайлбарлаж байх шиг байна. Энэ өөр асуудал. Цахилгаан тасарсан асуудалд “М” ХХК буруугүй. Тийм учраас “Вагнер ази” тоног төхөөрөмж компанитай байгуулсан гэрээг “М” ХХК хариуцах ёсгүй. Магадгүй маргаантай холбож тайлбарлаж байгаа бол “М” ХХК буруугүй.

Хариуцагч “Бүргэлтэй хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 21,252,309 төгрөгийг нэхэмжилсэн байна. Гэтэл “В” ХХК 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл дулаан халаалтын төлбөр гэж 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр В” ХХК “Бүргэлтэй хайрхан” ХХК-д төлсөн 6,500,000 төгрөгийн баримт байна. Гэтэл 21,252,309 төгрөг нэхэмжилсэн байна. Дулааны төлбөр гэдэг захиалагч компанийн буюу “В” ХХК-ийн төлөх ёстой мөнгө. Өөрсдөө улсын комисст хугацаа хэтрүүлж өгсөн. “М” ХХК 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хийж дуусгасан байна. Хүйтрэхээс өмнө барилгыг ашиглалтад хүлээлгэж өгсөн бол дулааны төлбөр төлөхгүй байсан. Гэтэл 2019 оны 05 дугаар сард улсын комисст хүлээлгэж өгсөн учраас тэр хугацааны дулааны төлбөрийг “В”ХХК өөрсдөө хариуцна. “М”ХХК дулааны төлбөр төлөх үндэслэл байхгүй.

“В”ХХК Голомт банктай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хүү, хохирол нэхэмжилж байна. Гэтэл энэ зээлийн гэрээний зориулалт нь нэгдүгээрт эргэлтийн хөрөнгө гэж байна. Хоёрдугаарт 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ байгаа. Ажил эхлэх гэж авсан зээлээ хохиролд тооцож хүү нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүү 11,333,524 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. “М” ХХК-ийн зүгээс зээлийн хүүгийн хугацаа хэтрэлттэй холбоотой зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн гэрээ хийсэн. Түүнээс биш зээл нь муудаад зээлийн хугацаагаа сунгаад явсан зүйл байхгүй. Хугацаандаа явж байсан гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэсгүй.

Мөн Голомт банктай 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжилсэн байна. Энэ зээлийн зориулалт нь эргэлтийн хөрөнгө гэж байна. Зээлийн гэрээний хугацаа мөн адил 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл байна. Зээлийн гэрээний хугацаа болоогүй. Хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөд явж байсан эргэлтийн хөрөнгийн хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ганц барилга барьдаг компани биш, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэтэл энэ зээлээ тэр төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан зээл гэж байгаа биш. Энэ хугацаанаасаа хэтрээд зээлийн хүү үндэслэлгүй төлсөн зүйл байхгүй байхад хүүгээ нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Цэвэрлэгээг өөрсдөө хийж гүйцэтгэсэн нь тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл цэвэрлэгээний явцад карказны алдаа зассан гэж 4,550,000 төгрөг төлсөн гэж байгаа нь үндэслэлгүй. 4,950,000 төгрөг төлсөн баримт хэрэгт байхгүй байна.

НӨАТ-ын төлбөр болох 2,000,000 төгрөгийг “В” ХХК төлсөн гэж байна. Гэтэл шинэ Татварын хуулийн дагуу НӨАТ-ыг суутган төлөгч төлөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл орлого олох гэж байгаа тал нь НӨАТ-ын татварыг шимтгэлд суутгаад төлөх хуулийн зохицуулалттай. Үүний дагуу НӨАТ-ын татварыг төлсөн байхад энэ татварын дүнг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Хугацаа хэтэрснээс болж дотоод үйл ажиллагаа алдагдсан. Улаанбаатараас Тарагт чиглэлд явсан зардал, хоол, бусад гэж 1,500,000 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл хугацаа хэтрүүлсэн явдалд “Метро элетрик” ХХК буруугүй. Мөн 1,500,000 төгрөгтэй холбоотой ямар ч баримт байхгүй. Тиймээс нэхэмжлэгч төлөх үүрэггүй.

Хариуцагч гэрээний 4.2-т заасны дагуу торгууль, алданги 36,000,000 төгрөг нэхэмжилсэн. Гэтэл “М” ХХК гэрээний аль үүргээ зөрчсөн гэдгийг хариуцагч баримтаар нотлоогүй. Яг ямар үндэслэл зөрчсөн. Тэр нь торгуулах үндэслэл болох юм уу. Хугацаа хэтэрснээс тооцох алданги болох юм уу гэдгийг нотлоогүй. Түүнтэй холбоотой тайлбар хэлээгүй байна. Нэгэнт “М” ХХК аль үүргээ зөрчсөн гэдгийг нотлоогүй байгаа учраас зөрчил гаргаагүй гэж үзсэн. Хэрэв зөрчил гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан бол хариу тайлбар хэлмээр байна. Тийм учраас торгууль, алданги төлөх ёсгүй.

Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ихэсгэсэн шаардлага ч үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 137,393,447 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

С.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар хийе.

Юүний өмнө хариуцагчаас гаргасан гарын үсэггүй гэрээнд бичсэн ажлыгг огт тохиролцоогүй, харин Наранчимэгээс өгсөн гэрээнд ажлаа тохирсон, гэтэл түр авая гэж авчихаад өөрчилсөн тул зөвшөөрөхгүй. Түрүүн алдаж хэлэх шиг болсон. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг төлсөн гэж тайлбар хийсэн. С.Нийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг авсан гэдэг нэг л мөнгөний тухай ярьж байгаа. Түүнээс 06 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөг төлөөд 07 дугаар сарын 08-ны өдөр дахиад төлсөн зүйл байхгүй. 06 дугаар сарын 26-ны өдөр хийснийг 07 дугаар сарын 08-ны өдөр мэдээд авсан. Тэрийг нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан.

Мөн өөр 2,000,000 төгрөг авсан гэж байна. Гэтэл 2,000,000 төгрөг авсан зүйл байхгүй. Авсан мөнгөө нэг бүрчлэн тэмдэглээд өөрийн дансны хуулгаа өдөр, сараар гаргаж өгсөн. Түүнд 2,000,000 төгрөг гэсэн дүн байхгүй.

С.Н дотор заслын ажлаас гадна маш олон төрлийн ажил хийсэн. Тийм учраас тэр мөнгөн дүнтэй нь хольж ойлгож болохгүй. Зөвхөн дотор засалтай холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа. Түүнтэй холбоотой төлбөр мөнгөний асуудал яригдаж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй байх.

С.Нийн зүгээс ажлаа дуусгаад явсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн зургуудаа аваад хүлээлгэж өгье гэж бодсон боловч “В”ХХК-ийн захирал хулгайч, залилагч, архичин гэдэг байдлаар доромжлоод ажлуудыг нь хүлээж аваагүй.

“В” ХХК-ийн зүгээс хүлээж авсан гэж тооцохоос биш хүлээж ав гээд гуйгаад байвал хэзээ ч хүлээж авахгүй. Тийм учраас ажил гүйцэтгэлийг 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэж байна. Мөн гэрчийн мэдүүлэгт “В” ХХК-ийн захирал Б.Нямбаатар дандаа материал дутааж өгч байсан талаар нярваар ажиллаж байсан Оюунбилэг гэдэг хүн мэдүүлэг өгсөн. 1 уут замаск авчраад ажлаа гүйцэтгэхийг шаарддаг. Гэтэл 1 уут замаск гэдэг маш амархан дуусдаг.Материалаа дутаагаад байсан учраас энэ ажлыг маш удаан гүйцэтгэсэн гэж үзэж байна. Захиалагчийн буруутай үйлдлээс болоод ажлыг удаан гүйцэтгэсэн. С.Нийн буруу байхгүй учраас хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна. Гэрээний дагуу ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг захиалагч “В” ХХК бүрэн хариуцах ёстой. Мөн Иргэний хуульд тусгайлан зохицуулсан байгаа. Гэтэл хугацаа хэтэрсэн гэж үзэж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хоног тутам 0.5 хувиар алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс С.Нээс нэхэмжилсэн 5,265,000 төгрөг үндэслэлгүй байна.

С.Н заслын ажил дуусгалгүй үлдээж явсан. Дуусгалгүй үлдээж явсан тухай гээд зураг хавсаргасан. Гэтэл өгсөн зураг дээрээс нь харахаар хэдэн материалын зураг байгаа. Яг ямар ажлыг нь дутуу хийгээд үлдээсэн гэдэг зураг нь байхгүй байна. Үнэхээр дутуу ажил гүйцэтгэсэн бол түүнтэй холбоотой баримтыг нь өөрсдөө хавсаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой.

Дээврийн ажил дутуу хийсэн гэж байна. Гэтэл дээврийг өөр компаниар гүйцэтгүүлсэн гэдгийг хариуцагч өөрөө тайлбартаа хэлсэн. Дээврийн ил парпетан дээр болон дээвэр хоёрын хооронд хар цаасаар тусгаарлалт хийдэг. Энэ ажлыг дээвэр хийсэн компани гүйцэтгээгүйгээс болоод ус дуссан. Энэ ус дуссан асуудлыг С.Нийн буруутай үйлдлээс болж гарсан. Үүнийг ажилчид авч зассан гэж тайлбарлаж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл өрлөг дээр шавар хийгээгүйгээс болж дуссан гэж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт өөрсдийнх нь өгсөн зургаас харахад дээвэр болон парпетны хооронд пелонк гэж ярьдаг хар цаас шиг зүйлийг хийсэн байгаа. Үүнийг дээвэр хийж байгаа компани парпетны төмөр хийж байгаа компани хийж гүйцэтгэх ёстой. Энэ үүргийг ямар ч хамаарал байхгүй С.Нт холбогдуулан ус дуссан зураг гэж хавсаргаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч өөрсдийн эсрэг баримтууд гаргаж өгсөн. Тийм учраас ус дуссантай холбоотой асуудалд С.Н ямар нэгэн байдлаар буруу байхгүй. Дээвэр хийсэн компаниасаа нэхэмжлэх ёстой. “М”ХХК бас дээвэр хийгээгүй зөвхөн цутгалтын ажил хийж гүйцэтгэсэн. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Гансүх нарын хүмүүсийг хөлсөлж дахин засвар хийсэн гэх 750,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэл байхгүй.

Цэвэрлэгээ хийлгэсэн гэх асуудал ярьж байна. Цэвэрлэгээний ажлыг тухай бүрд нь хийж байсан. Нээлтэн дээр С.Н очсон. Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд ямар ч заваан, бохирдсон, цэвэрлээгүй асуудал байхгүй. Гүйцэтгэл хийгдэж явсан нөхцөл байдлууд байна. Хэрэв өөрийнх нь авсан зурагт нэг л хог, нэг л шороо байх юм бол асуудал үүснэ. Гэтэл өөрийнх нь тухайн үед баримтжуулж авсан зурган дээр нь ямар ч хог, шороо байхгүй цэвэрлэгээ хийх шаардлага байхгүй, гүйцэтгэлээ бүрэн хийж дуусгасан. Дотоод засал дээр асуудал үүсдэг учраас гүйцэтгэсэн даруйдаа зураг авч баталгаажуулж явдаг. Үүнийг хүлээлгэж өгөх гэсэн боловч хөөснөөс асуудал гарсан. Хулгайн хэрэгт хардаж цагдаад өгсөн. Гэтэл цагдаа үндэслэлгүй байна гэж үзээд хэрэгсэхгүй болгосон гэв.

Хэрэгт цугларсан бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан баримтууд,талуудын тайлбаруудыг шинжлэн судлав.

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, иргэн  С.Н нарын хариуцагч “В”/РД:5715733/ ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 43,944,996 төгрөг гаргуулах тухай гаргасан нэхэмжлэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн өөрчилж, нэхэмжлэгч М ХХК 42 000 000 төгрөг, иргэн С.Н 8 385 846 төгрөг бүгд 50 385 846 төгрөг болгон шаардсан ба нэхэмжлэгч ба итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжин шаардаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэрээ зөрчсөн, үндсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж марган, хариуцагч “В”ХХК нь “М”ХХК-иас гэрээнээс учирсан хохирол гэж сөрөг нэхэмжлэлээр 73 258 390 төгрөг гаргуулахаар шаадсанаа энэ өдөр нэмэгдүүлэн 137,393,447 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, хариуцагч өмгөөлөгч нарын хамт шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлээ дэмжин оролцов.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг болох хариуцагч “В” ХХК-иас 29,925,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-д олгож, “М”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх болон нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

хариуцагч “В”ХХК-ийн “М” ХХК-д холбогдуулсан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу тус тус шийдвэрлэсэн.

 

Хэргийн үйл баримтын талаар;

 

1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн “В”ХХК болон “Т”ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ӨВТ-18/05 дугаар “ажил гүйцэтгэх гэрээ” 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 7 сарын 1-ий өдөр хүртэл хугацаатай байгуулагдан, гэрээгээр “Т” ХХК нь Өвөрхангай аймаг Тарагт суманд байрлах 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын арматурчлал, цутгалтын ажил болох 715 м.кв 2 давхар оффисийн барилга 395 м.кв бүхий заалны барилгын аяган болон шугаман суурь, дам нуруу, хана болон хучилт зэргийг арматурчилж хэв хашмал хийж цутгах, шалыг сеткэн тор тавьж цутгах, 40м.куб бохирын цооногийг мөн арматурчилж хэв хашмал хийж цутгах ажлуудыг зохих ёсоор чанарын болон мэргэжлийн өндөр түвшинд захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бүрэн хийж гүйцэтгэх, “В”ХХК нь нийт барилгын карказ, бохирын цооногийн карказны ажлын хөлсөнд 45 000 000 төгрөг, үүнээс 10 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулснаар, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг ажлыг хугацаандаа хийж дууссан, захиалагчийн ажил хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгсөн ажлын актыг үндэслэн, ажлын 5 хоногт багтаан төлж барагдуулахаар тохиролцсон хэлцэл хийгдсэн, гэрээгээр тохирсон ажил гүйцэтгэгдэн, хүлээн авч эзэмшигчийн ашиглалтад шилжүүлэн өгсөн байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.”Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

2. Хариуцагч талаас ирүүлсэн “В”ХХК болон Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хооронд 2018 оны 5 сарын 24-ий өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” БУА-УТ-05/2018 дугаар гэрээ байгуулагдсан, гэрээгээр гүйцэтгэгч “В”ХХК нь Өвөрхангай аймаг Тарагт сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 908 364 798 төгрөгөөр батлагдсан зураг төсвийн дагуу  2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах үүрэг хүлээжээ.Иргэний хуулийн 347 дугаар зүйлйн 347.1.”Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.”гэж зааснаар энэ гэрээний ажил гүйцэтгэгч “В”ХХК нь дээрх гэрээгээр туслан гүйцэтгэгчээр “Т” ХХК-ийг оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна”

 

3. “Т” ХХК нь оноосон нэрээ “М”ХХК болгон өөрчилж 2019 оны 2 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн архивын 003258676 тоот лавлагаагаар нотлогдож байх тул “М”ХХК нь “Т” ХХК-ийн гэрээний үүрэг шаардах эрхтэй, Барилга хот байгуулалтын яамнаас 2019 оны 01 сарын 09-ий өдөр 5 жилийн хугацаатай олгосон цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгэрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт, барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер орчны тохижилтын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй гэрээгээр тохиролцсон ажлыг эрхлэх эрхтэй байна.

 

4. “В”ХХК болон С.Н нарын хооронд 2019 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тодорхой ажлууд гүйцэтгэгдсэн, хөлс төлөгдөж байсан талаар талууд маргаагүй ба харин нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн гэрээ гэж ирүүлсэн 4 хуудас бичвэрийн нь эхний хэсэг байхгүй, 1.4 дөх заалтаас эхлэж 5.4 заалтаар дууссан, захиалагчийг төлөөлж“В” ХХК-ийн ерөнхий инженер А.Отгонтуяа, гүйцэтгэгчийг төлөөлж засалчин С.Н гэсэн нэрээр гарын үсэг зурагдсан 4 хуудас бичвэр/хэргийн 1-р хавтас 41-44/,

хариуцагчаас/хэргийн 2-р хавтас 33-37/ирүүлсэн 2019 оны 1-р сарын 21-ий өдрийн “барилга байгууламжийн заслын ажил гүйцэтгэх гэрээ”-ний эхний нүүрэнд батлав Наранчимэг гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй, нэхэмжлэгч гэрээгээр Өвөрхангай аймаг Тарагт сумын 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын дотор заслын ажил хийж гүйцэтгэхээр тохирсон, хариуцагч тус барилгын дам нуруу баганыг тэгшлэх, хана, тааз, дам нуруу, багананд замаск татах, эмульсэн будгаар будах ажлыг гүйцэтгэхээр тохирсон гэж бичигдсэн байх ба нэхэмжлэгч тал энэ гэрээний гарын үсэг зурагдаагүй эхний нүүрэнд бичигдсэн ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохироогүй гээд харин өөрийнхөө гэрээнд бичсэн тохирсон ажлаа бүрэн гүйцэтгэсэн боловч энэ ажлууд бичсэн гэрээний эхний нүүрийг хариуцагч авсан гэж, хариуцагч нэхэмжлэгчийг ажлаа дутуу хаяж явсан, доголдолтой чанаргүй байснаас өөр гүйцэтгэгчээр ажлыг гүйцэтгүүлсэн гэж талууд гэрээгээр яг ямар ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн, үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар маргаж байна.

Талуудын тайлбараар С.Н уг барилгын өөр олон ажлыг гэрээгээр гүйцэтгэж ажлын хөлсөө авч байсан гэх ба маргаж байгаа гэрээ хэзээ байгуулагдсан, ямар ажил үүрэг гүйцэтгэхээр тохирсон, ямар ажлыг хийж гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй ажил үлдсэн эсэх талаар тохиролцохгүй маргаж, 2 талаас ирүүлсэн гэрээ гэх баримтуудаар энэ нь нотлогдохгүй, үнэлэхэд учир дутагдалтай байх тул тохиролцсон ажил түүний гүйцэтгэл нь тодорхойгүй тул хэн аль тал нь гэрээний үүрэг шаардах эрх бий болохгүй болно.

Нөгөө талаар хариуцагчийн тохиролцсон ажлуудаа бүрэн хийж гүйцэтгээгүй ажлаа хаяж явсан тул хөлс төлөх үндэсгүй гэх тайлбар үгүйсгэгдэхгүй байна.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтын 1.6-д “захиалагч нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор ажлын бэлтгэлд шаардлагатай гэрээт ажлын материал болон тээврийн зардал болох 6 518 289,6/40%/ төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлэх бөгөөд гэрээт ажлын үлдэгдэл төлбөр болох 9 777 434,4 төгрөгийг гэрээт ажлыг дуусган актаар хүлээлгэн өгснөөс хойш ажлын 5 хоногийн дараа гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлнэ. Үлдэгдэл 5 % болох 814 786,2 төгрөгийг гэрээний 2.1.8/комисс заслын ажлыг хүлээлцсэн акт үйлдсэн өдрөөс хойш 2 сарын дараа барилгын заслын ажилд аливаа доголдол гараагүй тохиолдолд ажлын комиссын дүгнэлтээр гүйцэтгэгч талд шилжүүлнэ/заалтын дагуу олгоно.”гэж заасан байна.

Мөн гэрээний 1.7-д “Талууд ажлын гүйцэтгэлийг хамтарсан комиссоор акт үйлдэж хүлээлцэнэ” гэж заасан. Нэгэнт гэрээт ажлын гүйцэтгэлд 2019 оны 1 сарын 26-ны өдөр 4 500 000төгрөг, 2019 оны 2 сарын 04-ий өдөр 2 000 000 төгрөг 2019 оны 3 сарын 12-ы өдөр 655,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 86500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 1,190,000 төгрөг,2019 оны 4 сарын 24-ий өдөр 475 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 13 006 500 төгрөгийг хөлсөнд төлсөн/хэргийн 1-р хавтас 45-50/талаар маргахгүй байх ба талууд нэгэнт тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн, хариуцагч тал ажлын хөлсний үлдэгдлийг гэрээнд тохирсноор акт үйлдсэнээр төлбөр тооцоо хийх боломжтой гэж байх тул ажлын гүйцэтгэлийн актыг үйлдэж төлбөр тооцоог дуусгах боломжтой юм.

Харин энэ акт үйлдэгдээгүй байгаа тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй болно.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11.“барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг”ойлгохыг, 40 дүгээр зүйлд барилгын ажил гүйцэтгэгч 40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх,...”чиг үүрэгтэйг хуульчилсан. Нэхэмжлэгч С.Н гэрээгээр хүлээсэн үүрэг болох гэрээт ажлыг дуусган актаар хүлээлгэн өгөх, мөн ажлын хөлсөө шаардсан гүйцэтгэгчийн нэхэмжлэл буюу барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх чиг үүргээ хэрэгжүүлсэн баримтгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.“шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1.”Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”гэж заасан хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болно.

Иймд нэхэмжлэгч С.Нийн 8,385,846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байна.

 

5. “В”ХХК болон “Т”ХХК-иудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ӨВТ-18/05 дугаар “ажил гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүрэг болох хийж гүйцэтгэхээр тохирсон ажлаа нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн болохыг талууд маргаагүй ба нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2019 оны 9 сарын 27-ны өдрийн лавлагаагаар ирүүлсэн, 2019 оны 5 сарын 6-ны өдрийн БУ-11/2019, 2019 оны 6 сарын 25-ны өдрийн БУ-11/2019+1 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд, Өвөрхангай аймаг Тарагт сум Хүрэмт багийн нутаг дэвсгэрт баригдсан 2-р ангиллын 250 хүний суудалтай соёлын төвийн зориулалттай барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан, барилга байгууламжийн гадна тохижилт, шугам сүлжээний ажил, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна./хэргийн 1-р хавтас 88-92/.

 

6. Харин гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн гүйцэтгэсэн болон акт үйлдэж ажлаа хүлээлцэх үүргээ хэрэгжүүлжээгүй буруутай эсэхэд талууд маргаж, хариуцагч тал энэ үндэслэлээр буруутгаж гэрээнээс учирсан хохиролд сөрөг шаардлага гаргасан.

 

7.Талууд мэтгэлцээний үндэслэлээ“Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан”/хэргийн 1-р хавтас 93-151дэх тал/ баримтаар нотлоно гэсэн ба уг баримтад нэхэмжлэгч “Т” ХХК буюу “М”ХХК-ийн нэр бичигдээгүй ч “Т” ХХК-ийн инженер ажилтнуудын нэр тэмдэглэн, хийж гүйцэтгэсэн барилга усгсралтын ажлуудын тэмдэглэл болохыг 2 тал үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрч байгаа тул  үнэлсэн болно.

Тэмдэглэлд, 2018 оны 06 дугаар сарын 4-ний өдөр ось тэнхлэгүүдийн дагуу багана суурийн нүх гараар тэгшлэх, арматурын бэлдэц бэлтгэх, цахилгаан щит усгсрах  ажлуудыг 2 инженер,даамал ажилчид 14, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй эхлэн гүйцэтгэснээр гэрээт ажил эхлэсэн байна.

Ажлын явцад баганын суурийн ул бетон мексерээр гараар зуурч тэргээр зөөж, цутгах, арматур таслах, матах, баганын улны тор арматурчлах, багана, дам нурууны хомут таслаж, матах ажлуудыг 1 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэснийг тэмдэглэсэн. 2018 оны 6 сарын 16-ны 16 цаг орчимд мөндөртэй аадар бороо орж барилгын суурь усаар дүүрсэн, 2018 оны 6 сарын 17-ноос 19-ий өдөр помп болон усны насос ашиглан ус шавхах, сууринд орсон шавар хөрсийг гадагш зайлуулах ажлыг үйцэтгэн, ось тэнхлэг дахин тавьж баганын суурийн башмакны хэв хашмал угсарч бэлджээ.23-ны өдөр бороо зүсэрч орсноос ажил зогссон, 24-ий өдрөөс баганын бето зуурмаг в 20 ангиар цутгасан. 2018 оны 7 сарын 6 бямба гаригт үүлэрхэг сумын наадам амарсан, 2018 оны 7 сарын 10 ширүүн бороотой амарсан, 2018 оны 7 сарын 14 зүсэрсэн борооноос 7 цагийн саатал гарсан, 2018 оны 7 сарын 19 тог тасарснаас 16 цаг 23 минутаас 5 цагийн саатал гарсан. 2018 оны 7 сарын 20-ны өдөр шугаманд гэмтэл гарснаас 08 цагаас 21 цаг хүртэл 12 цаг саатсан. 2018 оны 7 сарын 27 шиврээ борооноос 19 цаг 10 минутаас 21 цаг 20 минутад ажил саатсан. 2018 оны 7 сарын 28 шиврээ борооноос 06 цаг 40 минутаас 14 цаг 30 минутад ажил саатсан. 2018 оны 7 сарын 29-нд 6  цагийн саатал гарсан. 2018 оны 7 сарын 31 шиврээ борооноос 15 цаг 40 минутаас 20 цаг 50 минутад ажил саатсан. 2018 оны 8 сарын 1 шиврээ борооноос 19 цаг 30 минутаас 21 цаг 20 минутад ажил саатсан. 2018 оны 8 сарын 2 шиврээ борооноос бүтэн өдөр ажил саатсан.  2018 оны 8 сарын 6 шиврээ борооноос 15 цаг 15 минутаас нийт 6 цаг ажил саатсан. 2018 оны 8 сарын 7 шиврээ борооноос 4 цаг ажил саатсан. 2018 оны 8 сарын 8 хүчтэй борооноос 13 цаг 50 минутаас ажил саатсан. 2018 оны 8 сарын 11 шиврээ борооноос 6 цаг ажил саатсан, 12-нд 1 цаг, 15-нд 1 цаг, 21-нд 2 цаг,24-нд 2 цаг,2018 оны 9 сарын 5-нд бүтэн өдөр,9 сарын 13-нд 15-19 цаг 30 минутад борооноос саатсан, 9 саррын 16-нд 19 цаг 24 минутаас 22 цагт, 17-нд 19 цаг 24 минутаас 21 цаг 40 минутад тог тасарсан. Бусад үед ажил саатаагүй ажилласан байх тул энд ажлын сааталд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн ажил эхлэсэн хугацаагаар “В”ХХК 2018 оны 5 сарын 26-ны өдөр ось тэнхлэгүүийн дагуу цэг болон улаан шугам тавьж хашаа буулган хураах барилгын тоо хэмжээ бодох, ажлын талбайн эмхлэх ажлаа эхлэсэн, 2018 оны 6 сарын 3-ны өдөр суурийн нүх ухах ажил дуусч, барилгын талбайд хэв хашмал, арматур буусан байх тул 2018 оны 6 сарын 4-ний өдрөөс ирж ажилласан нэхэмжлэгчийг хугацаа хоцроосон гэх буруутгах үндэслэл тогтоогдохгүй.     

 

8. Ажлын доголдол гарсан талаар баримтгүй, энэ талаар маргаагүй болно.Иймд гэрээгээр тохирсон ажлаа зохих журмын дагуу гүйцэтгэсэн нэхэмжлэгч олгогдоогүй ажлын хөлсөө Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

9. Гэрээний 2.1-д урьдчилгаа төлбөр 10 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаар төлөх, 2.1.2-т үлдэгдэл 35 000 000 төгрөгийг гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг хугацаандаа хийж дууссан, захиалагчийн ажил хүлээн авах улсын комисст хүлээлгэн өгсөн ажлын актыг үндэслэн ажлын 5 хоногт багтаан төлж барагдуулна.”гэж тохиролцсон тул барилга байгууламжийг ашиглалтад авсан 2019 оны 5 сарын 6-ны өдрөөс ажлын 5 хоногийн дараа 2019 оны 5 сарын 14-ий өдрөөс нэхэмжлэгчид хөлсөө шаардах эрх үүссэн байна.

 

10. Гэрээний 3.2.3.-т зааснаар гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргийг захиалагч тал хүлээнэ.

Хариуцагч гэрээнд тохиролцсоноор 2019 оны 5 сарын 25-ны өдөр урьдчилгаа 10 000 000 төгрөг, 2018 оны 11 сарын 02-ны өдөр 10 000 000 төгрөг бүгд 20 000 000 төгрөг төлсөн, үлдэх 25 000 000 төгрөгийн хөлс төлөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэстэй.

 

11. Гэрээний 3.1.2-т гүйцэтгэгч захиалагчийг хугацаандаа төлбөрөө төлөхийг шаардах, захиалагч үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгуулах эрхтэй”,

Гэрээний 4.4-т захиалагч тал ажлын хөлсийг хэлэлцэн тохирсон хугацаанд гүйцэтгэгчид төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцон төлнө”гэж заасан.

Алдангийг гэрээ болон хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцно.”гэж зааснаар гэрээгээр тохирсон алдангид нэхэмжлэл шүүхэд ирсэн 2019 оны 6 сарын 4-ий өдөр хүртэл 17 хоногт /25 000 000х0,1%х17хоног=/ 425 000 төгрөг шаардах эрхтэй.

 

12. Гэрээний 4.2-т гэрээний хугацаанд аль нэг тал гэрээгээр хүлээсэн  үүргээ зөрчсөн тохиолдолд энэхүү гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувиар торгууль тооцон нөгөө талдаа төлөхөөр хэлэлцэн тохирсон тул гэрээний дүнгээр тооцон торгуульд 4,500,000 төгрөг шаардах эрхтэй.

 

Иймд үндсэн үүргээс үлдсэн 25 000 000 төгрөг, алдангид 425 000 төгрөг, торгуульд 4 500 000 төгрөг бүгд 29 925 000 төгрөгийг буруутай этгээд болох “В”ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгон, шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

13. Нэгэнт гэрээгээр хүлээсэн  үүргийг хэрэгжүүлэхдээ хугацаа хэтрүүлсэн буруу байхгүй тул хариуцагч тал нэхэмжлэгчээс гэрээний хариуцлага хүлээлгэхээр шаардах эрхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг үндсэн нэхэмжлэлд “М”ХХК-ийн төлсөн /336075+116950=/ 453025 төгрөгийг, мөн нэхэмжлэгч С.Нээс төлсөн /148070+4550=/ 152 620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хариуцах хурамжид 307575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 890534 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлөгдсөн 112333 төгрөгийг нэмж гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  73 дугаар зүйлийн 73.2., 115-р зүйлийн 115.2.2., 115.2.3., 116, 118-д заасныг удирдлага болгон

                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5.,232.6., 343 дугаар зүйлийн 343.1., 347 дугаар зүйлйн 347.1.-д зааснаар хариуцагч “В”ХХК-иас 29 925 000/хорин есөн сая есөн зуун хорин таван мянга/төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М”ХХК-ид олгон, нэхэмжлэлээс үлдэх 12 075 000 төгрөг болон нэхэмжлэгч С.Нийн нэхэмжлэл болох 8 385 846 төгрөг, хариуцагч “В”ХХК-ийн сөрөг нэхэмжлэл болох 137 393 447 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., 58.2-т зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /336075+116950=/ 453025 төгрөгийг, мөн нэхэмжлэгч С.Нээс төлсөн /148070+4550=/ 152 620төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн үндсэн нэхэмжлэлийн хариуцах хураамжид 307575 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 890534 төгрөгийг улсын орлогод үлдээн, дутуу төлөгдсөн 112333 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Д.УРАНЧИМЭГ