Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02352

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02352

 

 

С.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02794 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч БГД ЗДТГ, БГД ЗД, НӨАУГ нарт холбогдох,

Баянгол дүүргийн 10 дугаар хороо, иргэний танхимын зориулалттай 122 м2 талбай бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, хариуцагч БГД ЗДТГ болон Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батсайхан, хариуцагчийн өмгөөлөгч А.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэр бүлийн хамт Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн нарангийн 10в тоотод байрлах 308,28 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт олон жил амьдарч байсан. 2011 онд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс танай газар байрлал сайтай тохиромжтой газар байна, бид танай газар дээр халуун усны газар барьж, улмаар хувьчилж өгөх асуудлыг шийдвэрлэж, та нарт ашиглуулна гэсэн санал тавьсан. Ингээд 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу барилгын ажил явагдаж 2012 онд улсын комисс барилгыг хүлээж аваагүй. Учир нь Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу халуун усны барилгыг ашиглуулж ажлын байраар хангаж, улмаар хувьчилж өгөх үүргээ биелүүлээгүй тул байрыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр иргэн С.Г-той харилцан зөвшилцөлд хүрч уг асуудал шийдэгдсэн гэсэн худал, хууль бус бичгийг Мэргэжлийн хяналтын газарт болон барилга барьсан Набсан ХХК-д явуулсан тул комисс 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр барилгыг хүлээж авсан. Ингээд 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш намайг газраа чөлөөлж өгөхийг шаардаж, хариуцагч БГД ЗД, Засаг даргын тамгын газрын зүгээс гэрээний үүргээ огт биелүүлээгүй манай гэр бүлийг хохироосоор ирсэн. Миний бие шат шатны байгууллагад гомдол, хүсэлт гаргаж явсаар 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзсан. Уг хуралд төрийн шат шатны мэргэжлийн байгууллагууд бүгд оролцсон ба тэр дундаа БГД ЗД, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөллүүд оролцсон. Уг хурлаар Засаг дарга Д.Оросоо өөрөө Баянгол дүүргийн 10 хороонд байрлах 122 м.кв талбайтай Иргэний танхимыг надад шилжүүлж өгөх замаар уг асуудлыг шийдвэрлэе гэж санал тавьж хуралд оролцсон төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөл дэмжсэн. Манай гэр бүл ярилцаад 122 м.кв талбайтай юм чинь 3 гэрээрээ нэг нэг өрөөнд нь амьдарч болох юм байна гэсэн шийдвэрт хүрч 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг Баянгол дүүрэгтэй байгуулсан. 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өвлийн хүйтэнд шууд чөлөөлж 3 гэрээ буулгаж, иргэний танхимын байр руу явсан. Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн зүгээс намайг болон манай гэр бүлийг Баянгол дүүргийн 10 хорооны иргэний танхимд дөнгөж оруулж байр хүлээлцэх акт үйлдэхээр сууж байхад гэнэт дээрээс иргэний танхимыг С.Г-д өгч болохгүй гэж утсаар мэдэгдэж байгаа тул бид өгөх боломжгүй гэж хэлээд хөөж гаргасан. Бид өвлийн хүйтэнд орох орон гэргүй болж, буцаад буух хаяггүй болж байр түрээслэн шат шатны байгууллагад гомдол хүсэлтээ гаргаж явсаар намайг 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө байранд ашиглалтыг нь хариуцуулж түр оруулсан. Миний гэр бүлээс ямар ч санал авалгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг миний өмчлөлд шилжүүлж асуудлыг дуусгавар болгохоор шийдвэрлэснийг хожим нь мэдсэн. Манай бүхэл бүтэн 3 ам бүл 30 м.кв талбай бүхий байранд амьдрах ямар ч боломжгүй бөгөөд бид өмнө тохиролцсоны дагуу Баянгол дүүргийн 10 хороо, 122 м.кв талбайтай байраа авмаар байна гэж хүсэлт гаргасаар өдийг хүрсэн. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв 2 өрөө бүхий орон сууцнаас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор чөлөөлж хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, шаардах хуудас ирж миний бие үүний улмаас цус харвалт өгч хөөцөлдөж чадахааргүй болж хөгжлийн бэрхшээлтэй өрөөл татанхай болсон. Иймд 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ-ний дагуу Баянгол дүүргийн 10 хорооны 122 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч БГД ЗДТГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421, 883 дугаартай Хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх тухай захирамжаар Баянгол дүүргийн 10 хороонд гэр хорооллын халуун усны барилгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн барихаар болсон тул уг захирамжийн дагуу С.Г-той хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс С.Г-той 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хорооллын 4 байр, 3 тоот, 46 м.кв 31 439 659 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, иргэн С.Г-гийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагчид зөвшөөрсөн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар дээрх асуудлыг тус тус шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар дүүргийн Засаг дарга нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах тул Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 122 м.кв талбайтай байр буюу орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг иргэнд шилжүүлэхээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь манайх биш болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч БГД ЗД шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421, 883 дугаартай Хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх тухай захирамжаар Баянгол дүүргийн 10 хороонд гэр хорооллын халуун усны барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн барихаар болсон тул уг захирамжийн дагуу С.Г-той Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс С.Г-той 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хорооллын 4 байр, 3 тоот, 46 м.кв 31 439 659 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, иргэн С.Г-гийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхимын 109,88 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг С.Г-д шилжүүлэхийг БГД ЗДТГ, БГД ЗД, НӨАУГ нарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 267 659 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулан, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 337 769 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч НӨАУГ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч буюу Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ бичгээр өгч холбогдох баримтыг хавсаргаж, тус хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ илэрхийлсэн байтал шүүх уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 92061192 утсаар мэдэгдсэн гэх боловч энэ хүн нь ажлаасаа чөлөөлөгдсөн байсан ба Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, шүүх хуралд оролцох эрхийг олгоогүй. БГД ЗДТГ нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэн С.Г-той Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу Иргэн С.Г- нь өөрийн өмчлөлийн 308,28 м.кв газрыг БГД ЗДТГт шилжүүлэн өгөх, БГД ЗДТГ нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг нийслэлийн өмчөөс хасуулж, иргэн С.Г-д шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс иргэн С.Г-той 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж байсан. Үүний дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэний танхимын байрыг зах зээлийн ханшаар 2 өрөө орон сууцаар үнэлж, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар хорооллын 54 дүгээр байрны 3 тоот 46 м.кв талбай бүхий орон сууцыг иргэн С.Г-д хүлээлгэн өгсөн ба үүнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 15 дугаар хорооллын 4 дүгээр байрны 3 тоотод байрлах 46 м.кв талбай бүхий 31 439 659 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, иргэн С.Г-гийн өмчлөлд шилжүүлэхийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид зөвшөөрсөн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/392 дугаартай Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай захирамжаар дээрх асуудлыг тус тус шийдвэрлэж баталгаажуулсан. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч БГД ЗД, НӨАУГ, БГД ЗДТГт тус тус холбогдуулан Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээний дагуу Баянгол дүүргийн 10-р хорооны 122 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч С.Г- нарын 5 иргэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-9Б тоотод байрлах, 308,28 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөн авсан, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2205000059 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээтэй байжээ. / хх-ийн 15 /

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2011 онд дээрх иргэдийн өмчилсөн газарт 8 хүний халуун усны зориулалттай барилга барих хүсэлт гаргасны дагуу нэхэмжлэгч С.Г-той тохиролцож, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ гэсэн нэртэй гэрээ байгуулжээ. /хх-ийн 7/

Дээрх гэрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, иргэн С.Г- нар гарын үсэг зурснаар уг гэрээ хүчин төгөлдөр болсон ба уг гэрээний агуулгад нэхэмжлэгчийн өмчлөлийн 308,28 м.кв газарт баригдах халуун усны барилга нь 10.8*12.6 м /тэнхлэгээрээ/ хэмжээтэй байх бөгөөд халуун усны барилга барьж, ашиглалтад хүлээлгэн өгсний дараа ашиглагчаар иргэн С.Г- давуу эрхтэйгээр сонгогдох, уг 308,28 м.кв газрыг зах зээлийн ханшаар 2 өрөө орон сууцны өртгөөр үнэлж, уг халуун усны барилгыг С.Г-д хувьчлалаар өгөх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэхээр тус тус тохиролцжээ. /хх-ийн 7/

Нэхэмжлэгч С.Г- тухайн барилга барих газраа чөлөөлж, хариуцагч БГД ЗДТГ нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт халуун усны зориулалттай барилгын ажлыг Набсан ХХК-иар гүйцэтгүүлж, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ. / хх-ийн 147-157/

Хамтын ажиллагааны гэрээ-ний хэрэгжилтийн явцад халуун усны барилгыг хувьчлах, ашиглуулах үүргийг хариуцагч тал биелүүлээгүй үүргийн зөрчилтэй холбоотойгоор зөрчсөнөөс маргаан үүсч, улмаар уг маргааныг шийдвэрлэхийн тулд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон БГД ЗД, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөллүүд оролцсон хуралдаанаар БГД ЗД нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг С.Г-д шилжүүлж өгөх санал гаргасныг Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дэмжиж уг асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 94-97/

Улмаар хариуцагч БГД ЗДТГ нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С.Г-той Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээ-г байгуулж, уг гэрээнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, иргэн С.Г- нар гарын үсэг зурснаар Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагджээ.

Иймд анхан шатны шүүх дээрх гэрээний Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичиг баримт үйлдэж гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн нь зөв болжээ.

Өмнө нь байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ-ний агуулга нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг илүүтэй агуулсан байдаг ба хариуцагч нь уг гэрээгээр хүлээсэн ...халууны усны барилгыг иргэн С.Г-д хувьчлалаар өгөх асуудлыг шийдвэрлэх... гэсэн үүргийг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээгээр БГД ЗДТГ нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий байрыг Нийслэлийн өмчөөс хасуулж, С.Г-д шилжүүлэх үүргийг хүлээхээр, нэхэмжлэгч С.Г- нь өөрийн өмчлөлийн 308,28 м.кв газрыг БГД ЗДТГт шилжүүлэн өгөх үүргийг хүлээхээр тус тус харилцан тохиролцжээ.

Талууд гэрээг Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэж нэрлэсэн боловч уг гэрээний агуулгаас үзэхэд үүргийг шинэчлэн тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний үүрэг талууд хүлээсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн 308,28 м.кв газрыг БГД ЗДТГт шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч БГД ЗДТГ нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай байрыг газрын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай байрыг 122 м.кв талбайтай гэж тодорхойлон шаардлага гаргасан боловч 109,88 м.кв талбайтай болох нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2020 оны 4/1261 тоот албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангасан шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Г- нь хариуцагч БГД ЗДТГтай гэрээ байгуулсан, хариуцагч нь гэрээний 3.2-т заасан Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай байрыг газрын хамт Нийслэлийн өмчлөлөөс хасуулж, нэхэмжлэлийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулах үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон байхад нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд ороогүй БГД ЗД, НӨАУГт тус тус холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг зөвхөн хууль эсхүл гэрээгээр үүснэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар талууд үүргийн зүйлийг солихоор тохиолцсон гэх байдал тогтоогдоогүй, эдгээр хариуцагч байгууллагууд нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээлгэсэн хууль болон гэрээний заалт байхгүй байна.

 

Хариуцагч БГД ЗДТГ нь ...дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс иргэн С.Г-той 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж байсан... гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний талууд Баянгол дүүргийн 10 хороонд байрлах байрыг Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хорооллын 4 байр, 3 тоот, 46 м.кв 31 439 659 төгрөгийн үнэ бүхий орон сууцаар сольж авах талаар харилцан тохиролцсон гэх нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид ашиглалтын зардлыг хариуцан эзэмшүүлэхээр хүлээлгэн өгсөн байгаа нь гэрээний үүргийг солихоор харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл биш юм. /хх-ийн 24/ Уг орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 63 дугаар Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай тогтоолоор уг орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, С.Г-гийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснөөр Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 сарын 16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар өмчлөлд нь шилжүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан боловч энэхүү 2 өрөө орон сууцны өмчлөх эрх нэхэмжлэгчид Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үүссэн гэх байдал нь тогтоогдоогүй болно.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Г-гийн газрын асуудлаар 2013 оны 11 сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг дарга уулзалт зохион байгуулж, 2 өрөө байрыг авах бол хүсэлтээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргах, эсхүл 2 өрөө байраа авахгүй бол шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой гэж шийдвэрлэсэн байдаг ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2 өрөө байрыг авахаас татгалзсан гэж үзэх тул ...орон сууцыг иргэн С.Г-д хүлээлгэн өгсөн, асуудлыг шийдвэрлэсэн... гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь дээр дурдсанаас өөр үндэслэлээр тайлбар, татгалзал гаргаагүй болно.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзэх бөгөөд хариуцагч БГД ЗД, БГД ЗДТГ давж заалдах гомдол гаргаагүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/02794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхимын зориулалттай 109,88 м.кв талбайтай байрыг, газрын хамт Нийслэлийн өмчлөлөөс хасуулж, нэхэмжлэгч С.Г-гийн өмчлөлд шилжүүлэх шийдвэрийг эрх бүхий байгууллагаар гаргуулах үүргээ биелүүлэхийг хариуцагч БГД ЗДТГт даалгаж, хариуцагч БГД ЗД, НӨАУГт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ