Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 02794

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09             28                                                   102/ШШ2020/02794    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Г нэхэмжлэлтэй,        

Хариуцагч: БГД ЗДТГ,

Хариуцагч: БГД ЗД

Хариуцагч: Нөауг нарт холбогдох,

 

Гэрээний дагуу Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Иргэний танхимын зориулалттай 122 м2 талбай бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Очбаяр, гэрч Г.Бат-Ирээдүй, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэр бүлийн хамт Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн наран 10в тоотод байрлах 308,28 м.кв талбай бүхий газарт олон жил амьдарч ирсэн бөгөөд 3 өрх айл оршин суудаг байсан. 2011 онд Баянгол дүүргийн Засаг дарга, тамгын газрын зүгээс “танай газар байрлал сайтай тохиромжтой газар байна, бид танай газар дээр халуун усны газар барьж, улмаар хувьчилж өгөх асуудлыг шийдвэрлэж, та нарт ашиглуулъя” гэсэн санал тавьсан. Үүнийг бид гэр бүлээрээ ярилцаж шийдвэрлээд 2011.06.27-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Ингээд гэрээний дагуу барилгын ажил явагдаж 2012 онд улсын комис барилгыг хүлээж аваагүй. Учир нь Баянгол дүүргийн Засаг даргын зүгээс хамтын ажиллагаанд заасны дагуу халуун усны барилгыг ашиглуулж ажлын байраар хангаж, улмаар хувьчилж өгөх үүрэг хүлээснээ үгүйсгэж, халуун усны барилгыг ашиглуулахгүй гэсэн тул миний бие газраа өгөхгүй гэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага БГД ЗД, ТГ иргэний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул байрыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл БГД ЗД-ын зүгээс 2013.05.10-ны өдөр “Иргэн Гтой харилцан зөвшилцөлд хүрч уг асуудал шийдэгдсэн” гэсэн худал, хууль бус бичгийг мэргэжлийн хяналт болоод барилга барьсан “Набсан” ХХК-д явуулсан тул комис 2013.09.19-ний өдөр барилгыг хүлээж авсан. Ингээд 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаас хойш намайг газраа чөлөөлж өгөхийг шаардаж, БГД-ийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс гэрээний үүргээ огт биелүүлээгүй манай гэр бүлийг хохироосоор ирсэн. Миний бие шат шатны байгууллагуудад гомдол, хүсэлт гаргаж явсаар 2013.09.27-ны өдөр Нийслэлийн Засаг даргатай биечлэн уулзсан. Уг хуралд төрийн шат шатны мэргэжлийн байгууллагууд бүгд оролцсон ба тэр дундаа Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөллүүд оролцсон. Хурлаар Баянгол дүүргийн тамгын газартай 2011.06.27-ны өдөр байгүулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний тухай буюу маргааны асуудлыг авч хэлэлцсэн. Уг хурлаар Засаг дарга Д.Оросоо өөрөө Баянгол дүүргийн 10 хороонд байрлах 122 м.кв талбайтай Иргэний танхимыг надад шилжүүлж өгөх замаар уг асуудлыг шийдвэрлэе гэж санал тавьж хуралд оролцсон төрийн эрх бүхий байгууллагын төлөөлөл дэмжсэн. Манай гэр бүл ярилцаад 122 м.кв талбайтай юм чинь 3 гэрээрээ нэг нэг өрөөнд нь амьдарч болох юм байна гэсэн шийдвэрт хүрч 2013.10.03-ны өдөр Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг Баянгол дүүрэгтэй байгуулсан. Ингээд миний бие төрийн эрх байгууллагын төлөөллүүд оролцсон хурлын үр дүнд шийдсэн тул арай ч дахиад хулхидахгүй байх гэж итгэн гэрээний дагуу газраа 2013.10.04-ны өдөр өвлийн хүйтэнд шууд чөлөөлж 3 гэрээ буулгаж, эд хогшлоо ачин иргэний танхимын байр руу явсан. Гэтэл 2013.10.04-ны өдөр Баянгол дүүргийн зүгээс намайг болон манай гэр бүлийг Баянгол дүүргийн 10 хорооны иргэний танхимд дөнгөж оруулж байр хүлээлцэх акт үйлдэхээр сууж байхад гэнэт дээрээс иргэний танхимыг С.Гд өгч болохгүй гэж утсаар мэдэгдэж байгаа тул бид өгөх боломжгүй гэж хэлээд хөөж гаргасан. Бид өвлийн хүйтэнд орох орон гэргүй болж, буцаад буух хаяггүй болж байр түрээслэн шат шатны байгууллагад гомдол хүсэлтээ гаргаж явсаар намайг 2014.01.10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө байранд ашиглалтыг нь хариуцуулж түр оруулсан. Миний бие гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шатны байгууллагатай уулзаж хүсэлт гаргасаар явсан ч бие бие рүүгээ асуудлаа түлхсээр огт шийдвэрлэж өгөөгүй. Ер нь бол 2013.10.03-ны өдөр миний бие газраа төрд шилжүүлэн өгснөөс хойш намайг огт авч хэлэлцэхээ больж, хүлээж авахаа больсон. Гэтэл надаас болон миний гэр бүлээс ямар ч санал авалгүйгээр Нийслэлийн Засаг даргын 2014.05.16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг миний өмчлөлд шилжүүлж асуудлыг дуусгавар болгохоор шийдвэрлэснийг хожим нь мэдсэн. Манай бүхэл бүтэн 3 ам бүл 30 м.кв талбай бүхий байранд амьдрах ямар ч боломжгүй бөгөөд бид өмнө тохиролцсоны дагуу БГД-ийн 10 хороо, 122 м.кв талбайтай байраа авмаар байна гэж хүсэлт гаргасаар өдийг хүрсэн. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015.12.04-ний өдөр “БЗД, 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв 2 өрөө бүхий орон сууцнаас 2015.12.31-ний өдрийн дотор чөлөөлж хүлээлгэж өгөхийг мэдэгдэж байна” гэсэн шаардах хуудас ирж миний бие үүний улмаас цус харвалт өгч хөөцөлдөж чадахааргүй болж хөгжлийн бэрхшээлтэй өрөөл татанхай болсон. Төрийн байгууллагын зүгээс миний өмчлөлийн газрыг хуурч мэхэлж, иргэн намайг төрийн ажил, гэрээний хэрэгжилтийн учир мэдэхгүйг далимдуулж авчихаад өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй манай гэр бүлийг хохироосоор байгаад гомдолтой байна. Иймд 2013.10.23-ны өдрийн “Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудпыг шийдвэрлэх тухай гэрээ”-ний дагуу Баянгол дүүргийн 10 хорооны 122 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421, 883 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх тухай” захирамжаар БГД-ийн 10 хороонд гэр хорооллын халуун усны барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн барихаар болсон тул уг захирамжийн дагуу С.Гтой Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс С.Гтой 2013.11.29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014.05.05-ны өдрийн 63 дугаар “Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай” тогтоолоор “Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хорооллын 4 байр, 3 тоот, 46 м.кв 31,439,659 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, иргэн С.Ггийн өмчлөлд шилжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагчид зөвшөөрсөн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2014.05.16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар дээрх асуудлыг тус тус шийдвэрлэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78.2-т зааснаар дүүргийн Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах тул БГД, 10 хорооны 122 кв.м талбайтай байр буюу орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг иргэнд шилжүүлэхээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага нь манайх биш болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 421, 883 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэх тухай” захирамжаар БГД-ийн 10 хороонд гэр хорооллын халуун усны барилгын ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн барихаар болсон тул уг захирамжийн дагуу С.Гтой Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Дээрх гэрээний хэрэгжилтийг хангах үүднээс Нийслэлийн Засаг дарга болон холбогдох нийслэлийн удирдлагууд, дүүргийн Засаг даргын зүгээс С.Гтой 2013.11.29-ний өдөр уулзалт хийж, гэрээний дагуу 2 өрөө байр авах хүсэлтээ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргах, хэрэв авахгүй гэвэл шүүхэд хандахыг зөвлөж уг асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014.05.05-ны өдрийн 63 дугаар “Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай” тогтоолоор “Баянзүрх дүүргийн 4 хороо, 15 хорооллын 4 байр, 3 тоот, 46 м.кв 31,439,659 төгрөгийн үнэ бүхий орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, иргэн С.Ггийн өмчлөлд шилжүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Г нь Бт холбогдуулан гэрээний дагуу Баянгол дүүрэг, 10 хорооны 122 кв.м талбайтай байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Баянгол дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрыг татжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ өөрийн эзэмшлийн газраа төрд өгч, оронд нь 122 кв.м талбайтай байр авахаар тохиролцсон, эрх бүхий этгээдүүд хуралдаж шийдвэрлэсэн, миний зөвшөөрөлгүй 2 өрөөг түр суулгахаар өгсөн, би байрыг буцаан өгнө гэж тайлбарлав.

 

Хариуцагч нар нь орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр нэхэмжилж байгаа нь хууль зүйн хувьд боломжгүй, асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2 өрөө орон сууцыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, өмчлөлд шилжүүлсэн гэж маргалаа.

 

С.Г нь Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн нарангийн 10 гудамж, 9Б тоот 308,28 кв.м талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй байсан нь Г-2205000059 дугаарт бүртгэгдсэн 000084097 дугаар Газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдож байна.

 

2011 онд Баянгол дүүргийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт Халуун усны зориулалттай барилга барих, улмаар хувьчлах, нэхэмжлэгчид ашиглуулахаар хэлцэл хийж, тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.  

 

Дээрх тохиролцооны дагуу Нийслэлийн Засаг дарга нь 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 421 дүгээр захирамжийн 36 дахь заалтаар Халуун усны барилгын зориулалтаар Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн нарангийн 10 гудамж, 9Б тоотод 0,015 га газар эзэмших эрхийг олгож, барилга байгууламж барихыг зөвшөөрчээ.

 

Тухайн тохиолдолд Б нь тохиролцсон хэлцлээ баталгаажуулан 421 дүгээр захирамжийг үндэслэн нэхэмжлэгчтэй 2011.06.27-ны өдөр Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 308,28 кв.м газрыг зах зээлийн ханшаар 2 өрөө орон сууцны өртгөөр үнэлж, уг халуун усны барилгыг С.Гд хувьчлалаар өгөх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч тухайн барилга барих газраа чөлөөлж, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт Халуун усны зориулалттай барилгын ажлыг “Набсан” ХХК-иар гүйцэтгүүлж, 2013.09.19-ний өдөр улсын комиссод хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ.

 

Гэвч дээрх гэрээний дагуу халуун усны барилгыг хувьчлах, ашиглуулах үүргээ хариуцагч тал зөрчсөнөөс маргаан үүсч, 2013.09.27-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөллүүдийг оролцуулан хуралдаж, Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг С.Гд шилжүүлж өгөх санал гаргасныг Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дэмжиж уг асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар оруулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

 

Ийнхүү шийдвэрлэсний дагуу Б нь 2013.10.03-ны өдөр С.Гтой Газар өмчлөх эрх шилжүүлэх, маргаантай асуудлыг шийдвэрлэх тухай гэрээг байгуулжээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.

 

Талууд дээрх гэрээгээр С.Г нь өөрийн өмчлөлийн 308,28 кв.м газрыг Бт шилжүүлэн өгөх, Б нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг Нийслэлийн өмчөөс хасуулж, С.Гд шилжүүлэх үүргийг хүлээсэн байна.

 

Нийслэлийн өмчийн харилцааны газрын доод шатны байгууллага нь Дүүргийн Өмч, газрын харилцааны алба байх бөгөөд маргаан бүхий Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг Нийслэлийн өмчөөс хасуулах үүрэгтэйгээр энэхүү гэрээг дэмжиж оролцсон гэж үзэхээр байна.

 

Зохигчийн дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, хэлцэл хүчин төгөлдөр болжээ. 

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний нөхцөл болон 3.8, 3.12 дахь заалт, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэхэд арилжааны гэрээний эрх зүйн харилцаа үүссэн ба Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхээр зохицуулсан байна.

 

Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь  өөрийн өмчлөлийн 308,28 кв.м газрыг Бт шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлсэн, харин хариуцагч Б нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай байрыг газрын хамт нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан ба худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй байна.

 

Дээрх гэрээний 3.3 дахь заалтаар 2011.06.27-ны өдрийн Хамтын ажиллагааны гэрээний 1.5 дахь хэсэгт заасан  уг халуун усны барилгыг С.Гд хувьчлалаар өгөх асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад шийдвэрлүүлэх заалтыг хүчингүй болгожээ.

 

Иймд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Баянгол дүүргийн 10 хорооны 109,88 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь маргаан бүхий байрны талбайг 122 м.кв гэж тодорхойлон шаардлага гаргаж байгаа боловч 109,88 м.кв талбайтай байна.

 

Нэхэмжлэгч нь 3 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргаж байгааг буруутгах боломжгүй байна. Учир нь Баянгол дүүргийн Засаг дарга нь Баянгол дүүргийн 10 хороонд байрлах Иргэний танхимын зориулалттай 122 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх санал гаргасан, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь дэмжиж С.Г болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хооронд гэрээ байгуулагдсан, маргаан бүхий байр нь нийслэлийн өмч бөгөөд балансад нь бүртгэлтэй байх тул хариуцуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан талаар тайлбарыг хуульд заасан хугацаанд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.

 

Талуудын байгуулсан 2013.10.03-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь  2013.10.04-ны өдөр Баянгол дүүргийн 10 хорооны Иргэний танхимын байрыг хүлээн авах гэхэд хариуцагч тал өгөх боломжгүй талаар хариуг хэлж, байр түрээслэн гомдол хүсэлтээ гаргаж явсан нь тогтоогдож байна.

 

С.Ггийн газрын асуудлаар 2013.11.29-ний өдөр Нийслэлийн Засаг дарга уулзалт зохион байгуулж, 2 өрөө байрыг авах бол хүсэлтээ гаргах, эсхүл шүүхэд хандах талаар тайлбарлажээ.

 

Гомдлын дагуу 2014.01.10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч ашиглалтын зардлаа хариуцан эзэмшүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014.05.05-ны өдрийн 63 дугаар “Хөрөнгө бүртгэлээс хасч, шилжүүлэх тухай” тогтоолоор уг орон сууцны зориулалттай байрыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасч, С.Ггийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрснөөр Нийслэлийн Засаг даргын 2014.05.16-ны өдрийн А/392 дугаар захирамжаар өмчлөлд нь шилжүүлэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгажээ.

 

Гэвч хэргийн үйл баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлд энэхүү 2 өрөө орон сууцны өмчлөл шилжсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд дээрх шийдвэрээс хойш Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нэхэмжлэгчийн ашиглалтын зардлаа хариуцан эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 4 хороо, 4 байр, 3 тоотын 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нийслэлийн өмчид эргүүлэн авах үндэслэлээр чөлөөлж өгөхийг 2015.12.04-ний өдрийн 7/8212 дугаар албан бичгээр шаардаж байсан зэргээр хариуцагч талын татгалзал няцаагдаж байна.

 

Түүнчлэн дээрх 2 өрөө орон сууцыг авах талаар С.Г нь хүсэлтийг гаргаж байгаагүйгээс гадна 2014 оноос хойш төрийн байгууллагуудад Баянгол дүүргийн 10 хороо, Иргэний танхимын 109,88 м.кв талбайтай байраа авах талаар гомдол хүсэлтийг удаа дараа гаргаж байснаар хариуцагч талын С.Ггийн өмчлөлд шилжүүлж маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн талаарх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Шүүхээс хариуцагч Б болон Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч 2020.09.14-ний өдөр М.Солонгыг ажлаас түр чөлөөлсөн, энэ хугацаанд өөр этгээдийг томилон ирүүлээгүй, хариуцагч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид түүний шүүхэд мэдүүлсэн 92061192 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, товыг лавлах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 267,659 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулан, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 337,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэний танхимын 109,88 м.кв талбайтай байрны өмчлөх эрхийг С.Гд шилжүүлэхийг Б, Баянгол дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар нарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 267,659 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулан, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас хураамжид 337,769 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ