Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 253

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Улсын яллагч О.Багшбаяр,

Шүүгдэгч, хохирогч Г.М,

Шүүгдэгч, хохирогч А.А, түүний өмгөөлөгч П.Мөнхтуяа /ҮД:0170/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн  Г.М, А.А  нарт холбогдох 201725010828 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1990 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал засварлагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1 дүгээр гудамжны 6Б тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г М

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймагт 1991 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын операторчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Сэвсүүлийн гудамжны 18 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт А А

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.А нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мын өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Аын өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Мын өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Аын өгсөн: “… гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Мын өгсөн: “... 2017 оны 02  дугаар сарын 19-ний өдрийн бүтэн сайн өдрийн 19 цагийн үед
Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-6 Б тоотод орших
гэрээсээ найз Баасай, Оюунбат хоёртой уулзахаар гарсан. Бид гурав манай
гэрийн тэнд уулзаад Офицер орж пабад суухаар болоод Офицер ороод одоо би
нэрийг нь сайн мэдэхгүй байна, нэг пабад ороод 0.5 грамтай Хараа архи хувааж уучихаад гараад Тайхар нэртэй бааранд орох гээд явж байгаад болиод Чка каракое  руу орох гээд алхаад явж байсан чинь Шонх гэх зүс таних залуутай таарсан. Бид дөрөв нийлээд Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чка" нэртэй караокенд ороод 0.75 грамтай Улаанбаатар нэртэй архи захиалаад ууж дуусгаад гарцгаасан юм. 20 минутын дараа буюу 22 цагийн үед Шонх бид хоёр Чка нэртэй караокенд дахин орж ирээд 0.5 грамтай Чингис архи захиалж уугаад сууцгаасан юм. Уг архиа талд нь оруулаад би тасарчихсан байсан. Миний ухаан орж гараад байсан. Нэг мэдсэн чинь би ганцаараа ширээн дээрээ сууж байсан. Босоод 00-н өрөө орох гээд явсан чинь тэрнээс хойш юу болсноо сайн мэдэхгүй байгаа, нэг мэдсэн чинь би цээжин дээрээ шилээр зоолгоод цохиулаад газар унаад сэргэсэн юм. Ойролцоогоор 5 минутын дараа цагдаа нар орж ирсэн… Цээжний хатгагдаж зүсэгдсэн гэмтлийг Амгаланбат гэх залуу учруулсан, баруун нүдний доод зовхи, зүүн хацарын зулгаралт гэмтлийг хамт явж байсан хоёр эмэгтэй нь учруулсан байсныг дараа нь хяналтын камераас харсан. Би тухайн үед юу болсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх.11-12/,

Мөрдөн байцаалтад хохирогч А.Аын өгсөн: “… 2017 оны 02 дугаар  сарын 19-ний өдрийн 18 цагийн үед ажил тараад ажлынхаа хүмүүстэй нэг газар орохоор санал асуулга авсан чинь бүгд зөвшөөрөөд Тулгаатай хамт 3-4 хүн явсан. Одоо би хэн хэн явсаныг сайн санахгүй байна. Тэр хүмүүсийн араас нь буюу 21 цагийн үед би Баяраа, Баярмаа, Чимэгээ эгч бид дөрөв такси бариад Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чка нэртэй кароакены вип өрөөнд 0.75 грамтай хоёр шил Соёрхол архи 2-3 шил пиво захиалж ууцгаасан. 23 цагийн үед уг караокенаас гарах гээд тооцоогоо хийх гээд Заяа эгч, Тулгаа хоёр гарсан. Энэ хоёрыг гараад удалгүй зааланд эрэгтэй эмэгтэй хүмүүс орилоод байхаар нь хаалга онгойлгоод хартал бүгд бужигнасан байдалтай хаалганы хажуу талын хана луу Ганболдыг цагаан өнгийн цамцтай залуу шахчихсан зодоод, Тулгаа цагаан эрээн хувцастай залуутай ноцолдоод зогсож байсан. Намайг өрөөнөөс гараад очтол судалтай эрээн цамцтай залуу намайг бариад авахаар нь би тэр залуутай ноцолдож боох гэтэл уг залуу намайг үүрч тэврээд бид хоёр хоорондоо цохилцож байгаад салсан. Тэгсэн зодооныг анх эхлүүлсэн цагаан эрээн цамцтай залуу /жижиг толботой/-г хувцасаа тайлаад зодолдох гээд байхаар нь би араас нь тэврээд газарт унаад тэвэрсэн чигээрээ газарт хэвтэж байхад хохирогч Мөнх-Оргил гэх залуу миний дээрээс толгой болон дух руу өшиглөсөн, мөн нүүр болон дагз руу гараараа цохисон. Мөн Мөнх-Оргил болон цагаан эрээн цамцтай залуу хоёр нийлээд цагаан эрээн цамтай залуу нь тэврээд дарж байгаад Мөнх-Оргил цохисон. Тэр үед манай ажлынхан салгаад бөөнөөрөө өрөө рүүгээ орсон. Өрөөний гадна Чимэгээ эгч болон Заяа эгч хоёр үлдсэн, вип өрөөнд бид нарыг орчихсон байсан чинь заалнаас гараад ир, алалцъя гээд орилоод байсан. Би өрөөн дотор пиво ууж байгаад юунаас болоод зодоон болоод байгаа юм бэ? гээд ажлынхаа Мөнгөө, Баяраа, Баярмаа, Тулгаа, Ганболд бид нар ярилцаад зогсож байсан чинь гаднаас Мөнх-Оргил цээж нүцгэн орж ирэхээр нь би айж сандарсандаа болоод пивоныхаа шилний амнаас нь барьж байгаад далайгаад Мөнх-Оргилын зүүн талын мөр лүү нь цохисон чинь шил нь хагарчихлаар нь хагархай хэсгээр цээж рүү нь нэг удаа дүрчихсэн… 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой Чка бааранд Мөнх-оргил нь миний дээрээс дэвсээд, өшиглөж байхдаа шүд хугалсан мөн духанд учирсан гэмтлийг учруулсан, гарын эрхий болон долоовор хурууны гэмтэл бол зодоонд ноцолдож байхдаа үүссэн” гэх мэдүүлэг /хх.14/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “… 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хамт ажилладаг борлуулалтын ажилтан Ганболд, Чимэгээ, Заяа, Баярмаа, Амгаланбат, Тулгаа нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чка нэртэй караокенд үйлчлүүлсэн юм. Бид нар ороод 0.75 грамтай хоёр шил архи захиалаад хүний нэг нэг шил пиво захиалаад үүдээр ороод чигээрээ явж байгаад урд талынхаа өрөөнд сууцгаасан.  23 цагийн үед бид нар гарах гээд Заяа эгч, Тулгаа хоёр гарсан араас нь Ганболд гарсан чинь удалгүй зодоон болоод эхэлсэн, манай ажлын хүмүүсээс нэг нь гадаа зодоон болоод байна гараад салгаарай гэхээр нь бид нар өрөөнөөсөө бөөнөөрөө гарсан юм. Бид нар гараад салгах гэсэн чинь шилээр цохиулсан бүдүүн залуу, мөн хамт явж байсан найз гэх саарал цамцтай залуу хоёр учир зүйгүй дайраад эхэлсэн, шилээр цохиулсан бүдүүн залууг салгах гээд тэвэрсэн чинь хамт явж байсан залуу нь миний толгой руу хоёр гурван удаа цохисон. Бид нарыг Заяа эгч болон Чимэгээ эгч хоёр салгаад бөөнөөрөө өрөө рүүгээ ороод юунаас болоод зодоон болов гээд ярилцаад байж байсан чинь манай өрөөний хаалгаар шилээр цохиулсан бүдүүн залуу цамцаа тайлчихсан цээж нүцгэн ороод ирчихсэн ална гээд дайраад баисан. Энэ үед Амгаланбат ширээн дээр байсан 0.5 грамтай Сэнгүр нэртэй пиво уугаад зогсож байсан, ууж байсан пивоныхаа шилээр цээж рүү нь хоёр удаа хурдан цохисон чинь тэр бүдүүн залуу газар савж унаад босоод ирсэн. Бид нар Амгаланбатыг яаж байгаа юм тэнэг юм уу, хүнийг пивоны шилээр цохиод байхдаа яадаг гээд загнаад байж байсан чинь гаднаас цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч У.Алтанчимэгийн өгсөн: “… 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ажил тараад Заяа, Баярмаа, Мөнгөө, Амгаа, Баяраа, Мөнхтулга нартай хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чика нэртэй караокегаар үйлчлүүлсэн юм. Бид нар тусгай өрөөний караокед хоёр цаг аваад 0.75 грамтай хоёр шил Соёрхол нэртэй архи 10 шил 0.5 грамтай Сэнгүүр захиалаад сууцгаасан юм. Хоёр цаг гаран суугаад бид нар дуусгаад тооцоогоо хийх гээд Заяа, Ганбаа хоёр гарсан. Удалгүй зодоон болоод байна гээд Амгаланбат түрүүлээд араас нь Баяраатай хамт гарсан чинь Амгаланбатыг эрээн цамцтай залуу араас нь боочихсон цохиод байхаар нь очиж эрээн цамцтай залууг толгой руу нь 2 удаа цохичхоод эргээд харсан чинь Баярааг Амгаланбатад пивоны шилээр цохиулсан Мөнх-Оргил гэх залуу зодож байхаар нь өмөөрч Мөнх-Оргилыг Баярмаа бид хоёр нүүр лүү нь гараараа хоёр гурван удаа цохисон. Ингээд тэд нар зодоон болоод хоёр тийшээ салсан чинь Эрээн  цамцтай залуу болон Амгаланбат хоёр хоорондоо зодолдоод салгахгүй болохоор нь очиж Амгаланбатыг гараас нь татаад эрээн цамцтай залуугийн доороос босгоод иртэл Амгаланбат Мөнх-Оргилтой үргэлжлүүлээд зодолдоод эхэлсэн, би салгах гэсэн боловч Мөнх-Оргил нь салахгүй болохоор толгой руу нь гараараа хоёр гурван удаа цохисон чинь Амгаланбат, Мөнх-Оргил хоёр салцгаасан. Амгаланбат шууд босож ирээд саарал цамцтай залууг араас тэвэрч аваад тэр хоёр газар унасан чинь Мөнх-Оргил гэх залуу гүйж очоод Амгаланбатыг гараараа цохисон. Амгаланбатыг салгаад өрөө рүүгээ ор гээд түлхсэн, дараа нь Баярааг түлхээд өрөөнд нь оруулчихаад буцаж гарч ирээд салгах гээд зогсож байтал Мөнгөө Ганбаа хоёрыг Баярмаа өрөө рүү нь татаж оруулсан чинь араас нь Мөнх-Оргил гэх залуу ална гээд дайраад өрөөнд нь орох гээд байхаар нь би болиулах гэж араас нь татсан боловч дийлэхгүй байсан, тэгсэн подволкоо тайлаад цээж нүцгэн дайраад байсан. Би Мөнх-Оргил гэх залууг өрөө рүү оруулахгүй гээд өрөөний хаалгыг гадна талаас нь татаад зогсож байсан чинь Мөнх-Оргил гэх залуу дайраад орсон чинь урдаас Амгаланбат Сэнгүр пивоны бүтэн шилээр цээжинд нь далайгаад хоёр удаа цохисон чинь Мөнх-Оргил гэх залуугийн цээжнээс маш их цус гарсан” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтулгын өгсөн: “… 2017 оны 02  дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед манай ажлын Заяа, Мөнгөө, Ганболд, Чимэгээ, Баяраа   Баярмаа,  Даваадорж бид нар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооньг Чка нэртэй кароакет ороод 0.75 грамтай хоёр шил Соёрхол 10 ширхэг 0.5 грамтай пиво авсан юм. Ингээд хоёр цаг гаран дуулчихаад гарах гээд тооцооны билл авах гээд Заяа эгч Ганболд бид гурав текин дээр очтол шилээр цохиулдаг Мөнх-Оргил гэх залуу босож ирээд Ганболдтой маргалдаад хэрэлдээд зогсож байсан чинь текны хажууд сууж байсан саарал цамцтай залуу Ганболдыг цохиод зодож эхэлсэн. Тэгснээ Даваадорж руу дайраад Даваадорж саарал цамцтай залуутай хамт шалан дээр унасан. Энэ үед өрөөнөөс Баяраа болон Амгаланбат Чимгээ эгч гурав гарч ирээд Амгаланбат Баяраа хоёр эрээн цамцтай залуутай харилцан зодолдож эхэлсэн. Эмэгтэйчүүд нь салгаад байсан. Би эрээн цамцтай залуутай Амгаланбатыг зодолдож байхад нь би салгачихаад өрөө рүүгээ Мөнгөө, Ганболд хоёрыг арай том биетэй гэж бодоод хайгаад ортол байхгүй байсан, миний араас Амгаланбат, Баяраа, Ганболд нарыг Заяа эгч болон Чимэгээ эгч хоёр  өрөө рүү түлхээд оруулж ирсэн. Өрөөнд байж байсан чинь Мөнх-Оргил гэх залуу өрөөнд орж ирээд зодолдох гээд дайраад байсан Энэ үед Чимэгээ эгч оруулахгүй гээд хаалга хаагаад байсан.  Бид  нарыг өрөөнд байж байхад  Мөнх-Оргил  нь  подволка тайлчихсан нүцгэн явж байсан. Нэг мэдсэн цагдаа ороод ирчихсэн хүмүүсийг зохицуулаад Мөнх-Оргил гэх залууг шилээр цохисон байна гээд түргэн дуудсан байсан… Эрээн цамцтай залуутай харилцан зодолдоод байсан, тэрнээс салаад Мөнх-Оргилтой зодолдоод Мөнх-Оргил Амгаланбатын толгой руу гараараа олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх.19/, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3019 дугаартай дүгнэлтэд:

“1. Г.Мын биед цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун нүдний зовхи, зүүн хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,  

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 3046 дугаартай дүгнэлтэд:

1. А.Аын биед дээд зүүн 1-р шүдний хугарал, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.32/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.А нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд Г.Мийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Г.М нь 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чка” нэртэй караоке бааранд А.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Өлзийбаярын өгсөн: “… Энэ үед Амгаланбат ширээн дээр байсан 0.5 граммтай Сэнгүүр нэртэй пиво уугаад зогсож байсан ууж байсан пивоныхаа шилээр цээж рүү нь хоёр удаа хурдан цохисон чинь тэр бүдүүн залуу газар савж унаад босоод ирсэн” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн байцаалтад гэрч У.Алтанчимэгийн өгсөн: “… Мөнх-Оргил гэх залуу дайраад орсон чинь урдаас нь Амгаланбат Сэнгүр пивоны бүтэн шилээр цээжинд нь далайгаад хоёр удаа цохисон чинь Мөнх-Оргил гэх залуугийн цээжнээс маш их цус гарсан” гэх мэдүүлэг /хх.17-18/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.Мөнхтулгын өгсөн: “… Эрээн цамцтай залуутай харилцан зодолдоод байсан, тэрнээс салаад Мөнх-Оргилтой зодолдоод Мөнх-Оргил нь Амгаланбатын толгой руу гараараа олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх.19/, 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 3019, 3046 дугаартай дүгнэлтүүд /хх.28, 32/,

Шүүгдэгч Г.М, А.А нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.М, А.А  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус   оногдуулах саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар Г.М, А.А нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч шүүгдэгч нарын хувьд эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.М, А.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

Г.М, А.А  нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Г.М, А.А нарын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М, А.А нарын үйлдсэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн учир шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Г.М, А.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г М, Б овогт А А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, А.А  нарт холбогдох 201725010828 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.

3. Г.М, А.А  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М, А.А нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                               С.ӨСӨХБАЯР