Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 155/2015/00153/И |
Дугаар | 001/ХТ2016/001132 |
Огноо | 2016-10-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2016/001132
Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 561 дүгээр шийдвэртэй,
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч : Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар
Хариуцагч : Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар,
Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь Прокурорын газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгох
Хариуцагч нарын гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Содномхишиг, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг бид Мөрөн сумын иргэн Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 34,8 сая төгрөгийг зээлдүүлж, зээлдэгч нар зээлсэн мөнгөө хугацаанд нь өгч чадахгүй тохиолдолд өөрсдийн эзэмшлийн Мөрөн сумын 6-р багийн 31 дүгээр гудамжны 04 тоот хашааны газар, түүн дээрх 24x8 хэмжээтэй, төмөр дээвэртэй, палкан байшин болон бусад хөрөнгийг авч, өгөлцөхөөр тохиролцсон юм. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нар нь залилан мэхлэх замаар бусдын их хэмжээний хөрөнгийг завшсан учраас 2006-09-08-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад байхад Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын Мөрөн сумын 6-31-04 тоотын 24x8 хэмжээтэй 192 метр квадрат талбай бүхий эд хөрөнгийн талаар холбогдох арга хэмжээг авах, битүүмжлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасаар байхад Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28.2.10, 76.1, 134.1, 104.1, 105.1, 105.2-т заасныг хэрэгжүүлээгүйгээс яллагдагч нар өөрсдийн хашааг бусдад хууль бусаар шилжүүлэх боломж олгосон. 2006-05-15-нд яллагдагч нар хөрөнгөө бусдад шилжүүлсэн шүүхийн шийдвэр гарсны дараа ажил хийсэн дүр эсгэн битүүмжилсэн бөгөөд үүний улмаас Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2006-09-08 ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолд яллагдагч нарын хөрөнгийн талаар тусгагдаагүй. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш 8 жил гаруй хугацаанд шүүхийн шийдвэр огт биелээгүй нь хариуцагч нар тухайн үед эрх, үүргээ биелүүлээгүй, яллагдагч нар хөрөнгөө хууль бусаар бусдад шилжүүлэх боломж олгосонтой шууд холбоотой. Мөрөн сумын иргэн Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан болон хяналт тавин ажиллаж байсан Хөвсгөл аймгийн цагдаа, прокурорын байгууллагын мөрдөн байцаагч, прокурор нь хохирогч бидний хохирлоо барагдуулах байсан эд хөрөнгийг хамгаалалтанд авах, битүүмжлэх талаар холбогдох арга хэмжээг хуульд заасны дагуу хэрэгжүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогчдын зүгээс гаргасан хүсэлт, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлээгүй зэргээр хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч шаардлагыг өөрчилж байна. Эрүүгийн хүнд гэмт хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эзэмшлийн хөрөнгө байхгүй болж, хохирлоо барагдуулах боломжгүй болж бидний эрх зөрчигдсөн нь Хөвсгөл аймгийн цагдаа прокурорын газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорууд хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүйгээс шалтгаалсан гэж үзсэн учраас шүүхээр тогтоолгохоор гомдол гаргасан. Шүүхээс Хөвсгөл аймгийн цагдаа болон прокурорын газарт бидний зүгээс гаргасан гомдлыг өөр өөр шаардлагатай байна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгон өөрчлөхийг хүсэж байна. Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 2005.05.16-нд битүүмжилсэн гэдэг боловч битүүмжлэл хийлгэсэн Батсүхэд үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор барьцаалсан эрх үүсээгүй байдаг юм. Тэгээд энэ битүүмжлэл нь хууль бус байсны улмаас 2006.02.08-ны өдөр хүчингүй болсон байдаг. Тухайн битүүмжлэл нь эрүүгийн хэрэгт огт хамааралгүй. Мөрөн сумын 6-31-04 тоотын хашаа, байшин нь Зоос банкны барьцаанаас чөлөөлөгдсөнөөс хойш Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2006.4.17–ны өдөр хүртэл хэний ч барьцаанд байгаагүй. Тухайн үл хөдлөх Д.Жаргалсайхан болон түүний гэр бүлийн эзэмшилд байсан нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас цагдаагийн газарт 2005.10.04-ны өдөр ирүүлсэн 04/50 тоот хариунаас тодорхой байгаа. Эрүүгийн хэрэг үүссэн цагаас хойш хохирогчдын зүгээс яллагдагч, шүүгдэгч нарын хөрөнгийг олж илрүүлэх, байгаа хөрөнгийг битүүмжлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч цаг хугацаанд шийдвэрлээгүй болно. Хүсэлт гаргаж байсныг нь гэрчийн мэдүүлэг болон бидний зүгээс шүүхээр гаргуулан хэрэгт авахуулсан баримтууд нотолдог. Гэтэл хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарлах, битүүмжилж хамгаалалтанд авах боломжтой байсан боловч арга хэмжээг аваагүй. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлыг цаг хугацаанд хийгээгүйг нотлох баримт бол Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2006.04.13–ны өдрийн 1/6 дугаартай албан тоот юм. Энэ албан тоот нь эрх бүхий албан тушаалтнуудын хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй эс үйлдэхүйг хангалттай нотолж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь хийх ёстой ажлаа хийхгүй байсаар эрүүгийн хэрэг мөрдөгдөж эхэлснээс хойш 11 сарыг өнгөрүүлсний дараа уг тоотыг Захиргааны хэргийн шүүхэд гарган өгч хохирогчдын хохирлоо барагдуулах баталгаа байсан хөрөнгийг бусдад шилжүүлэх боломж олгосон юм. 2005.5.16-ны өдрөөс хойш хөрөнгийг битүүмжлэх ажлыг хийлгүй байсаар 2006.4.17-ны өдөр бусдад шилжүүлсний дараа буюу 2006.05.15-нд битүүмжилснийг хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийсэн гэж үзэх боломжгүй. Хэрвээ хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийсэн бол эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2006.9.08-ны өдрийн 137 тоот шийтгэх тогтоолд Мөрөн сумын 6-31-04 тоотын хашаа байшин тусгагдах ёстой байсан. Иймд Хөвсгөл аймгийн Цагдаа болон Прокурорын газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй эс үйлдэхүйг тогтоож өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нар нь Прокурор болон Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгох шаардлагаа гаргажээ. 2005.05.16-ны өдөр Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148-3-р хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөн хугацаанд Д.Батсүх нь иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчийн 2005.5.16-ны өдрийн захирамжаар Д.Жаргалсайханы эд хөрөнгийг битүүмжилсэн байсан. Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсан учир эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг хийх боломжгүй бөгөөд дахин битүүмжлэх шаардлагагүй. Мөрдөн байцаагч хэргийг шалгах явцдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95.1, 95.4-г баримтлан ажилласан. Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа Д.Жаргалсайханы нэр дээр байгаа эсэхийг 2005.9.01-ний өдөр 1/2-671 дугаар албан бичгийг үл хөдлөх хөрөнгийн газар хүргүүлсэн байдаг. Хариу нь 2005.10.03–ны өдөр 4\50 дугаар албан бичгээр ирсэн. Албан бичигт шүүхийн 2005 оны 532 тоот захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжлэн, хөдөлгөөн хийхгүй байхыг мэдэгдсэн байна гэж хариуг өгсөн. Дээрх үл хөдлөх хөрөнгийг Захиргааны хэргийн шүүхийн 2005.10.31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Б.Болдоогийн өмчлөлд шилжүүлэхийг даалгасан байдаг. Эд хөрөнгийн маргаантай асуудалд захиргааны хэрэг үүсгэж 2005.10.31-ний өдрөөс эхэлж, шат шатны шүүхийг дамжсаар 2006.4.17-ны өдөр шийдвэрлэгдсэн байдаг. Шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр юм. Мөрдөн байцаагч 2005.516-ны өдөр Д.Жаргалсайханд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т зааснаар хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллагдагч нарын нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зэрэг ажиллагааг хэргийг эцэслэн шийдэх хүртэл хийж байсан нь хавтас хэргээс харагдаж байгаа. Иймд Л.Содномхишиг, Ц.Эрдэнэ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хөвсгөл аймгийн Прокурорын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлд хариу тайлбар гаргаж байна. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 2005.5.16-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.Үүний дагуу Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нар шийтгүүлсэн. Хэрэг шалгагдах явцад Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нар эд хөрөнгийн байдлыг тогтоох талаар холбогдох байцаан шийтгэх ажиллагаа явагдсан. Гэвч Ц.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын хувийн өмчлөлд байсан гэх Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах хашаа, байшин нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэх үед Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч 2005.516-ны өдрөөс 2006.02.08-ны өдөр хүртэл хугацаанд битүүмжилсэн. Заасан эд хөрөнгө нь Жаргалсайхан нарын нэр дээр бүртгэлтэй боловч уг эд хөрөнгө нь банкны барьцаанд байсан, мөн өмчлөлийн талаар маргаж шүүхээр хянан хэлэлцэгдэх шатанд шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан. Энэ тохиолдолд Жаргалсайхан, Бурмаа нарт эд хөрөнгөө захиран зарцуулах, нуун дарагдуулах, өөр хүнд шилжүүлэх эрх байхгүй, мөн прокурор, цагдаагаас өмчлөл тодорхой бус, дараа нь өөр хүний /Болдоо/ өмчлөлд шүүхийн шийдвэрээр шилжсэн эд хөрөнгийг Жаргалсайхан нарын эд хөрөнгө гэж битүүмжлэх хууль зүйн үндэслэл боломжгүй байсан байна. Дээрхи байдлаас дүгнэж үзэхэд тухайн үед хэргийг шалгасан мөрдөн байцаагч, хяналт тавьж ажилласан прокурор нь хэргийг шалгагдах явцад хэрэгт хийгдвэл зохих ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн. Мөн хийх ёстой ажлаа хийгээгүйгээс Жаргалсайхан, Бурмаа нарын хөрөнгө хууль бус этгээдэд шилжсэн, байхгүй болсон гэж үзэх ямар ч үндэслэлгүй, Иймд прокурор, мөрдөн байцаагчийн буруутай эс үйлдэхүй байхгүй гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар 17-ны өдөр 236 дугаартай шийдвэр гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын эд хөрөнгийг цаг хугацаанд нь битүүмжлэн хамгаалах ажиллагааг хийгээгүй болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Прокурорын газар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Жаргалсайхан нь Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах хашаа байшинг 2004.11.18-ны өдөр Зоос банкид барьцаалан зээл авч уг зээлээ төлж барагдуулсанаар барьцааны хөрөнгийг 2005.02.13-ны өдөр чөлөөлсөн байна. /хх 60/, Иргэн Ж.Батсүх, Д.Жаргалсайханд холбогдуулан сум дундын шүүхэд 7 сая төгрөгийн нэхэмжэл гаргаснаар 2005.05.16-ны өдөр уг мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах хашаа байшинг битүүмжилж 2006.02.21-ний өдөр битүүмжлэлээс чөлөөлсөн /хх 108-109/, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүх 20051.10.31-ний өдрийн 15 дугаар шийдвэрээр Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын Мөрөн сумын 6-31-04 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.Болдоогийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Хөвсгөл аймгийн Эрхийн улсын бүртгэлийн албанд даалгаж шийдвэрлэсэн, УДШ-ийн хяналтын шатны 2006.01.16-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор дээрх 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, 6-31-04 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүгчийн захирамжаар битүүмжлэх, шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжүүлэхийг даалгах зэргээр шийдвэрлэгдэж байсан. Мөн уг хөрөнгийг Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт зээлэхдээ барьцаалсан гэх баримт тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдсан гэх боловч уг гэрээ нь 2005 онд нөхөн хийж нотариатаар батлуулаад улмаар 2005 гэснийг 2004 он болгон засварласан болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл, мөнгө зээлүүлэхэд уг хөрөнгийг барьцаалах талаар харилцан тохиролцоогүй болох нь тогтоогдсон. Ийм ч учраас эрүүгийн нэрэг үүсгэсэн өдрөөс хэргийг шүүхэд шилжүүлэх өдөр хүртэл хугацаанд битүүмжлэх талаар нэг ч гомдол гаргаж байгаагүй. Иймд цаг тухайд нь шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч, энэхүү эрх нь зөвхөн ЭБШХ-ийн 398-р зүйлд заасан 4 үндэслэлээр үүнтэй холбоотой өргөдлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр ЭБШХ-ийн 397-р зүйлийн 397.1-д заасан байна. Харин нэхэмжлэгч нар нь эд хөрөнгийг битүүмжлэн хамгаалах ажиллагааг мөрдөн байцаагч цаг хугацаандаа хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй бөгөөд энэхүү асуудал нь Д. Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл явдал гэж үзэж байна. Иймд учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Маргааны зүйл нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2005.10.31-ний өдрийн 198 дугаар захирамж, 2005 оны 15 дугаар шийдвэрээр тус тус битүүмжлэгдсэн ба шүүхийн шийдвэрээр өөр хүний өмчлөлд шилжсэн байсан нь тогтоогдож байна. Гэтэл мөрдөн байцаагч уг үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ёстой байсан агуулгатай дүгнэлт хийсэн нь буруу юм. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн 49.2, 50.2, ЭБШХуулийн 8.1, 95.4 дэх заалтуудыг тус тус хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нар гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эд хөрөнгийг хамгаалалтанд авах, битүүмжлэх талаар хуульд заасан арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэгдэх хэрэг гэж үзэж шийдвэрлэсний дагуу Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс гомдлыг авч хэлэлцээд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. 2005.05.16-нд эрүүгийн хэрэг үүссэнээс хойш 2006.05.15 хүртэл 12 сарын хугацаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нарын эд хөрөнгийг хамгаалалтанд авах, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, битүүмжлэх талаар ямар ч арга хэмжээ аваагүй нөхцөл байдал юм. Мөн гомдолдоо “...битүүмжилсэн байсан, шүүхийн шийдвэрээр бусдын өмчлөлд шилжсэн хөрөнгө байсан...” гэж бичсэн байгаа нь ажлаа хийгээд саад болохгүй зүйлээр шалтаг хийж, хийх ёстой ажлаа цаг хугацаагүй гэдгээ нотолж байна. Хэргийн 7-8 дугаар хуудсанд байгаа эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006.9.08-ны өдрийн 137 шийтгэх тогтоолд шүүгдэгч нарын хөрөнгө огт тусгагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч нар ямар ч гомдол гаргаж байгаагүй гэх боловч энэ нь хохирогч нарын хүсэлтээр шийдвэрлэгдэх ажиллагаа бус, албан тушаалтны хуульд заасан зайлшгүй хийх ажиллагаа, албан тушаалын үүрэг юм. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Цагдаагийн газар болон Прокурорын газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нар нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар, Хөвсгөл аймаг дахь Прокурорын газарт холбогдуулан /хх 1ийн 1-3, 48-54, 89-92, хх 2-ийн 278-282, 371-372, 407-408/ гаргасан бөгөөд “...хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй...” гэдгийг нэхэмжлэгч нь “... Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа байшин зэрэг хөрөнгийг битүүмжлээгүй...” гэж тайлбарласан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргажээ. / хх1-ийн 23, 24, 25, 28, 93-95, хх 2-ийн 273-274, 387-390/
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарын эд хөрөнгийг цаг хугацаанд нь битүүмжлэн хамгаалах ажиллагааг хийгээгүй болохыг тогтоосон шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээжээ.
Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх үед тэдгээрийн хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-31-04 тоот хашаа, өвөл зуны сууц нь шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул цагдаа, прокурорын газар нь эрүүгийн хэрэг үүсгэхдээ нэр бүхий иргэдийн эд хөрөнгийг цаг хугацаанд нь битүүмжлээгүй тухай нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, энэ үйл баримт нь Ц.Эрдэнэ нарын гомдлоор Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн /хх1-ийн 95/ тогтоол, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-31-04 тоотод буй өвөл зууны сууцтай хашаа зэргийг битүүмжлэх Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тухай 198 дугаар /хх1-ийн 146/захирамж, Д.Жаргалсайхан нь Батсүхэд 10,5 сая төгрөг төлөхийг зөвшөөрснийг батлах тухай 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 532 дугаар /хх 1-ийн 145/ захирамж, уг захирамжийн дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-31-04 тоотод буй хөрөнгө битүүмжлэгдсэн тухай Хөвсгөл аймгийн газрын албаны 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/50 дугаартай албан бичиг /хх1-ийн 61/ -р тогтоогджээ.
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-31-04 тоотод буй өвөл, зууны сууцтай хашаа зэргийг битүүмжлэх тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн тухай 198 дугаар захирамж нь мөн шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаар тогтоолоор хүчингүй болсон /хх 1-ийн 108, 160/ хэдий ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байна. Учир нь тухайн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-31-04 тоот газрыг эзэмших эрхийг Д.Жаргалсайханаас бусдад шилжүүлэх тухай Мөрөн сумын засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 72 дугаар захирамж гарч хүчинтэй байсан нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэрүүдэд /хх1-ийн 141-144/ заасан үйл баримтаар нотлогдож байна.
3. Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт 2005 оны 05 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш 2 сарын дараа буюу 2005 оны 07 дугаар сарын 21-ний өдөр /хх 1-ийн 42-43/, болон 2006 оны 2, 4 дүгээр сард /хх1-ийн 37-40, хх2-ийн 400/ нэхэмжлэгч нар нь цагдаа болон прокурорын байгууллагад сэжигтэн нарын эд хөрөнгөтэй холбоотой хүсэлт мэдээллийг өгч байсан тухай баримт 1-р хавтаст хэргийн 42-43, 2-р хавтаст хэргийн 400 дугаар талд авагдсанаас өөр өргөдөл, гомдол хэрэгт байхгүй тул сэжигтэн нарын эд хөрөнгийг битүүмжлэх хүсэлтийг нэхэмжлэгч нар нь “удаа дараа гаргасан...” гэх үйл баримт тогтоогдоогүй, Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэл үндэслэлгүй байна. Түүнчлэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.10, 42 дугаар зүйлийн 42.3.6, 106-112 дугаар зүйлийн зохицуулалтаас үзвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийх боломжтой ч энэ нь заавал “хүсэлт”-р хийх ажиллагаа биш байна. Иймд энэ тухай үйл баримт нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 106-112 дугаар зүйлийн заалтаас үзвэл хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хохирогч гомдол гаргах эрхтэй ба хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас хохирол учирсан бол хуульд заасан журмын дагуу хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ нь тогтоогдсон байхыг шаардана. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий албан тушаалтанаас гарсан буюу хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаа хууль бус явагдсанг эсхүл мөрдөн байцаалтын шатанд хийгдэх ёстой ажиллагааг цаг хугацаанд нь хийгээгүй болохыг тогтоосон ямар нэг шийдвэр, эрхийн акт хэрэгт байхгүй байна. Түүнчлэн, хэрэгт байгаа баримтаар энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 561 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 111 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар болон Хөвсгөл аймаг дахь Прокурорын газарт холбогдох “...хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор нь Д.Жаргалсайхан, Л.Бурмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажлаа цаг хугацаанд хийгээгүй эс үйлдэхүйг тогтоолгох ...” тухай Ц.Эрдэнэ, Л.Содномхишиг нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ