Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/953

 

Б.Б, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, Б.М нарын гаргасан давж заалдах гомдлуудаар тэдгээрт холбогдох эрүүгийн 2205011322051 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Б н Б, 1998 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр У хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хоол хүргэлтийн ажилтай, ам бүл 5, эхнэр, эгч, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн.

2. Б овгийн Б М, 1986 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр З аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сүлжээний инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт -  тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/.

Шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Б гийн эзэмшлийн “Р” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1.799.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Нн “А” загварын гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.С н эзэмшлийн “А” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -тоотод хохирогч Я.Н тэй маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт, богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 7 дугаар сарын 2-ны -, “Э” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Г г ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.М нь “Т” худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Б ийн хулгайлсан А.С н эзэмшлийн “А” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар, Б.М ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Т овогт Б н Б ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б ны М г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг худалдан авсан, эзэмшсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 2 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б д Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 cap, 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 9 cap, 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил, 9 cap, 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б ийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 7 cap 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.М д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 1.799.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Бд олгож, хохирогч А.Г, Я.Н нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.М г баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж, мөрдөн байцаалт болон прокурор, шүүхэд хүндрэл учруулаагүй. Мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Миний бие ял шийтгэгдэхээсээ өмнө ажил хийж, хохирол гомдлыг төлж барагдуулаад явж байсан. Хохирогч Г.Н д 1.800.000 төгрөгөөр “А” маркийн гар утсыг худалдан авч өгч хохирлыг барагдуулсан. Мөн хохирогч Я.Н болон А.Г нарт тохиролцон эмчилгээний зардал болон эм, тариа авч өгсөн бөгөөд хохирол, гомдол, саналгүй гэдэг. Хохирогч Б.Б гийн хохирлыг төлөх гэсэн боловч охин дүү маань улсын асрахаас гарч байгаа бөгөөд эрэгтэй дүү маань мөнгөний бололцоогүй байгаа билээ. Хохирлыг цаашдаа заавал төлж барагдуулна. “Т” ХХК-д ажилладаг талаар тодорхойлолт /2хх 103/ хэрэгт авагдсан. Прокурор Г.Ариунзулын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн эсэргүүцэлд “яллагдагч Б.Мд Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заагаагүй ял буюу мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй” гэжээ.Тийм боловч надад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 2023/ШЦТ/43 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар 14 хоногийн ял дээр 1 жил 3 сарын ялыг нэмж, 2 жил 9 сар 14 хоногийн ял оногдуулж, надад гаргаагүй гомдол дээр ял нэмсэнд гомдолтой байна. Миний бие төрсөн ээж, ах хоёроо өвчнөөр алдаж, хорвоо дээр 2 дүүтэйгээ гурвуулаа үлдсэн байдаг. Бид 3 багаасаа улсын асрамжийн төвд хамтдаа өссөн билээ. Эрэгтэй дүү асрахаас гараад түрээсийн байраар өөрийгөө дөнгөн данган авч явдаг. Охин дүү маань 18 нас хүрч улсын асрахаас гарч байгаа. Иймд надад маш том хариуцлага ирж байгаа гэдгийг ойлгож байгаа. Удаах ялаа эдэлж гараад 2 дүүдээ сайн ах нь байж, гэр бүлээрээ хөдөлмөрлөж, нийгэмд хэрэгтэй, сайн хүмүүс байж, сайхан амьдрах болно. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол гомдлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирол бүрэн төлж барагдуулсан. Надад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний бие ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдарч, ганцаараа ажил эрхэлдэг. Ажил Чингэлтэй дүүрэгт байдаг. Аавын минь эрүүл мэнд асуудалтай, 2022 оны 7 дугаар сард хөлөө тайруулж, асрамжид орсон. Гэр нь Сонгинохайрхан дүүрэг, 5 шард байдаг бөгөөд байнга очих шаардлага гардаг. Эдгээр асуудлуудыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгч М.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгч маань гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирол төлбөрийг төлсөн. Гагцхүү оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нутаг дэвсгэрийн хэмжээ хязгаарыг зөвхөн Баянгол дүүргээр тогтоосон нь шүүгдэгчийн амьдралын эх үүсвэр, орлогоо олдог ажлын байрыг харьяалуулаагүйгээс болж амьдралын байдал хүндрэх болоод байна. Чингэлтэй дүүргийн Тэди төвийн урд ТҮЦ-д 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг ба худалдахаар ирсэн гар утаснуудыг авдаг. Хууль бусаар олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан гэсэн үндэслэлээр ял шийтгүүлсэн учраас энэ төрлийн гэмт хэрэгт дахин оролцохгүй байх талаар ухамсарлаж ойлгосноо илэрхийлж байгаа. Гэхдээ ажлын байр, олох орлого нь 8 нэрийн дэлгүүр учраас ажлаа хийхгүй бол болохгүй. Тийм учраас хоёр дүүргийг дамнуулж, Баянгол, Чингэлтэй дүүргийн хязгаараар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Хэрэгт шалгагдах явцдаа гэмт хэрэгтээ тодорхой дүгнэлт хийж, ажил хийн хохирол төлбөрөө барагдуулж байсан. Хоёр дүүгийн хамт амьдардаг бөгөөд дүү нар нь асрамжийн газраар явсан, одоо насанд хүрч байгаа. Дүү нартай муу үлгэр дуурайлал үзүүлсэндээ харамсаж, цаашид дүү нараа харж хандаж, амьдралд нь тус дэм болохоо илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэндээ туйлын харамсаж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэдэг. Гэм буруугийн талаар маргаж давж заалдаагүй, харин анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан. Б.М гийн хувьд эрүүгийн хариуцлагыг буруу оногдуулсан үндэслэлээр гомдол гаргаж, давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдээр хэлэлцүүлсэн. Үүнтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлага, ялын төрөл нэмэгдэж, эрх зүйн байдал нь хүндэрсэнд гомдолтой байгаа. Гэмт хэрэгтээ хандах хандлага, дүгнэлт хийж буй байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдлыг нь өмгөөлөгчийн хувьд бүрэн дэмжиж байна. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, ажил эрхэлж үлдсэн хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Б д оногдуулсан хорих ялаас багасгаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бийн хувьд хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хөнгөн, хүндэвтэр гэсэн хоёр гэмт хэргийг үйлдсэн. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 2 жил 9 сар 14 хоногийн хорих ял оногдуулсан нь Б.Бийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 5 жил хүртэл хорих ял оногдуулах санкцитай. Харин Б.Бийн үргэлжилсэн үйлдэлд анхан шатны шүүх 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай бол шүүх 7 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай бол шүүх 2 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Улмаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн 2 жил 3 сар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор хүлээсэн ялтай байх хугацаандаа дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн тул өмнөх ялыг нэмж нэгтгэн 2 жил 9 сар 14 хоногийн хорих ял болгосон нь хангалттай бага ял гэж үзэж байна. Мөн шүүгдэгч нь 2 жил 9 сар 14 хоногийн хорих ялыг эдэлж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасны дагуу хугацааны өмнө тэнсэн суллагдах боломжтой тул түүнд оногдуулсан хорих ялыг багасгах үндэслэл, шаардлага харагдахгүй байна. Шүүгдэгч Б.М ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн бөгөөд тус ял нь хуулийн зүйл заалтад заасан хамгийн бага хэмжээний ял юм. Б.М нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр бус хоёр дүүргийн хэмжээгээр тогтоолгохоор гомдол гаргасан байна. Гэвч уг ял нь гэрээс нь ч гаргахгүй байх боломжтой зохицуулалттай. Гэтэл дүүргийн хэмжээгээр хязгаарласан нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг өөрчлүүлэхээр ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорт хандах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ....” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь:

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төв дотор байрлах лангуунаас хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Р” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч улмаар түүнд 1.799.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуунаас хохирогч Г.Н ийн “А” загварын гар утсыг, нууцаар хууль бусаар авч 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг гар утасны худалдаа, үйлчилгээний лангуунаас А.Сн эзэмшлийн “А” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -тоотод хохирогч Я.Н тэй маргалдан улмаар заазуураар гар, толгой хэсгийг зүсэх зэргээр биед нь баруун гарын шууны ард шууны урт, богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

мөн 2022 оны 7 дугаар сарын 2-ны -, “Э” худалдааны төвийн хажуу талын нийтийн байрны 2 давхрын өрөөнд хамт архи ууж байсан А.Гг ямар нэгэн шалтгаангүйгээр түүний нүүрэн тус газар нь өвдөглөж, эрүүл мэндэд дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч Б.М нь “Т” худалдааны төвийн гадна байхдаа 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд Б.Бийн хулгайлсан А.Сн эзэмшлийн “А” загварын гар утсыг гэмт хэргийн улмаас олсон болохыг мэдсээр байж худалдан авч, гар утсыг эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 30 минутын үед өөрийн ажил болох ... Т худалдааны төв дотроо ... өөрийн гар утсаа лангуун дээрээ тавьсан байсан. Хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал нэг үл таних залуу “архи зардаг уу” гэж асуугаад хурдан гараад явсан. Гарч явсан хойно нь лангуун дээрээ очоод утсаа авах гэтэл утас маань байгаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...” /1хх 22-23/,

хохирогч А.Г н “...Би 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ... танил болох Б, Б нартай өдөр 12 цагийн орчимд тааралдаж уулзсан. Б “...манайд очиж ... сууя” гээд ... Эрчим худалдааны төвийн хажуу талын нийтийн байранд 14 цагийн орчимд очсон. ...Тэгээд бид нар шар айраг ууж, ярьж сууж байгаад Б бид хоёр нойр хүрээд ... унтаж байгаад сэрсэн чинь ... Б “би энэний шөрмөсийг таслаадахъя” гэж яриад байсан ба хамт байсан залуу нь хориглоод байсан. Тэгсэн чинь Б “одоо эд нарыг дарж авахгүй бол толгой дээр гарах нь” гээд байсан. Тэгсэн чинь нөгөөх залуу нь “за за би эндээс явъя, тэгэхгүй бол хүн амины хэрэгт орох нь” гээд байсан. Тэгтэл Б нь босч ирээд боль гэж хэлсэн чинь Б нь согтуурхаад “чи эсхүл хамт хутгалуулах уу” гээд хутга хайгаад байсан. Тэгээд байж байснаа гар утасны цэнэглэгч авч “хутганы оронд энүүгээр зодчихъё” гээд намайг цэнэглэгчээр ороолгоод байсан. Тэгээд би өөдөөс нь босох гэсэн чинь намайг өвдөглөөд миний ам хэсэгт оносон. Тэгээд би гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан. Б бид хоёр “Гэртээ харих зам” нэртэй асрамжийн газарт хамтдаа өссөн. ...” /1хх 62-63/,

хохирогч Г.Нн “...Би ... 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн орой 19 цагийн орчимд ... “Т” худалдааны төвийн 2 давхрын 5 номерын лангуун дээр өөрийн эзэмшлийн “А” маркийн ... гар утсаараа фэйсбүүкт ороод сууж байтал 25 орчим насны ... 2 залуу ирээд, хүүхдийн унтлагын болон биеийн тамирын хувцас асуухаар нь гар утсаа ширээн дээр тавьчихаад тухайн асуусан бараануудыг үзүүлэхэд үзэж байгаад явахаар нь гар утсаа үзэхэд байхгүй болчихсон байхаар нь өөрийн гар утас руу 3 удаа залгахад, аваад тасалж байгаад унтраачихсан юм. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...” /1хх 97-98/,

хохирогч А.Сн “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутын орчимд ... 22-27 настай эрэгтэй хүн орж ирээд “Р маркийн гар утасны гадна гэр байгаа юу” гэж асуухаар нь би өөрийн гар утсаа сууж байсан ширээний шүүгээнд хийгээд нөгөө эрэгтэйн асуусан гар утасны гэрийг үзээд байж байтал гаднаас мөн маск зүүсэн танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирсэн нөгөө 3 залууг гарч явсны дараа өөрийн “А” загварын гар утсаа хийсэн газраасаа авах гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. ...” /1хх 139-140/,

хохирогч Я.Нн “...Би 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед эхнэр Зн хамт ... явах замдаа ... Бн Б тэй болон түүний эхнэр Б тэй таарсан. Тэгээд бид 4 манайд очихоор болоод ... гэртээ ирээд Б бид гурав архи уусан Бийн эхнэр байгаагүй. Архи дуусаад Б 1 шил архи авчирсан би цагийг нь санахгүй нэг мэдсэн гэгээ тасарч ... босож ирэхэд Д гэх манай гэрт амьдардаг залуу орж ирсэн. Б нь Д г зодох гэж дайраад би салгасан. Тэгээд архи уугаад цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд түргэний машин дотор явж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Толгойн дагз хэсэгт нэг удаа зүсэж, зүүн гарын долоовор хурууг 2 удаа зүссэн, баруун гарын бугуй хугарч 3 хурууны шөрмөсийг зүссэн уг гэмтлүүдийг заазуураар Б.Б зүсэж учруулсан. ...” /1хх 192-193/,

гэрч Г.З н “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... Б залгаад “би буудалд ууж байна” гэхээр нь би “буудалд ууж байхаар манайд ирээч” гэсэн чинь удаагүй хүрээд ирсэн. Удалгүй буцаад манай нөхрийг дагуулж гараад 0.75 литрийн Хараа 1 ширхэг, тамхи, ундаа авч ирсэн. Түүнийг бүгд хувааж уусан юм яриад сууж байгаад Б манай нөхөр Н г зодоод, манай гэрт байсан заазуур аваад толгой, зүүн гар нүүр зэрэг газар нь зүссэн. Тэгээд гараад яваад өгсөн. Тэгэхээр нь би дээд давхарт байдаг найздаа хэлээд цагдаа дуудуулсан юм. Согтуу байсан болохоор ам зөрөөд муудалцсан тэр үед бүгд архи уусан байсан. Гэхдээ би өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. ...” /1хх 195-196/,

гэрч С.Б н “ ...Н, Б, З гурав архи ууж байгаад Н, Б хоёр хоорондоо маргалдсан. Юуны улмаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би тэр хоёрыг болиулах гэтэл Нн эхнэр нь “чи юундаа маяглаад байгаа юм чамайг ингэж салгах гээд байхаар чинь наад хоёр чинь улам маргалдаад байна” гээд суугаад байсан. Тэгээд Н, Б хоёр хоорондоо зодолдсон. Хэн нь хаана цохисныг сайн хараагүй. Нн нүүрнээс цус гарсан. Б ийн хүзүү болон нүүр амнаас цус гарсан байсан. Тэгээд би Бийг дагуулаад 6-н буудалд байрлах У гэх буудлын 23 тоотод орж хоносон. ...” /1хх 200-201/,

Б.Бийн гэрчээр өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 15- ны орой 18 цагийн орчим ... Т худалдааны төвийн 2 давхарт ... худалдагч хийж байсан залуугийн “А” маркийн гар утас нь лангууны хэсэгт ил харагдаад байхаар нь лангуун дээрээс хулгайлан авч халаасандаа хийгээд гарч явсан. Ингээд тухайн гар утсаа - дугаарын утсаар Б.М гэх урьд өмнө нь хулгайн гар утсаа өгч байсан, Т худалдааны төвийн гадна зогсож гар дээрээс худалдаа эрхэлдэг хүнд 200.000 төгрөгөөр худалдсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авсан ба тухайн хүнд би хулгайлж авсан гар утас гэдгээ хэлээд өгсөн. ...” /1хх 142/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед Н тэй зодолдохдоо бас гэмтэл авсан. ...” /1хх 247/,

Б.Мгийн гэрчээр өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орой 18 цагийн орчимд Т худалдааны төвийн гадаа гар дээрээс гар утас зарж борлуулаад байж байтал зүс таних Б гэх залуу /тухайн залуугийн дугаарыг нь сайн санахгүй байна/ миний - дугаарын утас руу залгаад “утас өгөх гэсэн юм та хаана байна” гэхээр нь “т худалдааны төвийн гадаа байна б талбай дээр хүрээд ир” гэсэн. ...Тэрээр “а маркийн гар утас авчаач” гэхээр нь би тухайн утсыг дэлгэцийн үнээр нь бодон 250.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /1хх 145-146/,

Б.Мгийн яллагдагчаар өгсөн “...Би анхнаасаа хулгайн утас гэж мэдээгүй. Тэр хүн надад утсаа өгөхдөө хулгайн утас гэж хэлээгүй. ...” /1хх 167-168/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн “...А.Г д дээд үүдэн зүүн шүд /21-р шүд/ хөдөлгөөн орсон, доод уруулд шарх, дал, ууц, нуруу, зүүн бугалга, баруун өгзөг, гуяны ар дээд хэсэгт олон тооны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэсэн 9437 дугаартай /1хх 66-67/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “...Я.Нн биед баруун гарын шууны ард шууны урт богино тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудын тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх, зүүн зулайн хуйх, дээд уруулын зүүн хэсэг, дээд уруулын зүүн гадна дээд хэсэгт шарх, зүүн сарвууны долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун гарын шууны ард шууны хурууны тэнийлгэгч шөрмөс болон хуруунуудыг тэнийлгэгч, долоовор, чигчий хурууны тэнийлгэгч шөрмөснүүдийг тасалсан шарх гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь тус бүрд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үйлдэгдсэн байх боломжтой байна. ...” гэсэн 359 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 222-224/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 183-184/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14-16, 91-92/, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 132-134/, “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 29-32/,”Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 103-104, 183-184/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд, шүүгдэгч Б.Мг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдан авч, эзэмших, захиран зарцуулах эрхийг олж авсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 cap, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг 2 жил, 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 446 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 6 cap, 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жил, 9 cap, 14 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 жил, 9 cap, 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 7 cap 13 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Бэс “хорих ялыг хөнгөрүүлэх талаар” давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн сэдэл санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нь түүний гэм бурууд тохирсноос гадна шинжээчийн дүгнэлт болон хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн хохирогч нарт учирсан бодит хохирлыг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх ба хохирогч А.Г, Я.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Хавтас хэрэгт, шүүгдэгч Б.Мгийн биеийн байцаалтад Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Г н 365-302 тоотод оршин суух бүртгэлтэй талаар баримт хувийн байдалд авагдсан ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мгаас зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаар, бүсчлэлд Чингэлтэй дүүргийг оруулж тогтоох үндэслэл бүхий баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Б.Мгаас “зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Баянгол, Чингэлтэй дүүрэг болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Бийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/890 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, Б.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ