Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02316

 

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02316

 

 

Э.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31ий өдрийн 183/ШШ2020/02284 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Э.А-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ЦДҮС ТӨХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч  Э.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын шугам засварын монтёроор 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Эрхэлсэн ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй, тогтвортой ажиллаж ирсэн. Би 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зайлшгүй шалтгаанаар ээлжийн амралтаа эдлэх шаардлага үүссэн. Учир нь миний төрсөн эгч Э.Сүрэнцэцэг нь хөгжпийн бэрхшээлтэй бөгөөд түүний бие 2020 оны 3 дугаар сарын 18, 19-ний үед муудаж, би эхнэртэйгээ хамт түүний оршин суудаг Дундговь аймгийн Говь-Угтаал сум руу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ажлаа тараад явсан. Миний эцэг, эх хоёр эгчийг минь харж, асардаг. Эгчийгээ асрахаар 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авах хүсэлтээ удирдлагадаа гаргасан. Хүсэлтийг Засварын албаны дарга Ж.Шарав ээлжийн амралт олгож болох талаар цохож, улмаар Говийн бүсийн салбарын дарга С.Намжилцэрэн Судалж үзээд шийдвэрлэх тухай цохолтыг мөн хүсэлтэд тухайн өдөр хийж өгсөн. Би эхнэртэйгээ үл ялих зүйлээс маргалдсанаас болж шүүхийн шийдвэрийн дагуу 15 хоног баривчлагдсан. Энэ хугацаанд би ээлжийн амралттай байгаа тул чөлөө авах шаардлагагүйгээр баривчлагдах хугацааг дуусгаад ээлжийн амралтын хугацаагаа дуусгаад ажилдаа орсон. Гэтэл надад ээлжийн амралт олгохоор шийдвэрлэж байсан дарга маань хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзээд намайг ажпаас халсан. Би хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй, хуулиар олгосон ээлжийн амралтаа эдлэхээр хүсэлтээ гаргаж, зохих шийдвэрийн дагуу ээлжийн амралтаа эдлээд ажилдаа орсон. Иймд өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.А-гийн эгч Э.Сүрэнцэцэгийн биеийн байдал муудсан тул ээлжийн амралтыг 2020 оны 4 дүгээр сард авахыг хүссэн өргөдлөө ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарт 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дамжуулсныг салбарын захиргаа бүртгэлжүүлэн салбарын дарга С.Намжилцэрэнд танилцуулсан. Э.А- нь өргөдөл гаргасан өдрөөс эхлэн ажилдаа ирэлгүй, хэл сураггүй болсон. Говийн бүсийн салбарын Захиргаа, аж ахуйн албанаас хуваарийн дагуу бус ээлжийн амралт авах өргөдлийг судлах явцад Дундговь аймгийн прокурорын "Зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 7 дугаар мэдэгдэл ирсэн. Дээрх мэдэгдэл ирснээр Э.А- өргөдлөө өөрөө биш тус салбарын Засварын албаны засварын монтёр П.Отгонтөгс, А.Дорждэрэм нараар бичүүлж дамжуулсан нь тогтоогдсон. Бичгээр гаргасан хүсэлтдээ Э.А- хөдөлмөрийн гэрээ, зааварчилгааны хуудсыг баталгаажуулах хуудаст өөрөө гарын үсэг зураагүй, эгчийн бие муудсан талаарх баримт, материалыг хүсэлтдээ хавсаргаагүй. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заалтыг хангаагүй, Э.А- ажил олгогчийн зүгээс өргөдлийг шийдэж, хариу өгөөгүй байхад ажпын байрыг дур мэдэн орхиж, ажил тасалсан, 4 дүгээр сарын 01-нээс ээлжийн амралт авахаар хүсэлт гаргасан атлаа 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны ажлыг тасалсан. Ээлжийн амралтын хувиараа өөрчлөх өргөдөл гаргасан боловч гаргасан хугацаа нь 4 сард ээлжийн амралт гаргаж өгнө үү гэсэн хүсэлттэй байгаа. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой тооцох зөрчлийг гаргасан. Тийм учраас ажил олгогч тал Э.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Э.А-гийн нэхэмжлэлтэй, ЦДҮС ТӨТӨХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 128 700 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 49 010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2020 оны 3 дугаар сард надад тохиолдсон зүйлийн талаар нэхэмжлэлдээ тодорхой дурдсан. Миний хүсэлтийг дарга, удирдлагууд шийдвэрлэе гээд цохолтууд хийсэн байдаг. Тэгээд би нэгэнт л ээлжийн амралтаа эдлэх болсон юм чинь чөлөө, зөвшөөрөл авалгүйгээр баривчлагдсан хугацаагаа дуусгаад гараад ирье гэж бодсон. Гэтэл баривчлагдаж дуусаад гараад иртэл намайг ажпаас халсан юм. Би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу л ээлжийн амралтаа эдлэх эрхтэй гэж үзэж байна. Ажлаасаа халагдана гэж өөрийгөө үнэхээр бодоогүй. Гэтэл энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзсэнгүй. Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг хэрэглэсэн. Дээрх тушаалын тэргүүн хэсэг Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай гэж байгаа мөртлөө гол нэгдүгээр хэсэгтээ хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсугай гэж гарсан. Эрх зүйн акт өөрөө сахилгын шийтгэл бол энэ талаараа дурдах нь зүйтэй байтал хөдөлмөрийн гэрээг цуцлах ойлголт гарч ирсэн. Хөдөлмөрийн гэрээг цуцлах болон сахилгын шийтгэл нь тус тусдаа хууль зүйн өөр өөр ойлголтууд гэж үзэж байна. Иймд намайг ажлаас халсан тушаал нь хууль ёсны эрхгүй эрх зүйн акт гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлыг шүүх шийдвэртээ дурдаагүй, тогтоогоогүй байх тул тус шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадахгүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4, Цахилгааны дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.1.3, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.3-т тус тус заасны дагуу ээлжийн амралт эдлэх эрхтэй. Намайг амраахгүй гэх шийдвэр гаргах эрх ажил олгогчид хуулиар олгогдоогүй. Ээлжийн амралт эдлэх хүсэлт хавтаст хэргийн 20 дугаар талд авагдсан. Анх би эгчийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжийн амралтаа эдлэх гэсэн. Гэвч зөрчлийн хэргийн улмаар ээлжийн амралт эдлэх шалтгаан өөрчлөгдсөн. Гэхдээ л би хуульд заасны дагуу шалтгаан хамаарахгүйгээр ээлжийн амралт эдлэх эрхтэй. Энэ нөхцөл байдлыг шүүх тодорхойлоогүй нь тус шүүхийн шийдвэрийг хууль ёсны биш бөгөөд үндэслэлгүй бүхий биш байгааг мөн илтгэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх боломжтой.

 Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч ЦДҮС ТӨХК-д холбогдуулан засварын монтёрын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 2 128 700 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хариуцагч ЦДҮС ТӨХК нь 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №Б/188 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Э.А-г ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 56/

Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, ажпаас буруу халсан талаарх гомдлоо 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь заалтын б дэд заалтад Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажпын 3 өдөртэй тэнцэж байвал ноцтой зөрчилд тооцохоор, тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтын г дэд заалтад Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 ба түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол ажил олгогч ноцтой зөрчилд тооцохоор тус тус заасан байна. /хх-ийн 46, 61/

Нэхэмжлэгч Э.А- нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ажил тасалсан талаар цагийн бүртгэлд тэмдэглэгдсэн, уг зөрчлийг хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчлийн хуудас зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаагаас үзэхэд тэрээр хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж хэлбэрийн хувьд үзэхээр байна. /хх-ийн 64-68/

Гэвч 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Э.А- миний бие тус салбарт шугамын засварын монтёроор ажилладаг. Миний төрсөн эгч Э.Шүрэнцэцэг хөгжлийн бэрхшээлтэй асаргаанд байдаг. Биеийн байдал гэнэт муудсан. Иймд 2020 оны ээлжийн амралтын хуваарийг 4 дүгээр сард болгож өгнө үү гэсэн агуулга бүхий уг өргөдөлд Захиргаанд Монтёр Э.А-гийн ар гэрийн гачигдлыг харгалзан ээлжийн амралтыг шилжүүлэн зохицуулахад засвараас албаны зүгээс ажил зохицуулахад боломжтой байна засварын дарга Ж.Шарав 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэсэн, мөн судалж үзээд шийдвэрлэх 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэсэн удирдах албан тушаалтнуудын цохолт хийсэн баримт хэрэгт авагджээ. / хх-ийн 63 /

Нэхэмжлэгч Э.А- дээрх өргөдлийг өөрөө бичиж гарын үсэг зураагүй, бусдаар бичүүлж захиргаанд хүргүүлсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон боловч тухайн үед өөрөө бичих боломжгүй нөхцөл байдалд буюу Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 15 хоног баривчлагдсан болох нь Дундговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 тоот мэдэгдлээр тогтоогдсон. /хх-ийн 85/

Шүүх нэхэмжлэгчийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын 7 хоногийн талаар ажил олгогчид хандаж чөлөө, ээлжийн амралтыг урьдчилан олгох талаар хүсэлт болон өргөдөл гаргаагүй гэж үзэхдээ хэргийн дээрх нөхцөл байдлыг анхаараагүй байна.

Нэхэмжлэгч Э.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн хэрэгт холбогдож, улмаар шүүхийн шийдвэрээр баривчлагдсан явдлыг ажилдаа ирэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулах үндэслэл болохгүй. Гэвч нэхэмжлэгч буюу ажилтан нь ээлжийн амралтыг урьдчилан олгох талаар өргөдөл хүргүүлсэн, ажил олгогчийн эрх бүхий албан тушаалтнууд уг өргөдлийг шийдвэрлээгүй боловч ажлыг нь зохицуулах боломжтой талаарх цохолт хийж хариу өгч байсан баримт хэрэгт авагдсан / хх-ийн 63 / байгаагаас үзэхэд түүнийг ямар ч шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан гэж дүгнэх нь учир дутагдалтай болно.

Дундговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 тоот мэдэгдэлд дурдсанаар нэхэмжлэгч Э.А-д шүүхийн шийдвэрээр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсны дээр ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл давхар оногдуулсныг ажилтны гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн шинж байдалд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч Э.А-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 128 700 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба уг шаардлагаа нэмэгдүүлж өөрчлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх байтал урьдчилан төлүүлсэн нь буруу болсон тул өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2020/02284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Э.А-г ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбарын Засварын албан шугам засварын монтёрын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 128 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Гантулгад олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч ЦДҮС ТӨХК-д даалгасугай гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49 010 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ЦДҮС ТӨХК-иас 49 009 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ