Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/17

 

 *******т холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                               Д.Энхбаяр

Шүүгдэгч                                                 ******* 

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Урансувд

Нарийн бичгийн дарга                             Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18ы өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт *******ын *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1986 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. /РД: *******/ Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаар шүүгчийн захирамжаар 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө хяналт тогтоож суллагдсан.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, хорооллын ******* тоотод 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тай маргалдаж цээжин тус газар нь хүрэн өнгийн модон иштэй хутгаар 1 удаа зүсэж “цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 37 /гучин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 10 сар 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 10 сар 37 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийг Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна.

Би өмнөх шийтгэх тогтоолоор тэнсэн хянан харгалзсан хугацаа нь 2 жил 10 сар 7 хоног бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс магадлангаар үлдсэн хугацааг тэнсэн хянан харгалзсан. Энэ хугацаанаас заримыг би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтан дор сар бүр бүртгүүлж эдэлсэн бөгөөд шүүх эдлээгүй үлдсэн ялыг тооцохдоо хэрэг үйлдсэн хугацаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш эрүүгийн хариуцлага хүлээлгэх өдөр хүртэл хоногийг эдлээгүй үлдсэн ял гэж тооцох байтал алдаатай шийдвэрлэсэн. Би бодохдоо 1 жил 8 сар 23  хоногоо эдэлсэн байгаа ба гэмт хэрэг үйлдсэн өдрөөс энэ хугацаа зогсож гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас хойш шүүхийн шийтгэх тогтоол оногдуулах хүртэл хугацааг эдлээгүй үлдсэн ял гэж үзээд хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэмнэ гэж үзэж байна.

Тиймээс анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа илэрхий алдаа гаргаж хуулийг буруу хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үйлдлийг зөвтгөн шийдэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн магадлангийн хурлын шийдвэрээр үлдсэн хугацааг тэнсэн суллагдсан. Ингээд дараа нь 1 сарын хорих ялаар шийтгэгдсэн байгаа. Эдлээгүй үлдсэн бүх ялыг бүгдийг нэмж нэгтгэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хоёр санал байна. Эхний удаад хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнтэй маргах зүйл байхгүй. Ял оногдуулахдаа 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан. Үүнийг нэмж нэгтгэн 30 хоногийн хорих ялаар сольсон байна. Ингэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үйлдэл болж байна. Тиймээс тус тусд нь ялыг эдлүүлэхээр шийдвэрлэж өгөөч гэдэг саналыг тавьж байгаа юм. Дараа нь эдлээгүй үлдсэн ял гэдэг асуудлыг ярьж байна. Багануур дүүргийн шүүгчийн захирамжаар 2 жил 10 сар 7 хоногийн хугацаагаар тэнссэн. Энэ хугацаанд сар бүр Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгүүлж ирсэн. Гэмт хэрэг гарсан огноо нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байсан. Эдлээгүй үлдсэн ялд тэнсэн хянан харгалзсан ялыг бүхэлд нь тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр хэдийгээр тэнссэн хэдий ч хуулийн байгууллагад тогтмол бүртгүүлж ирсэн байна. Энэ хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох бүрэн боломжтой байна гэж харж байна. Мөн ялын санкцыг тус тусд нь эдлүүлэх ч боломжтой байна.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: “Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 46 тоот шүүгчийн захирамжаар 2 жил 10 сарын 07 хоногийн хугацааг тэнсэн хянан харгалзаж сулласан байгаа. Анхан шатны шүүхээс ялыг бүхэлд нь сэргээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, хорооллын ******* тоотод 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тай маргалдаж цээжин тус газар нь хүрэн өнгийн модон иштэй хутгаар 1 удаа зүсэж “цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, /хх 42-43, 91 тал/

Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг болж байхад найз болох Гантулгатай Чингис нэртэй 0,75 литрийн шар шилтэй архийг хувааж уугаад сууж байхад ******* гэх манай Гурванзагал сумын залуу Гантулгатай утсаар ярьж байгаад манай гэрт ирсэн. Бид гурав хамт архи ууж байгаад Гантулга тасраад унтчихсан бөгөөд ******* бид хоёр уугаад сууж байхдаа маргалдсан. Юунаас болж маргалдсан гэдгийг санахгүй, хаанаас хутга авсан гэдгийг нь мэдэхгүй байна. Миний цээжин тус газарт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би гэрээс зугатаж гараад баруун талын хөршийнхөө гэр рүү гүйж ороод эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг, /хх 21-22/

Гэрч М.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...хэсэг хугацааны дараа би нэлээн согтчихсон сууж байхад гаднаас манай найз Мягмардорж гэр лүү орж ирэх үед хажууд сууж байсан найз ******* хоолны шүүгээн дээр байсан хүрэн модон иштэй хутгыг аваад Мягмардорж руу өөдөөс нь дөхөж очоод хутгалах шиг болохоор нь би босч *******ын барьж байсан хутгыг булааж аваад салгах үед Мягмардорж гэрээс гараад явсан. ******* бид хоёр найз Мягмардоржийн гэрт нь сууж байхад гаднаас хоёр цагдаагийн алба хаагч орж ирээд ******* бид хоёрыг аваад саатуулах байранд авчирсан. ...” гэсэн мэдүүлэг, /хх 28-29/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хүний биед хийсэн 153 дугаар дүгнэлтэд: “1. ын биед цээжний зүүн дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт, /хх 34-35/

Хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх 06/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 07-12/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 16-17/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 37 /гучин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жил 10 сар 37 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Шүүгдэгч ******* “... надад оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ буруу нэгтгэсэн, хугацаанаас өмнө суллагдсанаас хойш ялаа эдэлж байсан тул зөвтгөж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ.” гэж, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, ... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан.

8. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ХМШЗ/46 дугаар захирамжаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* овгийн *******ын *******ын эдлээгүй үлдсэн хоёр /2/ жил арван /10/ сар долоо /7/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, *******ын эдлээгүй үлдсэн ялынх нь хугацаатай тэнцүү буюу хоёр /2/ жил арван /10/ сар долоо /7/ хоногийн хугацаагаар хяналт тогтоож, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалт зөрчсөн бол шүүх эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэх, хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх журамтайг тус тус дурдаж шийдвэрлэжээ. /хх 57-60/

9. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 37 /гучин долоо/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасантай нийцсэн байна. 

Иймд шүүгдэгч *******ын “ялыг багасгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тус шүүхээс дүгнэв.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/  хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.УРТНАСАН

 ШҮҮГЧИД                                                      Ц.ЭРДЭНЭЗУУ    

                                                                                   З.ЭНХЦЭЦЭГ