Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2020/02291

 

МАГАДЛАЛ

2020.12.04. Дугаар 2291

 

 

 

 

 

 

Д Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/02619 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ШШШШ ажлын албанд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудасын дагуу төлбөр төлөгч Д Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүд болох Ногоон үржил ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах, эзэмших эрхийн 0232029 дугаарын гэрчилгээтэй 20 000 м.кв газрыг 44 600 000 төгрөгөөр, Б.Баянцэцэгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 25 дугаар хэсэг гудамжны 2540 тоот 144.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029882 дугаарт бүртгэлтэй хувийн орон сууц, гарааш, эзэмших эрхийн 000595613 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар зэргийг 122 701 838 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-220502274 дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 31 дүгээр байрны 06 тоот 52.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 92 183 112 төгрөгөөр, Улсын бүртгэлийн Ү-2206022671 дугаар бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Буянт-Ухаа гудамж 61/2 дугаар байрны 16 тоот дахь 42.1 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 56 285 890 төгрөгөөр тус тус зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. 2020 оны 5 дугаар сард хоёр дахь дуудлага худалдааг явуулж, барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг хэт доогуур буюу 50 хувиар борлуулах эрсдэл үүссэн нь бидэнд маш их хохиролтой байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 дугаар захирамжаар Д Б ХХК-аас 1 711 547 559 төгрөгийг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах эзэмших эрхийн 0232029 дугаарын гэрчилгээтэй 20 000 м.кв талбайтай газар, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлбэ 25 дугаар хэсэг гудамж 2540 тоот дахь 144.7 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029882 дугаарт бүртгэлтэй хувийн сууц гаражийн хамт, эзэмших эрхийн 000595613 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв газрын хамт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол Дилав хутагт Жамсранжавын гудамж 31 дүгээр байрны 06 тоот 52.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа гудамж 61/2 дугаар байрны 16 тоот 42.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчийг томилж дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлснийг Д Б ХХК-ийн төлөөлөгч Б.Баянцэцэг, өмчлөгч нарт мэдэгдсэн. Үнэлгээг тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д Б ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх, үүргийн хүрээнд бодит үнэ цэнийн суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь үнэлгээчин Г.Отгонбаярын тайлбараар тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл тухайн үнэлгээ нь бодит нөхцөл байдалд нийцээгүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж, бусдын эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байхад тухайн үнэлгээ гаргасан этгээдийг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулан түүний тайлбарыг үндэслэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох хэдий ч дээрх маргааны явцад өөрийнхөө гаргасан үнэлгээг гэрчилж түүнийг нь шүүх үнэлж дүгнэсэн нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл, бусдын хөрөнгийг үнэгүйдүүлж үнэлсэн үнэлгээчний хувьд өөрийн гаргасан үнэлгээгээ хамгаалах, хэрэгт хувийн ашиг сонирхол байхгүй гэж үзэх үндэслэл байхгүй юм. Мөн шүүх тухайн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлоо хуульд заасан 7 хоногийн хугацаанд нэхэмжлэгч гаргаагүй байх тул дээрх үндэслэлээр Д Б ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор мэдэгдсэн тохиолдолд 7 хоногийн хугацаа хамаарах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь энэхүү хугацааг хэтрүүлж мэдэгдсэн байхад дээрх хугацааг хэтрүүлж гомдлоо гаргасан гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үнэлгээг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Нэхэмжлэгч Д Б ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/03486 дугаар захирамжаар Д Б ХХК-аас 1 707 200 583 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгож, дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, Махата Гандигийн гудамж 25 дугаар байрны 27 тоот хаягт байршилтай 139.5 м.кв талбайтай, Ү-2206012811 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Буянт-Ухаагийн гудамж 61/2 дугаар байр 16 тоот хаягт байрлалтай 42.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав Хутагт Жамсранжавын гудамж 31/1 дүгээр байр 29 тоот хаягт байршилтай 78.61 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз Хутагт Дамдинбазарын гудамж 81 дүгээр байр 1 тоот хаягт байрлалтай, 167 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 8 дугаар Дилав Хутагт Жамсранжавын гудамж 31 дүгээр байр 6 тоот хаягт байрлалтай 52.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо, Сэлбэ 25 хэсэг гудамж, 2540 тоот хаягт байрлалтай 144.7 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалтай барилга, мөн дүүргийн 20 дугаар хороо /Сэлбэ/-д байрлалтай 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалттай 700 м.кв талбатай 18648329386447 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороонд байрлалтай 15 жилийн хугацаатай, чацаргана тарих зориулалттай 20 000 м.кв талбайтай, 8041/0197 нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрлэснийг баталсан байна. /1хав-6-8х/

 

Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Буянт-Ухаагийн гудамж 61/2 дугаар байр 16 тоот хаягт байрлалтай 42.1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 8 дугаар Дилав Хутагт Жамсранжавын гудамж 31 дүгээр байр 6 тоот хаягт байрлалтай 52.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-16,19/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах саналын харилцан тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/48 дугаар тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

 

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 31 дүгээр байрны 6 тоотод байршилтай 52.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205022744 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000084832 дугаарын гэрчилгээтэй, Б.Баянцэцэгийн өмчлөлийн 2 өрөө орон сууцны зориулалттай байрыг 130 000 000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, Буянт-Ухаа гудамж 61/2 дугаар байрны 16 тоотод байршилтай 42.1 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206022671 дугаарт бүртгэлтэй, Б.Баянцэцэгийн өмчлөлийн орон сууцыг 56 285 890 төгрөгөөр, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ 25 хэсэг гудамж 2540 хаягт байрлах, 144.7 м.кв талбайтай хувийн сууж, гарааш, эзэмших эрхийн 000595613 дугаарын гэрчилгээтэй 700 м.кв талбайтай газар зэргийг нийт 122 701 838 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах, эзэмших эрхийн 0232029 дугаарын гэрчилгээтэй 20 000 м.кв талбайтай газрыг 44 600 000 төгрөгөөр үнэлсэн талаар зохигчид маргаагүй.

 

Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан болон шинжээчийн тайлбараар уг үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлсон байна. /хх-21-58/ Иймд зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайлангаа 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь мөн өдөр шинжээчийн үнэлгээний талаар төлбөр төлөгч Д Б ХХК-ийн төлөөлөгч Б.Баянцэцэгт мэдэгдсэн байна. Иймд үнэлгээний талаар хуульд заасан хугацааг хэтрүүлж мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. /хх-9-11,14, 61/

 

Төлбөр төлөгч Д Б ХХК нь шинжээчийн үнэлгээг мэдэгдснээс хойш буюу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах санал гаргасан атлаа 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргаж хугацааг 18 хоногоор хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй. Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасан.

Иймээс төлбөр төлөгч Д Б ХХК нь шинжээчийн дүгнэлтийг мэдэгдсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаархи гомдлоо гаргаагүй. Харин шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш 3 өдрийн дотор буюу 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барьцаалагдсан хөрөнгийг өөрсдөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар үнэлгээний талаархи гомдол гаргах хугацааг тооцох боломжгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ...шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гэж, мөн зүйлийн 37.2 дахь хэсэгт ...нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж заажээ. Иймд Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн шинжээч Г.Отгонбаярын мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2020/02619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.БАЙГАЛМАА