Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0713

 

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0713

Улаанбаатар хот

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б гаргасан давж заалдах гомдлоор “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Баянголын доод хэсэг нэртэй 64.11 га талбайд MV-016957 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Х” ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож, жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч “Х” ХХК нь хуулиар олгосон боломжит хугацааны дотор буюу 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 34.7 дахь хэсгүүдэд заасан тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох болон хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх зохицуулалтад нийцэж байна” гэж дүгнэжээ.

Гэтэл анхан шатны шүүхийн үндэслэл болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасан байдаг.

Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох боловч тухайн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирж бүртгүүлснээр төлбөрийг төлсөнд тооцохыг хуульчилсан. Нэхэмжлэгчийн “төлбөрийг банкинд төлсөн л бол болно” гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд төлбөрийн баримтыг холбогдох төрийн захиргааны байгууллагад ирүүлж бүртгүүлсэн тохиолдолд төлбөрийг төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн хувьд төлбөр төлсөн огноотой холбоотой маргааныг шүүх шийдвэрлээгүй бөгөөд харин төлбөр төлсөн эсэх асуудлын маргааныг шийдвэрлэсэн. Энэ тохиолдолд төлбөрийг төлсөн гэдгийг хэрхэн тодорхойлох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэх ёстой байсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хэдийгээр тус шилжүүлгийн баримтад тусгай зөвшөөрлийн дугаарыг 19657А гэж бичсэн боловч энэ нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзлээ” гэсэн байна.

Хэргийг ердийн журмаар дахин хэлэлцэх ажиллагааны явцад тодруулсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ашигт малтмалын газрын Төрийн сан банк дахь 900000712 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1394000 төгрөг, алданги 121320 төгрөг бүхий орлогыг төлсөн байна. Гэхдээ төлөхдөө гүйлгээний утга хэсэгт “лицензийн төлбөр 19657А” гэж нэхэмжлэгч компанийн MV-16957 дугаартай тусгай зөвшөөрлөөс өөр компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн дугаар бичиж төлсөн.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг буруу бичсэн нь тухайн компанийн холбогдох албан тушаалтны буруутай үйл ажиллагаа болохоос төрийн захиргааны байгууллагыг гэм буруутай гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Гэтэл тус хуулийн заалт нь “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” зохицуулалт байна.

Гэтэл “Х” ХХК-ийн нэхэмжлэл бүхий маргаан нь захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгохтой холбоотой маргаан бөгөөд захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахаас татгалзсан үйлдэл, үйл ажиллагаанд хамааралгүй болно.

Дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй, гэхдээ шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

“Х” ХХК нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-016957 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу анх олгосон сар, өдрөөс нь эхлэн тооцоход 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан ч энэхүү хугацаанд бус харин мөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлжээ.

Хэдийгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасан байдаг ч төлбөр төлсөн баримтаа захиргааны байгууллагад ирүүлээгүй нь дээрх үйл баримтыг үгүйсгэх, цаашлаад тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болохгүй.

Уг хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх боломжит хугацаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл байсан төдийгүй хариуцагчаас энэ хугацаа хэтэрснээс хойш мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргах ёстой.

Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн төлбөрийг боломжит сүүлийн өдөр буюу 23-нд төлсөн нь бодит факт атал төлбөрийн гүйлгээний утга дээр өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн MV-16957 дугаарын 6 ба 9 тоог зөрүүлж MV-19657 гэж, компанийн нэрийг “КХХК”  бичсэн зэрэг нь бичиглэлийн алдаа болохоос гүйлгээний алдаа бус, иймд эдгээр нь нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор тус компанийн ашигт малтмалын ашиглалтын MV-16957А тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрх сэргээгдэх үр дагаварт хүргэх тул “...ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхийг хариуцагчид даалгах” гэсэн нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй, өөрөөр хэлбэл энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэсэн зохицуулалтын хүрээнд хангагдах учиртай.

 Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэгт шууд хамааралгүй хуулийн заалтыг баримталснаас гадна маргаан бүхий акт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр байхад тус хэлстийн шийдвэр мэтээр бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0559 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт заасныг баримтлан “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН