Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 765

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Х******* ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дага Ж.Мөнхдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн Увс аймгийн Зү******* сумын Баянголын доод хэсэг нэртэй газарт орших 64,11 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 30 жилийн хугацаатай 90190******* тоот гэрчилгээ авсан болно.

Энэ хугацаанд гэрээний үүргийн дагуу тухайн жил бүрийн  тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байсан. Тус компанийн удирдлага 2015 онд өөрчлөгдсөн ба шинэ гүйцэтгэх захирал Т.Ш******* нь тухайн онд өөрийн эзэмшлийн газарт олборлолт хийхээр очсон боловч орон нутгийн ард иргэд, удирдлагын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулж ямарч үйл ажиллагаа явуулж чадалгүй санхүү, эдийн засгийн томоохон алдагдал хүлээсэн болно. Үүний дараа олборлолт явуулах улирал дуусч, гүйцэтгэх захирал Т.Ш*******гийн эрүүл мэнд, биеийн байдал маш муудаж хүндээр өвчилсөн ба удаан хугацаагаар хэвтэрийн дэглэм, эмчилгээний нөхцөлд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эрүүл мэнд нь сайжраагүй эмчилгээний байдалтай байна.

Энэ өвчтэй, эрүүл мэндийн хэцүү асуудалтай үед тухайн оны буюу 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх  хугацаа өнгөрсөн тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан байсан ба манай компани энэ тухай 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №6/1975 тоот кадастрийн хэлтсийн даргын албан тоотоор мэдэж дээд шатны албан тушаалтанд буюу Ашигт малтмалын газрын даргад 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №1/3052 албан тоотоор татгалзсан хариу өгсөн болно.

Манай компани уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба гүйцэтгэх захирлын эрүүл мэндийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 тоот захирамжийн 3 дахь заалтыг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Зү******* сумын нутаг Баянголын доод хэсэг нэртэй 64,11 га  талбайд MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Х*******” ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн  тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг.

“Х*******” ХХК-аас хуулийн дээрх заалтын дагуу MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1-4 дэх жилүүдийн төлбөрийг төлж ирсэн бөгөөд уг тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байсан.

Гэвч тус компаниас тусгай зөвшөөрлийн 5 дахь жилийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тухай хуулийн 34.2-т заасан хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол тухайн компани төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 30 хоногийн дотор алдангийн хамт төлбөрөө төлөх боломжтойгоор хуульчилж өгсөн.

“Х*******” ХХК-ийн хувьд, Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 болон 34.6-д заасан хугацааны алинд ч төлбөрөө төлөөгүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно. “Х*******” ХХК-ийн  нэхэмжлэлд дурьдсан “...гүйцэтгэх захирал Т.Ш*******гийн эрүүл мэнд, биеийн байдал маш муудаж хүндээр өвчилсөн ба удаан хугацаагаар хэвтэрийн дэглэм, эмчилгээний нөхцөлд байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эрүүл мэнд нь сайжраагүй эмчилгээний байдалтай байна..гүйцэтгэх захирлын эрүүл мэндийн шалтгаан нөхцөл байдлыг харгалзан үзэж...хүчингүйд тооцох” шаардлага үндэслэлгүй юм.

Учир нь хэдийгээр гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаанаар хэвтрийн дэглэм сахиж байсан ч гэсэн тухайн компанийн эрх бүхий бусад этгээд /нягтлан бодогч г.м/, эсхүл гүйцэтгэх захирлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэн ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжтой байсан.

“Х*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Э.Эрдэнэхишиг, мөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2014 онд Ж.Б******* гэдэг хүн төлж байсан зэргээс үзвэл эдгээр хүмүүс болон компанийн бусад ажилтнууд төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан.

Иймд “Х*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.                                                                               

 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Х******* ХХК-ийн Увс аймгийн Зү******* сумын нутаг Баянголын доод хэсэг нэртэй 64.11 га талбайн MV-******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан байна. 

Нэхэмжлэгч Х******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “гүйцэтгэх захирал Т.Ш*******гийн эрүүл мэнд, биеийн байдал маш муудаж хүндээр өвчилсөн ба удаан хугацаагаар хэвтэрийн дэглэм, эмчилгээний нөхцөлд байсан ,...энэ өвчтэй, эрүүл мэндийн хэцүү асуудалтай үед тухайн оны буюу 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх  хугацаа өнгөрсөн” гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар гаргажээ. 

Нэхэмжлэгч болон Өвөрхангай аймгийн Уянга сумын эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд гүйцэтгэх захирал Т.Ш******* нь тухайн үед эмнэлгийн магадлагаатай байсан, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, үүсгэн байгуулагч нь Т.Ш******* байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.” гэж заасны дагуу төлбөрөө банкинд төлж, төлбөр төлсөн баримтаа Ашигт малтмалын газарт ирүүлэх боломжтой байсан гэж үзэхээр байна. 

Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт эмнэлгийн магадлагаатай байсан нь хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг тогтсон хугацаанд төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Түүнчлэн Кадастрын хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/9384 дүгээр албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлсэн боловч хаягтаа байхгүй шалтгаанаар буцаж ирсэн байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              О.ОЮУНГЭРЭЛ