Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00396

 

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00396

 

 

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02889 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, ЭТТ ХК-д холбогдох

Худалдах, худалдан авах болон барьцааны гэрээний дагуу 155 384,29 ам доллар буюу 442 806 380 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭТТ ХК, С ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээг байгуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр S191203 дугаартай тооцоо нийлсэн актыг талууд үйлдсэн. 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр ЭТТ ХК, С ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний хугацаа дуусгавар болсон. Талууд хооронд үүссэн гүйцэтгэлийн баталгаа /барьцаа/ төлбөр, төлбөрийн үүргийн тухай зохицуулалт, ЭТТ ХК, С ХХК-ийн хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээний Удиртгал хэсгийн 3 дахь хэсэгт гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт энэ гэрээний дагуу нүүрс нийлүүлэх, худалдан авах үнэ болон төлбөр төлөх хуваарь хавсралтаар зохицуулагдана.  2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээнд гэрээний дагуу худалдан авагч тал нь 150 000 тонн коксжих нүүрсэнд ногдох 10 800 000 ам долларыг төлсөн ба худалдагч тал нь 149 927,05 тонн нүүрс нийлүүлснийг мөн гэрээний 2 дахь хэсэгт төлбөрийг 25 000 тонн тутамд ногдох хэмжээгээр урьдчилан төлнө, Эрдэнэс таван толгой ХК, С ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр S191203 дугаартай тооцоо нийлсэн актыг үйлдсэн байх бөгөөд уг актад Эрдэнэс таван толгой ХК нь С ХХК-д 5 384,29 ам.долларын өглөгтэй болохыг, барьцаа хөрөнгөд 150 000 ам.доллар байгаа болохыг баталсан.

Дээрх байдлаар талуудын хооронд Нүүрс худалдах худалдан авах гэрээний дагуу эрх, үүрэг үүсч дуусгавар болсон байдаг. Гэтэл ЭТТ ХК нь гэрээний дагуу гүйцэтгэлийн баталгаа төлбөрт төлсөн 150 000 ам долларыг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор буцаан олгохгүй гэж маргадаг бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь анх гэрээ байгуулахад 150 000 ам.долларыг гүйцэтгэлийн баталгаа нэрээр байршуулсан бөгөөд үүнийг хариуцагч барьцаа төлбөр гэж тайлбарлан гэрээний үүргээ биелүүлээгүй тул буцаан өгөхгүй гэдэг. Барьцааны эрх нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 231.1.4, 153 дугаар зүйлд зааснаар тодорхойлогдох бөгөөд уг зохицуулалт нь гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр худалдан авагчийн хувьд төлбөрийн үүрэг үүссэн, үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй нөхцөлд л уг үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн ач холбогдолтой.

 Гэтэл талуудын хооронд байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтөөс үүдэн С ХХК-д барьцаа төлбөрөөс тооцуулах төлбөр үүсээгүй болох нь талуудын хооронд үйлдсэн 2020 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдоно. С ХХК-ийн хувьд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний дагуу барьцаагаар хангагдах үүрэг үүсээгүй, нүүрс худалдах худалдан авах гэрээний төлбөрийг тухай бүрт бүрэн төлсөн, нэмэлтээр төлөх төлбөр байхгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1,160.3 дахь хэсгийг үндэслэн барьцаа төлбөр болох 150 000 ам.доллар буюу 427 462 500 төгрөг, илүү төлсөн төлбөр 5 384,29 ам.доллар буюу 15 343 880 төгрөг, нийт 155 384,29 ам.доллар буюу 442 806 380 төгрөгийг гаргуулж өгнө үү.  

Мөн С ХХК нь нэг жилд 1500 000 тонн нүүрс боловсруулах үйлдвэрийг 2018 онд барьж ашиглалтанд оруулсан бөгөөд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах, батлуулах үед зөвхөн ашигт малтмалыг олборлосон этгээд АМНАТ төлөгч байсан бөгөөд ашигласан этгээд АМНАТ төлдөггүй байсан тул уг төлбөрийг тооцохгүйгээр эдийн засгийн тооцооллоо гаргасан байдаг. С ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ЭТТ ХК-аас зарласан Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд оролцож шалгаран 2019 оны 3 дугаар сарын 29-ны өдөр гүйцэтгэлийн баталгааг байршуулан 4 дүгээр сарын 03-ны өдөр Нүүрс худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлт орж ашигт малтмалыг ашигласан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчилсөн нь уг үйлдвэрийг эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд оруулж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн АМНАТ-тай холбогдох хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон байдаг. Энэхүү хуульд орсон нэмэлт өөрчлөлт нь С ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөлийг үүсгэсэн болохыг, 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 02/585 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ авсан болохыг анхаарч үзэхийг хүсье.

 Манай компани нь анх 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Эрдэнэс тавантолгой ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргаснаас хойш даруй 10 cap 8 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд маргаан бүхий ЭТТ ХК, С ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах гэрээ-ний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болсон. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1753 дугаартай магадлалын хянавал хэсэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Энэ тохиолдолд гэрээг хэрэгжүүлэх боломжтой эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх, дуусгавар болсон гэрээний үүрэгт барьцаагаар хангагдах үүрэг байсан эсэхийг тодруулах гэж заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дээрх байдлаар өөрчилсөн болно гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "С" ХХК-аас "ЭТТ" ХК-д холбогдуулан гаргасан "2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай "Худалдах, худалдан авах гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.доллар, талуудын тооцоо нийлсэн актын дагуу 5 384,29 ам.доллар нийт 155 384,29 ам.доллар буюу нийт 442 806 380 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. "ЭТТ" ХК нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр "Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай" СШ дугаар:2019-01-СО шалгаруулалт зарласны дагуу "С" ХХК нь оролцож, шалгаруулалтад заасан нөхцөлийг хангасан тул 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах ЕТТ-2019/236 дугаартай гэрээг байгуулсан. Энэхуү гэрээг байгуулахдаа "С" ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/51 тоот мэдэгдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг "...мэдэгдэлд заасны дагуу урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгөөр, тонн тутмыг 72 ам.доллараар /НӨАТ-гүй/ 150 000 тонн коксжих нүүрсийг худолдах, худалдан авах гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрч байна. ...мэдэгдэлд дурдсаны дагуу гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг танай дансанд шилжүүлсэн баримтыг хавсралтаар хүргүүлж байна" гэсэн албан бичгийг үндэслэсэн.

ЕТТ-2019/236 дугаартай гэрээний Удиртгал хэсгийн 3-д "Худалдан авагч нь Худалдагчийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн "Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай" СШ дугаар: СШ 2019-01-СО бүхий шалгаруулалтад заасан нөхцөлийг ханган шалгарсан бөгөөд энэхүү гэрээнд заасан төлбөр болон нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.доллорыг 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн болохыг тус тус харгалзан" гэж, тус гэрээний 11.1, 11.3-д тус тус заасан. Нэхэмжлэгч тал 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03/202 тоот хүсэлт гаргах тухай албан бичгээр "Энэхүү гэрээ, түүний хавсралтад заасны дагуу манай компани гэрээний үүргээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй биелүүлж ажилласан бөгөөд дээрх хугацаанд манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж 72 000 тонн нүүрсийг экспортод гаргаж амжилттай ажиллаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Бид 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, нүүрсний хэмжээг 3 000 000 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү." гэсэн хүсэлт, мөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 03/224 тоот Хүсэлт гаргах тухай албан бичгээр "...гэрээлсэн 150 000 тонн нүүрсийг 2019 оны 8 дугаар сарын 14-ний байдлаар авч дуусаад байна ... үүргээ зохих журмын дагуу гүйцэтгэсэн, мөн гэрээний 3.1 болон 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн худалдах, худалдан авах нүүрсний хэмжээг дахин 150 000 тонноор хавсралтаар батлах хүсэлтэй байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэн өгч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү." гэсэн хүсэлтүүдийг ирүүлсэн бөгөөд "ЭТТ" ХК-ийн зүгээс хүсэлтүүдийг хүлээн авч дэмжин, талууд харилцан тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр "ЭТТ-2019/236 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг нэмэлт өөрчлөлтөөр "С" ХХК 2019 оны 11 сард багтаан 150 000 тонн коксжих нүүрс ачих үүргийг хүлээсэн боловч худалдан авах нүүрсээ гэрээний хуваарийн дагуу авах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж ирсэн бөгөөд гэрээний гүйцэтгэл 0 хувьтай ямар ч ачилт хийлгүй гэрээний хугацаа дууссан.

ЭТТ-2019/236 дугаартай гэрээний нэмэлт, өөрчлөлт №1 гэрээгээр худалдан авагч нэмж 150 000 тонн нүүрс худалдан авч, уг нэмэлт гэрээний 3 дахь заалтаар 2019 оны 11 дүгээр сард багтаан нүүрс ачилт хийх үүргийг худалдан авагч тал буюу нэхэмжлэгч тал хүлээсэн бөгөөд нэмэлт гэрээний 4 дэх заалтад "Энэхүү нэмэлт гэрээнд зааснаас бусад Гэрээний заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байна." гэж заасны дагуу ЭТТ-2019/236 дугаартай үндсэн гэрээний 11.1, 11.3-д заасны дагуу худалдан авагч нүүрс ачилтын гэрээний үүргээ биелүүлээгүй тул '"ЭТТ" ХК гэрээний үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150,000.00 ам.долларын барьцааг "С" ХХК-д гэрээнд заасан "буцаан олгохгүй байх" эрхийнхээ дагуу нэхэмжлэгч талд удаа дараа буцаан олгох боломжгүй гэж албан мэдэгдэл хүргүүлж байсан. Тооцоо нийлсэн актыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 тоот тушаалаар батлагдсан Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх зааварт зааснаар тухайн жилийн санхүүгийн тайланг гаргахдаа заавал үйлддэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудын нэг. Өөрөөр хэлбэл, 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны мэдээлэл бөгөөд ЕТТ- 2019/236 дугаартай гэрээний хэрэгжих хугацаа гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулагдсан, тооцоо нийлсэн актыг хууль тогтоомжийн дагуу үйлдсэн.

Түүнчлэн талууд ЕТТ-2019/236 дугаартай гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийг Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээний нөхцөлүүдийг харилцан тохиролцож байгуулсан. Худалдан авагч тал буюу нэхэмжлэгч энэ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон бараагаа худалдан авах үүргээ биелүүлээгүй. Худалдан авагч үндсэн гэрээний дагуу эхний худалдан авалт болох 150 000 тонн нүүрснээс 149 927,05 тонныг авсан бөгөөд үлдэгдэл төлбөр тооцооны зөрүүгээр худалдагчийн зүгээс баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссанаар талууд гэрээ дүгнэх акт үйлдсэнээр 5 384,29 ам.долларын өглөгийг худалдан авагчид шилжүүлэх журамтай байдаг.

ЕТТ-2019/236 дугаартай гэрээний 10 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийг талууд харилцан тохиролцсон тул, нэхэмжлэгч талын зүгээс тавьж буй Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй бөгөөд "С" ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул "ЭТТ" ХК-ийн зүгээс нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.долларыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд "С" ХХК-ийн "ЭТТ" ХК-д холбогдуулан гаргасан гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хариуцагч ЭТТ ХК-аас 427 550 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 255 629 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 530 029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 295 704 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн 8 дахь талд "...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.17-д заасан. Өөрөөр хэлбэл, тус хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох гүйцэтгэлийн баталгаа нь банкны баталгаагаар илрэхээс гадна гүйцэтгэлийн баталгааны зүйл нь Засгийн газрын бонд, Засгийн газраас зөвшөөрсөн бусад үнэт цаас байхаар зохицуулжээ." гэж дүгнэсэн байна. Уг иргэний хэрэг маргааныг шийдвэрлэх гол хуулийн үндэслэл болгосон дээрх хуулийн заалтыг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус шийдвэрийг гаргасан. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилго нь "зөвхөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бусдаас ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах харилцааг" зохицуулах зорилготой юм. Гэтэл "ЭТТ" ХК-ийн "С" ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2019/236 тоот гэрээ нь "ЭТТ" ХК нь "С" ХХК-аас "нүүрс худалдан авах эсхүл үйлчилгээ авах" биш харин эсрэгээрээ тус компанид нүүрс худалдах зорилго, агуулга бүхий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэрийг гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн 9 дэх талд "...Хэдийгээр нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нүүрс худалдан авах гэрээг дуусгавар болгосон байх боловч энэ нь барьцаагаар хангагдах шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй... Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасны дагуу барьцаагаар хангагдах шаардлага бий болоогүй байхад буюу барьцааны үүрэг үүсээгүй учир 150 000 ам.долларыг хариуцагч өөртөө үлдээх нь хууль бус..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг буюу шүүхийн шийдвэрийн 7 дахь талд "...Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталж, нүүрс ашиглах компаниудыг АМНАТ төлөгч болгохоор зохицуулсны улмаас 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон нүүрс худалдан авах үүргээ биелүүлж чадаагүй гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй. Энэ учраас "С" ХХК нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна" гэж нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж шүүх эхэлж дүгнэсэн байна. Тиймээс "С" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үеэс эхлэн "ЭТТ" ХК барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх үүсэх эрхтэй. Талуудын хооронд байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах гэрээ"-ний 11.1, 11.3-д тус тус заасан байдаг. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан бөгөөд хуулийн дээрх заалтаас үзэхэд талууд хуулийн хүрээнд дээрх гэрээг чөлөөтэй байгуулсан бөгөөд гэрээний утга агуулгыг харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад дээрх байдлаар илтэд алдаатай дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан бөгөөд "С" ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан нүүрс худалдах, худалдан авах ЭТТ-2019/236 тоот гэрээгээр хүлээсэн нүүрсээ худалдаж авах, нүүрс тээвэрлэх хуваарийг зөрчсөн нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нотолж байгаа бөгөөд худалдагч талын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу үйл ажиллагааны олон шат дамжлагаар нүүрсийг тээвэрлэхэд бэлэн болгож байгааг анхаарах нь зүйтэй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн үндэслэл болсон Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг шүүх эхний ээлжид тодорхойлох ёстой байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасны дагуу үүрэг дуусгавар болсон эсэх талаар дүгнэлт өгөх ёстой байсан боловч шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно. Харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч тал "С" ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн. Түүнчлэн, анхан шатны шүүх "Худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй боловч худалдагч тал болох "ЭТТ" ХК-д ямар нэгэн хохирол учраагүй байна" гэж дүгнэсэн байдаг. Иргэний хуулиар тодорхойлогдсон үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч талд заавал хохирол учирч байж үүргийн гүйцэтгэлийн аргыг хэрэглэхийг хуулиар шаарддаггүй бөгөөд үүрэг гүйцэтгэгч тал хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг шууд хэрэглэхээр хууль тогтоогчид хуульчилж өгсөн байна.

Нэхэмжлэгч "С" ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ЭТТ-2019/236 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа буюу 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03/202 тоот хүсэлт гаргах тухай албан бичгээр "гэрээний хугацааг сунгах, нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг гаргасны үндсэн дээр талууд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулсан боловч "С" ХХК нь тус гэрээний нэмэлт өөрчлөлтөд заасан үүргээ биелүүлээгүйгээр гэрээний хугацаа дууссан. Анхан шатны шүүх шийдвэртээ "...ЭТТ" ХК нь барьцаагаар хангагдах шаардлагыг 150 000 тонн нүүрс худалдан авах үүрэг буюу 10 800 000 ам.долларын нүүрс худалдан авах үүрэг гэж тайлбарлаж байх боловч энэ хэмжээний нүүрсийг "С" ХХК-д шилжүүлээгүй, ачуулаагүй байх тул барьцаагаар хангагдах, биелэгдээгүй шаардлага үүсээгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбараар "ЭТТ" ХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу "С" ХХК-д худалдах нүүрсийг бэлтгэх үйл явц хийгдсэн боловч "С" ХХК нь үүргээ гүйцэтгээгүй гэдэг нь тогтоогддог бөгөөд үүргээ гүйцэтгээгүй шалтгаанаа Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ын төлбөртэй холбоотой нэмэлт өөрчлөлт орсонтой холбож тайлбарладаг. Талуудын хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан байдаг. "С" ХХК нь "ЭТТ" ХК-аас зарласан 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн "Дотоодын нүүрс угаан баяжуулах үйлдвэрийг сонгон шалгаруулах тухай" СШ219-01-СО дугаартай сонгон шалгаруулалтад оролцож шалгаруулалтад заасан нөхцөлийг хангасан тул гэрээ байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь "ЭТТ" ХК-ийн тухайн жилийн санхүүгийн төлөвлөгөө биелүүлэхэд саад учруулж бодитой хохирол учруулсан байтал шүүх хариуцагчид хохирол гараагүй гэж тайлбарлах нь үндэслэлгүй байна. "С" ХХК нь гэрээгээр 150 000 тонн нүүрс худалдан авах үүргээс гадна нүүрсийг хуваарийн дагуу ачих үүргийг давхар хүлээсэн байдаг бөгөөд уг үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг үл маргах журмаар худалдагч тал өөрийн эзэмшилд шилжүүлэн авах эрхтэйгээр талууд харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Эрдэнэставан толгой ХК-д холбогдуулан талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ЭТТ-2019/236 дугаартай худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.доллар, тус гэрээний дагуу төлсөн 5 384,29 ам.доллар, нийт 155 484,29 ам.доллар буюу 442 806 380 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 5 384,29 ам долларт холбогдох шаардлагыг зөвшөөрч, 150 000 ам долларт холбогдох хэсгийг эс зөвшөөр маргасан байна.

Зохигчдын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2019/236 дугаартай нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ЭТТ ХК нь нийт 150 000 тонн нүүрсийг төлбөрийг нь урьдчилан хүлээж авах замаар 4 дүгээр сард 50 000 тонн, 5 дугаар сард 50 000 тонн, 6 дугаар сард 50 000 тонн нүүрсийг худалдах, худалдан авагч нь тонн тутмыг нь 72,0 ам.доллароор тооцон зохих төлбөрийг урьдчилан шилжүүлж, нүүрс худалдан авахаар харилцан тохиролцсон байхаас гадна гэрээнд заасан төлбөр болон нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.долларыг худалдагч талын нэрлэсэн дансанд шууд байршуулахаар тохиролцжээ. / хх-ийн 40-48 /

Гэрээний талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 150 000 ам долларыг худалдагчийн дансанд байршуулсан, нэхэмжлэгч нүүрсний үнэ 10 800 000 ам.долларыг төлсөн боловч 149 927,05 тонн нүүрс хүлээн авсан, 5 384,29 ам долларын нүүрс худалдан аваагүй үйл баримт тогтоогдож энэ талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан талаар дүгнэсэн нь үндэслэлтэй байхаас гадна худалдаж аваагүй 5 384,29 ам долларыг хариуцагчаас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэнд талууд гомдол гаргаагүй байна.

Харин талууд нэхэмжлэгч нь ЭТТ-2019/236 дугаартай худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэлийн баталгаа 150 000 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч С ХХК нь гэрээнд заасан нүүрс ачилтын талаарх үүргээ хэрэгжүүлээгүй нь өөрөөс нь шалтгаалаагүй, хууль тогтоогч ашигт малтмалын нөөц ашигласны татварын талаарх хууль тогтоомжид гэнэтийн өөрчлөлт оруулснаас нэхэмжлэгч татвар төлөгч болсон нь түүний бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, урьдчилан тооцоолоогүй нөхцөл үүссэн тул гэрээний үүргээ биелүүлж 150,000 тонн нүүрс ачуулах боломжгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

Анхан шатны шүүх нүүрсийг баяжуулан боловсруулж, экспортод гаргах хэлбэрээр ашиглаж буй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ гэх/ төлөгч байхаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан нь гэрээний үүргээ гүйцэтгэхгүй байхад нөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдоогүй гэж үзсэн үндэслэлтэй байна.

Гэрээний 9.2-т зааснаар худалдан авагч С ХХК нь АМНАТ зэрэг Монгол Улсын хуулийн дагуу төлөгдөх аливаа татварыг хариуцан төлөх үүрэг хүлээсэн, хөрөнгө оруулалт хийх 3 жилийн хугацаанд АМНАТ-ийн хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ авсан зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байхаас гадна С ХХК-ийн АМНАТ-ын тайлангаас үзвэл тус компани маргаан бүхий хугацаанд боловсруулаагүй нүүрс болон баяжуулсан нүүрсний АМНАТ төлөөгүй, 2019 оны санхүүгийн тайлан 2,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар нотлогдоогүй болохыг шүүх зөв дүгнэсэн ба энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Харин анхан шатны шүүх С ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийн үүргийн зөрчлийг дүгнэсэн атлаа барьцаагаар хангагдах, биелэгдээгүй шаардлага үүсээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээнд заасан хугацаанаас нүүрс ачилттай холбоотой үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл хүргүүлэх хүртэл хугацаанд биелүүлээгүй зөрчсөн байгааг шүүх анхаараагүй нь буруу байна.

Зохигчид дээрх 2019/236 тоот нүүрс худалдах худалдан авах гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж нэмж 150 000 тонн нүүрс худалдаж авах буюу гэрээний худалдааны нөхцөлийн хавсралтын 3.1 дэх заалтыг Гэрээлсэн хэмжээ 300 000 тн гэж, нүүрсний ачилтын хуваарийг 8 сард 15 000 тн, 9 сард 35 000 тн, 10 сард 50 000 тн, 11 сард 50 000 тн хэмжээгээр ачуулахаар, нэмэлт гэрээнд зааснаас бусад гэрээний заалтууд нь хүчин төгөдөр хэвээр байхаар тус тус харилцан тохиролцсон. / хх-ийн 49 /

Хариуцагч Эрдэнэставан толгой ХК нэмэлт, өөрчлөлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч С ХХК-аас гэрээний ачилтыг эхлүүлэхийг 2019 оны 10 дугаар сарын 23-нд, 11 дүгээр сарын 06-нд тус тус мэдэгдэж байсан ба 12 сарын 20-нд Гэрээний худалдааны нөхцөлийн тухай хавсралтын 3.2-д заасан ачилтын хуваарь 2 сар буюу түүнээс дээш хугацаагаар зөрчигдөж, барьцаа төлбөр болох 150 000 ам.долларыг буцаан олгохгүй болохыг нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байжээ. /хх-ийн 104-110/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/236 тоот нүүрс худалдах худалдан авах гэрээний хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл байхаар, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн нэмэлт гэрээнд зааснаас бусад гэрээний заалтууд нь хүчин төгөлдөр хэвээр байхаар тус тус тохиролцсон зэргээс үзэхэд гэрээний 3-т заасан гүйцэтгэлийн баталгаа гэх 150 000 ам.доллар нь нийт 300 000 тн үүргийн гүйцэтгэлийг хангахад хамаарч байна.

Гэрээний 3-т Худалдан авагч нь ...энэхүү гэрээнд заасан төлбөр болон нүүрс ачилтын талаарх үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг худалдагчийн нэрлэсэн дансанд шилжүүлсэн... гэж, 11.1-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл гэрээний дагуу хариуцлага хүлээнэ 11.3-т худалдан авагч энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр, ачилттай холбоотой болон бусад үүргээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд ... гүйцэтгэлийн баталгаа болох 150 000 ам.долларыг үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор буцаан олгохгүй байх эрхийг эдэлнэ... гэж тус тус тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч С ХХК-ийн зөвхөн нүүрсний төлбөр төлөх үүргээс гадна гэрээний хугацаа дуусаагүй байхад нүүрс ачилттай холбоотой гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ч үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар хангагдсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний 3, 11.1, 11.3-т заасан тохиролцоо нь худалдагчаас үл хамаарах шалтгаанаар худалдан авагч нүүрс ачилт хийхгүй байх буюу үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзахгүй байх үүргээ биелүүлээгүй буруутай тал хариуцлага хүлээх үүргийн биелэлтийг хангах зорилготой байх бөгөөд ийнхүү тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэхгүй болно.

Ийм учраас 2019/236 тоот нүүрс худалдах худалдан авах гэрээний 11.3-т зааснаар гүйцэтгэлийн баталгаа гэх 150 000 ам.долларыг буцаан олгохгүй гэх хариуцагчийн татгалзлын зарим хэсэг нь үндэслэлтэй.

Талууд 2019/236 тоот гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа гүйцэтгэлийн баталгаа гэх 150 000 ам.долларын хэмжээг хэвээр үлдээсэн тул нийт 300 000 тн үүргийн гүйцэтгэлийг хангахад хамаарч байх бөгөөд хариуцагч нийт үүргийн гүйцэтгэлийн 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан зэргээс үзэхэд үлдэх 50 хувийн үүргийн гүйцэтгэлийн зөрчилд хариуцагч нь 150 000 ам.долларын 50 хувь болох 75 000 ам.долларыг буцаан олгохгүй байх эрхтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. / хх-ийн 109 /

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үүргийн зөрчилтэй хэсэгт Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй тул тэрээр мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрх үүсээгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 80 384,29 ам.доллар / 2 751,57 / буюу 221 183 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 206 367 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02889 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын 427 550 750 гэснийг 221 183 000 гэж, 15 255 629 гэснийг 206 367 750 гэж, 2 дахь заалтын 2 295 704 гэснийг 1 263 865 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 2 319 702 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ