Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 131

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад  

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч шүүгч:           Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                         Л.Атарцэцэг,

                                                     Г.Банзрагч,

                                                    Х.Батсүрэн,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Н ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дугаар “эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтэд хуулийн хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дүгээр “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгажуулах тухай газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0065 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулж,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Н ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0065 дугаар магадлалаар: Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Н ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 05 дугаар сарын 16-ний өдөр гаргасан1/589 дугаартай Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0763 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0065 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай Эзэмшиж буй газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай" хүсэлт нь Нийслэлийн Засаг даргад хаяглагдаагүй, түүнд очоогүй байна...” гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэх хүсэлт гаргахдаа Нийслэлийн газрын албанд хаягласан бөгөөд бодит байдал дээр ч иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргадаг бөгөөд үүний адил гуравдагч этгээд “И” ХХК-иас мөн л газар эзэмших хүсэлтүүдээ Нийслэлийн газрын албанд гаргасан байдаг.

5. Гэтэл ганцхан нэхэмжлэгчийг онцгойлон Нийслэлийн Засаг даргад хаяглан хүсэлтээ хүсэлтээ хүргүүлээгүй гэж буруутгаж байгаа нь ойлгомжгүйн дээр Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй бөгөөд албан ёсоор нийтэд зарласан асуудлаар гаргаагүй өргөдөл, гомдлыг харьяалах газар нь 3 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн газрын албаны чиг үүрэгт хамааралгүй шууд Нийслэлийн Засаг даргад хандах байсан бол дээрх хуулийн заалтыг баримтлан төрийн захиргааны байгууллага шилжүүлэх үүрэгтэй байна. Дээрх төрийн захиргааны байгууллагын газар эзэмшүүлэх үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай хүсэлтийг Нийслэлийн газрын албанаас санал оруулсаны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж эхэлсэн тухай хариуцагч давж заалдах шатны шүүхэд тайлбарласан бөгөөд анхан шатны шүүхэд ч мөн адил хүсэлтийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болохоо мэдүүлсэн.

6. Гэтэл шүүхээс хариуцагч эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч манай нэхэмжлэлийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай хүсэлтийг Нийслэлийн газрын албанаас санал оруулсаны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргах ажиллагаа хийгдэж эхэлсэн байтал шүүхээс ийнхүү үндэслэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан бодит байдал, хууль тогтоомжид нийцээгүй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгчээс шүүхэд хандсаны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас өөрийн эс үйлдэхүйг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлсэн байтал шүүхээс энэ мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийвэл төрийн захиргааны байгууллага шүүхээр шийдэгдсэн гэх нэрийн дор дахин нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, газар эзэмшүүлэх хүсэлтийг дахин шийдвэрлэхгүй орхигдуулах нь зайлшгүй юм.

7. Нэхэмжлэгчээс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Нийслэлийн Засаг даргад газар эзэмших хүсэлт гаргасан хэдий ч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэж заасны дагуу шийдвэрлэж хуулийн хугацаанд зохих хариуг өгөөгүй болно. Хариуцагчийн энэхүү үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасны дагуу хуулийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм.

8. Мөн Нийслэлийн Засаг дарга нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;” гэж заасан нэхэмжлэгчийн Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж, улмаар хариуцагчаас хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар эзэмшүүлэхийг даалгах шаардлага гаргаагүй бөгөөд Газрын тухай хуулиар газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргах тул хүсэлтийг шийдвэрлээд газар эзэмшүүлэх эсвэл эзэмшүүлэхгүй байх шийдвэрийг хариуцагч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны №83 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын дагуу ажиллагааг хийсний дараа гарах шийдвэр юм. Тиймээс ч бидний зүгээс хууль журамд заасан ажиллагааг хийсний үндсэн дээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг л хүсэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

9. Иймд Нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 0763 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0065 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Н ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 1/589 дугаартай “Эзэмшиж байгаа газрын хэмжээг нэмж баталгаажуулах тухай” газар эзэмших хүсэлтэд хуулийн хугацаанд хариу ирүүлээгүй Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 дугаартай газар эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлийг “...Нийслэлийн Засаг даргад хандан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 тоот албан бичгээр газар эзэмших хүсэлтийг гаргасан байхад Засаг дарга хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж тодорхойлон маргажээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь дараах үндэслэлээр хуульд нийцсэн байна.

13. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд газар эзэмших тухай хүсэлт гаргах харилцааг зохицуулсан байх бөгөөд тухайлбал 32.1, 32.3, 32.5-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших тухай хүсэлтийг, түүнд хавсаргах баримтын хамт тухайн шатны Засаг даргад баталсан маягтын дагуу гаргахыг, мөн газрын алба газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг журмын дагуу хүлээн авч бүртгэн, улмаар хүсэлтийг нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагчид мэдэгдэх үүрэгтэй болохыг хуульчилсан.   

14. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, “Н” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/589 тоот албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан “...Тус барилгын ар талд байрлах өргөтгөл хэсэг нь манай үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг тул тус өргөтгөл болон компанийн барилга ЦТП-ын хоорондох газар нийт 104.14 м.кв талбайг одоо эзэмшиж байгаа талбай дээр нэмж баталгаажуулж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн хүсэлт  гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасан зохицуулалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Н” ХХК-ийг газар эзэмших тухай хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. 

15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр заасан бол, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заажээ.

16. Дээрх байдлаар нэхэмжлэгч “Н” ХХК нь Нийслэлийн Засаг даргад Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн хуульд заасан журмын дагуу гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгах үндэслэлгүй, энэ үндэслэлийн талаар 2 шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

17. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0763 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 221/МА2019/0065 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                           

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ч.ТУНГАЛАГ

                              ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА