Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 390

 

                                                                              Ш.Б, Ж.Э, Ш.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч М.З, түүний өмгөөлөгч М.Хувцагаан, хохирогч С.Д, Б.Д нарын өмгөөлөгч Ц.Батхүү, шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Ц.Наранцэцэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр магадлалтай, Ш.О, Ш.Б, Ж.Э нарт холбогдох 201625031347 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Сансартуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1970  оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Ш.О,

2.Монгол Улсын иргэн, 1960 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ш.Б,

3.Монгол Улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Э.

 Шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нар нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нар тус бүрт 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг түлхүүрийг хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Ш.О, Ш.Б нарын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 306 байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцны өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг байрыг хохирогч Б.Дд олгуулах,

шүүгдэгч Ш.Оээс 33.600.000 төгрөг гаргуулж Ш.Б, Ш.Э нарт, 13.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Зд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг тус бүр 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 306 байрны 85 тоотод байрлах 73.1 м.кв талбайтай орон сууцыг худалдах тухай үл хөдлөх эд хөрөнгийн дундаа хэсгээр өмчлөгч өөрт ногдох хэсгийг бусад өмчлөгчид худалдах, худалдан авах тухай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ш.О, Ш.Б нарын хооронд байгуулсан гэрээг хүчингүйд тооцож, уг байрыг хохирогч Б.Дд олгож, шүүгдэгч Ш.Оээс 33.600.000 төгрөг гаргуулж Ш.Б, Ж.Э нарт, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дэх хэсэгт зааснаар 13.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Зд тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Э, Ж.Б, тэдний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ш.Б, Ж.Э нар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэнийг нотолсон ямар ч нотлох баримт мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан баримтаар тогтоогдоогүй. Мөрдөн байцаах байгууллага Ш.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн нэг удаагийн мэдүүлэг дээр үндэслэн тэднийг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн хувьд Ш.О шүүх дээр уг мэдүүлгээ давтан мэдүүлснийг үндэслэн Ш.Б, Ж.Э нарыг гэм буруутайд тооцон ял шийтгэл ногдуулсан юм. Ингэхдээ мөрдөн байцаах байгууллага болон шүүх тухайн “хэрэг”-ийг болсон үйл явдлын өрнөл, цаг хугацааны хүчин зүйл, хэргийн холбогдогчдын хувийн байдал, хохирогч гэгдэх этгээдүүдийн санаа зорилго зэрэгтэй холбож дүгнэлт хийгээгүйгээс ийнхүү буруу шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

1.Мөрдөн шалгах ажиллагаа явагдсан 2 жил шахмын хугацаанд Ш.О 2 удаа тайлбар, 10 удаа мэдүүлэг өгчээ. Энэ 12 удаагийн мэдүүлэг, тайлбарын 11-д нь өөрийн захиалсан байраа Бид худалдсан. Мөнгийг бүрэн хүлээн авсан учир үл хөдлөхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Мөн эдгээр мэдүүлгийнхээ хоёрыг Ж.Эээс өөр өмгөөлөгчтэй өгсөн. Тухайлбал 2017 оны 5 дугаар сарын 19-нд өмгөөлөгч Хандсүрэнтэй, 2018 оны 4 дүгээр сарын 27-нд өмгөөлөгч Наранцэцэгтэй тус тус байцаагдахдаа Бид байраа зохих журмын дагуу худалдсан тухайгаа мэдүүлсэн байна.

Тэр ч байтугай О “Би мөнгийг нь авалгүй хүнд байраа өгдөг тэнэг хүн биш” гэж мэдүүлж байсан бөгөөд түүний нөхөр С ч байрыг Бд худалдсан талаар удаа дараа мэдүүлэг өгсөн, сүүлийн мөнгийг хамтран хүлээн авч тодорхойлолт дээр хамтран гарын үсэг зурсан байдаг. С насаараа цагдаагийн байгууллагад ажилласан, хуульч мэргэжилтэй мөнгийг аваагүй байж эд хөрөнгөө бусдад шилжүүлж болохгүй гэдгийг аль аль нь ойлгох хэмжээний хүмүүс юм.

Иймд Ш.Оийн “...Өмгөөлөгч Э худал мэдүүлэг зааж өгсөн, 85 сая төгрөг аваагүй. 34 сая төгрөг л авсан” гэсэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ганц мэдүүлгийг үнэнд тооцох ямар ч боломжгүй. Энэхүү бусад ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлгээр бусдыг эрүүгийн хэрэгт холбогдуулах нь дэндүү хариуцлагагүй, хууль бус бөгөөд дээрх ганц удаагийн мэдүүлгийг бусдыг буруутгах хангалттай нотлох баримт гэж үзэн сонгож авсан. Гэтэл хавтаст хэрэгт Ш.О, түүний нөхөр С нарын гарын үсэг бүхий байрны төлбөрийг тухай бүр хүлээн авсан тодорхойлолт, хэлцэл, нотариатаар батлуулсан байрыг худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтууд болон бусад баримтууд авагдсан байдаг бөгөөд эдгээр баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн боловч эдгээр нотолгоонуудыг үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд огт дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-д заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2.Ш.О 2014 оны 6 дугаар сарын 11-нд “ЦЭЭБ” ХХК-тай байр захиалах гэрээ байгуулсан. Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт “Би цагдаагийн газар олон жил үйлчлэгчээр ажилласан. О эгч /цагдаагийн генерал С эхнэр/ “Чи нэр дээрээ байр захиалаад өгөөч. Бид мөнгийг нь төлнө. Байр авсны дараа чамайг гомдоохгүй” гэж хэлсэн. Миний захиалсан байрны төлбөрийг С.Д төлсөн. Байр ашиглалтанд орж манай нөхөр байрны түлхүүрийг О эгчид өгсөн. Дараа нь О утасдаад “Бид ярилцаад чамд 500.000 төгрөг өгөхөөр болсон” гэж хэлсэн. Би ядахдаа гэр авах мөнгө өгөх байх гэж бодож байсан тул 500.000 төгрөг өгнө гэхээр нь гэнэт байраа өгөхгүй гэх санаа төрсөн” гэж мэдүүлсэн.

Гэвч уг орон сууцаар өөртөө тодорхой ашиг олох санаа түүнд орон сууц ашиглалтанд орох үед ч биш, бүр түүнээс өмнө 2014 оны 6 сард орон сууц захиалах гэрээ хийх үед төрсөн болох нь хохирогч М.Зд “захиалсан орон сууцаа өгнө” гэж урьдчилгаа 27 сая төгрөгийг цувуулан залилж авснаар эхэлсэн. Дараа нь генерал Сын гэр бүлийн хүсэлтээр, тэднээр мөнгийг нь төлүүлж өөрийнх нь нэр дээр захиалсан орон сууцыг тэдэнд өгөлгүй итгэл эвдэж залилсан ба энэ үедээ захиалсан 3 өрөө сууцаа 2 өрөө орон сууцаар Мөнхзориг гэгчтэй солих амлалтаар өрөөний зөрүү болох 13 сая төгрөгийг залилан авсан.

Отгончимэг дээрх хэргүүдийг үйлдэж байхад Б, Э нар түүнтэй танилцаа ч үгүй байсан бөгөөд Оийн үйлдэл өмнө дурдсанаар дуусгавар болсон байсан. О нь Бтой түүний охиноор дамжуулан 2015 оны 11 сарын орчим танилцсан. Зорилго нь түүнд байр худалдах явдал байсан.

3.Шүүгдэгч Б, Ж.Э нарын гэм буруугүйг нотлох бичгийн нотлох баримтуудаас гадна дараах үйл баримтууд байдаг. Тухайлбал:

Ш.Б байр худалдаж авах шийдвэр гаргахын өмнө “ЦЭЭБ” ХХК дээр очиж холбогдох бичиг баримттай танилцсан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсаныг тодруулж магадлаад орон сууц худалдан авахад ямар нэг эрхийн зөрчил байхгүй гэж үзсэн. Мөн тэр орон сууцны төлбөрт шилжүүлж буй мөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд төлбөрийн урьдчилгааг Ш.От өгмөгцөө орон сууцны хамтран өмчлөгчөөр үл хөдлөхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Дараа нь үлдэгдэл төлбөрөө хиймэгц гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Хэрэв тэр Отэй үгсэж, байрыг С.Дд өгөхгүйн үүднээс хуурамч баримт үйлдсэн бол мөнгийг хувааж төлсөн мэт дахин дахин баримт үйлдэж, улсын бүртгэлийн газарт хэд хэдэн удаа хандаж нэр шилжүүлэх зэрэг давхар сунжирсан ажиллагаа хийх шаардлагагүй шүү дээ. Нэг л удаа мөнгө хүлээж авсан тухай баримт үйлдэхэд хангалттай байсан бус уу.

4.Шүүхийн тогтоолд “Шүүгдэгч Ш.Б, Ж.Э нар нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдсан 30б байрны 85 тоот 3 өрөө орон сууцны эзэмшигчийн талаар маргаантай байх үед Ш.Отэй бүлэглэн хохирогч Б.Д, С.Д нарт 67.735.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан. Энэ нь Ш.Оийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Д, Д.Д, М.З, гэрч О, Д.С, Б.Б, Ш.Ц, Ц.Г, Ш.М, Г.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5241, 2508 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.” гэж дүгнэжээ. Гэвч шүүгдэгч нарын үйлдсэн хэргийг нотолж байна гэх шүүхээс дүгнэсэн дээрх 3 хохирогч, 7 гэрчийн мэдүүлгийг авч үзвэл нь эдгээр нь Ш.Б уг байрыг худалдаж авахаас өмнөх асуудал буюу зөвхөн Ш.Оийн гэмт үйлдлийг нотолсон баримтууд.

Тухайлбал Ш.Оийн байрны квот болон байр захиалгын талаар С, Оюундалай нарын өгсөн мэдүүлэг, байраа сольж мөнгөө алдсан М, залилуулж хохирсон гэх Д, Д, З болон Зын хамаатан болох Ш.Ц, Ц.Г нарын мэдүүлэг юм. Нотлох баримт гэх дээрх хүмүүсийн мэдүүлгүүд шүүгдэгч Ш.Б, Ж.Э нарт ямар ч холбогдолгүй бөгөөд эдний талаар нэг ч үг үсэг дээрх хүмүүсийн мэдүүлэгт байхгүй.

Мөн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 5241, 2508 тоот шинжээчийн дүгнэлтүүд нь Оийн байрны төлбөрт С.Дгаас Хаан банкаар дамжуулан төлсөн баримтууд дээрх бичвэрүүд Д, О нарын хэнийх нь бичгийн хэвтэй тохирч байгаа талаар гарсан дүгнэлтүүд юм.

Иймээс шүүхийн тогтоолд дурдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ш.Б, Ж. Э нарын гэм бурууг нотолсон нотлох баримт огт биш.

5.Шүүгдэгч Ж.Эийн талаар шүүхийн тогтоолд “Шүүгдэгч Ж.Э, Ш.О, Ш.Б нартай бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон уг орон сууцыг Ш.Бийн нэр дээр шилжүүлж хохирогч нарт 67.7 сая төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэсэн тухайд:

а/ Ж.Э орон сууцыг бусдад шилжүүлэх эрх бүхий этгээд биш.

б/ Ж.Эийг уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байсан гэж буруутгадаг. Гэвч Ш.Оийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон нь хууль зөрчөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8-д тухайн хэрэгт өмгөөлөгчөөр оролцож болохгүй 4 тохиолдол байдаг боловч үүнд хамаарахгүй.

Ш.Б уг орон сууцыг худалдан авснаас хойш 5 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-нд Ш.От эрүүгийн хэрэг үүссэн. Ж.Э нь Ш.Оийн хэрэгт өмгөөлөгчөөр 2016 оны 7 дугаар сарын 27-ноос эхлэн оролцсон.

в/ Ж.Э, Ш.О нарын хооронд байрны мөнгө төгрөг өгөлцөж авалцсан, ямар нэг бичиг баримтанд гарын үсэг зурсан зүйл байхгүй. Ж.Эийг Ш.Бийн эхнэр гэдгээр нь буруутгахгүй бол өөр гэм буруу байхгүй гэж үзэж байна.

6.Анхан шатны шүүх “Байрыг Ш.Бийн өмчлөлд шилжүүлэх үед иргэний шүүх тухайн хэрэгт иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 2 дугаар сарын 1-нд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 14-нд шүүгчийн 05742 тоот захирамжаар ...тухайн иргэний хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлүүлэхээр хэрэгсэхгүй болгосны дагуу эрүүгийн журмаар шалгаж байгааг мэдсээр байж шүүгдэгч нар бүлэглэн иргэний эрх зүйн гэрээг ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн” гэж,

Мөн давж заалдах шатны шүүх “Цаг хугацааных нь хувьд харьцуулан үзэхэд Ж.Э, Ш.Б нар нь Ш.Оийг байрны асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа болон Иргэний шүүхэд хандан маргаан шийдвэрлэгдэх гэж байгааг мэдсээр байж ... Ш.Отэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус дүгнэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь үндэслэлгүй гэж үзэж байгаа ба цаг хугацааны хувьд дараахь зүйлийг анхаарахыг хүсье. “Эрүүгийн журмаар шалгаж байгааг мэдсээр байж...” гэдэг нь:

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс Ш.От холбогдуулан гаргасан Б.Дийн гомдлыг шалгаад 2015 оны 12 дугаар сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан.

Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалын 25 дугаар хуудсанд “Ш.Мөнхзоригийн гаргасан гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, ... 2015 оны 12 дугаар сарын 15-нд хэрэгсэхгүй болгожээ” гэж буруу дүгнэсэн. Энэ үед эрүүгийн хэрэг үүсээгүй. Харин үүнээс хойш 6 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-нд прокурор уг тогтоолыг хүчингүй болгож, Б.Дийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Байрыг худалдах, худалдан авах асуудал үүнээс 5 сарын өмнө болж өнгөрсөн.

Иргэний хэргийн тухайд гэвэл:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны 102 дугаар шийдвэр нь дээрх байрны талаарх маргааныг шийдвэрлэсэн асуудал биш бөгөөд Ш.Оээс Ш.Мт 8.750.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр юм.

Харин байрны талаар 2016 оны 1 дүгээр сарын 28-нд иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж 2016 оны 2 дугаар сарын 1-нд гарсан. Гэтэл үүнээс 8 хоногийн өмнө 2016 оны 1 дүгээр сарын 20-нд, уг байрыг Ш.О, Ш.Б нар хамтран эзэмшигчээр үл хөдлөхийн гэрчилгээ авч, 2016 оны 1 дүгээр сарын 26-нд төлбөрөө бүрэн төлж, 2016 оны 2 дугаар сарын 1-нд худалдах, худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулан байр Ш.Бийн нэр дээр бүрэн шилжсэн байсан. Тухайн үед Ш.Б иргэний хэрэг үүссэн гэдгийг мэдээгүй байжээ. Дээрхи асуудлуудад холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд бүгд хэрэгт авагдсан бөгөөд энэ нотлох баримтуудаар хоёр шатны шүүхийн дүгнэлтүүд үгүйсгэгдэж байна гэж үзэх үндэслэлтэй.

7.Шүүх С.Д, Б.Д нарыг шүүгдэгч Ж.Э, Ш.Б нарын хохирогч гэж дүгнэсэн. Гэвч би дээрх хоёр хүнийг Ш.Б, Ш.Э нарын хохирогч биш гэж үздэг. Ялангуяа Б.Д бол шүүгдэгч Ш.Оийн ч хохирогч биш. Б.Д энэ хэрэгт хохирогчоор тогтоогдох хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Учир нь Д.С, О нар ”Б.Д цагдаагийн байрны квотод хамрагдаж чадаагүй учраас түүнд туслахаар Оийн нэр дээр байр захиалсан” гэж мэдүүлдэг.

Гэтэл хавтаст хэрэгт Д тухайн цаг үед Амгалан дахь “Цагдаа хотхон”-д байр захиалсан е/32 тоот гэрээ, уг гэрээг төрсөн эгч Б.Уийн нэр дээр шилжүүлэхийг хүсэж 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн өргөдөл, түүнийг үндэслэн Б.Уийн нэр дээр шилжсэн байр захиалгын е/32 тоот гэрээ, Б.Д Амгалан дахь хотхонд байр захиалсан нь үнэн болохыг тодорхойлсон ЦЕГ-ын санхүү, аж ахуйн албаны 2017 оны 11 дүгээр сарын 23-ны 6/1342 тоот албан бичиг гэх мэт баримтууд авагдсан байтал шүүх энэ асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй. /3хх-ийн 157-160/

Б.Дийн хувьд бол зохиомлоор орж ирсэн, хохирогч Д.С, О нар ямар учиртай Дийг хохирогчоор оруулж ирсэн нь ойлгомжгүй. Хавтаст хэрэг авагдсан баримтуудаас аваад үзэхэд О, С нар “С генерал та нарыг орон байртай болоход чинь туслана. Квотоо олчих. Байрны төлбөрийг ч төлнө. Та нар боломжтой үедээ буцааж өгнө биз” гэсэн мэдүүлгийг удаа дараа өгсөн байдаг. Гэвч тодорхой бус учир шалтгаанаар байрны мөнгөө Ш.Оээс авч чадахгүйгээ ойлгож тэс хөндлөнгийн хүн болох Дийг оруулж ирсэн. Ш.О ч Б.Дийг огт танихгүй гэдгээ хэлдэг. Дээрх баримтуудыг цагдаа, прокурор, шүүх аль нь ч санаатай, санамсаргүйг алин болохыг бүү мэд нүдээ аниад өнгөрөөсөн.

8.Ш.Б байрыг худалдан авах хангалттай төлбөрийн чадвартай байсан. 2002 оноос хувиараа бизнес хийж эхэлсэн. ОХУ-аас хөөрөг, бугуйвчны зориулалттай чулуу худалдан авч хөөрөг бугуйвч хийх, мөн бэлэн бүтээгдэхүүн болох хаш чулуун аяга, домбо зэргийг мөнгөлж, алтдан Монголдоо болон Хятад улс руу гаргаж наймаалдаг байсан. Энэ нь гэрчүүдийн мэдүүлэг, хөөрөг хийлгэсэн батламжууд, ОХУ, Хятад улс руу зорчиж байсан эсэх талаар ХЦУЕГ-ын албан бичгээр тус тус нотлогдож байгаа. Сүүлийн 5 жилд 35 удаа ОХУ болон Хятад улс руу зорчсон. Жилд 6-9 удаа гадагшаа зорчиж наймаа худалдаа хийж байсан нь тогтоогддог.

9.Ш.Б Ш.Оээс байр худалдан авснаараа 85 сая төгрөгөөр хохироод байхад шүүх түүнийг болон түүний эхнэр Ж.Эийг гэм буруутайд тооцон ял оногдуулахдаа хүртэл залилангийн хоёр үйлдэлтэй Ш.Отэй адилтган үзэж тус бүрийг 20 сая төгрөгөөр торгосон нь шударга бус хандлагын илрэл гэж үзэж байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дурдахад ам бүл 2, Ж.Э 58 настай, Ш..Б 59 настай. Хоёул өндөр насны тэтгэвэрт байдаг. Ш.Б 2017 онд 2 удаа цус харваж хөдөлмөрийн чадвараа 85 хувиар алдсан. Группд байдаг.

Иймд Ш.Б, Ж.Э нарын гэм буруутай нь нотлогдоогүй тул гомдолд дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дугаартай магадлалын Ш.Б, Ж.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ж.Э, Ш.Б нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч С.Сансартуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: 1.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхаи хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” тухай:

Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нь 201625031347 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг шалгалгүйгээр орхигдуулсан. Энэ нь 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол” юм.

Энэхүү эрүүгийн хэргийн үйлдлүүд нь 2015, 2016 онд үйлдэгдсэн бөгөөд өмнөх буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шалгагдаж байсан билээ. Хохирогч Б.Д анх 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цагдаад хандсан байдаг бөгөөд түүний өргөдлийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1881 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл үүнээс дариу 7 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр эрүүгийн хэргийг дахин сэргээж, байцаан шийтгэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн эсэхийг шалгаагүй нь шүүхийн орхигдуулсан чухал нөхцөл байдал болсон.

Өөрөөр хэлбэл дээрхи 1881 тоот тогтоолыг Б.Д гардаж аваад 7 хоногийн дотор /2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3/ дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй байсан. Гэтэл ийнхүү гомдол гаргалгүйгээр иргэний хэргийн шүүхэд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс харахад Б.Д нь хуульд заасан хугацааны дотор дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байх тул 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 201625031347 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай” дүүргийн прокурорын тогтоол хууль зөрчиж гарсан байх үндэслэлтэй. Хэрэв уг прокурорын тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл 201625031347 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа явагдах ёсгүй байсан. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолыг үндэслэж  шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нь анхнаасаа шүүхийн шийтгэх тогтоол гарахгүй байж болоход нөлөөлж болох үндэслэл бүхий үйл баримт байжээ.

2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай:

Шүүхээс эрх зүйн харилцаанд үнэлэлт өгөхдөө энэхүү 201625031347 тоот эрүүгийн хэргийн цаана чухам ямар харилцаа явагдсан болон энэхүү маргаантай асуудал үүсэх болсон шалтгаант холбоог зориуд орхигдуулан шийдвэрлэсэн.

2.1. Шийдвэр болон магадлалд дурдагдаад байгаа хохирогч гэх Б.Д нь “яагаад ???” иргэн Ш.Оээр дамжуулан байр худалдаж авсан талаар буюу энэхүү нөхцөл байдал нь хуульд нийцэж байгаа талаархи дүгнэлтийг нэг ч удаа хийгээгүй, учир нь түүний энэ үйлдэл анхнаасаа хууль бус байсан.

Б.Д нь цагдаагийн байгууллагад ажилладаг, одоо ч ажилласаар байгаа болон заавал яагаад өөрөө байраа захиалаагүй бусдаар дамжуулсан болох нь хэргийн материалаас тодорхой харагддаг. Учир нь тэрээр өөрийн “квот”-оор захиалж өмчлөлдөө авсан байраа өөрийн санаачлагаар бусдад шилжүүлчихсэн болохоор дахин байртай болохын тулд бусдын “квот”-ыг ашигласан байдаг. Энэ нь Б.Д өөрийн байр захиалах эрхээ нэг удаа ашиглачихсан учраас дахин хөнгөлөлттэй үнээр байр авах боломжгүй гэдгийг мэдсэн гэсэн үг юм. Тийм ч учраас санхүүгийн боломж муутай хэн нэгнийг ашиглаж өөрийн ажилладаг цагдаагийн байгууллагыг хуурч мэхлэн залилах санаа агуулсан байна. Өөрөөр хэлбэл Б.Д нь өөрт олгогдоогүй эрхийг хууль бус аргаар олж авах гэсэн санаатай гэмт үйлдэл хийсэн гэсэн үг юм.

Гэтэл шүүхээс анхнаасаа хууль зөрчсөн үйлдэл бүхий бусдын нэрээр байр захиалж, ажил олгогчоо залилан мэхэлсэн хууль бус үйлдлийг зөвтгөн, маргаан бүхий байрны жинхэнэ өмчлөгчөөр тогтоож шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй байна. Зүй нь Б.Дийн хөнгөлөлттэй үнээр байр захиалуулж байгаа үйлдэл нь хууль бус учраас түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөх, түүнийг хуулиар хамгаалах асуудал, хохирлыг нөхөн төлүүлэх асуудал бүр ч яригдахгүй байх нь ойлгомжтой байна. Гэвч шүүх түүний энэхүү үйлдэлд үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн улмаас энэ нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, хууль, шүүхийн өмнө тэгш байх, шударга ёсны зарчмуудыг ноцтой зөрчсөн явдал болсон.

Хэрэв энэхүү Ш.О нарт холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь цогцоор нь харж шийдвэрлэе гэвэл Б.Дийн тухайн үйлдэлд ч бас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн үндсэн зарчмуудад нийцэх юм.

Нөгөө талаас хэргийн материалд Б.Д, С.Д нарын мэдүүлэг анхнаасаа зөрүүтэй, байрны мөнгө өгөлцөж, авалцсан тодорхой баримт байхгүй байгаагаас үзэхэд зориуд үгсэн тохиролцож /анхнаасаа байр авах гэж байсан мэтээр/, маргаан бүхий байрыг ямар ч хамаагүй аргаар олж авахын тулд зохиомол байдлыг бий болгосон гэж үзэхэд хүргэж байгаа бөгөөд энэхүү хэрэгт Б.Д үнэхээр хохирогч мөн эсэх нь эргэлзээ төрүүлж байна.

Дээрхи бүхнээс харахад шүүх зөвхөн нэг талыг барьж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан бүх талаас нь дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Б.Б, Ж.Э нарыг буруутгасаар байгаа нь ойлгомжгүй байна.

2.2. Ш.Б, Ж.Э нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, шалтгаант холбоо тогтоогддоггүй.

Шүүхийн шийдвэр болон магадлалд шүүгдэгч Ш.Бийг тухайн орон сууцыг маргаантай гэдгийг мэдсээр байж шунахайн сэдэлтээр зохиомол байдлыг зориуд бий болгон, хуурсан гэж үзэн буруутгадаг. Гэтэл цаг хугацааны хувьд Ш.Б, Ш.О нар танилцаж байрыг шилжүүлэх үед, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон байсан, Иргэний шүүх дээр иргэний хэрэг үүссэн байсан боловч, ийнхүү хэрэг үүссэн гэдгийг Ш.Б мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал харагддаг. Ийм учраас бусдыг хуурах, зохиомол байдал бий болгох шунахайн сэдэл буюу гэмт хэргийн субъектив тал шүүгдэгч Ш.Бид байдаггүй. Үүнтэй холбоотойгоор маргаантай гэдгийг мэдсээр байж худалдаж авах бодол байгаагүй бөгөөд, Ш.Оийн хүсэлтээр буюу байр огтхон ч асуудалгүй болсон гэдгийг мэдсэнийхээ дараа иргэний эрх зүйн харилцаанд орсон болохоос биш бусдыг хуурч мэхлэх зорилгоор зохиомол байдлыг бий болгох зорилго, шалтгаан түүнд байхгүй байсан. Энэ нь түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т заасны дагуу Ш.Бийн байр худалдаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн шинжийг агуулаагүй байхад шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байгаа болно.

Иймд дээрхи үндэслэлүүдийн дагуу дутуу орхигдсон мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Оийн өмгөөлөгч Ц.Наранцэцэг гаргасан саналдаа: “Шүүгдэгч Э, Б нарын өмгөөлөгч нар хоёр өөр байр суурьтай байна. Нэг өмгөөлөгч нь шүүгдэгч Э, Б нарыг гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэхэд нөгөө өмгөөлөгч нь хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хэрэг гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Гэмт хэргийн зүйлчлэл тохирсон. О нь цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа квотоор орон сууц захиалсан. Д нь өмнө квотоор байр худалдан авсан, дахин квотоор байр авах эрхгүй тул эдгээр хүмүүс нь хоорондоо тохиролцож, Оийн квотыг авч өөр хүнд байр захиалсан байдаг. Байр ашиглалтанд ороод Оийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа буюу түлхүүр авснаас хойш Далайбаян нь 500.000 төгрөг өгч, үүнээс илүү өгч чадахгүй гэхэд нь 500.000 төгрөг авахгүй, 5.000.000 төгрөг авна гэж хэлсэн байдаг. О нь бага насны хүүхдийн хамт байр түрээслэн амьдардаг. Хүмүүсийн өгөх урамшуулал таалагдаагүй учраас охиноор нь дамжуулж, Э, Б нартай танилцаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Дийн гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэж, залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдож байх үед Б нь Оийг өмгөөлөгчөөс нь татгалзуулаад, би энэ хүний өмгөөлөгчөөр орж байгаа гэсэн. Намайг өмгөөлөгчөөр орсны дараа О үнэнээ хэлсэн. Б өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байсан. Андуурч төсөөлсний улмаас Б, Э хоёртой орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ үйлдэлдээ Б, Э нар өөрдөө үнэмшиж, өгөөгүй мөнгийг өгсөн болгож, нотариатаар худалдах, худалдан авах гэрээг гэрчлүүлсэн байдаг. О нь бусдыг залилан мэхэлсэн гэм буруугаа хүлээж байгаа. О нь Б, Э нарт маш их итгэж байсан. Б, Эр нарын үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг. Б нь Оийн овгийг нь ашиглаж, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Мөн Б нь залилан мэхэлсэн асуудлыг бид хоёр шийдвэрлэж өгнө, дараа нь байрны мөнгийг өгнө гэсэн учраас төлбөрийг хэсэгчлэн цувуулж авсаар нийт 33.600.000 төгрөг хүлээн авсан байгаа. Орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдаж авсан болох нь баримтаар нотлогдоогүй. Отгончимэг нь гэм буруугаа хүлээж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7  дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хамгийн доод торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч С.Д, Б.Д нарын өмгөөлөгч Ц.Батхүү гаргасан саналдаа: “Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч нар бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Орон сууцны төлбөрийг 3 шүүгдэгч огт төлөөгүй. Б, Э нар нь Оийг хууль эрх зүйн мэдлэггүйг ашиглан залилан мэхлэх гэмт хэрэгт татан оролцуулсан байдаг. Тухайн үед Б, Э нар нь иргэний хэрэг дээр Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараар ажиллаж байхдаа энэ хэргийг үйлдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол гаргасан нь хуульд нийцсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч М.Зын өмгөөлөгч М.Хувцагаан гаргасан саналдаа: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад О нь миний үйлчлүүлэгчийг залилан мэхэлсэн болох нь тогтоогдсон. 27.600.000 төгрөгийн орон сууц авч өгнө гээд залилан мэхэлсэн болохоо хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээн дээр хохирол төлбөрөө хэрхэн, яаж барагдуулах талаар тохиролцсон. Шүүгдэгч Э, Б нар өмгөөлөгч бөгөөд энэ хэрэг дээр сэтгэлгүй ажилласан, өмгөөлөгч Батхүү бид хоёрыг Оттэй уулзуулдаггүй байсан. Мөнхзоригийн хэрэг дээр Б өмгөөлөгчөөр ажиллаж, Оийн хэрэг дээр Э өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ талаар бүгдийг нь мэдэж байсан хэрнээ бусдыг хууран мэхэлсэнд гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Оийн хувьд хохирогч Б.Д, М.З нарыг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ж.Э, Ш.Б нарын хувьд Ш.Отэй үгсэн тохиролцож бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн байрыг Ш.Бийн нэр дээр шилжүүлэн Б.Д, С.Д нарт их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь Ш.О нь тэдгээрийн охиноор дамжуулан Ж.Э, Ш.Б нартай 2015 онд танилцсан, их хэмжээний мөнгийг авч дээрх байрыг зарж, Ш.Бийн нэр дээр шилжүүлсэн, Ж.Э, Ш.Б нар нь Ш.От байрыг худалдаж авахаар их хэмжээний мөнгө өгсөн болохоос биш Ш.Оийн бусдыг залилж авсан мөнгөнөөс хувааж авсан тохиолдол байхгүй байна.

Шүүгдэгч Ш.О нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан өдрөөс хойш 5 хоногийн дараагаас эхлэн дээрх байрыг зарна гэж хохирогч М.Заас 21.600.000 төгрөг, 5 сая төгрөгийн үнэ бүхий машиныг шилжүүлэн авч залилсан үйл баримт нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Түүнчлэн 2015 оны 7 дугаар сард орон сууц ашиглалтад орох үед Мөнхзоригийн 2 өрөө байраар 3 өрөөгөө солино, зөрүү гэж 13 сая төгрөгийг авсан тухай Мөнхзориг гэрчийн мэдүүлэг өгсөн, иргэний хэргийн шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар нотолвол зохих асуудлыг бүрэн шалгасан, мөрдөн шалгах ажиллагаа 2 жил үргэлжилсэн, хуучин, шинэ хуулийг харьцуулан хууль буцаан хэрэглэх асуудал гарч ирсэн зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд удаашруулсан, прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Ш.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 12 удаа мэдүүлэг өгөхдөө 11 дэх мэдүүлгээс эхэлж өөрийн захиалсан байраа Ш.Бид худалдсан, мөнгийг бүрэн хулээн авсан учир үл хөдлөхийн гэрчилгээг түүний нэр дээр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байна. Ш.Б нь Ш.Оээс байр худалдаж авсан асуудлыг Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хороо шалгаад гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлснээс Ж.Э, Ш.Б нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл болсон байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд үйлчлүүлэгчээсээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болохгүй тухай заалт байгаагаас үзэхэд Ш.Б, Ж.Э нарын үйлдэл хуульчийн ёс зүйтэй холбоотой асуудал гэж үзэхээр байх тул Ш.Б, Ж.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ. Шүүгдэгч Ш.О нь бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Сансартуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.           

Шүүгдэгч Ш.О нь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан цагдаагийн алба хаагчдын орон сууцнаас 3 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр захиалж өгөхөөр Н.Отай тохиролцож, 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Цээб” ХХК-тай “орон сууц захиалгаар барьж ашиглалтанд оруулах гэрээ” байгуулан, улмаар байрны төлбөр болох 67.735.000 төгрөгийг Б.Д, С.Д нар нь бүрэн төлсөн боловч Ш.О нь байрыг шилжүүлэн өгөлгүй, байрны эзэмшигчийн талаар маргалдаж байх хугацаанд шүүгдэгч Ж.Э, Ш.Б нартай үгсэн тохиролцож бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тухайн байрыг Ж.Эийн нөхөр Ш.Бид шилжүүлж Б.Д, С.Д нарт нийт 67.735.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 

Мөн шүүгдэгч Ш.О нь дээрх байрыг зарна гэж М.Зыг хуурч 2014 оны 6 дугаар сарын 16-аас 2015 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хооронд нийт 21.600.000 төгрөг болон Нубира загварын автомашиныг шилжүүлэн авч, нийт 27.600.000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарыг бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанарыг харгалзан шүүгдэгч Ш.О, Ш.Б, Ж.Э нарт тус бүр 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан “Ш.Б, Ж.Э нарын гэм буруутай нь нотлогдоогүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх, мөн шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч С.Сансартуяагийн гаргасан “...Хохирогч Б.Дийн гомдолд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1881 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Б.Д нь хуульд заасан хугацааны дотор дээд шатны прокурорт гомдол гаргаагүй байх тул 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг үүсгэх тухай” дүүргийн прокурорын тогтоол хууль зөрчиж гарсан байх үндэслэлтэй..., энэ хэрэгт Б.Д хохирогч мөн эсэх нь эргэлзээтэй, Б.Дийн өөрт олгогдоогүй эрхийг хууль бус аргаар олж авах гэсэн санаатай гэмт үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, Ш.Бийн байр худалдаж авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай шинжийг агуулаагүй, энэ хэрэгт дутуу орхигдсон мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх шаардлагатай тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг тус тус гаргасныг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, түүний дотор шүүгдэгч Ш.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э би хуульч, манай нөхөр /Ш.Б/ цэргийн прокурор байсан, чамд тулгараад байгаа бүх асуудлыг шийдэж өгнө гэж хэлэхээр нь би өмгөөлөгчөөр авах болсон… Э өмгөөлөгч манай байрыг худалдаж аваад 85 сая төгрөг надад өгсөн гэж үг зааж өгч худал мэдүүлэг өгүүлсэн. Би Э өмгөөлөгчөөс нийт 33.600.000 төгрөг авсан… Хэргийг чинь хэрэгсэхгүй болгож өгнө, …хэргийг чинь дуусахаар байрны мөнгийг бүгдийг өгнө, чи цагдаад мэдүүлэг өгөхдөө мөнгөө 3 хувааж авсан гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд мэдүүлгийг урьдчилан зааж өгдөг байсан… Би анх Мийн 5 сая, дараа нь 2.500.000, бэлнээр 500.000 төгрөг авсны дараа Бд өмчлөлөө шилжүүлж өгсөн… /3xx-238/” гэх мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоосныг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дахин үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх боломжгүй юм.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас харахад шүүгдэгч Ш.О нь “Цээб” ХХК-ийн барьж буй цагдаагийн алба хаагчдын орон сууцнаас байр захиалах эрхээ ашиглан өөрийн нэр дээр 3 өрөө орон сууц захиалах, харин Н.О нь уг орон сууцны төлбөрийг хариуцан төлж, улмаар орон сууц ашиглалтад орсны дараа Ш.О нь байрны өмчлөх эрхээ Н.Од шилжүүлж урамшуулал авахаар харилцан тохиролцсон байх бөгөөд тэд дээрх хэлцлийг бичгээр байгуулаагүй боловч харилцан тохиролцсоны дагуу уг орон сууцны төлбөр болох 67.735.000 төгрөгийг Б.Д, Н.Он хүү С.Д нар цаг хугацаанд нь бүрэн төлсөн тул тэдэнд Ш.Оээс байрны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх бодитой үүссэн байна.

Гэвч Ш.О нь өөрийн нэр дээр захиалсан байрны төлбөр болох 67.735.000 төгрөгийг өөрөө төлөөгүй, төлбөрийг өөр хүн хийсэн болохыг мэдэж байсан атлаа Н.Отай хийсэн хэлцлээ зөрчиж, түүнд мэдэгдэхгүйгээр өөрийн нэр дээр захиалсан 3 өрөө байрыг иргэн Ш.Мийн 2 өрөө байраар сольж, түүнээс байрны төлбөрийн зөрүү 10.000.000 төгрөг дээр 3.000.000 төгрөгийг зээлийн журмаар нэмж авснаар тухайн 3 өрөө байрны өмчлөх эрхийн талаар маргаан үүсч, хохирогч Б.Д нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу /1хх-10/ хэргийг мөрдөн шалгах үед Ш.Б нь өөрийгөө Ш.Оийн ах гэж танилцуулан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн хэргийг шалгаж буй мөрдөгчөөр дамжуулан Ш.Мт 5.000.000 төгрөг өгснөөс /1хх-17/ харахад Ш.Б нь хохирогч Б.Д, Ш.М нарын гаргасан гомдлын агуулга болон тухайн байртай холбоотой хэргийн нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй.

Чингэлтэй дүүргийн хяналтын прокурорын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1881 дугаар тогтоолоор Б.Дийн гаргасан гомдлыг “иргэд хоорондын хэлцлээс үүдэлтэй маргаан” гэж дүгнэн, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсний дараа /1хх-32/ хохирогч Б.Д нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар иргэний хэргийн шүүхэд хандах нь тодорхой болсон үед буюу түүнийг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаас урьтаж Ш.О нь Ш.Б, Ж.Э нартай үгсэн тохиролцож, “Цээб” ХХК-тай байгуулсан орон сууц захиалж бариулах тухай гэрээ, төлбөр төлсөн баримтууд Н.О нарт байсныг мэдсээр байж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр “Цээб” ХХК-д хандаж орон сууц захиалгаар бариулах гэрээ болон захиалагчийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин нөхөж бичүүлж авсан, /1хх-115,116,131,133/, улмаар тухайн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Ш.О, Ш.Б нар орон сууц худалдах, худалдан авах тухай  дүр эсгэсэн хэлцэл хийж, 2016 оны 12 сарын 28-нд 5 сая төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 16-нд 50 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-нд 30 сая төгрөг, нийт 85 сая төгрөг хүлээн авсан гэх хуурамч тодорхойлолт /1хх-143/ үйлдэж, Ш.О, Ш.Б нар уг байрыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн газарт гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /1хх-135,136/ гаргуулсны дараа 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Ш.От оногдох байрны өмчлөх эрхийг Ш.Бид шилжүүлж /1хх-138/, маргаан бүхий байрыг дур мэдэн захиран зарцуулж, Н.О нарыг хуурч мэхэлсэн болох нь хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Ш.О нь анх Н.Отай өөрийн нэр дээр байр захиалж, ашиглалтад орсны дараа уг байрны өмчлөх эрхийг шилжүүлж урамшуулал авах талаар тохиролцсон, харин энэ талаар Б.Д, Н.Он хүү С.Д нартай хэлцэл хийгээгүй хэдий ч Н.Он хэлсний дагуу байрны төлбөрийг бодитой төлж, эд хөрөнгийн хохирол хүлээсэн Б.Д, С.Д нарыг мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор тогтоосныг үндэслэлтэй гэж үзэв.

Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Ш.О, Ш.Б нарын хийсэн хэлцлийг хүчингүйд тооцож, тухайн орон сууцыг хохирогч Б.Дд олгуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэв. 

Иймээс шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Сансартуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ш.Оийн нөхөр Х.С нь мөрдөн байцаалтын шатанд буюу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр гэрчээр “О нь Боос 85 сая төгрөгийг 3 хувааж авсан, яг хэзээ авсан гэдгийг мэдэхгүй байна, хамгийн сүүлийн 50 сая төгрөгийг авах үед хамт явж байгаад авч байсан… Анх энэ байрыг ЦЕГ-ын дарга С надтай уулзаад та нарт тусалж орон сууцтай болгож өгнө гэж хэлээд энэ квотыг авч өгөөд байрны урьдчилгаа мөнгийг С даргын хүү Дтай хамт явж би Сүхбаатар дүүргийн нутаг Эрүүл мэндийн яамны өөдөөс харсан Хаан банкинд очиж 11 сая төгрөг тушаасан… Бид Ст мөнгөө төлөх гэтэл Д гэж хүн гарч ирээд миний байр гэж хэлээд мөнгө нэхээд байгаа юм.” хэмээн мэдүүлж /2хх-128/ байсан бол тэрээр дээрх мэдүүлгээ үгүйсгэж, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс хандаж “Боос 34 сая төгрөг авсан, өөр мөнгө аваагүй” талаар өргөдөл /4хх-238/ гаргажээ.

Прокуророос Х.Сийн худал гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн Ш.Боос 85 сая төгрөг авсан тухай хуурамч баримт үйлдэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан үйлдэлд яллаагүй тул шүүх Х.Сийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 93 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 359 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, С.Сансартуяа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН